Эх сурвалж: Bolod.mn сайтын 2011-04-18 өдрийн нийтлэл
Дархан хотын төмөр замын төв буудлын баруун талд, төмөр том хашаанд тухайн үедээ л шил толь болсон хоёр давхар байшин байх. Үүнийг орос мэргэжилтнүүдийн дэлгүүр гэдгийг дарханчууд андахгүй. Дэлгүүрийн гадна цүнх, сав барьсан авгайчууд голдуу монголчууд урт дараалалд зогсоно. Шилэн хаалганы цаана бүдүүн орос авгай, хажууд нь баавгай шиг том орос цэрэг сууна. Тэр орос авгай гартаа ганжингийн чинээ мод барьчихсан, үе үе шагайн дотогш оруулахыг хошуу цорвойн гуйх монголчуудыг нөгөөх модоороо ёврон цааш түлхэнэ.
Төмөр хашааны хаалга чихран онгойж, дунд зэргийн нуруутай, туранхай, өвгөжөөр хүн орж ирлээ. Дэлгүүрийн жижүүр орос авгайд хөөгдөн зогссон монголчууд сэхээтэн байрын хувцасласан тэр хүнийг хараад бие биеэ ёврон, шивэр авир ярилцана. Өвгөн тэднийг анзаарсан ч үгүй, хүмүүс тэгж л байдаг юм гэсэн шиг алхсаар дэлгүүрийн шилэн хаалгыг татан орлоо.
“Монголчууд бид нутагтаа амьдарч байж яахаараа нохой шиг хөөгдөөд зогсож байдаг юм бэ. Та нар хэний нутагт байгаагаа ер мэддэг үү” хэмээн төрөлх хэлээр ярихыг сонссон орос авгай лангууныхаа араар ум хумгүй орох нь тэр. Чухам үүнийг хүлээж байсан мэт үүдэнд урт дараалалд зогссон монголчууд дэлгүүр рүү чихэлдэн орлоо. Өвгөнийг таньдаг нэг нь нүүрээ буруулж, зүс мэдэх нэг нь мэндчилж, танихгүй нь “Энэ буятай хүн чинь хэн гээч вэ” хэмээн хажуудхаасаа асууна.
“Яагаа вэ, нөгөөх эсэргүү Төмөр-Очир чинь шүү дээ” гэхийг сонсоод энэ тэрийг харсан шигээ зогсох өвгөнийг сонжин харна. Худалдагч орос авгай нар манайханд дуртай дур гүй үйлчилж эхлэв. Өвгөн хэсэг зогсож байгаад хайрцаг янжуур, ганц шил конъяк аваад гарахтай нь зэрэгцэн нэгэн худалдагч “Одоо боллоо, дахиж хүн оруулахгүй шүү.
Хаалгаа бариарай ” хэмээн орилоход, дэлгүүрийн үүдэнд суудаг авгай барьж явсан модоороо хаалгаа тэвхдэж аваад суув. Энэ явдлаас хэдэн сарын дараа аймшигт хэрэг гарна гэдгийг өвгөн ч, түүний буянаар орос дэлгүүрээр үйлчлүүлсэн монголчууд ч яахин мэдэх билээ.
Эсэргүү хэмээн цоллуулж, олон жилийг цөллөгт өнгөрөөсөн Д.Төмөр-Очир гэж хэн бэ гэдгийг хүүхэд залуус маань тэр бүр мэдэхгүй байх. Тиймээс энэ хүний тухай товч өгүүлье.
НАМАЙГ БОДИТ БАЙДЛААС ХЭТРҮҮЛЖ БИТГИЙ ҮНЭЛЭЭСЭЙ
1921 оны намар одоогийн Төв аймгийн Лүн сумын нутагт, малчин ард “гэзэгт” хэмээх Дарамын эхнэр амаржиж хоёр дахь хүүгээ төрүүлсэн нь хожим Монголын төр, нийгмийн зүтгэлтэн Төмөр-Очир байв. Өөрийнх нь бичиж үлдээснээр тэрбээр хар багаасаа эрдэм номын мөр хөөж, 1926-1936 онд бага, дунд сургууль, 1938- 1941 онд ЗХУ-д Дорно дахиныг судлах институт, 1945-1950 онд Москвагийн их сургуулийн философийн анги, 1950-1953 онд ЗХУКН-ын Төв хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академид суралцаж төгсчээ.
Аж үйлдвэрийн комбинатад ноосны мэргэжилтний дагалдангаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр 1941-1944 онд Намын төв хорооны нарийн бичгийн дарга нарын туслах, Шинэ хүчний дээд сургуулийн философийн багш, тэнхимийн эрхлэгч, Түүхийн институтийн захирал, Төв хорооны нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр сонгогдон ажиллаж байсан юм. 1962 оны есдүгээр сард болсон МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас түүнийг “намын эсрэг ажил явууллага” үйлдсэн хэмээн бүх ажил, албан тушаалаас нь чөлөөлснөөр 23 жил үргэлжилсэн цөллөгө, хавчилт, хэлмэгдүүлэлт эхэлжээ.
Эцэст нь 1985 оны аравдугаар сард (аймшигт хэрэг гарсан өдрийн талаар хойно дурдах болно) гэртээ бусдын гарт хэрцгийгээр алагдсан билээ. Тэрбээр МАХН-ын Төв хорооны II бүгд хурлын төгсгөлийн хуралдаан дээр өөрийнхөө тухай: -Миний бие хар нялхаасаа өнчин өрөөсөн өссөн тул янз бүрийн хүмүүст доромжуулахгүйг туйлын хичээдэг болсон. Зан ааш минь эвдэрсэн тал байвал үүнтэй холбоотой байж болзошгүй. Би өөрийгөө хэзээ ч улс төрийн зүтгэлтэн болно гэж бодож яваагүй.
Тиймээс МАХН-ын ХIII Их хурлын дараа хуралдсан Бүгд хуралд Төв хорооны нарийн бичгийн даргаас чөлөөлөгд өх хүсэлт тавьж байсан. 1959 онд хуралдсан III Бүгд хурлаас шинэ амьсгалтай, зарчимч шүүмжлэл өрнөсөн, ахиц дэвшил гарч магадгүй болсонд урамшин цаашид ажиллаж болмоор санагдаад үргэлжлүүлэн ажиллахыг зөвшөөрсөн юм.
Гэтэл удалгүй “Д.Төмөр-Очир бол марксист хатуужилгүй хүн” гэдэг нэр хаяг зүүх болсон. Миний хамгийн эрхэмлэдэг зүйл бол намайг үнэн бодит байдлаас хэтрүүлж битгий үнэлээсэй, надад бүү хууртагдаж, намайг бүү магтаасай гэж боддог хэмээн дурджээ.
ЗХУКН-ЫН НӨЛӨӨ МАНАЙД ИХ ТУСАЖ БАЙНА
1962 онд хуралдсан МАХНын Төв хорооны II Бүгд хурал дээр Д.Төмөр-Очир өөрийгөө “авслах” үг хэлсэн юм. Тухайлбал, ЗХУКН-ын нөлөө Монголд их тусаж байгаа талаар дурдсан байдаг. Түүнчлэн нэг хүнийг тахин шүтэхийн хор холбогдлыг зоригтой тавьж, тухайн үеийн нам засгийн дээд удирдлагад байсан зарим хүнийг цаг үетэйгээ хөл нийлүүлэхгүй хоцорч байгааг, ажил хэрэгч шүүмжлэл үгүй болж, дарга нарыг магтан дуулдаг хэсэг гарч ирснийг илэн далангүй хэлжээ. -Х.Чойбалсан бол түүхийн гарамгай хүн, улс төрийн зүтгэлтний хувьд маш их зөрчилтэй. Сайн ч гэж болохгүй, муу ч гэж болохгүй. Түүнийг судлах ажил олон сар, жилээр үргэлжлэх байх.
...Нэг хүнийг тахин шүтсэнээс болж манай нам шиг тарчилсан, хэлмэгдсэн, зовж зүдэрсэн нь дэлхийд өөр үгүй болов уу. Тэр үед бид өсөж өндийж, соёолж байсан мэдлэг чадвартай хамаг сэхээтнээ хүйс тэмтрүүлсэн. Дараа нь тэднийг залгаж авах хүн олдохгүй удсан шүү дээ.
Одоо хүртэл миний мэтийн хүн эвлэлийн ажил хийж явах ёстой атал намын ажилд дэвшин ажиллаж байгаа нь үүнтэй холбоотой гээд үү нийг ялгаж салгах зориг би дэнд дутлаа. Хожим засагдах биз ээ гэсэн байна. Ю.Цэдэнбалын тухайд: Улс төрийн аливаа зүтгэлтний намтар янз янзын зам туулдгийн адил нөхөр Цэдэнбалын үйл ажиллагаанд ч өөрчлөлт гарлаа.
Улс төрийн тавцанд маш цогтой хувьсгалч шинжийг агуулан гарч ирсэн ч миний багцаалснаар 1953,1954 оноос яагаад ч бэ эрч нь суларч эхэлсэн. Энэ хүнийг тухайн үед дутагдлаас нь ангижруулж, дор нь засаж авсангүй. Хамт ажиллаж байсан нөхөд нь голдуу магтан өргөмжилж байжээ. Энэ нь түүнийг эвдэж сүйдлэн, амьдаар нь алахад хүрч байна. Ю.Цэдэнбалыг шүүмжилж байсан хүн сүүлдээ буруушаагдаж байснаас биш нэг ч дэмжлэг авч байгаагүй. Малчдын тухайд:
Социалист хуваарилалтын зарчим юун дээр алдагдаж байна гэвэл, манай улсад хамгийн их хэрэгтэй ажил хийж өгөхийн тулд халуунд халж, хүйтэнд хөрч, наранд шарагдаж байгаа малчид хамгийн багыг авч, хамгаас дорой амьдарч байна. Ийм байдал цаашдаа удаан үргэжилж хэрхэвч зохихгүй. Хэзээ хийсэн үйлийн үр гэж насаа эцэслэтэл тэсвэрлэж байх вэ. Үүн дээр тал талаасаа их юм бодолгүй болохгүй нь. Эрс шийдвэртэй, дорвитой арга хэмжээ дав даруй шаардагдаж байна гэжээ. Чухам энэ мэт шүүмжлэл, үгнээсээ болж дөрвөн сарын дараа буюу 1962 оны есдүгээр сар болсон МАХН-ын Төв хорооны III Бүгд хурлаас “Намын эсрэг ажил явуулсан” хэмээн адлагдаж, хэлмэгдсэн юм.
С.НИНЖБАДГАРЫГ Д.МОЛОМЖАМЦТАЙ УУЛЗУУЛАХГҮЙ ГЭСНЭЭС ХЭРЭГ ҮҮДСЭН ҮҮ
МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчооны 1985 оны тавдугаар сарын 3-ны хуралдаанд МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Батмөнх: -Намын эсрэг бүлэгт холбогдсон хүмүүстэй ямар ч яриа байхгүй гэдэг нэгдсэн ойлголттой байх хэрэгтэй. Ц.Лоохууз, Д.Төмөр-Очир нар өөрсдийгөө хотод шилжүүлэх асуудлыг Төв хороонд тавьж гүйсэн. С.Жалан-Аажав Намын хянан шалгах хороог дайрч хэд хэдэн юм Төв хороонд бичсэн байгаа. Тэдний үйлдсэн хэрэг бол улс төрийн асуудал. Тэд намын шугамын эсрэг байсан улс.
Иймд бид тухайн үед гаргасан намын шийдвэр, шугам дээр хатуу зогсох хэрэгтэй гэж ярьжээ. “Эсэргүү” нэр зүүлгэсэн хүмүүстэйгээ МАХНын удирдлага цаашид ч хатуу хандахаа илэрхийлж байсан нь эндээс харагдана. Гэсэн ч энэ явдлаас хэдэн сарын дараа тус намын Бүгд хурал хуралдах тов гарчээ. Энэ хурлаар С.ЖаланАажав, Д.Төмөр-Очир нарыг цагаатгах, хотод шилжүүлэх асуудлыг хэлэлцэхээр намын дээд удирдлагын хүрээнд ярилцаж байсан гэдэг. Нас өндөр болсон, эрүүл мэнд нь сайнгүй байснаас хотод шилжүүлэх асуудлыг Д.ТөмөрОчир МАХН-ын Төв хороонд удаа дараа тавьж байжээ.
Тиймээс Бүгд хурлын өмнө Намын Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Моломжамц Д.Төмөр-Очирын эхнэр С.Нинжбадгарыг хүлээн авч уулзахаар бол сон байна. С.Нинжбадгар гуай өргөдлийнхөө хариуг авах, Д.Моломжамцтай уулзахаар Улаанбаатар руу явахаар тө- лөвлөж байсан аж. Гэтэл ах нь нас баржээ. Тиймээс Д.Моломжамцтай уулзаж чадаагүй гэдэг.
Энэ тухай Д.Төмөр-Очирын хэргийг шалгахад оролцож байсан нэр бүхий хүмүүс янз янзаар тайлбарлаж байлаа. Улс төрийн шинжтэй аллага болсон, хэрэг мөрдөн байцаалтын шатанд түдгэлзээтэй байгаагаас хаагдаагүй гэдэг үүднээс дээрх хүмүүс нэрээ нууцлахыг хүссэн юм. Улсын цагдан сэргийлэхийн ерөнхий газрын орлогч даргаар ажиллаж байсан, хурандаа Н: -НАХЯ-ны сайд А.Жамсранжав нэг өдөр намайг дуудаад “Дарханд амьдарч байсан Д.Төмөр-Очир алагдсан байна. Чи Хромовтой (Игорь Львович Хромов, дэд хурандаа.
Тухайн үед Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх газрын эрүүгийн хэргийн зөвлөхөөр ажиллаж байсан, орос мэргэжилтэн) тийшээ яв. Яг ямар асуудал болж вэ гэдгийг тодруул” гээд 14 хоногийн томилолт өгсөн. Дарханд очоод цагдаагийнхантай уулзлаа.
Ирсэн зорилгоо хэлж, хэргийн шалгалтын явцтай танилцсан. Бид хоёрт нэг өрөө гаргаж өгсөн юм. Ингээд зарим гэрч, холбогдох хүмүүстэй уулзахаар боллоо. Гэтэл Дарханы Нийгмийг аюулаас хамгаалах газрын тасгийн даргаар бил үү дээ ажиллаж байсан нэг хошууч бид хоёрыг ажил хийлгэдэггүй. Хэнтэй уулзах нь вэ, хашаа явав гээд араас байнга дагана. Биднийг хүнтэй уулзаж байхад хаалганы цаана чагнаад зогсчихно. Тэгээд нөгөө хүнээс “Эд нар юу асууж байна вэ, чи юү гэж хэлэв” гээд давхар байцаачихна. Сүүлдээ бид хоёрт Дарханы НАХ газрынхан өрөө, унаа тэрэг гаргаж өгө- хөө болилоо.
Орос зөвлөх хэдэн төгрөгтэй явж таараад түүгээр машин тэрэг хөлслөн хөл залгуулж байсан юмдаг. Тус газрын дарга, хурандаа С.Довчин нэг өдөр намайг дуудаад “Миний дүү дэмий юмаар хөө- цөлдөж байгаа юм биш үү, боливол яасан юм бэ” гэдэг юм байна. Дарханд ажиллаад 5-6 хонож байтал төвөөс утасдаж “Ажлаа зогсоогоод ир” гэдэг үүрэг өгсөн. Хотод ирээд А.Жамсранжав генералтай уулзахад “Ажилласан тухайгаа гараараа бичээд зөвхөн надад танилцуул” гэдэг юм байна.
Маргааш нь илтгэх хуудсаа бичээд орлоо, сайд танилцаж дуусаад “Энэ тухай хэнд ч, юу ч битгий ярь, ийм юм болоогүй шүү” гээд миний бичсэн илтгэлийг урж хаясан. Түүнээс хойш нэг их удалгүй намайг ажлаас чөлөөлж, НАХЯны Цэргийн дээд сургуульд тэнхимийн эрхлэгчээр томилдог юм байна. Харин Хромовыг нутаг буцаасан. Сүүлд сонсох нээ түүнд хурандаа цол олгож, Москва гийн ойролцоох Иванов мужийн Дотоодыг хамгаалах газрын дарга болсон байна лээ гэж ярив.
Хэргийн газрын үзлэгийн материал, гэрчүүдийн мэдүүлэгтэй танилцсан И.Л.Хромов “Энэ манайхны (оросуудын) үйлдсэн хэрэг биш байна, танайхан л оролцсон юм шиг байна даа” гэж хэлсэн гэдэг. Ер нь С.Нинжбадгар гуайг Д.Моломжамцтай уулзуулахгүй гэсэн сонирхол хэнд байв. Тэр хүн л Д.Төмөр-Очирыг егүүтгэсэн байх магадлалтай гэдгийг олон хүн ярьж байсан.
С.Нинжбадгар гуайг Улаанбаа тар руу галт тэргээр явж байхад нь нэг хүн “Ах чинь нас барчихлаа” гэж хэлсэн гэх яриа бий. Тиймээс замаасаа буцсан гэдэг. Энэ талаар Д.Төмөр-Очир гуайн ач Т.Эрдэнэбилэг: -Яг тэр үеэр Ламзав ах (С.Нинжбадгар гуайн үеэл) нас барсан. Дал гарсан, бие нь нэлээд тааруу байсан. Ээж (С.Нинжбадгар гуайг хэлж байна) хотод ирсэн хойноо ахыгаа нас барсан гэж дуулаад буцсан гэж ярьдаг байсан гэлээ.
Үргэлжлэл бий...
Д.Дагва
"Өнөөдөр"
Эх сурвалжийн холбоос: http://www.bolod.mn/News/54790.html