Эх сурвалж: khongornutag.mn сайтын 2018-03-05 өдрийн нийтлэл
Бөхийн төрөлд Монголоос төрсөн дэлхийн анхны аварга, Монгол Улсын гавьяат тамирчин, бөхийн нэрт тайлбарлагч, булган сүүлтэй дасгалжуулагч, улсын начин Шагдарын Чанравын гэргий Лувсанчоймболын Лириймаатай уулзаж хөөрөлдлөө.
-Монгол төрийн их наадам дөхөөд ирэхээр Шагдарын Чанрав гэдэг хүний аргил сайхан дуу хоолойг монголчууд их үгүйлдэг. Та насны ханиа энэ үеэр их л үгүйлэн санана биз?
-Хорвоогоос эрт буцсан сайхан ханиа үгүйлэн санахгүй мөч хором гэж надад байхгүй. Миний Чанрав ямар сайхан хүн байлаа. Ёстой хүний дээд гэж л тэр минь байлаа. Хэнд ч нэг л зангаараа, олон таван үггүй, монгол эр хүний дээд байж. Эгч нь зориуд нэг юм хэлэхэд миний ханийн нэрийг Чанарав биш Чанрав гэж бичдэг юм шүү. Зарим хэвлэлд Чанарав гэж а үсэгтэй бичээд байдаг юм.
-Чанрав гэдэг нэр нь ямар учиртай юм бол?
-Тэрийг би сайн мэдэхгүй. Бодвол түвд үг л байх. Манай хүн чинь Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын уугуул хүн. Нутаг усаа гэж сэтгэл зүрхээ үнэн зориулдаг хүн байсан. Чанравын маань өвөө Сайн ноён хан аймгийн Пүрэв Жонон гүний хошууны харьяат Галсан хэмээх хүн Ховд аймагт Манжийн амбаны цэргийн албыг гурван жил хаагаад байхад 1910 оны хавьцаа гарч Хятадад Манж Чин улсын төр унаж, амбанаа татахад албатууд чөлөөлөгдөж нутаг усаа бараадахаар тэмцсэн гэдэг. Галсан Ховд нутагт байхдаа Б.Жаргал хэмээх өөлд бүсгүйтэй танилцан нутагтаа дагуулан ирж амьдран Г.Шагдар, Г.Чойжинзов хэмээх хоёр хүү төрүүлж өсгөсөн байдаг.
-Та ч ханиа удам судраар нь мэдэж байна шүү?
-Чанрав маань удам угсаагаа сайтар мэддэг хүн байсан. Эмэг эх Жаргал 1875 онд Хар ус нуурын хөвөөнд төрсөн хүн юм билээ. Энэ бүхнийг юунд яриад байна гэхээр монголчууд сайн бөх, хурдан морь эхийн талаа дагаж удамшдаг гэдэг шүү дээ. Жаргал эмээгийн талынхныг “Бөхийнхөн” гэж ярьдаг, биерхүү чийрэг, өвчин ярьж үзээгүй, их хөдөлмөрч хүмүүс байсан юм билээ. Тэр эмээ нь хурганы годыг элдээд хантааз хүрэм хийж өмсдөг, тэр нь биед их хөнгөн, бас гоёмсог болоод бөх хувцас болдог байж. Энэ эмээ нь Чанравыг цэргээс халагдсаны дараа 1971 онд 96 насандаа бурхан болсон байдаг. Манай Чанравын аав Шагдар Хүрээмарал сумын нутагт 1914 онд төрсөн хүн байж.
-Чанрав гуай эцэг эхээс хэдүүл хүн юм бол?
-Г.Шагдар нутгийн бүсгүй А.Цэдэнбалжиртай гэрлэн Сосорбарам, Лхагвасүрэн, Тогоонтөмөр гэдэг гурван охин, Сэнгэравдан, Чанрав гэдэг хоёр хүү төрүүлсэн улс. Тогоонтөмөр охиноо дүү Чойжинзовтоо өргүүлсэн юм билээ. Шагдар аав 1951 онд идэр залуу насандаа өнгөрөхөд Чанрав маань гуравхан настай өнчирч хоцорсон юм билээ. Манай хадам ээж А.Цэдэнбалжир 1957 он хүртэл Хүрээмарал сумын “Улаан туг” нэгдэлд мал маллаж байгаад тэтгэвэрт гарч хүү Сэнгэравданг сургууль номын, Чанравыг бөхийн мөр хөөхийг дэмжиж хотод шилжин ирж хүүхдүүддээ түшиг болж амьдарсаар 1992 онд 84 насандаа бурхан болсон доо, хөөрхий. Ээж маань их шулуун шударга үгтэй, гайхамшигтай хөдөлмөрч хүн байсан. Ямар сайндаа л Чанравыг дэлхийн аварга цолыг Монголдоо анх удаа авч ирэхэд “Онгироо хүн томдохгүй бол том л цол байна” гэж суусан гээд бод доо.
-Та ханьтайгаа хэдэн онд танилцаж ханилав?
-Би 1973 онд Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөд одоогийн Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад хөгжимчин болж, намар нь хөдөө урлагийн бригадаар явж байхад “Монголоос дэлхийн аварга төрлөө” гээд манайхан бөөн юм болж байлаа. Түүнээс хойш удалгүй ханьтайгаа танилцсан. Манай чуулгынхан дугуй ресторанд өдрийн хоолонд орно. Тэнд бөхчүүд бас хоолонд ордог байсан. Бодвол тухайн үедээ хоолных нь чанар гайгүй байсан юм болов уу. Тэнд ханьтайгаа учирч танилцсанаас хойш 1976 оны намар одоогийн зүүн дөрвөн замын урд талд Консулын дэнж дээр хуримаа хийж байлаа.
-Та чинь нийслэлийн унаган хүүхэд бил үү?
-Миний аав Лувсанчоймбол Аж үйлдвэрийн яамны мөн Хөнгөн хүнсний үйлдвэрийн яам гээд хоёр ч яамны сайд, Дорнод аймгийн дарга, Улаанбаатар, Дархан хотуудын дарга зэрэг хариуцлагатай өндөр албыг насаараа хашсан, ээж маань ч Боловсролын яамны сайдын нарийн бичгийн дарга, бичиг хэргийн эрхлэгч зэрэг алба хааж байсан хоёр. Хот суурин газар төрж өссөн айлын эрх танхи охин айлын бэр болж гэрт амьдарна гэдэг үнэхээр сонин өөр ертөнц байж билээ.
-Халуун ус хананаасаа аваад цай чанадаг тохилог сууцны хүүхэд монгол гэрт гал түлж амьдарна гэдэг ч бэрх байх нь тодорхой…
-Өө хэцүү байлгүй яахав. Хамгийн наад зах нь л гэхэд мод хагалж, худгаас ус авахаас эхлүүлээд намайг шинээр угтсан зүйл алийг тэр гэх вэ. Гэхдээ амьдаръя гэсэн сэтгэл байхад энэ бүхэн юу ч биш шүү дээ. Хөдөөнөөс идэш хоол ирэх үед хадам ээж маань бүтэн үхэр, адууны мах жижиглэн эвдүүлэхэд давахааргүй ажил шиг санагдаж байсан ч тэр бүхнийг хийж сурсан. Ээж бид хоёртой амьдарч байсан. Чанрав маань арван нэгэн нас хүртлээ эхийнхээ өврөөс гараагүй айлын отгон хүү гэдэг юм билээ. Ээж их цэгцтэй, хатуу дэглэмтэй, ажилсаг нямбай хүн байсан. Тэр хүний тэр гайхамшигтай чанарууд үр хүүхдэдээ нөлөөлж аливаад чин үнэнчээр ханддаг, амжилтын төлөө тэмцдэг чанарыг суулгасан нь дамжиггүй. Ээж надад амьдралын бүхий л талаар зааж сургаж, дахин хүмүүжүүлжээ гэж хүндэлж явдаг юм. Манай ээж Чанравт их хайртай, их ч хүндэлдэг байсан даа.
-Айлын эрх танхи үрс хэдэн хүүхдийн зулай үнэрлэв дээ?
-Манайх хоёр охин, хоёр хүүтэй айл. Ууган охин Жаргалан Компьютер техник менежментийн сургуулийг Үйлдвэрлэл маркетингийн мэргэжлээр төгсөөд АНУ-д нөхөр Б.Бат-Оргилын хамт амьдарч байна. Бага охин Ургахнаран МУИС-д суралцан хуульч мэргэжил эзэмшин АНУ-д хань, охин хоёртойгоо амьдарч байна. Хүү Буянтогтох Санхүү эдийн засгийн дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр төгсөн “Мобиком” корпорацид ажиллаж байгаа. Бага хүү Мэндбаяр маань Хүмүүнлэгийн ухааны сургуульд сурч төрийн бус байгууллагад ажиллаж байна.
-Хань чинь бага насныхаа тухай их хуучилдаг байв уу?
-Багаасаа л барилдах дуртай хүүхэд байснаа их ярина. 1956 онд бага сургуульд орон дөрвөн жил онц сурч сумынхаа сургуулийн анхны “Таван онцын эзэн” болж байсан юм билээ. Хүрээмаралын сургууль чинь одоо ханийн маань нэрэмжит шүү дээ. Сургуульд байхдаа дандаа барилдаж явдаг хүүхэд байсан болохоор дээл хувцсаа ч тэсгээдэггүй байж. Ямартаа л ангийн багш Б.Вангуржав нь “Ганц морьт уралдаанч, ганц дээлт барилдаанч гэгчээр чи юунд дандаа ноцолдож явдаг хүүхэд вэ. Чи дээлээ ураад, завсарлагаанаар хоцорч орж ирж байна. Бас хүүхдийн дээл урж байна. Цаад муу ээж чинь чамд хэдэн дээл хийж өгөх чадалтай билээ” аргаа баран үглэж байсан тухай өвгөн маань дурсдаг сан.
-Таван онцын эзэн маань цаашид сургууль соёлын мөр хөөгөө болов уу?
-Манай хүн чинь 1960 онд дөрөвдүгээр ангиа төгсөөд сургуулиасаа гарч хөл муутай ээждээ хань нэмэр болохоор хонь хариулах болсон юм билээ. Жаран дөрвөн оноос бригадын гурван зуу шахам адуу авч малласан байдаг. Хоёр жилийн дараа аймгийн аварга адуучин болсон болохоор ямаршуухан малч хүн байсан нь тодорхой болох байх. Чанрав “Адуучин байсан үе маань миний бөх болох суурь бэлтгэл болсныг би яаж мэдэх вэ. Адуу дэллэж хөөвөрлөх үеэр бүтэн өдөржин морь уургалж өдөрт гурав дөрвөн морь эцээнэ. Орой тийшээ хоёр гар сарвайгаад уурга даахааргүй болно. Үдэш хоёр гарын шуугаа давстай хар цайгаар шавшиж шавшиж хононо. Өглөө адуугаа хурааж ирээд ахиад адуу уургална. Эхний хэдэн адууг уургалахад гар өвдөөд татаж болохгүй, уургаа алдчих гээд байна. Тэгсгээд халаад ирэхээрээ зүгээр болдогсон. Тэр л миний бэлтгэл байж. Хожим бөх болоод миний гар сарвайж бадайрах зовлонг бага амссан юм даа” гэж сурвалжлагчид ярьсан байдаг юм. Манай хүн жаран долоон оны хавар 19 насандаа цэрэгт мордсон байдаг. Цэрэгт тэнцчихээд Баянхонгороос Улаанбаатар руу гарахаас өмнө бөхийн барилдаан болоход дөрөвт үлдээд Батсүх гэдэг залуутай барилдаж тонгоруулаад унахгүй гэж мэрийсээр хүзүүндээ юм оруулснаас хотод гилжгий хүзүүтэй бууж байсан гэж байгаа. Тэр Батсүх нь хожим дэлхийн аварга болсон улсын начин Эрдэнэцогт сумын харьяат Батсүх шүү дээ. Баянхонгороос цэрэгт татагдсан гурван зуу гаруй залуу арав гаруй машинтай хоёр хоног явж Улаанбаатарт ирэхдээ машин зогссон газар бүрт хоорондоо барилдахад манай Чанрав, Батсүх хоёр л үлддэг байсан гэж онжавууд нь ч дурссан байдаг. Тэр хоёр дээлнийхээ суга, ханцуйг ханз татаад бууж байсан гэхээр овоо ноцолддог байсан байгаа биз.
-Чанрав гуай цэргийн албаа хаагаад ямар ажил алба эрхэлж байсан бол?
-1970 онд цэргээс халагдаад Улаанбаатар хотод Мах комбинатын өлөнгийн хоринтавдугаар цехэд ажиллахын зэрэгцээ Х.Намшир багшийн шавь болж бөхийн спортоор эрэмбэ дараалалтай хичээллэж эхэлсэн байдаг. Энэ үед самбо бөхийн анхны тэмцээн “Хоршоолол” нийгэмлэгийн зааланд болоход Б.Эрдэвт ялагдаж мөнгөн медаль хүртсэн. Польш улсад 1972 онд болсон олон улсын тэмцээн, Бакугаас тус бүр мөнгө, удаах жил нь Москва хотноо болсон Ах дүү армиудын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авчирсан нь дэлхийн аварга болох гарааг бэлдэж өгсөн түүхтэй.
-Дэлхийн аваргын цомыг хэзээ гардлаа?
-Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1973 оны намар Ираны нийслэл Тегеран хотноо болсон. Энэ тэмцээнд манай Чанрав 62 кг-ын жинд зодоглохдоо хорьж боломгүй хорин таван настай байж. Тэр үед манай улсад дэлхийн аваргын тэмцээнээс алтан медаль авсан ганцхан тамирчин байсан нь байт сурын дэлхийн аварга Д.Дэмбэрэл хэмээх бүсгүй байж. Чанрав эхний тойрогт Болгарын аварга Г.Великовтой таарч ялан, хоёр, гуравдугаар тойрогт Испанийн Роца, Америкийн Пручежский нарыг цэвэр ялснаар аваргын төлөө барилдах эрхтэй болж. Аваргын төлөөх барилдаанд ЗХУ-ын Н.Козицкийг ялснаар дэлхийн самбо анхны аварга болсон. Хань минь энэ тухайгаа өдрийн тэмдэглэлдээ бичиж үлдээсэн нь бий.
-За, өдрийн тэмдэглэлдээ юу гэж бичсэн байдаг бол?
-“1973 оны есдүгээр сарын 12. Энэ өдөр миний хамгийн том баярын өдөр. Дэлхийн аварга болсон өдөр. Өнөөдөр би өглөө долоон цагт босоод постны хажууд алхаж хоёр тойроод, хэд суниагаад зарятик хийлээ. 12 цагаас жин үзэв, 17 цагаас барилдаан эхэллээ. Би стадионд очиж хувцсаа өмсөөд бие халаалт хийхээс маш их дургүй хүрээд байлаа. Дэвжээн дээр очиж бие халаалт, бага зэрэг суниалт хийлээ. Козицкий миний хажууд халаалт хийж байгаад гараад явчихлаа. Энэ хүн бол Европын гурван удаагийн аварга, Япон улсын аварга, ЗХУ-ын таван удаагийн аварга хүн юм. Би энэ хүнтэй мэх хийлцэлгүй 2:2 торгуулаад хоёр минут өнгөрч байхад нь тохой сөхөн, хонгодож хоёр оноо авлаа. Дараа нь голд Козицкий дутуу тонгороод эргэхэд нь бас суйлж нэг оноо аваад барилдаан дуусахад 45 секунд дутуу байхад Козицкий намайг босож байхад хөл рүү өчих мэх хийхэд нь би нэг алхаад, буулт өгөөд цэвэр ялалт авч дэлхийн аварга боллоо” гээд гарын үсгээ зурсан байдаг.
-Дэлхийн анхны аварга маань цолоо хамгаалах гэж дахин дэлхийн дэвжээнд зодоглосон болов уу?
-Дэлхийн аварга болсны хойтон жил Улаанбаатарт болсон самбо бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд мөнгөн медаль хүртэж дэлхийн энтэй бөх болохоо нотолсон байдаг. Далан таван онд дэлхийн аваргад од муутай барилдаж дөрөвдүгээр байрт орсон бол хүсэхэд хясах гэгчээр 1976-1979 он хүртэл бүтэн дөрвөн жил самбо бөхийн дэлхийн аваргын тэмцээн зохиогдоогүй тул Чанрав дасгалжуулагчийн ажилд шилжиж, дэлхийн зиндааны олон шавь бэлтгэх болсон доо.
-Чанрав гуай үндэсний бөхөөрөө улсын начин цол хүртсэн хүн дээ?
-Манай хүн чинь Барилгын цэргийн 012 дугаар ангид хуваарилагдаж ирснээс хойш бөхөөрөө улам хорхойсох болсон гэдэг. Цэргийн ангийн хүнсний мал Архангайгаас тууж авч ирэх замдаа Төв аймгийн Алтанбулаг суманд барилдаж түрүүлэн сумын заан цол авсан юм билээ. Цэрэгт байхдаа 1969 оны хавар Армийн аварга шалгаруулах тэмцээнээр Чанрав 29 давж цэргийн арслан цол авснаас хойш заал танхимын барилдааныг алгасахаа байж. Монгол Улсын начин, самбо бөхийн олон улсын хэмжээний мастер Б.Онх “Начин наадмын чимэг” номондоо “Улсын цолгүй бөхчүүдийн барилдаанд 171 см өндөр, далаад кг жинтэй цэргийн арслан Ш.Чанрав гэдэг шар залуу гарч барилдаж эхэлснийг би мэдэх болсон. Чанрав харахад гулжиганасан, бяр нь хаанаа байгаа юм бол гэмээр барилддаг, өндөр мэдрэмжтэй, баруун сэнжигнээс хөнтөрч суйлдаг, мөн тонгорох, барилдах үеийн байрлалаас шалтгаалан гар мэхний олон хувилбар эзэмшсэн хүн” гэж дурсан бичсэн байдаг.
-Онх начин, Чанрав гуай хоёр нэг жил улсын начин цол авсан хүчтэнүүд байх аа?
-Монгол бөхийн талаар гарсан хэвлэл ном харж байхад Чанрав маань 1974 онд улсынхаа баяр наадамд гурав даваад дөрвийн даваанд улсын арслан Л.Сосорбарамд унасан бол 1975 онд гурав даваад Л.Дашдаваа начинд өвдөг шороодсон байгаа юм. Үүнээс хойш гурван ч наадамд зодоглож чадаагүй нь самбо, жүдо бөхөөр эрчимтэй хичээллэж, олон жил жин хассан байсантай холбоотой байх. Далан есөн онд манайх зүүн дөрвөн замын тэнд гэрт байхад наадмаар тав давж начин болон баахан улстай гэртээ ирж байлаа. Тэр жил улсын начин Б.Онх, Д.Нэгдэл, А.Баатархүү, улсын гарьд Дамдин аваргын хүү Баяраа нар манай хүнтэй улсын начны болзол хангаж байсан.
-Та наадам очиж үзээгүй юм уу?
-Хүүхдүүд нялх. Цэнгэлдэхэд очиж амжаагүй ээ. Гурвын даваанд одоогийн улсын заан Ж.Ганболдыг цэргийн арслан цолтой байхад, дөрөвт улсын арслан Ж.Чойжилсүрэн гуайг, тавын даваанд улсын арслан Л.Сосорбарам нарыг давж улсын начны болзлыг 31 насандаа хангаад зургаагийн даваанд дархан аварга Ж.Мөнхбатад өвдөг шороодсон түүх бичээстэй бий. Үүнээс хойш арваад жил үндэсний бөхөөрөө зодоглосон доо. Ш.Чанравыг анх барилдаж эхэлж байхад даян аварга С.Цэрэн заалны барилдаанд гурван ч удаа унаж байсан байдаг. Цэрэн аварга манай өвгөнтэй их найз. Манайхаар орж гарна. Аварга “Би өөрийгөө бяраар, биеэр хүнээс дутуугүй гэж боддог. Тэгсэн мөртлөө л “алуулчих” гээд байдаг юм. Надад бүтэн эрхтэн гэж алга” гэж гар, хөл, нүд, чих, хамар, хавиргаа үзүүлээд “Энэ арслангийн зулзага яагаад бэртдэггүй юм. Би гайхдаг юм. Барилдаанд эв гэж нэг юм байна, чи хол явна” гэж цэргийн арслан байхад нь урам хайрласан тухай Чанравын маань зулай дээр гишгэж төрсөн ах Шагдарын Сэнгэравдан маань дүүгийнхээ тухай бичсэн “Дэлхийн ууган аварга” номдоо дурдсан удаатай. Сэнгэравдан ах маань бурхан болооч дүүгийнхээ хөшөөг хөөцөлдөн байж төрөлх Хүрээмарал суманд нь босголцсон буянтай хүн дээ. Манай хүн ахдаа, ээждээ мөн ч их хайртай байсан даа.
-Чанрав гуайг дурсахад бөхийн алдартай тайлбарлагч байсныг нь яагаад ч орхиж болохгүй нь тодорхой доо?
-Миний хань бол алдарт бөх, сайн дасгалжуулагч багш төдийгүй Монголын бөхийн түүхэнд оруулсан нэг томоохон хувь нэмэр нь бөхийн спортыг мэргэжил, мэдрэмжийн өндөр түвшинд тайлбарладаг байсан хүн. 1977 онд араажаваар улсын их баяр наадмын бөхийг анх удаа шууд тайлбарлан дамжуулж, 1986 оноос А.Ганбаатарыг радиогийн тайлбарлагч болсноос хойш телевизээр тайлбарлах болсон юм. Өвгөн маань “Хурдан шалмаг барилдаан, олон хувилбар мэхтэй бөхчүүдийн барилдааныг тайлбарлахад урамтай байдаг. Сэтгэлд хоногшсон олон барилдаан бий. Тэр дотроос Д.Цэрэнтогтохын хоёр Мөнхийг орхиж улсад анх удаа түрүүлсэн 1976 оны барилдаан их содон байдаг” гэж ярьж байсан санаанд тодхон үлдэж. “Хэчнээн сайхан дуу хоолойтой, хэллэгтэй байгаад барилдаанаа ойлгож мэдрэхгүй бол тайлбарлах хэрэггүй. Зарим залуус хэн нэгнийг дуурайж ярих гээд барилдаанаасаа зөрж байна” гэж шүүмжлэлтэй хандана.
-Нийтдээ хэдэн жил бөх тайлбарласан байдаг бол?
-Бөхийн олон төрлийн барилдааныг 1973 оноос эхлэн 35 жил, улсын баяр наадам, цагаан сарын барилдааныг радио, телевизээр 1977 оноос бурхан болтлоо гучин нэгэн жил тайлбарласан. Улаанбаатар хотод наяад оны сүүлээр болсон чөлөөт бөхийн дэлхийн анхны цомын төлөө болон дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн, 2001 онд манай эх оронд болсон жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдийг шууд дамжуулан нэвтрүүлж “Монгол Озеров” гэж гайхагдаж байлаа. Озеров гэж ЗХУ-ын гавьяат жүжигчин, нэрт тайлбарлагч байлаа шүү дээ. Азийн аварга шалгаруулах тэмцээний дараа “Таван цагираг” сонинд “Ш.Чанравын тайлбарыг сонсоход хэрэг дээрээ жүдо бөхийн үзүүлэнтэй хичээлд суусантай адил болов” гэж бичигдэж байсан нь үзэгчдээс хайрт тайлбарлагчдаа өгсөн үнэлэлт юм даа. Ардын хувьсгалын 79 жилийн ойн баяр наадмаар А.Сүхбат, Д.Сумъяабазар нарын барилдааныг тайлбарлаж байхдаа “А.Сүхбат гар ачиж магадгүй байна” гэж хэлж дуусаагүй байтал тэр ёсоор болж давж байсныг манай бөхийн хорхойтнууд одоо ч бахархан ярьж байдаг юм.
-Бурхан болохоосоо хэд хоногийн өмнө хүртэл бөхөө тайлбарлаж байсан гэдэг бил үү?
-Муу хань минь 2007 оны улсын наадмын үед хүнд өвчин амь насанд нь аюултай болсон нь тодорхой болсон байхад ч “Нэвтрүүлэгтээ дахиад суухгүй юм чинь нэг суучихъя даа” гээд зориглон тайлбарлаж байхад үзэгчид биеийг нь сайжирч гэж их л баярлаж байсан сан. Өвчин зовуурийг нь мэдэж байсан хүний хувьд дотроо уйлж л байсан даа, бид. Тэр наадмаас хэдхэн хоногийн дараа бурхан болсон шүү дээ. Миний хань амьсгал хураатлаа бөхөөр амьсгалсан бөхийн тэнгэрлэг зүтгэлтэн байсан даа.
Ярилцсан Л.Батцэнгэл
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ