Эх сурвалж: todmagnai.mn сайтын 2012.06.06 өдрийн нийтлэл


Алтан үеийн мундаг найруулагчдын хүчээр дэлгэцэнд дүрээ үлдээсэн хэмээн даруу загнаж байсныг сонсож байсан юм байна. Гэтэл та чинь кино драмын анги төгссөн мэргэжлийн жүжигчин хүн шүү дээ?

Даруу хүн болж жүжиглэж байгаа юм биш, үнэн нь тэр. Үеийнхэн маань сургуулийн ширээнд байхдаа л кино, жүжигт тоглож байхад би сургуулиа төгсөөд найман жилийн дараа анхны кинондоо тоглосон юм шүү дээ. 1975 онд сургуулиа төгсөөд Драмын театрт хуваарилагдсан.

1983 онд найруулагч, УГЗ Сумхүү гуайн “Сахиул уу, сахиус уу” тоглох болсон юм. Тэр үеийн шалгуур хатуу байсан болохоор олон л хүн шалгаа биз. Намайг сонгосон шалтгаан нь дэлгэцэнд танигдаагүй шинэ царай байсан байх гэж бодогддог юм. Тагнуулчийн дүр гэдэг утгаараа ч гэсэн шинэ танигдаагүй царай хэрэгтэй байсан байх. Тэгээд яахав, Сумхүү найруулагч, оператор Цэрэн гуай, Дамчаа гуай, гавьяат жүжигчин Лувсан гуай, Сувдаа, Алтан-Өлзий, Гүрсэд, Тунгалаг нарын олон сайхан жүжигчидтэй хамтран ажиллах завшаан тохиож, би гэдэг хүн кино урлагт хөл тавьсан даа. Жүжигчин хүн өөрийнхөө дүрийг ганцаараа бүтээдэггүй юм. Бусдынхаа дэмжлэгтэйгээр дүр бүтдэг. Анхны дүрээ тэр зарчмаар бүтээж байлаа.

Нээрэн эргээд бодоход та Бунтар, Балжинням, Сумхүү гээд “акулуудтай” хамтарч ажиллаж байсан юм байна. Тэр хүмүүсийн нүдэнд өртөж байхыг бодоход би ч хоосонгүй шүү гэж бардамнах мөч байгаагүй гэж үү?

Балжинням найруулагчтай “Сүүдэр”, “Ацагшүдний зөрүү” кинонд, Сумхүү найруулагчтай “Сахиул уу, Сахиус уу”, “Би нисэх дуртай” кинонд, Бунтар найруулагчтай “Тод магнай” кинонд, Жигжидсүрэн найруулагчтай “Алтан шонхор” кинонд нь хамтран ажилласан. Тэднээс маш их зүйлийг сурсан. Театрын тааруухан жүжигчин надад дэлгэцэнд гайгүй тоглох жинхэнэ хөрс дэвсгэрийг нь энэ хүмүүс тавьж өгсөн юм шүү дээ.

Алтан үеийхэн гэж нэрлэгддэг тэр хүмүүс загнаж, зандарч биш, бусдад үйл хөдлөл, үг хэлээрээ ойлгуулдаг нэг ёсны амьд үзүүлбэр байсан гэж би боддог. Алтан үеийнхэн гэдэг нэр томьёог судлаачид их онож өгсөн. Монголын орчин цагийн мэргэжлийн театр, кино гээч юмыг үүсгэлцэж, тулгын чулууг нь тавилцаж, анхны шавыг тавьсан тэдний гавьяаг хойч үеийхэн үнэлсэн үнэлгээ л дээ.

Тайз дэлгэцийн жүжиглэлт ялгаатай гэдэг. Дэлгэцэнд бүтээсэн анхны дүр тань тагнуулч байсан нь хэр бэрхшээлтэй санагдсан бэ?

Хэцүү юм билээ. Тагнуулч хүн ийм байх ёстой гэсэн тогтсон арга барил байхгүй. Үнэндээ тагнуулч болж тоглодоггүй юм билээ. Тагнуулч хүн л тагнуулч болж чаддаг. “Хаврын 17 учрал” гэдэг кинон дээр Вычеслав Тихонов гэдэг Оросын жүжигчин Штирлицэд тоглохдоо тагнуулч болж байгаа нь гээд янз янзын илүү дутуу юм хийгээд байдаггүй ш дээ. Ерөөсөө байгаагаараа л дотоод ертөнц нь үггүй, чив чимээгүй тийм л байдаг юм билээ.

“Сахиус уу, сахиул уу” кинон дээр Монголын тагнуулч Алтангэрэл Японд очиж хошууч Хаяаши нэрээр тагнуул хийх болдог. Анх удаа дэлгэцэнд дүр бүтээж байгаа надад үнэхээр ярвигтай байсан. Нэг ёсондоо хоёр дүр зэрэг бүтээж байна гэсэн үг шүү дээ. Хоёр хүний дотоод ертөнцийг зэрэг илэрхийлнэ гэдэг мань мэтийн туршлага нимгэн жүжигчинд бол бардаггүй даваа байна лээ дээ. Гэхдээ яахав, тухайн үеийн Аюулаас хамгаалах сөрөг тагнуулын албаны мэргэжлийн тагнуулчид, мэргэжлийн хуульчдаас их зөвлөгөө авсан. Тэдний зөвлөснөөр байр байдал, гадаад төрх, дотоод ертөнцөө өөрчлөх гэж оролдсон. Хэлэх ёсгүй зүйлээ хүн мэдчихвий гэж цаг үргэлж дотроо эмээж явсаар энэ киноны зураг авалтыг дуусгасан. Одоо эргээд харахад хэд хэдэн хэсэг дээр худлаа гэдэг нь харагдаад байдаг юм. Гэхдээ өөрчлөх аргагүй. Үүгээрээ жүжигчний ажил хариуцлага өндөртэй.

Нэг жүжигт тоглох нь их сургууль төгссөнтэй тэнцдэг гэж ярих жүжигчид цөөнгүй таарч байлаа. “Алтан шонхор” кинонд бөө болдог. Тэр үед хаанаас мэдээлэл цуглуулж, хэнээс зөвлөгөө авсан бэ? Цаг үе хаалттай байсан шүү дээ?

Хажир зайрангийн дүрийг ярьж байх шиг байна. Жийгээ найруулагчтай би өмнө нь кинонд ажиллаагүй байсан ч, тэр дүрийг надад өгсөн. Надаас Хажир зайран гарч ирнэ гэж надад найдсан байх. Би тэгж л бодож байна. “Мөнх тэнгэрийн хүчин дор” кинонд зурвасхан хэсэгт бөө болдог. 1206 онд билүү, алтан ургийхан Чингис хааныг хаанд өргөмжиллөө гээд урд нь хэнгэрэгтэй бөө явж байдаг юм. Тэр бөөд уг нь өөр хүн тоглох ёстой байсан ч зураг авалтыг 2-3 хоног хойшлуулаад ч ирээгүй юм гэсэн. Бодвол ямар нэг шалтгаан байсан байлгүй дээ. Бусад хүмүүс хүлээгээд байдаг, зураг тасалдаж болохгүй гээд миний мэргэжлийн багш Балжинням найруулагч “За чи өмнө нь нэг удаа бөө зайран болж байсан юм байна. Нүүрээ харагдуулахгүйгээр, унжлага зүүгээд үгээ цээжлээд бэлтгэ” гэсэн. Ингээд ахиад нэг удаа бөө болчихсон.

Үзэгчид мэдэхгүй, уран бүтээлчдийн дунд үлдсэн хөгжилтэй дурсамжийг энэ булангаараа хүргэхийг бид хүсдэг юм.

Уг нь зөндөө л юм байгаа байх. Одоо тулгамдаад санаанд орох нь ховор байна шүү. /инээв/ “Өглөө” кинонд зураач марзан Шаравын дүрд тоглодог УГЖ Лувсан гуайг театрын ахмадууд “боорцог” гэж хочилдог байж л дээ. Яагаад гэхээр чих нь бөхчүүд шиг хулгар болоод, пөмбийгөөд боорцог шиг эдгэчихсэн байхгүй юу. “Сахиул уу, сахиус уу” кинонд дуу хийж байтал Лувсан гуай гаднаас ороод ирж, хүмүүс ч “өө Лувсан гуай та дээшээ суу, дээшээ суу гэнэ биз дээ. Араас нь Итгэл баянд тоглодог Очирбат гуай ороод ирлээ. Тэгсэн манай жүжигчин Дамдинбазар гуай “ за Очирбат та дээшээ суу, идээ ид” гээд Лувсан гуайг заачихаж байгаа юм. Боорцог ид гэж байхгүй юу. Хүмүүс нэрхийтэл инээтэл Лувсан гуай дор нь сэтгэнгүүтээ Дамдинбазар гуайг заагаад “за яахав идээ идсэн бол хүүхээ, тамхи татна биз дээ” гэлээ. Дамдинбазар гавьяатыг “модон гаанс” гэж хочилдог байсан юм байна л даа. Тэгээд биенээ эвтэйхэн мадалчихаж байгаа юм. Лувсан гуай “Сахиул уу, сахиус уу” кинон дээр надад төрийн үйлчлэгч зуучилж өгдөг хэсэгт тоглодог ш дээ. Зохиол дээр “та Монгол хэлээр сайн ярьдаг, цай чанадаг хүн олж өгөөрэй” гэж хэлэх ёстой байдаг. Гэтэл Лувсан гуайг үгээ хэлэхээр манайхан “та үгээ дутуу хэлээд байна. Та цай хоол сайн хийдэг, тэгээд боорцог сайн чанадаг хүн олж өгөөрэй гэж хэлэх ёстой” гэж явуулж байсан юм. Энэ мэт хөгжилтэй зүйл бишгүй л тохиолдоно.

Мэдэхгүй, чадахгүй гэж хэлэх эрхгүй жүжигчнээс гадна үзэгчид таныг уран уншигч гэдгээр нь хүлээж авдаг шиг санагддаг?

Вакцин гэдгийг үгчилбэл дархлаа тогтоон урьдчилан сэргийлж, хамгаалах гэсэн утгатай. Авлига хээл хахууль, шударга бус явдал, хүнд суртал, ядуурал, архидалт, ажилгүйдэл гээд нийгмийн сөрөг үзэгдэл гаарч, газар авчихсан энэ үед хажуугаас нь засаж залруулахгүй бол болохгүй нь. Идээ бээрэндээ баригдсан энэ нийгмийг илааршуулахын тулд би иргэний хувьд, уран бүтээлчийн хувьд дуу хоолойгоо нэмэрлэж байгаа юм. Энэ сайд дарга нар чинь, авлигачид чинь, энэ олигархиуд, энэ боссууд чинь Монгол хүний ёс чанараа алдаж, хүний амийг нохойноос дор үзэж байна. Энэ бүхний төлөө санаа зовж явсан сэтгэл минь, эмзэглэл минь сэдрээд, энэ наадамд оролцдог доо.

Ам нээвэл уушиг нээ гэдэг шиг дуугарвал зоригтой, хүчтэйхэн шиг дуугаръя гэж бодоод Төрийн шагналт зохиолч Цэндийн Доржготов гуайтай ярилцаж түүний уран бүтээлээр дагнаж оролцсон. Энэ хүн аль 40-50 жилийн өмнөөс л нийгмийг илааршуулах эмийн жор найруулж явсан. Бидний үеийнхэн түүнийг андахгүй дээ. Одоогийн залуу шог зохиолчид хий бухимдаад, шударга биш байна, энэ ч бүтэхгүй байна, ер нь болж байгаа юм алга гээд байдаг. Тэр нь уран сайхны уншилт, өгүүлэхүйн урлагийн шаардлага хангадаггүй.

Би энд нэг жишээ хэлье л дээ. Вакцин наадмын төгсгөлийн шатны шалгаруулалтанд Цэндийн Доржготов гуайн “Хулхидуулсан Монгол” гэж фельетоныг уншиж байлаа. “Өнөөгийн Монголд жирийн бид нар хулхидуулахгүй юм алга. Эмнэлэг, шүүх, сургууль гээд хаа сайгүй хулхидаж байна. Сонгуулиар бол бүр сайхан хулхидуулж байна. Бүр байчихаад үр хүүхдүүд маань биднийг хулхидаж байна. Бид нар чинь бие биеэ сайхан хулхидаж байна, хулхидуулж байна. Ядаж байхад яр гэж муусайн Хятадууд биднийг сүүлийн хэдэн жил хэчнээн хулхидав. Хулхи төмс, хулхи гурил, хулхи жимсээр хулхидаж байна. Ингэж хулхидсаар байгаад төр засаг маань биднийгээ хулхиддаг юм. Ингээд хулхидуулахгүй Монгол хүн гэж байхгүй боллоо. Тэгээд төгсгөлд нь, Эрээнээс хулхи бараа зөөдөг байсан авгайг нь Хятадууд хулхи болгоод хуурамчаар нэг хувь үйлдвэрлэчихсэн байхгүй юу. Тэгээд өмнөх шигээ хулхи эмээ уугаад л, хулхи төмс, жимс, гурил идээд л, хулхи авгайгаа тэврээд л байж байна даа гэж. Тэгээд яахав, хөөрхий хулхи авгай маань харахаар яах аргагүй дүр төрхөөрөө миний муу авгайтай ижилхэн. Ганцхан Хятад юм болохоор хуурамч, яс чанар муутай. Тийм болохоор нь хөөрхий онцгой их хайрлаж, ариглаж, гамнаж байгаа. Хамаагүй хэрэглэх юм бол гарын ая даахгүй, эдэлгээ даахгүй болчихвол яана” гэж байгаа ш дээ.

Монголчууд өөрийнхөө хувь заяанд эзэн болж, өөрийнхөө асуудлыг өөрөө шийддэг ардчиллын замыг сонгосон хэрнээ сонголтондоо эзэн нь болж чадахгүй юм даа.

А.Энхжил

Эх сурвалжийн холбоос: http://todmagnai.mn/n/l4

Буцах