Эх сурвалж: Gogo.mn сайтын 2008-04-15 өдрийн нийтлэл


"Хэрэг хуучирдаггүй хэрээ цагаан болдоггүй" гэдэг. Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн МАХН-ын төв хорооны нарийн бичгийн дарга асан Д.Төмөр-Очирын амь насыг бүрэлгэсэн хэргийн хавтаст хэрэг тун удахгүй хэрэгсэхгүй болох гэж байна. Хууль хяналтынхан илт анхаарал хандуулахгүй байсаар 22 жилийг ардаа орхижээ. Хүн амины хэргийн хөөн хэлэлцэх нь гурван жилийн дараа дуусгавар болох юм. Хэрэг гарах үед Дархан хотын Нийгмийн аюулаас хамгаалах хэлтэст одоогийн Авлигтай тэмцэх газарт даргаар ажиллаж байсан Б.Доржпалам, эрүүгийн ахлах төлөөлөгчөөр одоогийн ЦЕГ-ын дэд дарга А.Дулаанжаргал, эдийн засгийн хэлтсийн даргаар одоогийн хурандаа М.Ганхүү гээд манайхны урдаа барьдаг хуульчид ажиллаж байсан гэх. Хачирхалтай нь 1985 оны аравдугаар сарын 2-ны шөнө тэд бүгд эзгүй байжээ.

Зөвхөн энэ л өдөр Дарханы Нийгмийнаюулаас хамгаалах хэлтсийн удирдлагууд Улаанбаатар хотод байсан ч хэн нэгний дуудлагаар тэнд очсон байна. Харин бүхэл бүтэн удирдлагын багийг хэргийн газар дуудсан тэр этгээд хэн байсан нь одоо ч тодорхойгүй. Уг нь иймэрхүү дуудлаганд нэг нь, эсвэл нэг гол хүнээ заавал үлдээж бусад нь явдаг гэдгийг хууль хяналтынхан хамгийн сайн мэдэх хүмүүс.

Дарга нарын эзгүйд хүн амины онц ноцтой хэрэг гарахад яг хэзээ энэ хэрэг гарсныг алга дарам цаасан дээр тэмдэглэчих сүйхээтэй цагдаа Дарханд мөн л олдсонгүй.

Тухайн үед Д.Төмөр-Очир агсан гэртээ ганцаараа байжээ. Ар гэрийнхэн нь Зүүнхараад байсан бөгөөд 1985 оны аравдугаар сарын гурванд түүнийг алагдсаныг мэдсэн байна. Тэднийг Дарханд ирснээс авахуулаад ажил явдал дуусах өдөр хүртэл цагдаагийнхан алагдсан цаг хугацааных нь талаар зөрүүтэй мэдээлэл өгсөөр байв.

Талийгаачийн ач хүү Т.Эрдэнэбилэг өвөөгөө чухам хэзээ нас барсаныг тогтоох гэж шүүх эмнэлгийн архивыг сар гаруй шүүлгэсэн ч задлан шинжилгээ хийсэн материал нь ор сураггүй алга болсон байжээ. Ёстой л нөгөө "хувьсгалын тохироо" бүрдэнэ гэдэг болсон байдаг. Хэрэг гарсны дараа цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн гэх. Хэд хэдэн хурууны хээ илрүүлсэн ч тэр нь гэмт хэрэгтнийг илрүүлэхэддаанч хангалтгүй байжээ. Гэхдээ энэ бол өөрсдийнх нь л тайлбар.

Д.Төмөр-Очир агсныг хөнөөсөн хэрэг улс төрийн захиалгат аллага байсныг хүчнийхэн ч өөрсдөө хүлээн зөвшөөрдөг. Захиалгат аллагын олон баримтыг Д.Төмөр-Очир агсны хэрэг илэрхийлдэг. Тэр дундаа Монголын хамгийн анхны улс төрийн захиалгат аллага гэдэг нь он цаг өнгөрөх тусам улам тодорсоор байна. Мэдээж үмх талх, килограмм махны төлөө "дайтаж" буй ядарсан ард түмэн очер дайрсан, автобусанд хөл дээрээ гишгэсэн, хүүхэдтэй нь манай хүүхэд маргасан гээд бие биенээ алах захиалга өгөхгүй нь лав.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулинд уг нь хүн амины хэргийг хөөн хэлэлцэх хугацааг 30 жил гэж заасан байж. Харин шинэ хуулиар энэ хугацааг 25 жил болгож өөрчилжээ. Үүгээр бол удахгүй Д.Төмөр-Очир агсны хэрэг хаагдах нь тодорхой боллоо. Харин улс төрийн аллагууд аалзны тор мэт цааш хөврөх аюул нүүрлэв. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг мөн л сураг ажиг тасарлаа. Хэрэг гарснаас хойш 10 жил ч болоогүй байхад хууль хяналтынхан мартсан байхад, 20 гаруй жил болсон хэргийг ингэж хаях нь арга ч үгүй байж болох. Зүй нь өндрөө авсан дуулиантай улс төрийн гэх тодотголтой хүн амины хэргийг хугацаа заалгүй хөөн хэлэлцсэн ч болохоор. Хөөрхий нэг ядарсан эмэгтэй нөхрийг нь тахир дутуу гэлээ гэж нэг үл бүтэх этгээдийг траншейнд түлхэж унагаасныхаа төлөө бүх насаараа хоригдох ял авлаа. Бяцхан жаал өлбөрч үхэхгүй гээд хүний гар утас авсаныхаа төлөө 15 жилийн ял авчээ.

Төр, хууль хяналт гэгч ядарсан ардад ямар хатуу чанга болохыг доодос л мэдэрдэгийн жишээ захаас аваад замаар нэг байна. Д.Төмөр-Очир агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг илрүүлье гэх нь битгий хэл ядаж нэг удаа ч болов эргүүлээд харчихъя гээд архив ухаж суугаа хүн хууль  хяналтынхан дотор алга. С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн материалыг жил бүрийн аравдугаар сарын 2-ны өдөр улс даяар яриад байхаар нь нэг гаргаж ирээд тоосыг нь сэгсэрдэг шиг байгаа юм. Аягүй бол нэг л мэдэхэд энэ хэрэг ч мөн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гээд хаагдаж мэдэх нь. С.Зориг агсныг бүрэлгэсэн хэргийг шалгах үед бүрдүүлсэн хавтаст хэргээс чухал материалууд хэд хэдээрээ алга болоод байна. Маш нарийн зохион байгуулалттай хийгдсэн аллагыг илрүүлэх ажилд хайнга хандаж буй нь олон түмний эгдүүцлийг хүргэж байна.

Үйлдэгсдээсээ муу зохион байгуулалтаар ажиллаж байгаа манай хууль хяналтынхан ер нь юу бодож суудаг юм бол? Энэ янзаараа улс төрч нь олширсон Монгол төрд амь насны баталгаа алга.

Эх сурвалжийн холбоос: https://gogo.mn/r/24063

Буцах