Монгол улсын Арслан Дүйнхэрдоржийн Далантай нь 1885 онд төрсөн. Тэрээр хуучнаар Хан-Өндөр уулын хошууны Үлэмжбадрах сум (одоогийн Өндөр-Улаан сум)-ын харьяат байгаад, 1931 онд засаг захиргааны хуваарь шинэчлэгдэхэд Ихтамир сумынх хэмээн дуудуулах болжээ. Дүү Д.Магшир нь мөн улсын заан цолтой бөх байсан.
Далантай арслан нь 2 метр орчим өндөр нуруутай, том сайхан биетэй, тэгшхэн галбиртай, эргэлдсэн алаг нүдтэй, яралзсан цагаан шүдтэй, тас хар хөмсөгтэй, царайлаг сайхан хүн байсан тул нутгийнхан нь түүнийг «Сайхан» хэмээн нэрлэдэг байжээ.
Бөхийн амжилт:
- 1922 онд цэргийн наадамд 9 давж үзүүрлэн улсын заан цол хүртэв.
- 1923 онд цэргийн наадамд 10 давж түрүүлэн улсын арслан цол хүртэв.
Далантай арслангийн барилдааных нь тухай эдгээрээс өөр тодорхой баримт тэмдэглэгдэн үлдээгүй байна. Д.Далантай арслан нь хав дөрвөлжин барьцнаас баруун талаараа хавирах, баруун гараараа ачих, тойгдох дархан мэхтэй хүчит бөх байжээ.
Хэлмэгдүүлэлтэд өртсөн нь:
Буддын шашны гавж цолтой байсан нь түүнийг 1937 онд хувьсгалын эсэргүү хэрэгт холбогдуулж цаазлах шалтгаан болжээ. 1991 онд Улсын дээд шүүхээс түүний хэргийг цагаатгасан байна.
Хүү Д.Нямжав нь түүнийг баригдаад явахад нь 1 ой гарантай байсан гэдэг. Түүний үр ач нар нь өдгөө (Далантай арслангийн эцэг) Дүйнхэр тэргүүний Үлэмжбадрах овоог тахин, Өндөр-Улаан сумаар нутагладаг аж.