“Нарлаг өндөр Алтайн ууланд намрын хяруу унаа даа Настай буурал аав минь намайгаа харуулдан суугаа даа”

Түндэвийн Юмсүрэн гуайн шүлэг, ардын жүжигчин Дашийн Мяасүрэнгийн хөгжим “Буурал аав” дуу олны дунд ардын дуу шиг мөнхөрч дээ. Хааяа хааяахан аавыгаа санахаар энэ дууны аялгуу сэтгэлд орж ирж ер бусын тайвшрал хийгээд эс бөгөөд тийм гэж хэлэхийн аргагүй гуниг төрүүлэх нь бий. Тэр жилийн намар сан. Юмсүрэн гуай өөрөө уг дууныхаа түүхээс өгүүлсэн цөөхөн хэдхэн өгүүлбэрийг номын хуудаснаас нь уншаад эрхгүй уйлж билээ.Тэрхүү дурсамжийг нь миний бие эргэн эргэн санах дуртай. Юмсүрэн зохиолч жаран оны намар оюутны амралтаараа холын Алтайдаа очиж амарчээ. Аавынх нь бие барагтайхан, бараг л хэвтэрт ороод байсан цаг. Нэг өглөө аав нь гадаа гаран Алтайн их уулсаа ширтэж сууснаа “Газар нутаг маань мөнх, эзэн бид нар л хэврэг юм шив дээ” гэж бодлогошрон гунигтайхан хэлсэн байдаг. Ийн хэлэх үед нь айлын бага хүү тэрээр аавынхаа нүдийг эгцлэн харжээ. Цаст Алтайн оргилд идэр залуухан бүргэд мэт шунгаж явсан аавынх нь нүдний гал бөхсөн байхыг анх удаагаа үзсэн нь тэр. Эцгийнхээ нүдний гал бөхсөн байхыг харна гэдэг ямар их уйтай нь мэдээж. Ингээд л санхүүгийн сургуулийн оюутан хөвгүүн Юмсүрэнгийн сэтгэлд гунигийн манан хуралдсан нь тэр.

Ахтайгаа хамт аавыгаа аймгийн төвийн эмнэлэг бараадуулаад хот руу сургуульдаа мордсон байна. Оюутны хичээл эхэлсэн шуугиант өдрүүд нэг л гунигтай байсан нь тодорхой. Ерөөсөө л “Газар нутаг маань мөнх, эзэн бид чинь хэврэг юм” хэмээн хэлсэн аавынх нь шаналант харц цээжинд нь үргэлжид хадаатай явна. Ингээд цас будагнасан намрын тэр орой хөдөө гэрээс нь цахилгаан ирэв гэнэ. Аав минь яасан юм бол, бие нь дээрдсэн болов уу, баяртай мэдээ ирсэн байж ч магад гэж горьдлого тээн уншлаа. Ах нарынх нь бичсэн тэрхүү цахилгаанд “аав чинь өнгөрсөн” гэх харуусалт мэдээ иржээ. “Аав чинь өнгөрсөн” гэх хоёрхон үгийг уншихуйд манайхан үе удмаараа өвөрт нь нутаглаж ирсэн Эмээлцэгийн минь уул нурах шиг болсон гэж бичсэн байдаг. Мөн ч айхавтар юм шүү. Газар дээр аавгүй болсон, Эмээлцэгийн их уулсаа сэтгэлдээ нураасан хүү намрын хайлган цагаар ачит эцгийгээ, авралт тэргүүн Алтайгаа санаж орчлон дээр ганцаардахдаа

“Нарлаг өндөр Алтайн ууланд
Намрын хяруу унаа даа
Настай буурал аав минь
Намайгаа харуулдан суугаа даа

Сүрлэг өндөр Алтайн ууланд
Шүүдэр хяруу унаа даа
Сүргийн дэргэдээс аав минь
Сүүмийх алсыг ширтээ дээ

Будант өндөр Алтайн уулаар
Буурал хяруу ороо доо
Буцаад хүү минь ирнэ гээд
Буурал аав минь хүлээгээд ээ” гэх гурван бадаг шүлгийг тэмдэглэлийнхээ дэвтэрт нулимстай бичиж үлдээсэн гэдэг. Ийм шүлэг тэрлэчихээд хэнд ч үзүүлэхээ мэдэхгүй явтал найз охин нь “Мяасүрэн багш манай сургууль дээр концерт бэлтгүүлж байгаа. Дууны үг байвал ая хийнэ гэж байна. Чамд шүлэг байвал өгөөч” хэмээн хэлснээс улбаалж аавын тухай дуу төрөх үүд хаалга нээгджээ.



“Буурал аав”-ын хөгжмийг бичсэн Дашийн Мяасүрэн гуайг Монголын ард түмэн домогт “Жаран хар”-ын удирдаач гэдгээр нь сайн мэднэ. Ямар сайндаа Цэгмидийн Гайтав гуай Мяасүрэн гуайн ажил дээр ирчихээд “Жаран харын ганц цагаан хэрээгээр юу байна” гэж шоглон хэлж байсан гэхэв. Мяасүрэн гуай “Буурал аав” дуунаас гадна

“Будан татаад дуниартсан
Буурал хангайн сайхныг ээ
Буурь нь хүртэл арилаагүй
Буянтай аавын нутаг аа
Цэцгийн гурван сардаа
Эцгийн нутгаар буугаарай...” хэмээн мөн л ардын дуу шиг цээжинд хоногшсон, “Монголын радиогийн бүдүүн дуут” Базарын Цэдэндамбаагийн шүлэг “Хангайн дуу”-ны аялгууг бичсэн

“Явсан зүгийг чинь ширтээд би
Янагийн дуугаа аялаад
Яралзах ододтой нөхөрлөөд
Явж л байна даа хонгор минь” хэмээн Шаравын Сүрэнжав найрагчийн шүлэг “Итгэлийн дуу”-г ч бичсэн, ийм л нэрт хөгжмийн зохиолч юм.

Мяасүрэн гуайн хүү Энхбаатар гэж сайхан ахтай уулзаж, ярьж хөөрч явлаа. Энхбаатар ах аавынхаа тухай хачин гоё ярина. Нэг удаа Долгорын Нямаа гуай “Мяасүрэнгийн тэр хүү аавыгаа ямар сайн мэддэг юм” гэж бүр нэг баяртайгаар хэлж билээ. Үнэхээр л аавыгаа яриад асгаруулдаг нэгэн билээ. Тэрээр аавынхаа “Буурал аав” дууны түүхийг яриад уйлдаг. “Аав минь энэ дууныхаа түүхийг өөрөө уйлаад ярьдаг юм” гээд нулимсаа арчдаг юм. Энхбаатар ахын ярьсныг одоо хүргэе.

“Аав минь Ховд аймгийн төвөөс аавыгаа аваад хот руу гарч л дээ. Тэгээд өсч төрсөн нутгаараа дайрч Сутай хайрхан, Бумбат хайрхандаа сүслээд голын хөвөөн дээр зогссон байгаа юм. Тэгэхэд өвөө маань жаран хэдтэй хөгшин байжээ. “Энэ сайхан уул, ус голдоо эргэж ирэх заяа байдаг болов уу” гээд өвөө минь голынхоо чулуунаас адислаад алгандаа бөмбөрүүлэн уйлаад зогсож байх агшинд аавд дууны аялгуу ороод ирж л дээ. Тэгээд тэр ая эгшиг сэтгэл оюунд нь хадаатай явж байтал Юмсүрэн гуайн “Буурал аав” хэмээх шүлэг сонинд гарсныг үзээд “Нарлаг өндөр Алтайн ууланд намрын хяруу унаа даа, настай буурал аав минь намайгаа харуулдан суугаа даа....” гэх эхний мөрүүдийг нь унших ахуйд өвөг эцэг нь Сутай хайрхны өвөр бэлийн голын хөвөөн дээр ус нутгаасаа салж ядан нулимстай зогсох агшинд зурсхийгээд ороод ирсэн өнөө аялгуу шууд л буучихсан гэдэг. Тэгж л ард түмний сэтгэлд ардын дуу болтлоо мөнхөрсөн аавын минь бүтээл төрсөн. “Буурал аав” дуу дуулагдаагүй найр хурим, тэр дууны аялгууг сонсоогүй газар ус гэж ховор байх. Хүмүүс уг дууг дуулаад л Алтай, Хангай шиг аав нараа санагалзан уйлж байх агшныг зөндөө үзсэн. Гэхдээ тэр бүгдэд “Энэ дууг чинь миний аав зохиосон юм шүү” гэж онгирч, омойтож явсангүй ээ, ах нь” гэж хэлж байж билээ.

Хоёр жилийн өмнө, есдүгээр сарын эхээр өндөр их Алтайгаа нар зөв халиаж Сутай хайрхан, Баян Богд хайрхан, Бурхан буудай, Хасагт хайрхан, Хантайширын нуруу, Хар азаргын нуруу, Дарвийн нуруунаа гарч, алдарт Шаргын говь, Хүйсийн говийг туулан Эрээн нуурын эгшиглэнт үдшийг үзэн баяссан сан.Тэрхүү аялал минь Говь-Алтай аймгийн Чандмань сумын улаан сахиусны тахилгатай Чандмань хайрхнаас эхэлж билээ. Чандмань хайрхны тэргүүн овоонд хадаг яндар намиран, судар ном хөглөрч арц хүжсийн үнэр сэнхийн маани хөгжөөх цаг дор баруун хойноос, Эмээлцэгийн нуруунаас мөндрийн цагаан зурвас наашилж, удаа ч үгүй цагаан бороо налмайтал асгасан сан. Алтайн хөх тэнгэр ийнхүү бороошиж сэтгэлийн нүд чийгтэх ахуйд Эмээлцэгийн нурууны өвөр бэл дэх ертөнцийн бүх аавын алдрыг дархалсан хөшөөнд очсон юм.

“Аав хөшөө” хэмээн ард зоноороо биширдэг тэрхүү хөшөөнд “Ертөнцийн бүх аавыг уул болгон бөхлөв, удам хойчид мөнхлөв. Үеийн үед үрийн үрд биширтүгэй” гэх үгсийг сийлж үлдээсэн байна. Юмсүрэн гуайн сэтгэлд нурсан Эмээлцэгийн их уул намрын тэргэл өдөр даан чиг дүнжгэрхэн ханайж байсан даа. Харахад сэтгэл уужрам сайхан уул. Энэ орчлонд ачит эцгээ алдахад ийм сайхан уул сэтгэлд нурахаас өөр яанам билээ хэмээн тухайн агшинд бодогдож байв. Бичгийн эрхэм хүмүүнтэй уулынх нь өврөөс мэндчилсэн. “Ах нь ойрд Алтайдаа, ууландаа очиж чадаагүй юм. Дүүгээ ингээд ярихад унаган нутагтаа очсон юм шиг боллоо” хэмээн Юмсүрэн гуай утасны цаанаас өнөө л зөөлхөн дуугаараа хэлж байв. Тэрбээр туйлын даруу, бүр хэтэрхий гэмээр даруу нэгэн. Нэртэй зохиолч, нийтлэлчээс гадна манайдаа урдаа барихаар яриа байхгүй гаргуун орчуулагчдын нэгэн. Дэлхийн сонгодгуудыг шилж орчуулдаг эрхэм. “Хүн дүрст хонинууд” тэргүүт Нобелийн шагналт зохиолчдын шилдэг бүтээлүүд нь үүнийг нотолно.

Зарим цагт бүр нэг сайхан зохиол уншмаар санагдах ахуйдаа миний бие Юмсүрэн гуайгаа барьж аваад хэвтчихдэг. Миний гарын дор ойр байдаг номнуудын нэг “Цаг цагийн шуурга” юм. Түүнд алдарт Буниний “Идэр нас ба өвгөрөл”, Туркийн алдарт зохиолч Азиз Несиний “Өөрийн байшин”, Энэтхэгийн Махип Синхийн “Цагийн аясаар”, за тэгээд Людмила Улицкаягийн “Оросын тосгоны хүүхнүүд, Испанийн Кармен Мартин Гайтегийн “Конча” гээд “зэвүүн” өгүүллэгүүд бий. Төрийн шагналт Далхаагийн Норовоос аваад Алтайгаас тодорсон авьяас билэгтнүүд Юмсүрэн гуайг багшаа гэдэг. “Манай Т.Юмсүрэн багш маш олон зүйлийг хэлж өгсөн. Хаанахын ямар ч зохиолчийн уран бүтээлийнх нь шигтгээ, зангилааг утга зохиол шүүмжлэгчид, хүн төрөлхтөн үнэлдэг юм, юунаас нь болоод тэрийг шүтдэг юм гэдэг юмыг захидлаар ч хүртэл бичиж надад хэлж өгч байсан. Тэгээд утга зохиолын замаар явсан нь дээр гэдгийг шулуухан хэлж ятгаж ойлгуулж, ухааруулж өгсөн хүн” гэж Норов ах нэгэнтээ хэлж билээ. Тэртээ жаран онд “Буурал аав” дууны шүлгийг оюутан ахуй цагтаа нулимстай бичсэн Юмсүрэн ийм л бичгийн сод туурвилч юм. Өнөөдөр хэнд ч үл анзаарагдам нэг л ажин түжин алхалж явна. Ёстой нөгөө их мөрөн дөлгөөхөн гэдэг шиг.

Мяасүрэн гуайн тухай Сутай хайрхных нь хүү Довдонгийн Данзан доктортой мөн ч олон удаа ярьж, дурсан санагалзаж явжээ. Тэр хоёр, аав хүү хоёр шиг амь нэгтэй явсан хүмүүс. Амь амьдралаараа ч, уран бүтээлээрээ ч нягт холбогдсон хүмүүс юм. “Түшээт ханы Намхай аварга” гэж аралтай сайхан дуу бий. Мяасүрэн гуайн хөгжим, Данзан гавьяатын шүлэг. Уг дууг амьдруулсан өмнийн говийн Батсүрэн гуай саяхан гавьяат авна билээ. Мяасүрэн гуай бөх сайн мэдэхгүй хэрнээ ач зээ нараа гэртээ дэвүүлж байгаад “Намхай аварга”-аа бичсэн юм гэдэг. Чөргөр жаалхан хүүхдүүд дэвэхчээн аядахад Халх Монголын их хүчтэний дуу тийм сүрлэг бадрангуйгаар төрнө гэдэг бас л сонин юм.

“Буурал аав” дууны түүхээс улбаалаад эл бүгдийг бичиглэлээ. Өндөр их Алтайгаасаа сэтгэл салгаж ядан байх гэгээн гэрэлт хүмүүсийн дотоод оршихуйнх нь дуудлага бол яахын аргагүй “Буурал аав” дуу юм. Монголын их Алтай цагийн цагт мөнх оршсоор байх цагт энэ дууны аялгуу үл тасрах биз ээ гэж эрхгүй бодогдном. Хоёр мянга долоон оны намар Аж богд уулын хажууханд, Алтай сумын хилийн заставт зохиолч уншигчдын уулзалт болох үест хилчин залуу Мөнхбат “Буурал аав” дууг дуулсныг би хэзээ ч мартдаггүй. Эх орныхоо торгон хилийг манаж суугаа тэр залуугийн аавыгаа санасан, Алтайгаа хайрласан нэг л зөөлөн дулаан аялгуу цээж рүү минь нулимстай урссан билээ. Юмсүрэн гуай шүлгээ нулимстай бичиж, ардын жүжигчин Дашийн Мяасүрэн аялгуугаа цаст цагаан Сутайнхаа бэлд нулимстай олсон юм чинь, арга ч үгүй биз дээ.

Эх сурвалж: DNN.mn

Буцах