Эх сурвалж: Control.mn сайтын 2019.04.23 өдрийн нийтлэл


Хорвоотой танилцсан түүх туужийн нэг баатар Дүнгэржавын Жүгдэрнамжилын хамт


Миний аав Ширчингийн Вандан Засагт хан аймгийн Баатар вангийн хошууны хүн. Эдүгээгийн Говь-Алтай аймгийн Баян-Уул сум. Аавын нагац ах Намхайн Дүнгэржавын хүү Жүгдэрнамжил ах аймгийн 7 жилийн дунд сургууль, улмаар Багшийн сургуульд Лодонгийн Түдэв гуайтай хамт суралцан төгссөн нэг ангийн андууд. Жүүгээ ах нохой жилтэй, Түдэв гуайгаас ганцхан ах боловч бүр багаасаа ахчилаад сурчихсан юм билээ. "Ахыгаа алд, дүүгээ дэлэм" хүндэлдэг ёс жудаг тэр үед байсантай холбоотой гэж бодогдоно. Би бүр сургуулийн босго ч алхаагүй балчир байхаасаа Түдэв гэдэг ер бусын их ухаантай хүний тухай сонсож өссөн. Д.Жүгдэрнамжил ах бол манай аавын талынхнаас анх Улаанбаатарт багшийн сургууль төгссөн, сумынхаа сургуульд багш, захирлаар ажиллаж байгаад намын удирдах ажилтан болсон, шинэ цагийн сэхээтэн хүн.

Түдэв гуайн “Хорвоотой танилцсан түүх”-д нэр, зүсээрээ бий. Тэд Багшийн сургуулийг хамтдаа төгсөж, хөдөө нэг дор ажиллахаар ч томилолт авсан байсан гэдэг. Энэ тухай Түдэв зохиолч хожим ингэж дурссан байдаг.

Жүгдэрнамжил ах эртлэн босоод:

- За дүү минь өнөөдөр хоёулаа Тээврийн товчоон дээр очиж Ховд юм уу, Говь-Алтай явах машин шуудан сураглая гэлээ.

- Би Ховд явахгүй ээ гэж нойрмоглон хэлсэн чинь Жүгдэрнамжил асар их гайхлаа. Тэр бид хоёр ах дүүгийн ёсоор найзлаж, насаар ахын хувьд Жүгдэрнамжил намайгаа дүү болгон халамжилдаг байлаа. Тэгээд ч хоёулаа Ховд явж багшлахаар саналаа өгч, томилолт авсан байсан, ханиндаа.

- Юу болчихоо вэ? Өчигдөрхөн л Ховд явах гэж байсан биш үү гэж тэр асуув.

- Өчигдөр явах байсан. Өнөөдөр бол үгүй гэж би эрсхэн хэллээ.

- Чи чинь юу болчихоо вэ? Шөнө гарч гүйгээд байсан. Ямар хэргээр гарсан бэ? гэж байцаалаа. Би түүнд бүх учраа хэлэхээс аргагүй боллоо. Жүгдэрнамжил ганцаараа Ховд явах болсондоо их гуньхирлаа...”

Багшийн сургуульд сурч байсан үеийн зураг


Олон жилийн дараа Баян-Уул сум өндөр ойгоо тэмдэглэх үеэр Л.Түдэв гуай дурсамж бичиж өгсөн нь “БаянУул-Буяны өлгий” номд нийтлэгдсэн юм.

Тэр ингэж дурсаад, цааш нь; ... Багш нарыг бэлтгэх сургуулиас эхэлсэн нэгэн дотно найз, найз ч гэж, ах шиг маань хүн надад байлаа. Тэр бол Баян-Уул сумын Дүнгэржав гуайн хүү Жүгдэрнамжил юм. Би насаар ч, биеэр ч түүнээс бага байсан болохоор намайг их л халамжилдаг байлаа. Дотуур байранд, өөрийнхөө орны хажууд надад таарах жижиг төмөр ор засаж өгөөд дэргэдээ унтуулна. Яагаад ч юм бэ, Жүгдэрнамжил ах маань Ховдод томилолт авчээ. Би ч мөн түүнийг даган Ховдод бага ангийн багш болохоор шийдэж байж билээ. Гэтэл Багшийн институт байгуулагдаж, тэнд орос хэлний багш бэлтгэх шинэ анги нээгээд Багш нарыг бэлтгэх сургууль төгсөж буй хүүхдүүдээс шилэн авч элсэлт хийхээр Гэгээрлийн яам шийдээд бидний хэсэг хүүхдийг шууд бүртгээд намар нэгдүгээр ангид орж суралцуулахаар болсон юм. Намар нь Ховдоос захидал ирдэг боллоо. Энэхүү бяцхан дурсамжийг бичиж байхдаа яг 50 жилийн тэртээх захидлуудыг сөхөн үзмээр санагдаад эрж хайж олоод нээж уншваас:

1953.11.09

... Эрхэм хайрт дүүгээс хоёр удаа зурагтай захидлыг хүлээн авч баярын нулимс хоёр нүдийг минь харанхуйлан бүрхэж байсныг хэн ч тааж мэдэхгүй ба үнэмшихгүй байх аа. Би энэ Хишигтийн бага сургуульд ирээд энд багшийн орон тоо илүүдэж, Мөнххайрхан суманд суухаар хөөгдөж аймагт очоод буцаж эндээ ирж суулаа. Гэвч манай сургуулийн багш илүүдэж байх юм. Би арай дахин хөөгдөхгүй байх аа. 

... Чамайг санах гэдэгт хэмжээ хязгааргүй юм. Чи ч олон дотроос онцгой ямар жигтэйхэн хүүхэд байсан юм бэ” гэж Жүгдэрнамжил ах захиандаа бичсэнийг үзвээс тэр үед алс нутагт хүндхэн байсан нь тодхон бөгөөд “... маш уйтгартай, хүний нутагт ганцаардмал бэрхшээлтэйгээр амьдарч байна” гэж бас бичсэнийг нь гэрчлэх мэт ажээ.

Манай Түдэв гуай үнэхээр багын л олноос онцгой содон хүн байжээ. Түүний ийм онцгой содон чанарыг ах маань магадгүй анх өөрт нь бичсэн байж болох юм. 50 жилийн тэртээх захидлыг хадгалж, ийнхүү дурсан бичиж байгаа нь бас нэгэн онцгой, содон чанар яах аргагүй мөн.

Жүгдэрнамжил ахаар маань дамжин манай гэр бүлийнхний дотно танил болсон хүнийхээ номыг анх гуравдугаар ангийн сурагч байхдаа олж уншсан санагдана. Харин биднийг аймгийн төвийн 10 жилийн дунд сургуульд ирсэн жил “Нүүдэл” роман гар дамжин уншигдаж байлаа. Манай сургуулийн багш нар толгой дараалан Л.Түдэв багшийг шагшин ярьж, үлгэр жишээ болгодог байв. Аймгаасаа яваад удаагүй байсан үе. Орос хэлний багш боловч монгол хэл, уран зохиол,түүх гээд шаардлагатай үед бараг бүх хичээлийг заадаг байсан юм билээ. 22-23 насандаа “Уулын үер” романаа Алтайдаа эхлэн бичиж, 25 насандаа хэвлүүлсэн гээд шагшин магтахаас аргагүй содон сайхан амжилтын эзэн хүн. Манай багш нарын ахмад нь Түдэв багшийн багш нар, ихэнх нь хамт ажиллаж байсан, эсвэл шавь нар нь байлаа.

1967 оны намар Халиун суманд дунд сургууль байгуулагдаж, Шарга сумын төвийн хүүхдүүд шилжин суралцсан юм. Манайх сумынхаа зүүн хойт бригадын айл байсан боловч би найз нартайгаа Халиун суманд очиж суралцсан нь Түдэв гуай, “Нүүдэл” романтай холбоотой. Романы гол баатар Доохүү буюу хөдөлмөрийн баатар Гомбын Лодойхүү гуай сум-нэгдлийн даргаар ажиллаж байлаа. Намын үүрийн нарийн бичгийн дарга Сүрэн буюу А.Цээсүрэн гуай Намын дээд сургуульд суралцаж, ХЗЭ-ийн үүрийн нарийн бичгийн дарга Магнай /Жамьяншаравын Дүгэр/ аймгийн ХЗЭ-ийн хороонд хэлтсийн эрхлэгчээр ажиллаж байв. Романы ихэнх баатрууд бодит хүмүүс. Сургуулийн багш Базаррагчаа аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар, эдүгээ цагийн сайн зохиолч, Түдэв гуайтай нэг гол усны Номинчимэдийн аав Баасан гуай нэгдэлд ажиллаж байлаа. Сумынхан бол бараг бүх хүмүүсийг оноож нэрлэнэ. Чойжин гэж нилээд сахилгагүй талдаа сэргэлэн эр, харин Ямааранз гэж ханхар сайхан залуу байв. Энэ хоёрыг нийлүүлээд “Чойранз” болгосон гэж сумынхан ярьдаг байв. Харин Цэвэл зэрэг зарим дүр нь зохиомол. Сумын залуучууд янз янзаар оноож хэлдэг байв. Би зав, чөлөөтэй үедээ хүмүүсээс их асууж, амихандаа дүрийн судалгаа хийдэг байлаа. Бас гол, ус, нутгийн нэрийг асууж, тогтоодогсон. Ер нь бодит амьдрал, үйл явдлаас сэдэвлэн бичсэн зохиол хүмүүсийн сэтгэлд амархан хүрдэг юм билээ. Сум-нэгдлийн дарга Г.Лодойхүү гуайнд зохиолчийн ихэнх зохиол бүтээлүүд байдаг байв. Лодойхүү баатар манай сумын, ээжтэй маань холдсон ч гэсэн садангийн сүлбээтэй хүн байсан болохоор би хааяа очиж, заг бяцалж, юухэн хээхэн хийж өгөөд сайхан зантай үед нь Түдэв гуайн номыг авч уншдаг байлаа. Хойморынхоо цоожтой авдраас гаргаж өгдөгсөн. Түдэв гуайн тухай их ярина.

- Манай сум-нэгдлийг байгуулагдсан цагаас нь Түдэв хамгийн эхэлж дэмжсэн. Бүр бичгийн машинаа хүртэл өгсөн. Ээдээ, мөн ч онцгой, содон залуу юм шүү дээ. Энэ зохиолд намайг, манай сум, нэгдлийнхнийг мөн ч сайхан бичсэн дээ. Миний ярьж, хэлж байсан зүйлүүд байгаа, байгаа. Гэхдээ бүр бодож яваагүй зүйлийг ч хийсэн, бүтээсэн болгоод бичсэн байгаа юм. Намалзахын тариаг хоёр ч намар сурагчидтайгаа ирж хураалцсан. Нэг их бичиж, тэмдэглэж байгаа нь харагддаггүй мөртлөө ажиглаад л явсан бололтой. Ухаантай хүн гэдэг их өөр. Та нар түүний 20-30 хувийн дайтай хүн болоход л сайн сэхээтнүүд болно гэдэгсэн.

"Нүүдэл суудал" романы гол баатар Сүрэн буюу намын ажилтан А.Цээсүрэн, Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга В.Алзахгүй, Төгрөг сумын ХЗЭ-ийн үүрийн дарга Д.Сэрээтэр, МХЗЭ-ийн Төв Хорооны ажилтан Б.Жожоо, жолооч Александр нарын хамт Шаргын говьд


Л.Түдэв гуайг МХЗЭ-ийн нэрэмжит шагнал хүртэхэд нь би баяр хүргэж захидал бичив. Удалгүй миний захидлаас “Л.Түдэв гуай романдаа бидний ах, эгч нарын тухай бичсэн. Дараа нь бидний тухай бичих байх даа” гэсэн хоёр өгүүлбэр “Говь-Алтай аймгийн Халиун сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн дунд сургуулийн сурагч В.Алзахгүй” гэсэн хаягтай “Залуу үе” сэтгүүлд нийтлэгдсэн байв. Зохиолчоос шуудангаар “В.Алзахгүйд, Ном, эрдмийн далайд их жуулчин болохыг ерөөе. Л.Түдэв” гэсэн гарын үсэгтэй “Уулын үер” роман ирж, бөөн баяр болцгоов. Манай ангийн хүүхдүүд гар дамжуулан цөмөөрөө уншсан юм даг.

Би Халиун сумын дунд сургуулийг 1970 онд төгсөөд мөн оны 7 дугаар сарын 15-ны өдөр Төгрөг сумын ХЗЭийн үүрийн нарийн бичгийн даргаар томилогдон “МХЗЭ-ийн ажилтан” болсон билээ. Хоёр жилийн дараа аймгийн ХЗЭ-ийн хороонд зааварлагч болов.

1975 оны 6 дугаар сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, нарийн бичгийн дарга Д.Моломжамц гуай манай аймагт ирж ажиллалаа. Даргыг дагалдан зураг авах үүрэгтэй Гуулин тосгон явав. Дарга Гуулингийн байгууллагуудын ажилтай танилцсаны дараа Тэжээлийн аж ахуйн дарга, хөдөлмөрийн баатар Ч.Чулуун гуай тариалангийн талбайн захад тарьсан улиаснуудын дунд өдрийн зоог барилаа. Д.Моломжамц гуай энгүүн сайхан яриа өрнүүлж байснаа:

-Зохиолч Л.Түдэв танай аймгийн хүн байх аа гэж лавлаад, “Түдэв өнөөдөр МХЗЭ-ийн Төв хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар томилогдож байгаа” гэж билээ. 6 дугаар сарын 20-ны өдөр байсан санагдана. Орой нь аймгийн төвд ирээд дарга нартаа хэлж, баяр хүргэсэн цахилгаан илгээж билээ. Аймгийн намын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Л.Хүрлээ гуай аймгийнхаа нам, захиргааны байгууллагууд, хөдөлмөрчдийн өмнөөс баяр хүргэсэн цахилгаан явуулсан. Хүрлээ гуай үгийг нь надаар бичүүлсэн юмдаг. Гуулингийн тэжээлийн аж ахуйд судалгааны ажил хийж байсан агрономч Д.Бор Д.Моломжамц даргад хийж байгаа ажлаа их дэлгэрэнгүй танилцуулсан. Бидэнтэй их ойр дотно байсан тал бүрийн авьяастай Д.Бор маань их баяртай байлаа. “Залуучуудын удирдагчаар их зөв хүн гарч ирлээ дээ. Чи минь сургууль соёлынхоо асуудлыг шуурхайлна байгаа” гэж намайг шамдуулж байв. Энэ үйл явдлаас хэдхэн жилийн дараа Д.Бор маань МХЗЭийн Төв Хорооны хоёрдугаар нарийн бичгийн даргаар дэвшин, Түдэв даргатай гар нийлэн ажилласан билээ.

Д.Бор нөхрийн маань хэлж, зөвлөсөн ёсоор биелж, би Л.Түдэв даргын толгойлсон МХЗЭ-ийн Төв Хорооны товчооны шийдвэрээр БХЛКЗЭ-ийн Төв Хорооны дэргэдэх Комсомолын дээд сургуулийн түүх, коммунист хүмүүжлийн факультетэд 5 жил суралцан 1981 онд төгссөн. Суралцах хугацаанд Л.Түдэв гуайтайгаа илүү ойр дотно харьцаатай болсон. Москвад үе үе ирнэ. Заримдаа бид өөрсдөө гүйж, заримдаа дарга дуудуулж уулздаг, бидний хичээл, сурлагын байдалтай ойр ойрхон танилцдаг байв. Түдэв гуайг нэгдүгээр дарга болсон үеэс манай сургуульд ажилчин, малчин эцэг эхтэй хүүхдүүд суралцаж эхэлсэн. Анх илгээсэн оюутан нь энэ цагийн түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Лувсанцэрэнгийн Дугаржав болно.

1978 оны шинэ жилээр Л.Түдэв даргаас миний нэр дээр мэндчилгээ ирэв. “Та бүхэн МХЗЭ-ийн их хуралдаа гарамгай бэлэгтэй ирэхтүн. Л.Түдэв” гэж өөрийн гараар бичсэн байлаа. Би сургуулийнхаа монгол оюутнуудын ахлагч болохоор надад хаягласан байх. Харин манай сургуулийн жилийн курст суралцаж байсан хашир ажилтнууд “Чи их хурлын төлөөлөгчөөр сонгогдох юм байна даа. Дарга их бодож бичсэн байгаа” гэлцэж байсан нь ёсоор болж, би МХЗЭ-ийн 17 дугаар их хуралд оюутан найз нөхдийнхөө хамт төлөөлөгчөөр оролцож, тус их хурлаас МХЗЭ-ийн Төв Хорооны орлогч гишүүнээр сонгогдсон билээ. Намайг 1981 оны 3 дугаар сард аймагтаа дадлага хийгээд Төв Хороон дээр ирэхэд боловсон хүчний хэлтсийнхэн “Нэгдүгээр дарга уулзуул” гэсэн гэж хэлэв. Даргын цэлгэр өрөөнд түгшисхийн орлоо. Ер нь даргатай уулзахдаа эмээдэггүй, сандардаггүй хүн байгаагүй байх аа. Дарга том шар ширээнийхээ араас босч, мэндлээд уулзалтын ширээн дээр сууж ярилцав. Их сайхан зантай байлаа. Би манай Лидия Скородумова багшийн илгээсэн “Бүгд Найрамдах Улсын анхдугаар он” роман орос хэл дээр хэвлэгдсэнийг шинэ жилээр авчирч өгсөн юм. Эхлээд энэ номын талаар ярив. “Лидия их сайхан орчуулсан байна. Сайхан ч хэвлэж. Чи ч бас гар бие оролцсон хүн” гэв. Лидия багш хааяа зарим үг, хэллэгийг биднээс тодруулж асуудаг байсан юм. “За сургуулиа амжилттай төгсөх гэж байгаад баяр хүргэе. Хаана ажиллах саналтай байгааг чинь асуух гэсэн юм” гэлээ. “Би томилсон газар л явья” гэж одоо бодоход их албархуу хариулсан санагддаг юм. “Алтайн эвлэлийн нэгдүгээр дарга Ч.Чадраабалыг энд дэвшүүлэн авч ирэх бодолтой байгаа. Энэ хавар аймаг, хотын намын бага хурал, орон нутгийн хурлын сонгууль болно. Бид чамайг Алтайд чинь нэгдүгээр нарийн бичгийн даргаар явуулахаар ярилцаж байгаа” гэж хэлэв. Дарга бид хоёр товчхон ярилцлаа. “Одоохондоо хүнд хэлэх хэрэггүй” гэж анхааруулаад сургуулиа амжилттай төгсөхийг хүслээ.

МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга нарын 1981 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөлгөөнд дарга намайг дагуулж оров. Хуралдааныг Д.Моломжамц гуай даргалж байлаа. Ямар ч асуулт гараагүй. Хуралдаан даргалагч “Их залуу хүн байна” гэхэд Нарийн бичгийн дарга С.Жалан-Аажав гуай, “Залуучуудын байгууллагын ажлыг залуу хүмүүс хийлгүй яах вэ. Манай дарга 24 настайдаа Ерөнхий нарийн бичгийн дарга болсон шүү дээ” гэж билээ. Засгийн ордноос дарга бид хоёр өөрийн Төв хороо хүртэл алхаж ирсэн. Тэр өдрийн хоёр цагаас МХЗЭ-ийн Төв Хорооны товчооны хурал хуралдаж, ЗХУ-д сургууль төгсөж ирсэн залуучуудыг ажилд томилсон юм. Маргааш нь аймагтаа очиж, тэр өдрөө ажлаа хүлээн авсан.

Говь-Алтай аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилласан зургаан жилийн 3 жилд нь Л.Түдэв гуайнхаа удирдлагад ажилласан. Манай аймгийн залуучуудын байгууллагын ажил жигд сайн, олон жилийн уламжлалтай байлаа.

МАХН-ын Төв Хорооны улс төрийн товчооны “Говь-Алтай аймгийн намын байгууллагаас ХЗЭ-ийн байгууллагыг удирдаж байгаа нь” гэсэн 256 дугаар тогтоол ид хэрэгжиж байсан үе. Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонтой аймгийн ХЗЭ-ийн хороо бараг байгаагүй санагдана.

1973 оны намар манай аймагт аймаг, хотын ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөн, семинар болсон юм. МХЗЭ-ийн Төв Хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Ч.Пүрэвжав гуай өөрийн биеэр удирдаж, зохион байгуулсан. Энэ үеэр би Төв хорооны нарийн бичгийн дарга Д.Цолмон, эвлэлийн байгууллагын хэлтсийн эрхлэгч Д.Дэмбэрэл нартай ойр дотно танилцсан. Д.Цолмон дарга Чандмань сумын уугуул, Түдэв багшийн унаган шавь нарын нэг байлаа. Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, орос, англи, испани хэлтэй, мэргэжлийн дипломат хүн байв. Цолмон гуай манай сургуулийн аспирантурт суралцаж хамгаалсан, эрдэм шинжилгээ, судалгааныхаа ажлаар хэд хэдэн удаа очихдоо сургуулийн зочид буудалд байрлаж, бид их ойр дотно болсон. Намайг төгсөөд ирэхэд МАХН-ын Төв Хорооны намын байгууллагын хэлтсийн орлогч эрхлэгчээр ажиллаж байв. Нутгийн маань хоёр эрхэм хүн Монголын залуучуудын төв байгууллагын нэг, хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байгаагаар би сэтгэл дотроо бол их л бахархдаг байлаа.

Гэтэл энэ хоёр хүний хооронд таагүй харилцаа үүссэн байсан юм билээ. Яльтай, яльгүйг ашиглаж сурсан ганц нэг хүн Түдэв даргад сайн хүн болох гэхдээ Алтайн хязгаарт мөрөөрөө ажиллаж, амьдарч явсан надад “Цолмонгийн хүн” гэсэн хаяг зүүж, бас бид хоёрын хооронд яс хаях гэж оролддог байсныг би их олон жилийн дараа мэдсэн. Гэтэл энэ хүмүүс нь надтай маш ойр дотны нөхөд маань байсан бөгөөд “Хэнд ч итгэх хэрэггүй юм байна” гэсэн бодлыг ой санамжид маань ихэд бөхөлсөн учир дурсан бичив.

1982 оны намраас МХЗЭ-ийн 18 дугаар их хуралд төлөөлөгч сонгох асуудал яригдаж эхлэв. Хавар нь аймгийн ХЗЭ-ийн хорооны бүгд хурал хуралдсан юм. Би анхан шатны байгууллагын нарийн бичгийн дарга нартаа “Бүх гишүүдийн хурлаараа хэлэлцэн хамгийн тэргүүний нэг гишүүн залуугаа тодруулаад тодорхойлолт, материалыг нь 10 дугаар сарын 15-ны дотор ирүүлэх” үүрэг өгсөн юм. 9-р сарын сүүлчээр санагдана. Энэ ажлаар Төв Хорооноос нэг ажилтан ирэв. Би анхан шатны байгууллагын дарга нартаа өгсөн үүрэг, даалгавраа танилцууллаа. Гэтэл энэ ажил бараг нэгдүгээр даргаас өөр хүн оролцох ёсгүй, их нууц ажил байсан юмсанжээ. Зарим нөхөд Төв Хорооны чиглэл, удирдамжийг хэрэгсдэггүй, дураараа авирладаг нөхөр Алзахгүйд арга хэмжээ авах санал хүртэл гаргасан юм билээ. Төгсөж ирээд удаагүй байхдаа Төв Хороонд хандан “Сумын ХЗЭ-ийн анхан шатны байгууллагуудыг хороо болгох, бүх гишүүдийн хурлыг улиралд нэг удаа хийж цөөлөх, аймгийн ХЗЭ-ийн хороог хэлтэсгүй зохион байгуулалтад оруулж, хэлтсийн дарга нарыг цомхотгон нэг нарийн бичгийн дарга нэмэх, МХЗЭ-ийн үйл ажиллагааны үндсэн чиглэлийг залуу хүний хөгжлийн асуудал болгон юм бүхэнд оролцож, дайчлагддаг одоогийн арга барилыг эрс өөрчлөн бие дааж ажиллах ...” гэхчлэн нилээд дэлгэрэнгүй санал боловсруулан хүргүүлсэн боловч ямар ч хариу ирээгүй, энэ сэдвээр асуудал яригдаагүй. Үндсэндээ мэргэжлийн сургуулийг нь чамгүй дүнтэй төгссөн хүний хувьд санал, санаачлага гаргах ёстой гэж бодож ярьж, бичсэнийг маань зарим хүмүүс Түдэв даргад зөв, буруугаар ойлгуулж дөнгөдөг байсан юм билээ. Ийм ганц нэгхэн таагүй тохиолдлыг эс тооцвол бид ойр дотно, сайхан ажилласан.

1984 оны намар дарга жолооч Александр, “Залуу аялагч” товчооны дарга Жожоо нарын хамт Алтай хотоор дайраад Баян-Өлгий аймаг явлаа. Буцах замд нь би Тонхил сумын төвд угтав. Сум-нэгдлийн дарга Д.Дашхүү багш ууц тавьж, хүндэтгэсэн юм. Тус суманд ажиллаж байсан аймгийн орлогч дарга Д.Пэрэнлэй угталцлаа. Пэрэнлэй дарга хоёулаа аймгийн сургуульд хамт суралцаж байсан юм. “За Түдэв минь, чамайг Төв Хорооны нэгдүгээр дарга, Ардын их хурлын тэргүүлэгч гишүүний төдийгүй Алтай нутгийн хамгийн том сэхээтэн, эрдэмтэн зохиолчийн хувьд ууц тавьж хүндэтгэж байгаа юм шүү. Нутагтаа нутгийн хүү шиг явж бай. Хүүхэд байсан сайхан үеэ ч дурсацгаая” гэж Пэрэнлий гуай хэлж, “Арарат” өргөв. Дарга тогтоож байна аа. “Энэ Түдэвийг багад нь тугал гэдэг байсан юм” гэж Пэ даргыг ам халахад “Хочгүй хүүхэд байгаагүй. Чамайг бөхөн гэдэг байсан шүү дээ” гэхчлэн шөнө дөл болтол сууцгааж билээ. Өглөө 6 цагт сумын эвлэлийн танхимд уулзахаар болж амарцгаав. Би Ховд аймгийн ХЗЭ-ийн хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга Т.Батмөнхийн хамт 6 цагт очиход дарга аль хэдийнээ оччихсон, хэд хэдэн лаа барьчихсан ажилтай нь танилцаж байв. Үүрийн нарийн бичгийн дарга Ш.Мөнхбаатар их сайн ажилтай, тэргүүний байгууллага байлаа. Дарга ч өндөр сэтгэгдэлтэй байв. Ийнхүү Улаанбаатараас Баян-Өлгий хүртлэх зам дагуу байх сумдын ХЗЭ-ийн байгууллагуудын ажилтай биечлэн танилцаж, үнэхээр ядарч, зүдрэхийг мэддэггүй, зам зуураа сум сумын нутагт байх буган чулуун болон чулуун хөрөг хөшөөг нэг бүрчлэн үзэж, зурж, зургийг нь авч амждаг онцгой дэглэмтэй удирдагч байлаа. Энэ удаагийн аялал биднийг улам ч ойртуулж, хээрийн хойморт хэд хэдэн удаа илэн далангүй ярилцсан. 

Энэ аяллын дараахан Түдэв гуай маань “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээр томилогдсон. Ц.Нарангэрэл даргад биднийг танилцуулахдаа “За одоо би хамгийн үнэт зүйлээ буюу МХЗЭ-ийн боловсон хүчний алтан фондоо хүлээлгэн өгье” гэж билээ. Хүн бүрийн тухай товч ярихдаа “Энэ нөхөр Алзахгүйн ажилтай би хэдхэн хоногийн өмнө танилцсан. Сайн ажиллаж байгаа, мэргэжлийн, туршлагатай нэгдүгээр дарга. Төв аппаратад дэвшүүлэх, эсвэл аспирантурт суралцуулах, цаашид дээд сургуульд багшлуулж эрдэм шинжилгээний ажилд шилжүүлж болох юм” гэсэн гурван ч санал хэлсэн юм. Найз нөхөд маань “Нутгийн хүн гэж шал өөр юмаа” гэж намайгаа явуулж байлаа. Бидний МХЗЭ-д хамтран ажилласан он жилүүд иймэрхүү үнэлгээ, дүгнэлттэй өндөрлөсөн билээ.

Би Ц.Нарангэрэл даргын багтай гар санаа нийлэн урам зоригтой ажилласан. МХЗЭ-ийн Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Дашжамц, Ц.Даваадорж, М.Тогтохням, П.Энхбаяр гээд найз нөхөдтэйгөө нэг баг болж ажиллах урамтай сайхан байсан.

1986 оны намар МАХН-ын Төв Хорооны маш өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг ирж, манай бүх байгууллагуудыг хамарсан үзлэг, шалгалт хийв. Төв Хорооны намын байгуулалтын хэлтсийн орлогч эрхлэгч, эрдэмтэн Б.Даш-Ёндон ахалж ирсэн. Намын Төв Хорооны батлах, тоо бүртгэлийн тасгийн эрхлэгч, аймгууд болон олон нийтийн байгууллагууд хариуцсан зохион байгуулагчид, зааварлагчид оролцсон энэ ажлын хэсгийнхэн анхан шатны бүх байгууллагад очиж ажилласан. Дээр дурьдсан Төв Хорооны 256 дугаар тогтоолын биелэлтийг газар дээр нь шалгаж, танилцсан гэсэн үг. МХЗЭ-ийн Төв Хорооноос хэлтсийн эрхлэгч Г.Өлзий ганцаараа оролцсон юм. Шалгагдсан байгууллагуудын 15 хувь нь “хангалттай”, 85 хувь нь “хангалттай сайн” гэсэн үнэлгээ авч, орон тооны болон орон тооны бус даргатай байгууллагуудын үйл ажиллагаа ялгаагүй жигд сайн байна гэж дүгнэсэн юм. Энэ шалгалт миний МХЗЭ-д ажилласан он жилүүдэд маань ийм дүн тавьсан юм. Шалгалтын дараа Ц.Нарангэрэл дарга надад баяр хүргэж, “МХЗЭ-ийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнаж байгаагаа мэдэгдсэн билээ. Энэ шалгалтын үеэр би Б.Даш-Ёндон багштай нүүр тулж танилцсан. Сэтгэлд ойр, мартахын аргагүй оновчтой цөөн үгтэй хүн байлаа. Дотооддоо нэг ч сургуульд суралцаагүй, ийм багш нарын ном, сургаалыг сонсоогүйдээ яагаад ч юм бэ, их харамсч билээ.

Би шалгалтын тухай Л.Түдэв гуайд утсаар мэдэгдэж, дүнг танилцуулсан. Дарга их баяртай байлаа. Дараахан нь “Үнэн” сонины газарт очиж уулзав. Ер нь сонинд очсоноос нь хойш хот орох бүртээ уулзаж, төрсөн нутгийн нь сонин сайхнаас ярьж, хуучилдаг байлаа.

1987 оны хавар аспирантурын шалгалт өгсний дараа уулзаад “Аав, ээж өндөр настай, эчнээ сурдаг юм бил үү” гэхэд “Тэр худлаа болох. 35 жил аав ээжтэйгээ явчихаад одоо тийм юм ярьж хэрэггүй. Өдрөөр сураад хугацаанд нь хамгаалаад ир. Нохой хүртэл гинжээ даадаг юм. Эрдмийн зэрэг, цол чамд алсдаа бүр илүү хэрэг болно” гэж чангахан хэлж билээ. Аспирантурт сурч байхад судалгааны хоёр ч өгүүллийг маань нүүр дүүрэн нийтэлж дэмжсэн. “Үнэн” сонинд нийтлэгдсэн судалгааны бүтээлийг манай сургуулийн эрдмийн хүрээнийхэн маш өндөр үнэлдэг байв.

1990 оны хавар аспирантур төгсөөд ирэхэд монголын амьдрал орвонгоороо эргэчихсэн байв. Би Түдэв гуайн ажил дээр очиж уулзсан. МАХН-ын Төв Хорооны тэргүүлэгч гишүүн болчихсон, маш цаг, завгүй байлаа. “Нэг сар амраад 8 дугаар сарын нэгнээс манай сурвалжлагчаар аймагтаа ажилла. Одоохондоо байдлыг ажиглаж, судалж сайн бич. Бас аль болох хүмүүст танигдахыг хичээ” гэж хэлснээр бидний уулзалт өндөрлөж, би “Үнэн” сонины хүн болж, дахин хамтран ажилласан. Би бараг дугаар алгасалгүй бичиж, намын шинэчлэлийн үйл хэрэгт нэмэр тус болохыг хичээж байв. Миний сурвалжлагчаар томилогдоод бичсэн “Намын хороогоор нам гүмхэн байна” нэртэй анхны тэмдэглэл “Үнэн” сонинд нийтлэгдэв.

-Яах вэ, зүгээр болж. Хамгийн гол нь эрхлэгч бараг гар хүрээгүй байна. Эрхлэгч эхнээс нь чамайг дэмжиж байгаагаа үүгээр илэрхийлж байгаа хэрэг байх аа гэж ах нь бодож байна гэж сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга Бажуудайн Ганбат ах над руу залгаж ярьсан. Зөвхөн энд гэхэд Түдэв эрхлэгчийн их ухаан харагдаж байгаа юм. Сонинд манай улсын бараг хамгийн том сэтгүүлчид ажиллаж байсан хирнээ үнэн хэрэг дээрээ  Ерөнхий эрхлэгчийнхээ харцаар  байсан гэхэд хэтрүүлэг болохгүй.

1993 оны ерөнхийлөгчийн сонгуульд Л.Түдэв гуайг нэр дэвшихэд би аймгийн МАХН-ын хорооны даргаар ажиллаж байлаа. 1992 оны УИХ-ын сонгуулийн өмнө би Ховд аймгийн намын хорооны дарга Т.Батмөнхийн хамт даргатай сонины газар нь очиж уулзаад нутгаасаа нэр дэвшихийг санал болгоход хүлээж аваагүй. “Энэ сонгуулиар УИХ-ын гишүүн, магадгүй УИХ-ын дарга болоод ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд орвол яасан юм бэ” гэж намайг их аминчлан ярихад царай нь хувьсхийн, “ Та хоёр намайг албан тушаалын хэнээтэн гэж боддоггүй биз дээ” гээд их аягүй харсан. Ер нь эвгүй харцтай хүн шүү дээ. Тэгээд зузаан шил нь бүр ч томруулж харагдуулдаг. 

Л.Түдэв гуайд улсынхаа Ерөнхийлөгчөөр сонгогдох боломж бүрэн байсан юм. Нэр дэвшүүлэхээс эхлээд бүх үйл ажиллагаанд оролцож, эцсийн дүн гартал хамтран зүтгэсний хувьд надад бас өөрийн дүгнэлт бий. Гол нь МАХН-ын сонгуулийн штаб ажиллаж чадаагүй юм. П.Очирбат гуай МАХН-ын дотор маш олон танил дотно нөхөдтэй, очсон аймаг бүртээ дэмжигчдийн хүрээгээ нам, эвсэл харгалзалгүй тэлж, их өвөрмөц менежменттэй ажилласан. Манай аймагт тэр оны 3 дугаар сард ирж 10 шахам хоног ажиллаж, хэд хэдэн сумаар орсон, сум бүрт их сайхан сэтгэгдэл үлдээсэн байсан болохоор сонгуулийн кампанит ажлын үеэр ирээгүй боловч 10 гаруй хувийн санал авсан юм. Тэгээд ч манай аймагт ардчилсан хүчнийхнээс гадна Завхан аймгийн уугуул иргэд, бэр, хүргэнүүд олон байдаг онцлогтой. П.Очирбат гуай Л.Түдэв даргатай өрсөлдөж магадгүй гэдгээ их эртнээс тооцоолсон юм шиг санагддаг. Алтайд өмнөхөн нь их тав, тухтай зочилсон нь ч учиртай байсан юм билээ.

“Үнэн” сонины эрхлэгчийн ажлаа өгч, гэртээ суусны нь дараа ч бидний ойр дотно харилцаа өөрчлөгдөөгүй, харин ч ойр ойрхон уулздаг болсон. Намайг Боловсрол, соёл, шинжлэх ухааны улсын хяналтын албаны дарга, ерөнхий байцаагчаар ажиллаж байхад нэг өглөө эрт ажлын өрөөнд ороод ирэв. “За Алзахгүй минь, хүний бага нь гүйдэг. Цагаачийг маань төрийн том шагналд хамт олон нь тодорхойлжээ. Чи энэ тодорхойлолтыг холбогдох байгууллагуудад нь танилцуулж, дээш өргөн барих ажлыг хариуц” гэсэн. Би ч шурхийн гарч, дүүрэг, нийслэлийн холбогдох байгууллагуудаар дамжуулан тэр өдрийнхөө үдээс хойш Ерөнхийлөгчийн тамгын газарт өргөн барьж амжсан. Даргын, нутгийн ахын маань дүүгээсээ хүссэн цорын ганц хүсэлт энэ болно.

Н.Цагаач эгч Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртсэнд зориулан 20 гаруйхан хүн урьж, зоог барихдаа намайг урьсан юм. Харин энэ уулзалтын үеэр би авга ахынхаа тухай анх удаа ярихад “Чи чинь Жүгдэрнамжил ахын маань ач юм байна шүү дээ. Би чамайг Шаргын, бараг Халиуны хүүхэд л гэж боддог байсан. Чи тэгвэл яах аргагүй Баатар вангийн хошууны хүн юм байна” гээд их гайхаж билээ.

Н.Цагаач эгч ажилд гайхалтай нямбай, өндөр шаардлагатай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг, ажилсаг хүн байлаа. Миний хариуцаж байсан Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн шинжээчээр олон жил ажиллаж, их, дээд сургуулиудын номын санг сайжруулах, ном зүйч-шинжээчдийг мэргэшүүлэхэд үнэн сэтгэлээсээ тусалж байсныг хүндэтгэн дурсаж байна.

Түдэв багшийн охин Т.Дарьбум Москвад сурч байхдаа миний хариуцаж байсан үүрт намд элссэн, хүү Т.Ширитүм манай комсомолын сургуульд сурч байхад нь би аспирантурт очсон гээд бидэнд олон учрал, тохиолдлууд бий.

Л.Түдэв гуайг манай Д.Цахилгаан багш, С.Пүрэв Бааваа, С.Лочин Аажаа гээд Алтайн унаган шавь нар нь “БАГШ” хэмээн хүндэтгэн дууддаг. Миний ч ажил, амьдралын маань олон жилийн багш, өмөг түшиг минь мөний учир надад ч гэсэн “Түдэв багшаа” гэж харьцахад сэтгэлд ойр, өег дотно байдаг. Миний авга ахын олон жилийн өмнө онож бичсэнээр Түдэв багш маань үнэхээр “ОНЦГОЙ СОДОН” хүн мөн. Түдэв багшийн тухай бичихэд магтахгүй байхын аргагүй юм байна аа. Та минь урт насалж, ухаан далайгаасаа бидэндээ хүртээсээр байгаарай.

Вандангийн АЛЗАХГҮЙ

Мэдээллийн эх сурвалжийн холбоос: http://www.control.mn/i/18987#.ZDT55nZBzIU

Буцах