Эх сурвалж: Eagle.mn сайтын 2017-11-23 09:14:00 өдрийн нийтлэл
Эхлэл.
1990 онд Баабарын байгуулалцсан МСДН рүү явахдаа “Үнэн” сонин болон Л.Түдэв эрхлэгчтэйгээ хүний ёсоор салах ёс хийлээ. Уг нь МАХН болон “Үнэн” сонины хаалгыг тас саван, ширээ сандлаа өшигчөөд гарсан бол социализмаа бодитой жигшсэн, “жинхэнэ ардчилагч” болж харагдах байх. Гэхдээ сонин, эрхлэгч хоёртоо хүний ёсоор хандах шалтгаан надад байсан тухайэнэхүү цувралын өмнөх хэсэг өндөрлөсөн байх.
МСДН гэснээс, ерээд оны босгон дээр яруу найрагч Б.Батхүү, ХААДС-ийн багш Эрдэнэцогт, Андрей, нарын олон багштай хамтран “Малчдын төлөө” хөдөлгөөнийг бид байгуулсан билээ. Тэд 1989 онд миний бичиж нийтлүүлсэн “Малыг малчдад” өгүүллийн үзэл санааг талархан дэмжигчид, өмчгүй нийгмийг эсэргүүцэгчид, хураагдсан хөрөнгийг эргүүлэн тараах үйлсийн төлөө санаа нэгдэгсэд байсан юм. Манай хөдөлгөөнийхэн Их сургуулийн дугуй зааланд болдог АСХ-ийн мэтгэлцээн уулзалтад оролцож явсан учраас соцдекүүдтэй “ижий ахай” болохоо байг гэхэд “үзээгүй гар байх чинь” гэж гайхахааргүй нэгэн болсон байлаа.
нэг. Л.Түдэв
Л.Түдэв эрхлэгч бол ХХ зууны сүүлийн хагасын залуусынхувьд туг болсон хүмүүсийн нэг байсан юм. Тэрээр хорь гаруйхан насандаа анхны романуудын нэгийг туурвисан, төдийгүй шинэ бичиг үсэг дээр тулгуурласан орчин үеийн уран зохиолыг, утга зохиолын хэлийг С.Эрдэнэ, С.Дашдооров,Ч.Лодойдамба нартай хамт бүтээлцсэн нэгэн.Бас ХХ зууны монголын сэтгүүл зүйд баримтат-уран сайхны нийтлэлийн төрлийг үүсгэлцэн өөрөө оройлсон хүн.
Бас тэрээр бусад зохиолчид шигээ гашуун нясуун юм амсдаггүй гэдэг нь “хоргойноос илүү сонин” дуулдах. Тийм болохоороо, зохиолчид, уран зохиол шохоорхогчдийн “спиритлэг агаад спиртлэг” тойргоос гадуур оршдог нэгэн байлаа. Өөрөөр хэлбэл, том зохиолч, том сэтгүүлч, өөрийн үеийнхнээ уриалан хөтлөгч гэгээрүүлэгч байсан ч гэсэн даган дууриагчид, болоод мэргэжил нэгтнээсээ өөрийгээ тусгаарласан нэгэн байсан юм. Тэр шугамыг давж Түдэвт хүрэх зүрхтэн ховор байсан бололтой. Бас тэрээр “улаан” номертой машин унадаг Эвлэлийн төв хорооны дарга, бас хүнийг зүгээр нэг буруушаахгүй, айхтар хорон үгтэй нэгэн гэх. Ер нь бол албан тушаалаараа бусболовсрол, ур чадвараараа “дээрэлхэх” хообийтой. Харин айдас бишүүрхлийн энэ хэрмийг даваад хүрч чадвал залуусыг дэмждэг, ялангуяа зохиолч, сэтгүүлч болох гэсэн шинэ үеийнхнээр өөрийгээ хүрээлүүлэх сонирхолтой хүн гэж ч бас дуулсан байлаа.
Чухам энэ хүнтэй уулзуулсан хүн бол манай Ш.Цэрэнпил ах, оюутан цагийн анд, орь насны маань туг болсон нэгэн. Тэрээр надаас түрүүлж сургуулиа дүүргэн “Үнэн” сонинд очсон ба Л.Түдэв гуай Эвлэлийн Төв хорооны дарга байхаа болиод “Үнэн” сонинд ерөнхий эрхлэгчээр ирсэн үе таарав.
Цэрэнпилийн ярих нь Л.Түдэв ихээхэн шинэ сэтгэлгээтэй, залуусыг дэмжих дуртай нэгэн ба “Үнэн” сониныг шинэ залуу сэтгүүлчдээр сэлбэх бодлого барьж байгаа, намайг ч гэсэн сайнаар хүлээн авах магадтай гэнэ.
Тэгээд,зогссонгүй Цээпээ ах маань түүнтэй ярилцаад намайг уулзуулах цаг гаргуулж чадсан байна. Одоо яая гэхэв, жаахан хулчигнаж яваад орлоо.
Бидний дунд дараахь яриа өрнөв.
-Чи яах гэж яваа билээ
-Та намайг дуудуулсан байсан
-Чи өөрөө уулзах гэсэн юм биш үү?
-Тмм
-Чи ингэхэд яадаг нөхөр билээ
-Юм хум бичнэ ээ
-Юу бичдэг юм бэ, ном гаргасан уу?
-Шүлгийн ном гаргасан...хамтын бүтээл юм л даа
-Хн. Манай сонинд шүлэгчийн орон тоо байхгүй шдээ.
-ммм
-Сонинд гарсан юм байна уу?
-Байна аа...Төв аймгийн “Анхдугаар таван жил” сонинд жил ажилласан...энэ байна
-Төв аймгийнх бишээ. Төвийн хэвлэлд
-.......
-За тэгүүл баяртай...би зав муутай байна
-Баяртай гээд урам муутайхан гарч явтал араас дуудав
-Аан?
-Чи нэг юм бичээд ир, төгсөж байгаа оюутнуудын тухай...
-Юу бичих вэ (энэ тэнэг асуултынхаа учрыг би олоогүй юм. Сандарсан нь хэрэг байх даа)
-Шүлэг л лав биш...
Бидний анхны уулзалт ингээд дууслаа. Ер нь үр дүнгүй, мөрөөрөө явж байгаад хүнд баалуулсан явдал боллоо гэж бодогдоод, өнөө муу Цээпээгээ аашлах нь холгүй явав. Гэхдээ гомдлын мөрт яахав дээ гээд сургууль төгсч байгаа залуусын тухай нэг тэмдэглэл маягийн юм бичснээ туслахад нь өгчихлөө.
Ямар ч хариу тэндээс ирсэнгүй, горьдлого ч тасарлаа. Харин төгсөлтийн шалгалт, диплом хамгаалах ажилдаа шамдан орлоо. Тун удсангүй Л.Түдэв тэргүүтэй Монголын парламентын бүлгэмийн төлөөлөгчид гадаадад хуралд явсан тухай мэдээ сонинд гарснийг үзээд миний бяцхан горьдлогод цэг тавигджээ хэмээн ойлгов.
Диплом хамгаалсны маргааш, нөгөөдөр санагдана, Сэтгүүлчдийн холбоон дээр дуудаж байна гэв. Би “Аль нэг аймагт л томилж таарна.Таван жилийн турш хэмнэлд нь дасч, соёлд нь уусаж явсан Улаанбаатар хот минь баяртай, хувь тавилан ивээх аваас эргэн ирэх ерөөл байх буйзаа” хэмээн бодож явлаа.
Социализмынүед дунд сургуульд нэг анги, нэг эгнээнд бужигнаж явсан хүүхдүүдийн дунд конкурс хэмээх уралдаант шалгалтын маргааш аймаар том зааг гарчихсан байдагсан. Эд нар ийшээ явна, харин тэд тэр замаар явна. Шалгалтанд бүдэрсэн эрчүүд гурван жилийн цэрэгт голдуу явна. Гурван жил ажиллаад, маш сайн тодорхойлолт авч чадвал дээд сургуулийн элсэлтийн шалгалтад орж болдог ч энэ болзлийг хангах замдаа амьдралын эргүүлгэд автах нь элбэг байсных.
Түүнчлэн сургууль төгсөөд томилолт авсны маргааш оюутан хэмээх нэг эрэмбэд явсан залуусаас “хувь заяа”-тай хэдхэн нь цэнгээнт Улаанбаатартаа үлдэж, үлдсэн бусад нь хөдөөний сэхээтэн болох замдаа одно. Хотод шилжих нь өнөөгийн Америкийн визтэй болохоос ч бүдэг бүрхэг байсан цаг.
Ийнхүү бодсоор МСХ орлоо. Гэтэл сэтгүүлчдийн холбооны боловсон хүчний Нацагмаа эгч “Чамайг Л.Түдэв гуай сониндоо авна гэсэн, тийшээ оч доо” гэх нь тэр. “Үнэн” сонин дээр очтол дор нь надад ажлын проомсог бичээд өгөв. Ийнхүү миний хувь тавилан агшны зуур наашаа эргэлээ.
...Удсан ч үгүй Л.Түдэв гадаадаас ирж, сонинд юухан хээхэн хийж байсан намайг хэрхэхийг хэлэлцэх коллегийн хурал боллоо.
Намтар түүхийг маань 3Д-гээр танилцуулсны дараа асуулт хариулт эхлэв.Хальт хульт танилцаад хэд хонож байсан коллегийн гишүүд хэмээх дарга-сэтгүүлчдийн уг нь инээхдээ инээж л харагдсан царай гантиг мэт хөшүүн болчихсон харагдах нь бүр ч сүрдмээр. Түдэв гуайн адууных шиг дүрлэгэр том нүд нь эмнэгийнх шиг догшин харагдаж улам ч айдас төрүүлнэ.
Коллегийн гишүүдийн ихэнх “энэ хүүхдийг эрхлэгч өөрөө сонгосон учраас би ч юу хэлэх вэ” гэсэн байдалтай. Гэтэл нэг дарга, өнөө хэн гуай гэхээр “Үнэн” сониныхон бол андахгүй л дээ, хэлж байнаа. Тэр хүнийг Ц.Байды гуай бараг шог зураг болгондоо, нэгэн эрхтнийх нь онцлогоор бараг танигдуулан зурж баалдагсан.
Өнөө дарга.
-Нэгдүгээрт, энэ нөхөр чинь онц сурдаггүй юм байна. Хоёрдугаарт, асуудалд ороод жилийн чөлөө авчээ. Дээр нь намын гишүүн биш юм. Ийм этгээдийг намын Үнэн сонинд авч болж байгаа юм уу, нөхөд минь. Хамт төгссөн тэргүүний хүүхдүүд нь гомдол гаргаад ирж байгааг та нарт уламжилъя...
Хурал дүнсийгээд явчихав. Гэтэл Д.Нямсүрэн гээд нэгэн эрхэмсэг, барагтай бол амнаасаа үг унагадаггүй хүн дуугарч байна аа. Энэтхэгт Ж.Бадраа гуай энэ тэртэй явсан оюутны нэг. Р.Тагорын “Гора”, мөн “Раам үлгэрийн цоморлиг” хиндээс орчуулсныг уншиж байсан хүн. Одоо энэ “иргэн” Ламзавын ах нь л даа. Тэр хэлж байна.
-Сурлага, сахилга энэ тэрийг ньбол мэдэхгүй юм. Харин сая диплом хамгаалалтад нь суусан. Тун чадварлаг ажил байсан шүү гэж байна.
Ингээд санал шүүмжлэл хэлэх хүн гарсангүй. Түдэв гуай над руу нэг муухай харснаа
-Тиймээ. Энэ их хариуцлагагүй нөхөр. Ном бүтээл нь хэвлэгдэхээр урамшиж улам чармайхын оронд биеэ тоож, болдоггүй нөхдийн үлгэрийг дагасан байгаа юм. Манай залуучууд нэгийнхээ уран бүтээлийг цэцэгбэлэглэж тэмдэглэхийн оронд гашуун юм өгдөг болсон нь их буруу. Хэрвээ , хүн угаасаа л хатуу юм уух учиртай бол, ээжийнх нь нэг мөөмнөөс спирт гарах учиртай шдээ....
Энэ үгний араас коллегийн гишүүд хоороороо хөхрөлдөв
Түдэв эрхлэгч цааш нь
-Малчин ардын хүүхэд анх удаа нам засгийн “Үнэн” сонинд арын хаалгагүй орж ирлээ. Коллегийнхоо өмнөөс баяр хүргэе гэлээ.
Өнөө хүмүүсийн царай зөөлөрч, бүгд алга ташилаа. Надад гайхалтай урам өгсөн энэ үг энд асуудлыг би шийддэг юм гэж бусдадаа сануулсан хэрэг байсан болов уу. Ийнхүү Түдэв эрхлэгчийн “залуус” хэмээх С.Цацралт, Д.Цэрэнжав, С.Батмөнх, Ш.Батмөнх, Д.Батмөнх, С.Цогтбаяр, Б.Ерэнтэй...нарын эгнээнд албан ёсоор орлоо.
Эцэст нь тэрээр “Табарилгын ажлыг тоосго үүрэхээс эхэлдгийн нэгэн адил сонины ажлыг хянагчаас нь эхлэх ёстой. Хэвлэх үйлдвэр рүү алхаад марш” гэлээ. Тэнд би Ш.Бадамханд гэдэг хянагчийн “нийлэгч” буюу туслахболж зөв бичгийн дүрэм, сонины найруулгын хэв маягт цоо шинээр дахин суралцаж эхлэв. Жилийн дараа Л.Түдэвийн туслахын ажилд очиход тэрээр “Чамайг сарааз майор болголоо шүү” гэж билээ. Сэтгүүлч болох тал дээр би түүний итгэлийг эвдээгүй байж болох ч уг натураараа олигтой моёор болох учиргүй амьтан байсан тул Түдэв даргын хамгийн тааруу туслахтай байсан он жилүүд тэр л байхдаа. Тун удалгүй би Г.Дамба гэдэг шог зохиолчийн даргалдаг хэлтэст очлоо.
Харин Түдэв эрхлэгч намайг зүгээр суулгахгүй дуудна, юм бичүүлнэ. Бичсэн юмыг маань улаан цоохор болтол засна. Засаад зогсохгүй ээ. Дуудаж ирээд хэрхэн юуны учир засснаа нэг нэгэнгүй уйгагүй хэлж өгнө.
-Энд ганцхан “нь” гээд тавихад л чи наад муу хар толгойгоо хожмын өдөр авардаг юм байгаа биздээ. Ийм заваан найруулга хаана сурсан юм бэ. Эртүүд хэлээд өгсөн алдааг ахиад давтсныг харахад ёстой хэнэггүй, юм сурах царайгүй нөхөр байна...” гм гм зэмлэнэ.Сүүлдээби дадлага сууж, үе үе магтуулах болсон юм.
хоёр. Л.Түдэвийн “Үнэн” сонин
Өөрчлөн байгуулалтаас ардчилсан хувьсгал хүртэлх жилүүдэд нийгмээ өөрчлөх шинэчлэх үзэл санааны туг нь “Үнэн” сонин байсан, сонины зориг зүрх нь Түдэв эрхлэгч байсан гэдэг нь сониныхоо нэр шиг үнэн билээ.
Сонинд орлогч сайдаас дээш хүнийг шүүмжлэх болбол намын төв хорооноос зөвшөөрөл авдаг, сонинд гарч байгаа бүх материал нам засгийн тогтоосон цэнзуурт таарч байгаа эсэхийг нэгбүрчлэн тусгай төлөөлөгч уншдаг байсан. Тэр тусгай төлөөлөгч нь Хэвлэл утга зохиол хянах газарт харъяалагдана. Тэдний тамгагүй нэг чүг өгүүлбэр хэвлэгдэх ёсгүй.
Цэргийн ангиудад байдаг оны ялгаа, “дэглэх” хэмээх хүчирхийллийн тухай “Дэглэгчдэд дэг хэрэгтэй”, мөн хуулийн байгууллагуудын ажлын алдаа завхралын тухай “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш биз” зэрэг олон өгүүллийг энэ байгууллагын тамгагүйгээр Л.Түдэвийн эр зоригоор нийтэлж эхэлсэн билээ.
Ялангуяа, наяад оны сүүлчээр МАХН-ын төв хорооны улс төрийн товчооны зарим гишүүдийг Намын дээд удирдлагын шийдвэргүйгээр анх удаа нэр заан шүүмжилсэн нь түүхэнд байгаагүй үйл явдал болов. Нийгмээ өөрчлөх хүсэл нь бадарч байсан сэхээтнүүдэд энэ бүхэн том урам, илүү их эр зориг өгч байсан гэж бодогддог.
Улмаар тус сониныхон “Эх орончийн хөрөг” булан нээж түүхэн хүмүүсийг зохих ёсоор үнэлэх алхам хийлээ. Эхэндээ социализмын зөвшөөрөгдсөн баатруудын хөрөг цуварч явснаа аажимдаа өөр чиглэлд гулсан орлоо. 1988 оны хаврын нэгэн өдөр түүхч С.Идшинноровын бичсэн “Эх орончийн хөрөг: Наваанлувсанчойжиннямданзанванчигбалсамбуу” өгүүлэл гарсан ньХХ зууны шинэ монголын хэвлэлд анх удаа VIII Богд Жавзандамба хутагтыг эерэгээр үнэлсэн хэрэг байлаа, бүр нам засгийн “Үнэн” сонинд.
Өөрчлөн байгуулалтыг жараад оны “Сэхээтний төөрөгдөл” гэдэг шиг, хэн ямар бодолтой байгааг мэдэж аваад эргүүлэн шийтгэх процесс биш байгаа хэмээн болгоомжилж явсан хүмүүс ч зориг орж эхэллээ. Сонины “Хөдөлмөрчдийн захидал, индэр” гэхчлэнгийн олон нийтийн санаа бодлоор бэлтгэдэг байсан нүүр ч жинхэнэ ард түмний индэр болж эхлэв. Үнэн сонины захиалга тэр үед 100,000 давж байсан нь олон түмний санаа бодолд хэр ойр явсны баримт болов уу?
Гэхдээ юм бүхэн амар байсангүй ээ. Нэг өдөр Төв хорооны нэг том дарга, орлогч нараа дагуулан сонин дээр ирж билээ. Коллегийн гишүүдийг эрхлэгчийн өрөөнд дуудлаа. Удаж удаж манай Г.Дамба дарга баргар царайлан орж ирлээ. Тэр дарга нар “Та нар нам ард түмний хооронд яс хаялаа” гэж манай дарга нарыг дарамталсан дуулдаж байлаа. Г.Дамба дарга намайг дуудаж “хэвлэх дээр очоод, иргэдийн санаа бодлоор бэлтгэсэн нүүрээхарж байж тараалгаад ир дээ” гэлээ. Тугалган үсгээр үсгээр өрж жаазалсан нүүрээ тараалгаад ирэх хайран байж билээ. Тэнд олон сайхан санаа байсны дотор Эрдэнэтээс инженер Алтанхуяг гэдэг хүн “Манай улс тусгаар тогтносон орон байтлаа, төрийн дуулалдаа тухайлсан нэг оронтой буюу “Зөвлөлт оронтой заяа холбож” гэж оруулсан нь буруу” болох тухай бодлоо бичсэн байсан нь санаанд үлдэж.
Том дарга нар ирсний маргаашаас “Удирдах уу, удирдуулах уу”, “Ардчилал уу, анархизм уу” гэсэн өгүүллүүд сонинд гарч, уурссан уншигчид утасдаж, захидал бичиж “Үнэн сониныхон өөрчлөн байгуулалтын зарчмаасаа ухарч байгааг” буруушааж байсан даа. Тун удалгүй монголд “Шинэ толь” “Ардчилал” гээд анхны чөлөөт хэвлэл үүсч, улс төрийн өөр намууд гарч ирлээ. МАХН-ын хэвлэл “Үнэн” сонин ч МАХН-ынхаа хэвлэл болон үлдсэн юм.
Тэр өдрүүдэд би АСХ ба МСДН-ийн “Үг” сонинд ажиллахаар явлаа. Түдэв эрхлэгчтэйгээ болон “Үнэн” сониныхонтойгоо салах ёс хийж, хүний ёсоор гар барилцан саллаа. Л.Түдэв эрхлэгч маань миний сонголтод баяр хүргэж, Баабарыг лут үнэлдгээ ч дурьдан, амжилт хүсч үдлээ. Л.Түдэв, Үнэн сонин хоёр бол миний болоод миний дээр нэр өгүүлсэн залуусын сэтгүүл зүйн их сургууль байсан юм.
Өөрийн гэсэн өөр үзэл бодолтой байх бас өөрөөсөө өөр үзэлтэй хүнтэй албан ёсоор сайн байх боломжийг ардчилал надад өгсөн. Тийм болохоор ардчилалд би хайртай.
Л.Түдэв эрхлэгч маань угаасаа зожигдуу сонин хүн. Бид хааяа л утсаар ярьдаг. Түүнд би хариу талархалтөдий л хэлж явсангүй. Харин юм биччихмээр залуус харагдвал дуудаж авчрах, дэмжин хөтлөх дуртай, бастэдний бичсэн юмыг редакторлох, улмаар яагаад тэгж засснаа уйгагүй тайлбарлах дуртай...Түдэвээс сурсан гэх үү дээ...
2017.11.22
Б.Цэнддоо
Мэдээллийн эх сурвалж: http://eagle.mn/r/37219