“Өнөөдөр” сонины 20 жилийн ой ирэх сард тохионо. Бид сонины шарласан хуудсуудаа эргүүлэн сөхөж, сонирхолтой, ховорхон нийтлэл, ярилцлагуудаасаа шүүрдэн уншигчдадаа хүргэж байгаа билээ. Одоогоос 16 жилийн өмнө Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, доктор Л.Түдэвийн “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна. Тухайн үед 72 суудал буюу дийлэнх олонхын санал авсан МАХН (одоогийн МАН) болон сонгуулийн үр дүн, боловсролын салбар, өөрийг нь тойрсон олон асуултад тэрбээр юу гэж хариулсныг энэ цаг үед унших нь сонин байх биз ээ.

-УИХ-ын гурав дахь удаагийн сонгуулийн үр дүнгийн талаарх эерэг, сөрөг талыг хүмүүс ярилцсаар байх юм. Энэ талаарх таны санал бодлыг “Өнөөдөр” сонины уншигчдад дуулгамаар байна.

-УИХ-ын сонгууль бол ард түмний дархан эрхээ эдлэх ганцхан боломж. Тэр эрхээ эдэлсэн ард түмнийхээ шийдлийг хэн ч давж заалдах ёс журам байхгүй. Би ард түмэн гэдэг эрхэм дээдсийн өмнө мэхийж тахимдуу байх хүмүүжилтэй хүний нэг. Ард түмний шийдлийн үр эргээд л тэдэндээ тусна.

-Аль нэг нам, эвсэл засгийн эрхэнд гарсныхаа дараа төрийн яамдыг цөөрүүлж, олшруулж байдаг хэвшил тогтох бололтой. Энэ зөв болов уу?

-Төрийг солих эрхээ ард түмэн сонгуулиар эдэлдэг нь одоогийн боловсон ёс. Зэвсгийн хүчээр эдэлдэг байсан цаг бий. Тэр бол балар эртний үзэгдэл. Сонгуулиар бүрэн эрх олгогдсон хүмүүст ард түмэн итгэл өгсөн хэрэг. Хуучнаараа байя гэж ард түмэн бодсон бол МАХН-д ердөө 25 суудал өгөх байсан. Гэвч 72 суудал өгчээ. Тэдний оюун ухаан мэдтүгэй гэсэн хэрэг. Гэхдээ тэдний ухаан сонгогч ард түмнийхээ оюун ухаанаас зөрж харшилбал сүүлчийн шийдвэрлэх эрх ард түмэнд бий. Хэзээнээсээ улстөрч, хэзээнээсээ эдийн засагч Монголын ард түмэн сүүлчийн үгийг хэлэх бүрэн эрхтэй.

-Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамтай боллоо. Удирдах гол гурван хүн нь багш болж байна. Эндээс харахад бо- ловсролын яам юм шиг санагдах юм. Та юу гэж хэлэх бол?

-Боловсрол гэдэг үгэнд бүх юм шингээстэй. “Боловсорсон үр тариа, боловсорсон жимс” гэж ярьдаг маань ийм учиртай. “Эрдэмтэн хүн эрдэмдээ дэвтдэггүй” гэж монголчууд бас ярьдаг. Бүх эрдмийн анхны түгээл өгөгч нь багш. Тэгэхээр багш шавийн барилдлагаа бол монгол хүнд тангараг адил болой. Иймд би багш дор сүслэдэг.

Хамгийн ухаалаг хүүхдээ багш болгох, хамгийн онц чухал сургуулиа багш бэлтгэх сургууль болгох асуудлыг багш хүн л мэдэрдэг. Багш шиг багштай, шавь шиг шавьтай л байвал бид гэгээрнэ. Эндээ гэж хэлэхэд, боловсролын гэснээс Гэгээрлийн яам гэвэл одоогийн манай байдалд яв цав нийцэхсэн. Гэгээрээгүй цагт хүн харанхуй цээжтэй байдаг.

Харанхуй цээжинд гэрэл ороход амаргүй. Үндэсний гэгээрэл одоо нэн чухал байна. Гэгээрсэн оюун ухаарлын хомсдолоор бид өвчилж байна. Урьдын цагт “гэгээн” цол гэж байсан нь учиртай.

-Шинэ Үндсэн хуулийг батлалцаж суусан хүний хувьд Үндсэн хуульд оруулсан өөрчлөлт, түүнээс үүдэн гарсан маргааны тухай Та сэтгэгдлээ хуваалцаач.

-Шинэ Үндсэн хуулийг батлалцах үед би хэл найруулгад нь голчлон анхаарч үг хэлж байсан. Хэл найруулга, нэр томъёо, товчлон хэлбэл үг бол бүх юмны амин сүнс. Үгээ онож хэлээгүйгээс хэрүүл зодоон, дайн тулалдаан хүртэл гарч байсан. Үгийн сүнс гэдэг юунд ч хүргэж болно. Үндсэн хуульд онож хэлээгүй үг олон бий. Оноогүй тэр үгнээс болж сэтгэл зүрхэнд шарх үүсдэг. Мэсний шарх аньдаг, үгний шарх ужгирдаг гэдэг яриа бий.

Оноогүй үгнээс болж олон хүний зүрх шархалж, түүнээ анагаахын тул засвар нэмэлт хийхээр чармайдаг биз ээ. Үндсэн хуульд хавчуулагдаж үлдсэн үгийн шарх хүмүүсийг цаашид ч зовоосоор байх болно. Шинэ нөхцөл байдал буй болох бүрийд, шинэ хүмүүсийн нэгэн үе төрөх бүрийд тэр шарх хөндөгдөх болно. Үндсэн хуулиа л сонгодог хэлээрээ бичиж чадахгүй бол тэр нь үндэстний нэр төрд халтай.

-Архины эсрэг сарын ажил, хэвлэл сонингуудыг шалгах гээд шинэ Засгийн газар юм хийх гээд л байх шиг. Өгүүлж буй энэ хоёр алхам ямар нэг үр дүнд хүрч чадах болов уу. Ер нь хэвлэлийг ХЗЯ хянах нь зөв үү?

-Архи, хэвлэл хоёр манайд адилхан болжээ. Аль аль нь хүний тархийг мансууруулна. Архинаас бие махбодио алдана. Хэвлэлээс оюун ухаан самуурна. Худал, үнэн нь мэдэгдэхгүй, эргэж буцсан мэдээлэл, хулгай дээрэм, зодоон нүдээн, аллага таллагыг тэргүүндээ өргөсөн сонин хэвлэл бол оюуны манкуртизмын дуу хоолой юм. Тэгэхээр архи ч мансууруулна, хэвлэл ч мансууруулна.

Тэр тусмаа өнөөгийн Монголд төрийн албан ёсны хэвлэл гэж байхгүй болсон. Цөм хувийн хэвлэл. Хувийн хэвлэлээр албаны мэдээлэл түгээдэг төр засаг бол өөрийн гэсэн дуу хоолойгүй тул мэдээллээ ацаглагчид мөн. Энэ тухай бид “Дал” сонины 46 дугаарт хэдийнэ бичсэн. Хувийн хэвлэлтэй тэмцэх нь хувийн өмчтэй тэмцэхтэй нэгэн адил. Архитай мянган жил тэмцээд бараагүй тул гуч хоног байтугай гурван зуу хоног тэмцээд ч дийлэхгүй. Үйлдвэрлэгч, худалдаалагч нь байгаа цагт хэрэглэгч нь үгүй болно гэж бодвол Мянгуужин ч тэр дайны худал хэлж байгаагүй.

Харин архидалтыг журамлаж, соёлжуулж болно. Түүнийг захиргаадалтаар биш, хуулийн аргаар л хийх ёстой. Манайд “Хуурай хууль” байхгүй нөхцөлд архидалт, архичинтай тэмцэж дийлэх гэвэл Дон Кихот салхин тээрэмтэй байлдсаны шинэ үлгэр болно. Архидалтын асуудлаар “Дал” сонин жил бүр нийтлэл гаргаж байсан.

Саяхан “Дотоод хордлогын тахал” гэдэг нийтлэл (¹ 91) тавилаа. Түүнд иж бүрэн санал дэвшүүлсэн. Архагшсан архичин, анархист хэвлэл хоёрыг нэг яам байтугай дэлхийн хамтын нийгэмлэг ч устгаж дийлэхгүй. Харин засаг биш, захиалагч нь хэвлэлийг “номхотгодог”. Захиалагчгүй болчихвол “дургүй” сонин нь аяндаа нүд анина. Архичид, шар гээч сонин байгаа бол ядуурлаа гэдэг эргэлзээтэй.

-Уучлаарай. Таны хувийн амьдралтай холбоотой цөөн зүйл лавлая. Хөдөлмөрийн баатар ганц зохиолчоо МЗХ түшиж тулж, харж ханддаг уу. Та хороогоороо ойрд орсон уу. Монголын зохиолчдын бүгээлээс сүүлийн үед уншиж байна уу. Овоо доо гэхээр бүтээл таарав уу?

-Насны залууд зохиолчид, залуучууд, сонины газар гэхчлэн нэлээд хэдэн байгууллагад өрх толгойлж явлаа. Одоо хараад байхад тэдгээр маань бусдыг түшиж тулах нь бүү хэл өөрсдийгөө хэнээр түшүүлэх билээ гэсэн байдлаар нэлээд дөгдөж яваа харагдах юм. Тэрэн дээр нь нэрмээс болох хүн олон бий биз дээ.

Уншдаг, бичдэг байсан “Цог” сэтгүүл, “Утга зохиол” сонин маань “нүд аньсан”. Сэхээн амьдруулахад ороод байгаа. Харин дээр үед зохиолчдын эвлэлийн бүгд хуралд хүртэл тавьж байсан нэг санал маань дэмжлэг олж 108 ботийн цуврал хэвлэгдэж түүний ерөнхий редактораар намайг “залсан”. Одоо жар, далаад боть хэвлэгдэж яваа. Нэлээдэд нь оршил, өмнөх үг бичсэн.

Тэр ботиуд л сүүлчийн уншсан “сайхан” ном болж байх шив дээ. Залуу хүмүүст хатуу ааруул, бяслаг сайхан гэгддэг шиг настай хүмүүст өөх сайхан гэгдэх нь хорвоогийн жам юм уу даа.

-Та гадаад орнуудад зорчсоны дараа аян замын сонирхолтой тэмдэглэл бичдэг сэн. Сүүлийн үед бүр тодруулбал, 1990 оноос хойш Та гадаадад зохиолчийн хувьд, нийгмийн зүггэлтний хувьд, мөн хувийн журмаар хэд аялаад байна?

-Гадаад улс орноор олны буян, эх орны нүүрээр бишгүй л явлаа. Явсан газрын сониныг олон түмэндээ дуулгадаг нь Монголын ёс юм болохоор тэр л хуулийг барьж очсон улс орныхоо тухай тэмдэглэл сурвалжилга заавал бичдэг байлаа. 1990-ээд оноос хойш Хятад, Солонгос, Японоор явсан тухай “Дорнодын салхи” гэдэг цуврал бичсэн.

Харин сүүлийн хэдэн жил гадаадад байтугай аймаг, сумынхаа ойн заллагыг ч бололцоо, завгүйн улмаас хэрэгжүүлж чадсангүй. Яргайт, Улаанбаатар хоёрын хооронд бол зунжин аялдаг болсон. Тэр тухай бичих хэнд сонин байх аж даа.

-Орон нутгийн сонгуулийн үр дүнгийн талаар ямар бодолтой байна вэ?

-Орон нутгийнх ч, УИХ-ын сонгууль ч “Төрсөн биеэ МАХН-даа тушаалаа. Түлхээд хөөнө үү, түшээд авна уу өөрөө мэд дээ” гэдэг дууны үгийг танай сонин эш татсантай санал нэг байна. “Хуучинсаг” хочтой ахмадууд л сонгуульд бүрэн оролцож МАХН-ын ялалтыг хангалаа шүү дээ.

-Таныг “Үнэн” сонины ерөнхий эрхлэгчээс ямар шалтгаанаар халсан юм бол?

-Насны шалтгаанаар л халсан.

-Засгийн газрын явуулж буй үйл ажиллагааг анхааралтай ажиглаж байгаа нь мэдээж, ямархуу санагдаж байх юм?

-Засгийн газар ядаж хэл, хөлдөө орж, зулай нь битүүрэг л дээ. Тэр үед л ямар хүү вэ гэдгийг хэн хүнгүй хэлэх биз.

-Орон нутгийн сонгуульд ардчилсан хүчний томчуул нэр дэвшлээ. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Орон нутгийн сонгуулийг овоо тоож, ханш нь өсөж л байгаа юм байна даа гэж бодох болов. Уул нь орон нутгийн өөрөө удирдах ёс Үндсэн хуульд ч олигтой сайн тусгагдаагүй, үндэстний амьдралд ч хөлөө олоогүй яваа юм. Нас хижээлжсэн монгол хүн хөл муутай байдаг даа.

-Ирэх оны Ерөнхийлөгчийн сонгууль ямар үр дүнтэй болох бол?

-Алим модноосоо холгүй ойчдог. Хээр алаг гүүнээс шийр алаг унага төрнө.

-Орон нуттийн сонгуулиар эвслийнхэн “тэнцвэржүүлэх” тухай ярилаа. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-“Тэнцвэржүүлэх” (паритет) онолыг биежүүлэхээр социалист, капиталист хоёр систем энэ зууны сүүлчийн 50 жилийн турш чармайгаад эцэст нь хайнцаад одоо “глобалчлах” шинэ онол барьцгаах болсон биз дээ.

-С.Зоригийн амь насыг хохироосон хэрэг илрэх болов уу. Та бодит үйл явц, мэдээллийг хараад ямар сэтгэгдэл төрж байна вэ?

-Тэр адгийн хэрэг илрэх, эсэх гэхээсээ урдаар тийм бузар муухай хэрэг хийсэн нь хамгийн ихээр сэтгэл хямруулдаг. Санашгүй тийм нүгэлт зэрлэг хэргийг монгол хүн хийсэн гэхэд эргэлзээтэй юм даа.

-Таныг зохиолчдын хорооны дарга бай- хад зохиолчид ордонтой болсон гэлцдэг. “Үнэн” сонин 70 жилийн турш айлын ха- яанд байгаад, таны үед өөрийн гэсэн байртай болсон. Одоо 80 жилийн ойгоо тэр байрандаа тэмдэглэх гэж байна. Та “Үнэн” сонинд ажилласан жилүүдийн дурсамжаас яриач.

-Ажилласан газар болгоноо айл шиг айл байлгахын тулд чармайдаг байлаа. Хамгийн олон орд өргөөг хүүхэд, залуучуудад бариулж өгсөн. “Үнэн” сонин бол дал хүртлээ өөрийн оронгүй явсан улаач, өртөөчнийхөн л дөө.

Харин далан нэгдэх насан дээрээ өөрийн оронтой болж одоо наян насаа зооглож байна. Үр хүүхдүүд нь хадамд гараад ам бүл нь цөөрч өргөө гэртээ өлдөж байх болжээ.

Харин одоо л эрх барих намын эрх дархыг МАХН олон түмнээсээ хүртсэн болохоор сонингоо үндэсний хэмжээний дуу хоолойтой байлгахад анхаарах биз дээ гэж найдъя.

1920-1990 он хүртэл гаргасан бүх дугаарыг нь улсын архивынхны туслалцаатайгаар микрофишид буулгуулж, бэлдээд төмөр шүүгээнд хийж 1996 онд шинэ эрхлэгч нарт нь гардуулж өгсөн минь миний хувьд сониндоо үлдээсэн олон үеийн сэтгүүлчдийн үнэлж баршгүй өв хөрөнгийг урсах цагийн хөнөөлөөс хамгаалж, айдаггүйг нь авдарт нь хийж хадгалуулсан нэгэн буянт үйлс минь гэж бодож сэтгэл өег байдаг. 

Улсын банк юм уу, эрдэнэсийн санд хадгалагдаж байх үнэт юмны нэг нь тэр учраас одоо бүрэн бүтэн байгаа гэдэгт итгэж сууна. 

“Үртэй бол баян” гэдэг ёсоор “Үнэн” сониноос олон сайн хүү, охин төрсөөн. “Ардын эрх”, “Өнөөдөр”, “Зууны мэдээ” гээд л тоолбол олон сайхан хүүтэй айл даа. Тэд нь хөгшин эцэг эхээ эрхбиш мартдаггүй биз ээ.

-Таны эрхлэн гаргадаг “Дал” сонины 11-90 дугаарыг дамжин нийтлэгдсэн “Төл” зөгнөлт роман тань ном болон хэвлэгдсэн сураг гарлаа. Энэ сонирхолтой романыг хаанаас олж авч болох бол?

-Манай хэвлэл, сонингууд гол төлөв өнөөдрөөр сэтгэж аж төрж байна. Маргаашийн тухай боддог сонин хэвлэл, сайд дарга нар олшроосой гэсэндээ “Дал” сониныг санаачлан бараг ганцаараа тав дахь жилдээ гаргаж байна. Ирээдүй судлалын (футурологийн) чиглэлтэй сонин л доо. Дал бол монгол үндэсний мэргэ төлгө юм. Дал түлж маргаашийн явдлыг монгол хүн оношилдог байсан, одоо ч мартаагүй явна.

“Дал” сониныг цөөхөн хүн захиалж уншдаг болохоор ямар ч ашиг орлого байхгүй. Алдагдалтай сонин. Гэвч олон түмэндээ оюуны хөрөнгө оруулалтыг “Дал” сонины хэлбэрээр хувиасаа хийж байгаадаа би урамшдаг билээ.

Зөгнөлт роман “Төл” маань “Дал” сонины номын сан цувралаар захиалгад орсон боловч хориодхон хүн захиалсан. Тэд 3000 төгрөгөөр авсан. Харин худалдаанд 7500 төгрөгөөр гарч байна билээ. Захиалсан бол хямдхан шиг үнээр өөрөө гүйгээд очих байсан. Захиалаагүй бол тэр тийм амар олдохгүй биз ээ.

-Тун саяхан Английн Кэмбриж дэх Олон улсын намтар судлалын төвөөс “XX зууны нэрд гарсан 2000 зохиолч” нэвтэрхий толь хэвлүүлсэндээ таныг шалгаруулан авч оруулснаа албан ёсоор мэдэгдсэн гэж дууллаа. Манай уншигчдад энэ тухайгаа тодруулан яриач.

-XX зууны нэрд гарсан 2000 зохиолчийн нэгэн болсон минь надад ч, цөөхөн хэдэн монголчуудад минь ч хамаатай юм даа. Саяхан надад өргөмжлөл нь ирсэн. Ирэх ирэхдээ Дэлхийн утга зохиолын академийн гишүүн гэдэг хаягаар минь ирсэн.

Намайг гурван жилийн өмнө Дэлхийн утга зохиолын академи гишүүнээрээ сонгож үнэмлэх, хөнгөлөлтийн карт зэргээ надад ирүүлсэн юм. Дэлхийн утга зохиолын академийн Академич хүн Монголд нэг л байдаг нь надад оногдсон хувь зохиол юм даа. Гэхдээ би үүгээр бамбайлан дөвчигнөхийг хүсдэггүй юм л даа.

-Таныг өтлөх янзгүй идэр залуухнаараа аж төрж яваа гэлцдэг. Үүнийхээ нууцыг задалж болох уу?

-Өтлөх завгүй л хоёр зээрдээрээ харайлгаж явна. Тэр л гол нууц нь биз ээ.

Хоёр долоо хоног тутам найман нүүртэй том форматаар “Дал” сониныг ганцаараа гаргана. Бас дээр нь улирал тутам “Далны хуудас” цуврал, энэ оноос “Далны номын сан” гээд гурван давхар ачаа үүрч, улмаар 108 боть “Хаадын ном” (одоо 16 боть нь гараад байгаа) мөн өнөөх монгол зохиолчдын 108 боть, за тэгээд анд нөхөд, зохиолч, нийтлэлчдийн номыг редакторлах, сурталчлах мэтийг нэмээд үзвэл ёстой л “орондоо унтах завгүй” тэтгэвэрт суугаагаа ухаарах цаггүй л шогшиж явна.

Тэрнээс болоод “Хөгшрөлт намайг гүйцэхгүй, хөдөө томилолтоор яваа” гэдэг нэг үгийн утга надад таарах болоод байна. Улс орон маань Хөдөлмөрийн баатар цолоо хайрласан юм болохоор түүнийхээ зиндааг ч бас бодолгүй яахав.

“Хийх ажил тун их байна. Хийдэг бие ганц л байна даа”. Бас ная, ер хүрэвч идэвхтэй алхаж яваа ахмад үе намайг зоригжуулж байна. Өөр нууц алга даа, Чулуун минь. Чи ч гэсэн Олимпын медальт 14 монгол тамирчныхаа тухай номыг бичээд дуусаа биз дээ. Түүнийгээ хэвлүүлэхэд ивээн тэтгэгч олдохгүй байгаа бол надад хэлээрэй.

Тэд үндэсний бахархал болсон тамирчид шүү. Тэдний тухай ном бичих гэдэг өдрийн од шүүрнэ гэсэн үг дээ. За үг олдож, үхэр холдлоо.

2000 оны аравдугаар сарын 10. Мягмар. ¹ 235 (1087)

Эх сурвалж: Unuudur.mn ҮЗЭХ

Буцах