Баажаа гуайн хүүг дайрлага дайрчихаж гэнээ” гэсэн түгшүүртэй мэдээ тээр жилийн зуны намуухан нэгэн орой хот айлынхны хэнд нь ч юм сонсогджээ. Мөн тэр дорхноо л нэгээс нөгөөд, амнаас ам дамжин саахалт айлынханд тэр хачин мэдээ хүрчээ. Сонссон бүхэн цөм л гайхан балмагдаж айн бишүүрхэж дайрлагад дайруулсан гэх тэр хүүхдийг өрөвдөж байлаа.
-Ээжээ, Баажаа гуайн хүүг дайрлага дайрчихаж гэнээ? гэж би их л аймаар сонин юм дуулснаа ээжид ирж хэлсэн чинь,
-Хээр унтаж байгаад л дайрлагад дайруулаа биз. Эцэг эхийнхээ үгийг тоодоггүй, их нойртой хүүхэддээ тэр гэж ээж ууртай ч юм шиг хэлэв.
-Хээр унтахаар тэгдэг юм уу ээж ээ гэж би лавлан асуусан чинь,
-Тэгдэг юм. Би чамайг хээр битгий унтаж хоцроорой гэж дандаа хэлдэг биз дээ гэж ээж сануулав. “Тийм, тийм!” гэж би шивнэн толгой дохиод гадаа гарч аргал түүхээр шээзгий үүрээд явах зуур элдвийн юм бодов.
“Дайрлага гэж юу байдаг юм бол? Тэрэнд дайрагдчихаар яадаг юм бол? Ээж намайг хонь хурга хариулах юмуу үхэр хураах, аргал түүх, тошлоонд явах бүрийд л “хээр унтаж орхивзой!” гэж сануулдаг нь ямар учиртай вэ? Дайрлага гээч юм дайрдаг байхнээ. Тэрүүнд дайруулсан хүнийг харах юмсан” гэх мэтийн олон бодолд бяцхан тархи минь бүр төөрөлдөж гүйцэв. Намайг тийнхүү аргал түүхээр явж байгааг харчихаад найз маань бас шээзгийгээ үүрээд савраа бариад гүйж ирэв. “Найзаа аргалд хамтдаа явъя” гэж тэр гуйснаар миний хачин бодол түр замхарлаа. Гэвч гүн жалганы ирмэг дээгүүр өнгөрөх үед тэр бодол дахин эргэн ирж, айдас төрүүлэв.
-Найзаа, аймаар ганга байна шүү. Холуур явъя! гэсэнд найз маань,
-Хн, юунаас айгаав? гэж тоомсоргүйхэн хэлэв. Би өндөр эрэгнээс холдох зуур,
-Дайрлага дайрчихвал яах юм бэ? Урд голын Баажаа гуайн хүүг дайрлага дайрчихаж гэнээ? гэж их л сүрхий сонин болгож найздаа ярив.
-Аав ээж хоёр тийм юм ярьцгааж л байна лээ. Эзгүй хээр унтаж хоцорсон биз. Тэгээд л дайрлагад дайруулаа биз гэцгээж байна лээ. Чи бид хоёр ямар хээр унтдаг биш! гэж хэнэггүй хэлэхэд нь найзынхаа үгэнд нэлээд зоригжив.
-Дайрлага гэж юу байдаг юм болоо гэж намайг гайхахад найз маань
-Чөтгөр л биз! гэж дуугарав.
-Чөтгөр гэж ямар юм байдаг бол?
-Чөтгөр үү? Чөтгөр л байхгүй юу.
Ингэж бид хоёрын яриа мухардав. Гэхдээ дайрлага дайрлаа гэж байгаа тэр хүүхдийг очиж үзэхээр хоёулаа ярьж тохиров. Дайрлага гэдэг дайрчихаар ямар болдгийг мэдэхийг хүсэв. Баажаа гуайнх өвөр голд байдаг тул ердөө л нэгэн уул даваад цаана нь буй зусланд хүрвэл Баажаа гуайнд хүрнэ гэсэн үг тул хонины ээлжтэй өдрөө л тэр зүгт хонио бэлчээх далимаар уул хэргийг бүтээхээр сэмхэн тохиролцов. Гэтэл амжихгүй нэлээд удлаа. Намар болохын дохио орж эхлэв. Нэгэн өдөр Баажаа гуай өөрөө хүүгээ дагуулан манай хот айлд ирлээ. Мана өвгөнд үзүүлж бариулахаар шийджээ. Баажаа гуайн хүү нь харахад зүв зүгээр боловч үе үе чичрэн салганаж, толгой нь бөнжигнөдөг болж нүд нь гөлөрч цэхийжээ. “Дайрлага дайрчихаар ийм болдог юм байна” гэж ойлгоод айх шиг болов. Баажаа гуай хүүгээ Мана өвгөнд үзүүлж юу болсныг нь ярихыг хүүхдүүд гэрийн гаднаас сонсов. “Хүүгий маань дайрлага дайрчихлаа, аргалж өгч үзээч!” гэж Баажаа гуайг гуйхад Мана өвгөн,
-Хээр унтаж байгаад тэгээ биз… Хаана тэр вэ? гэж асуух нь сонсдов.
-Өвөр хөндлөнд л тэрүүхэн урд хондон дээр хонь хужирлах гэж яваад унтаж хоцорчээ…
-Өө тэнд үү? Тэр тэгэлгүй яахав. Айтар гүйдэлтэй газар даа. Тэнд унтах байтугай зүүрмэглээд босоход л саа тусчихмаар их гүйдэлтэй газар даа. Тэнд хурхирсан бол дайрлагад дайруулалгүй яах вэ. Аль вэ хэр зэрэг хатуу дайрч вэ? Бариулах төдийгөөр засрахгүй юм шиг вэ дээ гэж Мана өвгөн яриад чимээгүй болохыг бид сонсов. Бодвол Баажаа гуайн хүүгийн толгойг барьж байсан биз. Багын ийм нэгэн явдлыг эргэн санасны учир гэвэл, монголчууд “дайрлага”, “гүйдэлтэй газар”, “саа өвчин” гэж яагаад ярьдгийн учрыг эргэцүүлэхийн улмаас билээ. Сургуульд орсон цагаас хойш ийм үгсийг “мухар сүсэг” гэж багш нар маань ягштал ойлгуулснаас хойш олон жилийн турш “авч хэлэлцсэнгүй”. Гэтэл орчин үед өвгөдийн тэрхүү “дайрлага”, “гүйдэл”, “саа дайрах” гэх мэтийн үгс нь мухар сүжиг биш харин бүр “хурц мэдэрэхүй” байжээ гэж бодогдуулах болов.
…Хорвоо дэлхий гэдэг маань эрчим хүчний олон янзын торонд хэрэгдсэн, зогсоо зайгүй чичирхийлж, лугшиж байдгаараа бараг л амар заяа үздэггүй нэгэн бөмбөлөг ажээ. Тэрхүү “гүйдэл” гэж өвгөдийн нэрлэсэн зүйлийг одоогийн шинжлэх ухааны нэр томьёогоор яривал
-Цахилгаан соронзон гүйдэл (орон ч гэдэг)
-Хэт ягаан туяаны гүйдэл,
-Хэт улаан туяаны гүйдэл
-Рентген туяаны гүйдэл
-Радио долгионы гүйдэл гэх мэтийн олон төрлийн гүйдэлтэй газар дээр хүн амьтан эртнээс янагш зохицон аж төрсөөр ирсэн ажээ.
Ийм гүйдэл нь оршин хургах хэлбэрээрээ өөр өөр гэдэг нь ч одоо нэгэнт илэрхий болжээ. Нэг нь шулуун гүйдэг байхад нөгөө нь долгион маягаар гурав дахь нь үелзэн лугших хэлбэрээр дөрөв дэх нь эрчлэх янзаар бас торон хэлбэрээр ч байдаг ажээ. Тэр бүхнийг энгийн нүдээр үл үзэх бөгөөд ерийн багажаар ч хэмжих бололцоогүй юм. Тэгсэн мөртлөө манай өвөг дээдэс түүнийг танин мэдээд “арга ширэг” олсон нь маш гайхалтай басхүү бахархалтай. Намайг бага байхад нэгэн зочин манайд ирээд аавтай ярьж байхыг сонссоноо би ер мартдаггүй юм. Тэр хүн ярихдаа:
-Зүрх толгойн урд бэлээр явж байсан чинь морь маань гэнэт таг зогсчихлоо. Давираад, ташуурдаад ядаад орхилоо. Зогссон газраасаа хөдөлдөггүй. Сүүлдээ бүр бие нь чичрээд уналаа. Миний айсан гэдэг нь. Чөтгөр тушчихлаа гэдгийг ч мэдлээ. Арга байж уу, зүрх толгойгоос холгүй явсан юм чинь. (Зүрх толгой гэж хүн тавьдаг газар байв) Аргаа бартал Ааяа хөгшний хэлсэн санаанд орж богцон дотроосоо өнөө аргамжааны нэг муу төмөр гадас байснаа гаргаж ирээд мориноос бууж яг хөшөөд зогсчихсон хөлийнх нь хооронд түүнийг газарт хөндлөн тавиад орхилоо. Тэгтэл чинь морины маань бие тавирч тэр газраасаа хөдлөв шүү. Ашгүй гадас хэрэг боллоо. Тэгээгүй бол ч чөтгөрийн хоол болох байлаа. За тэр Зүрх толгойн өмнөд бэлээс болгоомжилмоор юм байна шүү гэж тэр хүн аавд ярьж билээ. Аав түүнийг шимтэн сонсоод
-Хайн! гэж дуу алдаж билээ. Тэр цагаас хойш чөтгөрт тушуулсан морь, төмөр гадас хоёрын тухай үе үе гайхшран боддог байлаа. Тэгэхнээ нь, учиртай юм байж. Хартман, Карри гэгч хоёр эрдэмтэн манай бөмбөрцгийг тор маягаар эзэгнэсэн “хорвоогийн лугшилт” (биолокация) гэдэг тогтолцоо байгааг нээжээ. Тэр хоёрын нэрээр “Хартман, Каррийн торон бүтэц” гэж одоо нэрлэж байгаа тэрхүү газрын гүйдэл нь газрын хөлсний хоёр алд зай тутамд мөнөөхөн торны огтлолцох цэг байдгийг хэлж байгаа ажээ. Яг тэр цэг дээр хүн ба амьтан таарч унтах юм бол толгой нь өвдөхөөс эхлээд сэтгэл санаа нь гансрах бүр солиорох өвчин тусдаг байна. Үүнийг л “дайрлага дайрах” гэж өвгөд маань томьёолжээ. Газрын гүйдлийн зангилгаан дээр гэрээ барих, ялангуяа ор дэрээ тэрэн тушаа байрлуулчихсанаас нэг бол солиорох, нэг бол аажмаар доройтож насгүй болох аюул байдаг ажээ. Гүйдлийн тэр зангилгаан дээр нохой хэзээ ч хэвтдэггүй байна. Тэгэхээр монголчууд нохойгоороо нутаг шинжүүлдэг байжээ. Нохой зөвхөн хот манадаг бус харин “чөтгөрийг” бас манадаг байжээ. Тэрчлэн, яст мэлхий мөн адил. Манай ээж хатаасан бяцхан яст мэлхийг хадганд боосон нандигнан хадгалж байдаг асан. Түүний учир утгыг өнөө гэхэд л арай гэж нэг юм ухаарах ажээ. Бүх юм гүйдэлтэй бөгөөд түүндээ таарсан суудал олбоос зохирол боломз.
1996 он