Эх сурвалж: Mnb.mn сайтын 2013-11-12 өдрийн нийтлэл


Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн,  сэтгүүлч, зохиолч Базарын Цэдэндамба 2013 оны 11 сарын 10- ны өдөр таалал төгсөж, МҮОНРТ-ийн хамт олон болон ах дүү, төрөл төрөгсөд бидэнд нөхөж баршгүй гарз хохирол учирлаа.

Б.Цэдэндамба нь Монголын ард түмэнд “Радиогийн бүдүүн дуут” хэмээн алдаршсан  нэрт сэтгүүлч, зохиолч төдийгүй ард түмэндээ мөнхөд дурсагдах сайхан уран бүтээлч байлаа.

Тэрбээр 1931 онд Хэнтий аймгийн Дадал сумын Ар балжийн, Гурван баяны Ар гэдэг газар төрсөн. Бага насаа эцэг эхийн гар дээр буриад зоныхоо дунд хүмүүжиж өссөн. Бага дунд сургууль дүүргэж, МУИС-ийг 1964 онд Хэл бичиг-Утга зохиолын багш, утга зохиолын ажилтан мэргэжлээр төгссөн.

Б.Цэдэндамба 1958-1960 онд кино үзвэрийн хэрэг эрхлэх газар утга зохиолын ажилтан, 1960-1970 онд Монголын зохиолчдын хороо, “Утга зохиол урлаг” сонины газар редактор, утга зохиолын ажилтан, 1971 оноос гавьяаны амралтад гартлаа Монголын радиод ажиллаж байлаа. Гавьяаныхаа амралтад гарсан ч түүний аргил хоолой радио долгион дамжин сонсогч олондоо хүрсээр л байсан юм.

Базарын Цэдэндамба нь эзэмшсэн мэргэжилдээ үнэн сэтгэлээ зориулж чадсан шилдэг уран бүтээлч, авъяаслаг сэтгүүлч гэдгээ радиод ажилласан он жилүүдэд өөрийн хийсэн бүтээлүүдээрээ нотлож чадсан юм. Сэтгүүлч Б.Цэдэндамба анхныхаа сурвалжлагаас авахуулаад бүхий л туурвилаа тариаланч түмэндээ зориулсан. “Ургацын далай” нэвтрүүлгийн нэрийн хуудас нь болсон алдарт сэтгүүлч байлаа. Тэрээр гавьяаныхаа амралтанд гарсан ч Засгийн газраас дэвшүүлсэн “Мянганы зам” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцыг олон нийтэд хүргэн сурталчлах ажлыг бие даан эрхэлж, “Мянганы замын дуудлага” нэвтрүүлэг бэлтгэж байлаа. “Мянганы замын дуудлага” нэвтрүүлгээр “Авто замын шилдэг технологи” цуврал авто замчдын болон “Мянганы зам” бүтээн байгуулагчдын тухай бэлтгэсэн нийтлэл найрууллуудыг нь талархан сонссон олон сонсогчид монголын радиод болон Авто замын газарт байнга захидал ирүүлсээр байсан нь авьяас тэтгэвэрт гардаггүйн нотолгоо болон үлдсэн юм.

Б.Цэдэндамба 1950-иад оноос уран бүтээлээ эхэлжээ. “Алтан өлгий” шүлгийн түүвэр 1958 он, “Нэргүй баатрууд” Н.Надмидтай хамт 1961 он, “ Монголын тэнгэр доор” шүлэглэсэн роман 1962 он, “Модны хээ” шүлгийн түүвэр 1966 он, “Арван хоёр өнгө” шүлгийн түүвэр 1970 он, “Говь хангайн цэнхэр орон” 1965 он, “Миний мөнх цамхаг” найруулалын түүвэр 1974 он, “ Гурван голын бэлчир” 1974 он, “Алтны мод” роман 1978 он, “Ламын хөхүүртийн өвөлжөө” этнографийн тэмдэглэл-роман 2012 он, “Гилбэрийн хатан” роман 2013 он зэрэг шүлэг, үргэлжилсэн үгийн бүтээлээ хэвлүүлж уншигч олондоо өргөн барьсан Монголын Зохиолчын Эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч байлаа.

Б.Цэдэндамба сайн орчуулагч байсан юм. Тэр А.С.Пушкины “Моцарт Карьена хоёр” дуурийн цомнол, Африкан Бальбурвын “Ийсэний нутаг” романыг Орос хэлнээс , “Харгиатайхан хялга минь” роман, Николай Дамдиновын “Дээд зөвлөлийн депутат” шүлгийн бүрэн түүвэр, Ч.Намжилов шүлгийн түүвэр, С.Цэрэндоржиевын “Үүр шөнөөр” тууж, Мехайл Жигжитовын “Байгаль нуурын загас” роман зэрэг олон зохиолыг Буриад хэлнээс эх хэлэндээ хөрвүүлэн уншигч олондоо хүргэсэн ачтай нэгэн.

Б.Цэдэндамбын шүлгийг нь бичсэн олон сайхан дуу одоо ч хүмүүний сэтгэлд мөнхрөлийн шидийг олон дуулагдсаар байна.

Түүний бичсэн “Ятгын эгшиг”, “Монголын сайхан орон”, “Улаалзай”, “Алтан намар”, “Хонгор нутгийн жороо”, “Хангайн дуу”, “Эх орон”, “Сарлагчин”, “Говь хангайн цэнхэр орон”, “Барилгачин хүүхнүүдийн дуу”....зэрэг олон дууг нь уншигч сонсогч олон сайн мэднэ.

Б.Цэдэндамбын уран бүтээлийг үнэлж 1995 онд Монголын Зохиолчдын Эвлэлийн шагнал, сэтгүүл зүйн бүтээлийг нь үнэлж 1996 онд “Хураагдаагүй үлдсэн зурвасхан тариалан” радио нэвтрүүлэгт нь “Гоо марал” шагнал, мөн “Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан”, “ХАА-н тэргүүний ажилтан”, “Радио телевизийн тэргүүний ажилтан” цол, тэмдэг 1991 онд Сүхбаатарын одон, 2007 онд Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн цолоор тус тус шагнажээ.

Монгол улсын соёлын гавьяат зүтгэлтэн, алдарт сэтгүүлч, авьяаслаг зохиолч Б.Цэдэндамба таны гэгээн дүр, өвөрмөц хоолой бидний сэтгэл зүрхэнд мөнхөд орших болно.

Ум сайн амгалан болтугай

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ

Буцах