Эх сурвалж: Dnn.mn сайтын 2016.03.20 өдрийн нийтлэл
1
“Радиогийн бүдүүн дуут”. Сонсогч түмнээсээ овог нэрнийхээ өмнө ийм хүндтэй тодотголыг хүртэж чадсан сэтгүүлч, яруу найрагч бол Базарын Цэдэндамба. Анх Монголын радиод нэвтрүүлэгчээр шалгуулж тэнцээд овоо хэдэн сар ажиллаж байтал наад буриад аялгатай нөхрөө халаач гэж хэн нэгэн нь дүвчигнэснээс болоод нэвтрүүлэгч хийхээ больсон гэж Дамбаа ах надад ярьж байсан. Энэ эрхэм хүн “Ургацын далай” долгилоод ирэхээр унзад хоолойгоо засаад Улаанбаатараас Сэлэнгэ, Дарханы зүг хөлгийн жолоо зална. Газар тариаланчид, ногоочдоо, газар нутгаа гарын арван хуруу шигээ мэднэ. Үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлах гаргууд авьяастай бэлэн сэцэн үгтэй, Радиогийн сурвалжлагчийн микрофоныг төгс эзэмшсэн хүн. Микрофоны сэтгүүлч ч гэж хэлж болно. Газар тариаланчдын тухай гайхамшигт сайхан найруулал олныг бичиж байлаа. Миний ой тойнд “Гашилсан сүү” найруулал байдаг юм.
Бид хоёр Монголын радиод олон жил ах дүүс шиг анд нөхөд шиг явлаа. Сурвалжлагынхаа аппаратад “магтуулаад” радиогоосоо гарч байсан удаатай. Ер нь унаж босож явсан, юм юмыг үзсэн ухаантай буриад эр. “Улаалзай”,”Монголын сайхан орон”,”Ятгын эгшиг”,”Хангайн дуу” гээд олон сайхан дуутай сан. Бага сургуулийн хүүхэд байхдаа
“...Байгалийн сайхан цэцгүүдээс
Бадралтайяа Улаалзай
Байгаль тивийн дорно зүгт
Бахдалтайяа Монгол минь” гэж цангинуулж явлаа.
2.
“...Будан татаад дуниартсан
Буурал хангайн сайхныг ээ
Буурь нь хүртэл арилаагүй
Буянтай аавын минь нутаг аа…
…Манан татаж униартсан
Магнаг хөвчийн сайхныг ээ
Манан дундуур саравчилсан
Миний ээжийн нутаг аа ...” гэх энэ дууг би Москвад хэдэн жил болохдоо найз нөхдийн наргиан цэнгээн дээр хундага өргөх болгондоо дуулж, манай Цэдэндамбаа ахын шүлэг гэж заавал хэлдэг байв даа.
“Угаас надад заяатай
Усан боргил хангайяа
Уяран санаж хайрласан
Унаган багын минь нутаг аа...” гэх нутаг усандаа хайртай хүүгийн сэтгэл нэвт шингэсэн дуу. Хүн харахад бардам, сагсуу байрын боловч өөрийгөө яруу найрагч гэж биширч байхыг хараагүй үлгэр авмаар даруу, номхон хүн шүү дээ. 1980-аад онд нэг удаа гэрт нь очиход орныхоо доороос хуучин хар чемодан гаргаж ирээд бөөн хуйларсан цааснаас сугалж шүлгээ уншиж байсныг мартдаггүй юм. Шүлгээ бичээд л чемодандаа чихдэг юм билээ. Их сонин санагдаж байж билээ. 1989 онд Москвагийн украин зочид буудалд буусан байхад нь очиж уулзав. Бид хоёр ёстой нэг сайхан байсаан. Энэ уулзалтыг Дамбаа ах дурсах дуртай. Зохиолчдын эвлэлийн шагналыг тэтгэвэрт гарах үедээ авчихаад дарга П.Баярсайханд хандаж:
“Эрх мэдлийнхээ алтан ордонг
Энгэр дээр минь зүүж өгсөн
Эвлэл тандаа баярлалаа
Эрхэм дүү нартаа баярлалаа” гэсэн гэдэг. Би хувьдаа Дамбаа ахаас түрүүлж эвлэлийн шагнал авсандаа ичиж л явдаг байсан. Ер нь утга зохиолын салбарт бол Базарын Цэдэндамба найрагчийг дутуу үнэлсэн гэж би боддог юм. Сэтгүүлчийн хувьд бол төрдөө, түмэндээ үнэлэгдсээн.
3.
Монголын радиогийн захирал, зохиолч П.Баярсайхан, сэтгүүлч, яруу найрагч Л.Мөнхтөр, Б.Цэдэндамба бид дөрөв 1998 оны зургадугаар сарын дундуур Сэлэнгэ аймгийн зочид буудалд оройхон буулаа. П.Баярсайхан, Л.Мөнхтөр хоёр өглөө эртлэн босоод аймгийн дарга нартай уулзаж, ажил төрлөө ярилцахаар явахдаа хараахан орноосоо босоогүй бид хоёрт хандаж, буудалдаа тухалж байхыг бас гадуур гарч “сахилга” алдахгүй байхыг санууллаа. Бид хоёр ч тэгэсгээд босч ор дэрээ янзаллаа. Дамбаа ах гэнэт гараад явснаа хоёр хүүхэн дагуулаад ирлээ. Нөгөө хүүхнүүд нь их баяртай инээлдэж хөхрөлдөөд л. Ерөө ч бил үү Хараа ч бил үү зүгийн газар тариалангийн бизнес эрхэлдэг бүсгүйчүүд гэнэ. “Ингэж Цэдэндамбаа гуайтай уулздаг байна шүү. Радиогоор ярихыг нь л сонсоод байдаг байлаа. Сайхан нэвтрүүлэг хийдэг, сайхан дуу хоолойтой хүн шүү” гээд үнэхээр хүндэтгэж байна. Нэг хүүхэн нь өрөөнөөсөө шил юм авчраад ширээн дээр тавьчихлаа.
Улаанбаатараас ирэх замдаа жаахан хэтрүүлсэн бид хоёрт том олз байлгүй яахав. “Өнөөдөр Буйр хээрт “Эв модны наадам” болох юм байна. Улсын заан Баярсайхан тэргүүтэй бөхчүүд ирчихэж. Та хэд тийшээ очно биз дээ” гэж нэг бүсгүй нь яриа өрнүүлэв. Гурван хундага татсан Дамбаа ахын дуу нь чангараад ирлээ. “Тэр Баярсайхан хаана байна. Миний муу хүү ирж л дээ” гэж байна. Хүүхнүүд ч нүд нь гялалзаад “Баярсайхан заан таны хүү юм уу. Ямар сайхан хүүтэй юм бэ” гээд бахархах аятай Дамбааг харж байна. Би дотроо Баярсайхан Төв аймгийнх, манай хүн Хэнтийнх, сайхан залж байна даа гэж бодоод инээд хүрч суулаа даа. Дамбаа ахин нэг хундага хөнтөрч, миний тамхийг амнаас суга татаж зуугаад “Баярсайхан заан миний хүү. Цэдэндамбын Баярсайхан гэдэг биз дээ” гэж маш үнэмшмээр дуугарч байна шүү. Нээрээ л Цэдэндамбын Баярсайхан гэдэг дээ. Хоёр хүүхэн ч үнэн юм байна гэж бодоод гарцгаалаа. Эв модны наадмын газар заан Баярсайхан тэргүүтэй бөхчүүд ирчихсэн байна. Заан Баярсайхан чинь өнөөх “Радиогийн бүдүүн дуут” Цэдэндамба сэтгүүлчийн хүү юм гэнээ гэсэн “зарыг” өнөөх хоёр хүүхэн тараачихаж.
П.Баярсайхан дарга ч мэдчихсэн байна. “Тэр заан хүүгээсээ очоод архины мөнгө аваад ир” гэж Дамбааг загнаж байна. Мань эр юу ч хэлж чадахгүй байна. Ёстой хулхи нь буугаад архи нь гараад явчих шиг болж билээ. Манай Дамбаа ах нэг иймэрхүү гэнэн цайлган, онигоонд амархан ордог хүн. Тэгэхдээ бас онигоо зохион ярихдаа гаргууд нэгэн. Орой нь дарга нарын хүлээн авалтад Баярсайхан, Мөнхтөр хоёр явахдаа бид хоёрыг зочид буудалд цоожлоод орхиж билээ.
Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Бямбажавын Хүрэлбаатар
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ