Эх сурвалж: gogo.mn сайтын 2007-08-27 өдрийн нийтлэл
Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн музейд бямба гаригийн үдээс өмнө ажил хэрэгч яриа өрнөв. Монгол Улсын Ерөнхий сайд асан П.Гэндэнгийн амьдарч асан энэхүү хоёр давхар модон байшин эдүгээ хэлмэгдлийн үеийн гашуун түүхийг өгүүлэн уйтайхан дүнсийх болсон.
Монгол, орос, америк хэдэн эрдэмтэн “Лам нарын хэлмэгдүүлэлт” сэдвээр өрнөх мэдээллийг чих тавин сонсч, музейн жижигхэн өрөөнд яриа өрнүүлж суув. Улс төрийн талаар хэлмэгдэгсдийн судалгааны төвийн захирал М.Ринчингийн бэлтгэсэн илтгэл дэх содон баримт чих дэлсэнэ.
Хөвсгөл, Архангай, Өвөрхангайд дэгдсэн 1932 оны лам нарын бослогод лам нараас гадна ардууд оролцжээ. Бослогыг хуягт техник, нисэх хүчний тусламжтайгаар хэрцгийлэн дарсан байна. Тэр ч байтугай химийн хороор цэнэглэсэн сум авчирч босогчдыг буудахыг тушааж байжээ. Дотоодыг хамгаалахын орлогч дарга байсан С.Гиваапил хортой сум хэрэглэхийг хориглож, үүнийхээ төлөө хожим хилс хэрэгт орж, цаазлагдсан аж.
Сүм хийд, лам нарыг хэлмэгдүүлэхэд зөвлөлт засгийн удирдагчид хэрхэн нөлөөлснийг гэрчлэх өөр нэг баримт Ерөнхий сайд П.Гэндэнд Сталины өгсөн зөвлөгөө байдаг. Сталин, Монголын Ерөнхий сайдад хэлэхдээ “Танай улсын дотор нэг засаг нь Гэндэнгийнх, нөгөө нь лам нарын засаг байна. Лам нарын засаг хүчтэй байна. Тэднийг аажмаар буулган авах хэрэгтэй” гэсэн яриа 1934 онд болжээ. Олон сонирхолтой баримт өгүүлсэн М.Ринчингийн илтгэлийг шавь нь уншсан юм.
Илтгэгч өөрөө эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирж чадаагүй аж. Харин хуралд оролцогчдод лавлах юм гарсан тул М.Ринчин гуай руу утасдаж асуултыг дамжуулах юм болсон. Олон улсын хурлыг санхүүжүүлэгчдийн нэг АНУ дахь Монгол нийгэмлэгийн тэргүүн хатагтай А.Кэмп маш идэвхтэй сонсогч байлаа. Мэгжид Жанрайсиг шүтээнийг хэрхэн буулгасан тухай гэрч өвгөний ярианы бичлэгийг үзээд тэр “Монголд ирсэн анхны Америкийн Элчин сайд Жанрайсигийг босгож байхыг нүдээр харсан” гэж ярилаа. Жанрайсигийг хэрхэн босгосон түүхийг тэрбээр удахгүй хэвлэгдэх номондоо оруулах юм байна. Бүтээн босголтын үеийн түүхийг мэдэх түүнд Жанрайсигийг хэрхэн нураасан тухай яриа их л сонин санагджээ. Хурлын үеэр Жанрайсиг шүтээнийг буулгаж байхыг нүдээр харсан гэрч Баатарын дурсамжийг видеогоор үзүүлсэн юм. Өдгөө 96 настай өвгөн ярихдаа “Мэгжид Жанрайсигийг буулгаж авахаар дандаа орос цэргүүд ирсэн. Эргэн тойрон цэргүүдээр бүслүүлээд таваас зургаан цагийн дараа буулгаж дууссан. Дотроос нь дандаа будаа тариа гарсан. Үүр цайхаас өмнө л аваад явсан даа. Хамаг юмыг нь долоо хоног зөөсөн” хэмээн хуучлав. Хэдийгээр өвгөн тухайн үед хүүхэд байсан мэтээр ярьсан ч танхимд суусан мэргэжилтнүүдийн тайлбарласнаар бол ардуудыг дотогш нэвтрүүлэхгүй байх үүрэг хүлээсэн цэргүүдийн нэг, бага дарга байжээ. Өвгөн Жанрайсиг шүтээнийг буулгах үед ямар үүрэг хүлээснээ дурсахыг хүсээгүй учраас хүүхэд байсан гэж өөртөө итгүүлсэн байж ч мэдэх юм.
“Иймэрхүү аман түүхийг бушуухан цуглуулах хэрэгтэй” гэж хатагтай А.Кэмп ярьж байлаа. Кембрижийн их сургуулийнхан 500 аман түүх цуглуулах төсөл Монголд эхлүүлж байгааг тэр мэдээлэв. Мөн музейд ирж байгаа хэлмэгдэгсдийн үр хүүхэд, хамаатан садны аман түүхийг бичиж авахыг ч музейн захирал С.Бэхбатад зөвлөж байлаа. С.Бэхбат нь П.Гэндэн сайдын зээ хүү юм. Түүний ээж П.Гэндэн агсны ганц охин Цэрэндулам гуай Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгсдийн музейг анх үүсгэн байгуулсан түүхтэй. Нийгмийн бусад салаа мөчрийнхөн ч хэрхэн хэлмэгдсэн тухай хурлыг тус музей үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөжээ. Хэлмэгдүүлэлтийн үеийн гашуун түүх хойч үеийнхэнд сургамж болж, хар дарсан зүүд мэт аймшигт он жилүүд дахин давтагдахгүй байгаасай гэсэн ээжийнхээ үгийг тэрбээр давтан хэлж билээ.
Батсүхийн Янжмаа
Эх сурвалжийн холбоос: https://gogo.mn/r/q207