Эх сурвалж: Жагдалын Лхагва фэйсбүүк хуудас
Дутуу хөрөг буюу зохиолчдын паян цувралаас:
Сансрын нисэгч сансраас эх дэлхийдээ хандан үг хэлэхийг сонсож суусан яруу найрагч Б.Цэдэндамба,
-Түй, тийм өндөрт гарчихаад ийм хариугүй үг хэлж байхдаа яадаг юм бэ? хэмээн их л голонгуй байхад нь бид, та өөрөө сансарт нисвэл тэндээс юу гэж хэлэхсэн бол? гэж асуулаа.
Цэдэндамбаа,
-Би юу? гэснээ бодсон ч үгүй, шууд л Налайх, Улаанбаатар хоёрын хооронд нэг муу жижигхэн "ПАЗ" автобус хамхуул хийсэх адил өнхөрч яваа. Тэр дотор хар хилэн өмд цамцтай казах өвгөн зогсож явна. Түүнд суудал тавьж өг гэж тэр автобусан дотор гитар донгинуулан тамхи татаж яваа залууст хэлэх байсан.
Арван хүүхэдтэй, долоо хоногийн таван өдөр нь адууны тосонд боорцог чанадаг энэ өвгөн арван зургаан цаг газар дор нүүрс малтчихаад Улаанбаатарын амаржих газар хүндрэлтэй төрсөн охиноо эргэх гэж нүдний хор гаргах завгүй яваа юм шүү гэдгийг нь бас тайлбарлан хэлэх байсан гэв.