Эх сурвалж: Bolod.mn сайтын 2011-04-29 өдрийн нийтлэл


Төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирыг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт олон хүнийг гэрч, сэжигтнээр татан шалгасан юм. Тэдний дотроос аюултай гэмт хэрэгтэнд тооцогддог “тагтаа” хэмээх Л.Жамбал (Энэ хүнийг “хар малгай гэх” Жамбалтай андуурах нь бий) нэлээд шалгагджээ. “Д.Төмөр-Очирыг егүүтгэсэн хүн Л.Жамбал байжээ” гэх цуу үг нийгэмд амнаас ам дамжин яригдаж байсан гэдэг.

Ийм яриа тухайн үед олон нийтэд түгээд байсан гэснээс түгээжээ гэх нь илүү оновчтой мэт. Нэгэнт цаазаар авахуулах ял шийтгүүлээд байсан түүнд бүх хэргийг тохоод дуусгачихъя гэсэн санаархал жинхэнэ хэрэгтнүүдэд, энэ аллагыг зохион байгуулагчдад байсныг үгүйсгэхгүй.

Тиймээс ч хатуу чанга тэр үед, Л.Жамбалыг энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэдэг материалыг төвийн сонинд эрх бүхийн албан тушаалтнууд бичүүлсэн гэх хардлага байдаг юм билээ.

Эхнэрээ егүүтгэсэн хэрэгт сэжигтнээр татагдан, гадуур шалгагдаж байхдаа өөр нэгнийг хөнөөсөн түүнд шүүхээс цаазаар авах ял ногдуулсан байж. Шүүхийн шийдвэрийг гүйцэтгэхээс өмнөхөн Д.Төмөр-Очирын хэргийг шалгаж байсан Ажлын хэсгийнхэн прокурорт санал тавьж, ялыг нь хойшлуулсан аж. 1987 онд Л.Жамбалын хэргийг сэргээн, Ажлын хэсгийнхэн шалгасан байна.

ӨВГӨНИЙ ХЭРЭГТ БИ ЯМАР Ч ХАМААГҮЙ ШҮҮ

Дархан хотын силикат тоосго, шохойн үйлдвэр, керамзитийн үйлдвэрт ажиллаж байсан Л.Жамбалыг дээрх хэрэгт сэжиглэх ямар үндэслэл байв. Тэр хэдийгээр гэмт хэрэгтэн ч гэр бүлээс нь гадуур төрсөн охин Энхтуяадаа ихэд хайртай нэгэн байсан гэдэг.

Хамаг л өнгөтэй өөдтэй болгоныг түүнд өмсгөж, эдлүүлнэ. Охиных нь найз залуу Д.Төмөр-Очиртой нийлж, үе үе архи, дарс уудаг байсныг тэрбээр мэддэг байсан аж. Тэр залуу архи уусан үедээ охинд нь хэд хэдэн удаа гар хүрчээ. Л.Жамбал үүнд ихэд уурлаж, хүргэн болох залууг нь Д.Төмөр-Очир уруу татаад байна гэж боддог байсан гэнэ. Энэ тухайгаа нэг бус хүнд ярьсан нь мөрдөн байцаагчдын сонорт хүрчээ.

Түүнээс гадна МУИС-д багшилж байхдаа гэмт хэрэгт холбогдон Мааньтын шоронд ял эдэлж байсан Дорждэрэм хэмээх хоригдол “Л.Жамбалыг Д.Төмөр-Очиртой явж байхыг нэг бус удаа харсан” гэж мэдүүлсэн байна. Тиймээс мөрдөн байцаагчид дээрх хэрэгт холбогдуулан түүнийг шалгая гэж шийдсэн аж. Хагас жил шахам мөрдсөний эцэст “тагтаа” Л.Жамбал Д.Төмөр-Очирыг егүүтгэсэн хэрэгт холбогдолгүй гэдгийг тогтоожээ.

Гэсэн ч хууль хяналтынханд юмыг яаж мэдэх вэ гэсэн сэжиг байсаар байсан бололтой. Тиймээс шүүхээс түүнд цаазаар авах ял ногдуулсны дараа “Чи Д.Төмөр-Очирыг егүүтгэсэн биз дээ” гэсэн асуултыг зориуд тавиулсан талаараа тухайн үед НАХЯ-ны орлогч сайдаар ажиллаж байсан нэгэн бидэнд өгүүлсэн юм.

Цаазаар авахуулах ял сонссон хүн цочирдсондоо, эсвэл би нэгэнт өнгөрсөн хүн гэдэг үүднээс үнэнээ хэлэх нь гарцаагүй гэж тэд тооцоолон ийм асуулт тавиулжээ. Түүний заавар ёсоор шүүх хуралд суусан НАХЯны ажилтан Л.Жамбалд дээрх асуултыг тавьсан байна. Гэтэл тэрбээр огт сандралгүй “Би өвгөнийг харин алаагүй юм шүү. Энэ хэрэгт би ямар ч хамаагүй” хэмээн хариулсан аж.

ХОЁР ЖИЛИЙН ДАРАА ОЛДСОН ХӨӨРӨГ

Д.Төмөр-Очирыг егүүтгэсэн хэргийн дараа хийсэн үзлэгээр гэрээс нь нэг хөөрөг алга болсон байсан юм. Энэ хөөргийг хоёр жилийн дараа олсон гэдэг. Хэн гэдэг хүн барьж явсан, хаанаас олов гэдгийг цагдаагийнхан өөр өөрөөр тайлбарладаг нь хачирхалтай. Тухайлбал, дээрх хэргийг шалгах Ажлын хэсэгт ажиллаж байсан, хурандаа Д.Нинжбадгар гуай алга болсон хөөрөгний талаар надад нүдэнд харагдтал ярьж өгсөн юм. Дунд гарын, шувтан мөртэй, барзгардуу чулуун хөөрөг байсан.

Түүнийг ярьж байхад нь би нэг тиймэрхүү хөөрөг юм байна даа гээд зурж суусан. Тэр зураг миний бичиг баримт дотор үлдсэн байсан. Өвөрхангай аймгийн Сант суманд ажлаар явж байгаад тэмээчин Ханд гэдэг авгайнд орлоо. Гэтэл тэднийд Баян-Өндөр сумынх гэсэн хэдэн залуу сууж байж таарсан. Тэдний нэг нь надтай тамхилахад хөөрөг нь нэг л танил санагдаад болдоггүй.

Тэгсэн Д.Төмөр-Очирын хөөрөг мөн шиг харагдсан. Ирсэн хойноо Баян-Өндөр сумын хэсгийн төлөөлөгчид тэр залуусын тухай мэдэгдэж “Хөөрөгний зургийг авч, эзнийх нь тухай мэдээлэл цуглуулаад явуул” гэсэн үүрэг өглөө. Манай төлөөлөгч өгсөн үүргийн дагуу холбогдох материал ирүүлсэн. Тэр хөөргийг Түнхэлд ял эдэлж байгаад суллагдсан нэг залуу барьж явсан юм билээ. Би холбогдох материалыг нь Ажлын хэсэгт явуулсан. Тэр хөөрөг талийгаачийнх мөн үү, биш үү гэдгийг тэд тогтоосон байх учиртай гэсэн юм.

Тэгвэл Эрүүгийн цагдаагийн газрын ажилтан асан нэгэн “Тэр хөөргийг бид хоёр жилийн дараа Увс аймгийн харьяат нэг хүнээс хурааж авсан.

Хүнээс худалдаж авсан, наймаа хийсэн хүнээ одоо танихгүй гэж байсан. Хөөрөг хийсэн хүнийг нь ч олсон. Яг ийм чулуугаар ердөө хоёр ширхэг хөөрөг хийсэн, тэрний нэг нь мөн байна гэж мэдүүлсэн” гэв. НАХЯ-ны сайд А.Жамсранжав ын тушаалаар дээрх хэрэгтэй танилцаж байсан хурандаа Н “Талийгаачийнд үнэд хүрчихээр, ховор нандин эд зүйл олон байсан. Гэмт хэрэгтэн эд зүйлийг нь дээрэмдэх, хулгайлах зорилготой байсан бол хамгийн муу, үнэд хүрэхээргүйг нь авахгүй шүү дээ. Хэрэг гарснаас нэлээд хойно талийгаачийн эхнэртэй ярилцаж байхад Д.Төмөр-Очир гуайд мөнгөний хэрэг гараад хөөргөө зарсан байх магадлалтай юм билээ” гэсэн юм.

Энэ ортой байх магадлалтай. Хэрэв тиймгүйсэн бол мөрдөгчид хөөрөг авсан, өгсөн хүмүүсийг шалгасаар гэмт хэрэгтний чихнээс атгах боломжтой байсан ч юм бил үү. НАХЯ-ны сайд А.Жамсранжавын тушаалаар Д.Төмөр-Очирын хэргийг шалгахаар Дархан хотод очсон орос зөвлөх, ЦЕГ-ын орлогч дарга нарыг тагнан, ажил хийлгээгүй тус хотын НАХГын ажилтан, хошууч хэн байв гэдгийг тодруулахаар бид олон хүнээс сураглав.

Дээрх хэрэг гарах үед тус хотын НАХГ-т Батаар эхэлсэн нэртэй хоёр ч хүн ажиллаж байжээ. Тэдний нэг нь хурандаа Бат-Очир. Тухайн үед хошууч цолтой байсан энэ хүн А.Жамсранжав сайдтай хамт ЗХУ-д геодиз, зураг зүйн мэргэжил эзэмшсэн, найз нь.

Дарханд ажиллаж байгаад Эрдэнэт хотын НАХГ-ын даргаар томилогджээ. Сүүлд Зүүнхараад ажиллаж байгаад тэтгэвэрт суусан байна. Ц.Батдорж мэргэжлийн тагнуулч, ЗХУ-ын Улсыг аюулаас хамгаалах хорооны дээд сургууль төгссөн. Дээрх хэрэг гарах үед Дарханы НАХГ-т тасгийн даргаар ажиллаж байсан. Д.Төмөр-Очир бусдад алагдсан хэргийг шалгах Ажлын хэсэгт орж ажилласан. Гүйцэтгэх ажлын уялдаа холбоог зохицуулж байсан гэдэг. Хэргийн нөхцөл байдлын талаар нэлээд гүнзгий мэдэх хүний нэг гэгддэг.

ЦАГДААГИЙНХНЫГ ТАГНАСАН ТАГНУУЛЫН АЖИЛТАН ХЭН БАЙВ

Дарханд зургаан жил гаруй ажиллаад Өвөрхангай аймгийн НАХГ-ын даргаар дэвшсэн. Энд гурван жил ажиллаад хотод шилжин ирж, Төрийн ордны комендатурын даргаар ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан байна. Тэтгэвэртээ суусны дараа Засгийн газарт Төр, засгийн бэлгийн фондын эрхлэгчээр нэг хэсэг ажиллажээ. Энэ хоёр хүнээс гадна Батаар эхэлсэн нэртэй хүн яах аргагүй байсан гэдэг.

Тэр хүн хожим Дорнод, Зүүнхараад НАХ хэлтэст ажиллаж байгаад архинд орж, удалгүй нас барсан гэх юм. Өдгөө энэ хүний талаар тухайн үед тусгай албанд ажиллаж байсан олон хүнээс тодруулсан боловч таних хүн байгаагүй нь хачирхалтай.

УТАСНЫ ЦААДАХ ҮЛ ТАНИХ ХҮН

Д.Төмөр-Очирыг Улаанбаатарт шилжүүлэх хүсэлт гаргасан өргөдлийнхөө хариуг авах, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамцтай уулзахаар ирсэн С.Нинжбадгар гуай талийгаачийн ах Д.Лувсаншаравынд буужээ. Гэтэл орой нь энэ айлын гэрийн утсаар өөрийгөө Бадарч гэж танилцуулсан нэгэн хүн түүнтэй ярьж Дарханд үлдсэн Д.ТөмөрОчирын бие муу байна хэмээн дуулгажээ. Энэ хүн хэн байв, С.Нинжбадгар гуайг хадам ахындаа байгааг яаж мэдэв гэдэг нь сонирхолтой.

Хохирогчид энэ хүний талаар мөрдөн байцаагч нарт мэдүүлсэн гэдэг. “Харин цагдаагийнхан утасны цаадах үл таних тэр хүнийг хайгаад олоогүй гэнэ лээ” хэмээн талийгаачийн зээ хүү Т.Эрдэнэбилэг өгүүлсэн юм. Д.Төмөр-Очирыг нас барсан талаар эхнэрт нь хэрхэн дуулгасан талаар бид тодруулсан юм.

-С.Нинжбадгар гуай тэгэхэд хотод биш Түнхэлд байсан. Хамаатных нь нэг хүний бие муудсан гээд дуудагдаад явжээ. Тэр үед С.Нинжбадгар гуай Дарханы Политехникумд багш байсан. Бид ярилцаж байгаад хамт ажилладаг нэг багшаар нь хэлүүлсэн юмдаг.

Харин Т.Эрдэнэбилэг оюутны намрын ажлаар Зүүнхараагийн сангийн аж ахуйд байсан. Түүнд хэл дуулгахаар манай Цагдан сэргийлэх ангиас нэг ажилтнаа машинтай явуулсан хэмээн мөрдөн байцаагч Э ярив. Энэ мэтээр Д.Төмөр-Очирын хэрэгт шалгаж тодруулмаар олон зүйл хариу нь тодорхойгүй байдаг юм билээ.

Д.Дагва

"Өнөөдөр"

Буцах