Монголын Ардын армийн 6 дугаар морьт дивизийн захирагч Чимэдийн Шаарийбуу нь 1909 онд Хэнтий аймгийн Галшар сумын V багийн нутаг "Жаргалант" гэдэг газар төржээ.
1932 онд цэргийн албанд татагдан Өндөрхаан, Тамсагбулаг дахь цэргийн ангиудад алба хааж байхдаа бага даргын сургууль төгсгөн жагсаалын болон сумангийн даргаар ажилласан байна.
1937-1939 онд ЗХУ-ын Тамбов хотод "Тамбовское Краснознаменное Ковалериское училище имени Первой Конной Армии" Морин цэргийн сургуулийг "Онцсайн" дүнтэй төгсгөн, маршал Х.Чойбалсангийн тушаалаар Тамсагийн YI дивизийн тагнуул ангийн даргаар, удалгvй дивизийн даргаар томилогджээ.
1939 оны эхээр Халх гол орчмоор Японы цэрэг дайрсан тухай мэдээ авмагц тус дивизийг татан аваачжээ. Ингээд 5-р сарын эхний ширүүн тулалдаануудад Шаарийбуу дивизээ амжилттай захиран оролцсон байна. Японы цэргүүдийн 1939 оны 5 дугаар сарын 28-29-нд хийсэн хүчтэй давшилтын үеэр 6 дугаар дивизийн штаб дайсны дайралтанд өртжээ.
Дивизийн штабаа хамгаалан Ч.Шаарийбуу сургагчийнхаа хамт сургуулийн сумангаа удирдан тулаанд орж, эрэлхэгээр тулалдаж яваад амь үрэгдсэн байна. Түүний шарилыг 6 дугаар сарын 5-нд олж Тамсагбулагт хүндэтгэлтэйгээр оршуулжээ.