Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Аюур 1941 онд Говь-Алтай аймгийн Халиун суманд Тойт Өлзийбаярын ууган хүү Домбооны голомт залгах бага хүү нь болж "Гүү бариач" хэмээх газар төржээ.
Алтайн хөх харчуудын нэг Домбооны бага хүү Аюур нь 1957 онд нийслэлд гэрээрээ нүүн ирж, аавыгаа даган барилгын ажилд орж тоосго зөөж эхэлснээр Монгол Улсын барилгын салбарт ажлын гараагаа эхэлжээ.
16 настай бага балчир хүү ажилдаа түүртэлгүй гурван сарын дараа шалгалт өгч цахилгаанчны III зэрэг хүртэн мэргэжилтэй ажилтан болжээ. 1957 онд Налайхын барилгын контороос хөдөлмөрийн гараагаа эхэлж Цахилгаан сантехник угсралтын трестэд цахилгаанчнаар, 1996 оноос "Монтёр" ХХК-д өндөр хүчдэлийн монтёроор тус тус ажилласан ба барилгын салбарт тасралтгүй 44 жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн байна.
Д.Аюур БНМАУ-ын Тэргүүний барилгачин, Аварга барилгачин, Улсын чанарын аварга, V, VI, VII, VIII таван жилийн гавшгайч, Ардын хувьсгалын 50, 60, 70, 80, 90 жилийн ойн медаль, "Алтан гадас" одон, "Хөдөлмөрийн гавьяаны Улаан тугийн одон", "Сүхбаатар"-ын одонгоор шагнуулсан. Д.Аюурын хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж 2001 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгож, "Алтан соёмбо", "Сүхбаатар"-ын одонгоор шагнасан.