Эх сурвалж: Mass.mn сайтын 2022.11.17 13:48 өдрийн нийтлэл
Монголын уран зургийн галерей нь 1991 оноос Монголын орчин үеийн дүрслэх урлагийн сор бүтээлүүдийг ард түмний хүртээл болгон хадгалан хамгаалж ирсэн. Монголын Уран Зургийн галерейн алтан сан хөмрөгт нүүдэлчин Монголчуудын өнө эртний түүх соёл, үндэсний ёс заншил, ахуй амьдрал, аж байдал түүнчлэн уудам хээр тал, говь хангайн байгалийн сонин дүрслэлийг тусгасан уран бүтээлүүд болон чөлөөт сэтгэлгээний орчин үеийн 4000 гаруй сор бүтээлүүд хадгалагддаг байна.
2008 оны 7 дугаар сарын 1-ний олныг хамарсан үймээний гал түймэр, 2009 оны 5 дугаар сарын 19-ний өдөр уран зургийн сан хөмрөгт гарсан гал түймэрт ардын зураач П.Амгалан, О.Цэвэгжав, Г.Одон, Н.Цүлтэм, У.Ядамсүрэн нарын тэргүүтэй Монголын алтан үеийн ахмадын уран бүтээлчдийн дахин давтагдашгүй 1000 орчим сор бүтээлүүд устаж үгүй болох аюул нүүрлэжээ.
Монголын уран зургийн галерейд:
- 2009-2015 онд АНУ болон Голландын хөрөнгө оруулалтаар 2 удаагийн төсөл хэрэгжиж 600 орчим уран зурагт зөвхөн хөө тортог цэвэрлэх ажиллагаа хийгдсэн.
- 2019 онд Монгол улсад анх удаа "Урлагийн бүтээл үрчлүүлэх" олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлж долоон бүтээлийг сэргээн засварласан.
- 2019-2020 онд галд өртсөн бүтээлүүдээр "Мөнхийн бүтээл мөхлийн ирмэгт" үзэсгэлэнг зохион байгуулж гэмтэлтэй үзмэрийн гурван боть бэлтгэн танилцуулсан байна.
- 2020 онд мөн Монголын уран зургийн галерейн таван асуудлыг Монгол улсын Засгийн газарт танилцуулжээ.
Үүний үр дүнд 1986 оноос хойш Их тэнгэр цогцолборт хадгалагдаж байсан 17 ширхэг бүтээлийг улсын сан хөмрөгт шилжүүлсэн. Мөн ХБНГУ-ын засгийн газрын Дэлхийн соёлын өвийг хамгаалах сангийн 100,000 еврогийн буцалтгүй тусламжаар олон улсын жишигт нийцсэн лабораторийг байгуулжээ.
Эх сурвалжийн холбоос: https://mass.mn/n/87495