Эх сурвалж: 24tsag.mn сайтын 2011-12-13 өдрийн нийтлэл


Радиогийн “Бүдүүн дуут” гэхээр Монголын ард түмэн хэнийг хэлж байгааг нь андахгүй. “Ургацын далай” нэвтрүүлгээрээ олонд алдаршсан энэ хүн өнөөдөр 50 мянгатын байрны умгар өрөөнд сэтгэл гундуухан амьдарч байна. Тэрбээр “Төр надад байр өгнө гэж 20 жил хүлээлгэлээ. Энэ муу өрөөнөөсөө л Далан давхар явах юм байлгүй” хэмээн гунигтайхан өгүүлэв. Хүн бүрт байр өгөх албагүй л дээ. Гэхдээ Соёлын гавъяат зүтгэлтэн Базарын Цэдэндамбаа гэдэг хүн бол төрөөс хишиг хүртэх хувьтай хүмүүсийн тэргүүн эгнээнд орох хүн яавч мөн болов уу.

-Сайхан өвөлжиж байна уу, бие тэнхээ сайн уу. Энэ зун, намрыг юу хийж өнгөрөөв дөө?

-Юуны өмнө мартагдах шахсан “бүдүүн дуут”-ыг зорьж ирсэнд баярлалаа. Хүн нас ахихаар мартагддаг нь жам юм шиг байна. Гэрээс ч гарч чадахгүй юм. Гэхдээ намайг ямар нэг юм хийж бүтээж байгаа гэж бодож асуусанд чинь баярлалаа. Сонин хэвлэл уншихаас цааш гарахаа больжээ. Чих хатуу болохоор хүн хартай ч сайхан ярьж чадахгүй байна. Сэтгүүлч хүний зовлон жаргалыг ойлгодог учраас чамд яриа өгч байна. Жилийн өмнө “Ламын хөхүүртийн өвөлжөө” гэж нэг ном бичлээ.

- Хэдий улиг болсон асуулт ч гэлээ, нутаг усны тань талаар яриагаа эхэлбэл гоё байх гэж санагдлаа?

-Өнгөрсөн жил нутагтаа очоод ирсэн. Цээжин дэх дурсамж сэдрээгээд сайхан байна билээ. Түүх яримаар санагдлаа 1915 оны гантай зун аав ээж маань хойд нутгаас хэдэн буриадын хамт морин тэргэндээ ойр зуурын новшоо ачин нохойгоо дагуулаад гарсан гэдэг. Тэр зун тууврын малд ч идэх өвс байгаагүй гэдэг. Тэгж явсаар байгаад Чингис хааны нутаг Ононд нүүж ирсэн юм билээ. Зарим нь орос хувцастай ядарч сульдсан гэж жигтэйхэн морь үргэмээр амьтад ирсэн. Би 1931 онд Ононы Балж Галтай дахь Ламын хөхүүртийн өвөлжөөнд төрсөн хорь буриад хүн. Манайх 1940-өөд оны үед 2000-аад хонь, 200 гаруй үхэр, хоёр азарга адуу, 42 тэмээтэй лут айл болсон байлаа.

-Тухайн үед нүүж ирсэн буриадууд тийм их малтай байсан хэрэг үү?

-Дөрвөн том хошуунд буриад нар багтаж амьдарч байсан. Манайх Онон голын буриад хошууны айл. Дэлүүн болдогийн өврөөр бага насааа өнгөрөөсөн гэж бодохоор залуудаа омог төрдөг л байлаа. Чонон вангийн угсааны тайж язгууртнууд шүү дээ. Нутгийн хөгшүүд Чингис хааныг буриад анчдын задгай мал дээр мах шарж зооглоод Балж голын хатуу яргайгаар нум хийж сур харваж явсан гэдэг домог ярьдаг. Тийм нутагт нүд нээсэн болохоор бардам сайхан л амьдарлаа.

-Ингэхэд ан хийж явсан биз дээ. Буриадууд ан авд эртнээс гаршсан улс байдаг?

-Тэгэлгүй яахав. Ан хийж баавгайнаас бусдыг нь унагаж явлаа. Ер нь би янз бүрийн ажил их хийсэн дээ. Онондоо эмээл хийж, Зүүнбаянд өрөмдөгч, Баянгийн модны уурхайд чулуу ачигч, Кино үйлдвэрт реферэнт, Зохиолчдын хороонд мэргэжлийн зохиолч, 1957 оноос хойш сэтгүүлчийн ажилд болсон болоогүй хэдэн насаа цацаад дуусах шив дээ. Хүүхэд байхдаа мал дагана гэж л боддог байлаа. Гэвч 1949 онд Улаанбаатарт эрдэм номын мөр хөөж ирсэн хүн.

-Тухайн үед Улаанбаатар ямар байв. Ямар унаагаар орж ирж байв даа?

-Ахлах ангийн сурагч болохоор ирж байгаа нь тэр. Нутгаас цуг гарсан С.Эрдэнэ гэж офицерийн сургуулийн формтой жижиг бор хүү байсан. Хожмын алдарт “Эрдэнэ баавай” гэдэг шүү дээ. Ононгоос гараад хэд хоног замын унаа тосч алхсаар үүрч гарсан бүтэн хонины махны өөх тос нь хайлаад дээлний ар өвөр нэл тос болчихсон. Хонины мах өмхийрсөн тул Баян давааны цаана хаяж, С.Эрдэнэ ачаагаа машин дээр мартаад гар хоосон хоёр амьтан Багшийн сургуулийн үүдэн дээр бууж байлаа. Улаанбаатар гэдэг тоймгүй том хот. Налайхад ирсэн чинь манааны шовгор амбаарыг улаанаар будчихсан байв. Түүнийг хараад энэ Улаанбаатар гэгч нь байна гэж бодож байлаа. Ирсэн дороо бид хоёр Амгалан руу алхаж хоолонд орлоо. Их сайхан том бууз тавин мөнгө гээд зарж байна. Бид хоёр бууз аваад үмхэж гартал мах байдаггүй. Мантуу анх идэж үзсэн тэр.

-Хотын өнгө төрх ямар байв?

-Яахав дээ мурий сарий шургааган хашаатай тахиралдсан гудамжнууд. Энд тэндгүй мухлаг гуанзаар дүүрчихсэн. Хятад иргэд олонтой. Их сургууль, I арван жил хоёроос өөр өндөр барилгагүй, тийм л хот байлаа.

- Ямар мэргэжлээр суралцсан бэ. Хэн хэнтэй цуг төгсч байв?

- Норовбанзадын нөхөр Намсрайн Банзрагчаас авахуулаад алдартан олон бий. Утга зохиолын дээд сургуулийг оройгоор төгссөн. Тэнд олигтой юм сураагүй. Харин намайг багад эмээ маань “Доржзовд”-ыг цээжлүүлсэн байсан. Их сургуульд байхдаа Б.Ринчен багшид 17 хуудсыг нь уншиж өгч төвд хэл дээр онц гарч байлаа.

- Таны олон сайхан дуу бий. Тэднийгээ хааяа аялна биз?

- Тэд яахав. Би дуугаа нэг их тоогоод байдаггүй юм. Хамгийн сайхан нь Дарамзагдтай хийсэн “Монголын сайхан орон” гэж дуу бий. Ардын жүжигчин Жаргалсайхан олонд хүргэсэн юм. Гурван буриадын дуу ч гэж яриад байдаг. Явуухулан багш надад яруу найргийн ур ухаан сургасан. “Монголын сайхан орон” дууг зохиосны дараа багш бид гуравт баяр хүргэж “Та гурвын энэ дуунд төрийн шагнал хүртээх учиртай” гэж магтаж байсан. Энэ дууг л би уран бүтээл гэж хэлээд байгаа юм.

- Будан татаад униартсан Буурал хангайн сайхныг хө… гэх зэрэг олон дууг чинь өнөөдөр хүртэл дуулж байна шүү дээ. Бахархдаг биз дээ?

- Бүх насаараа юм бичсэн хүнд халтар мултар хэдэн дуу бий л байх. Хэнд ч л байдаг дуунууд. Анх 1949 онд,

Байгалийн сайхан цэцгүүд дороос

Бадран байдаг улаалзай

Байгаа тивийн орон дотроос

Баясгалантай даа миний Балж … гээд “Улаалзай” дуугаа бичиж байлаа. Дарамзагдтай “Улаалзай” , “Ятгын эгшиг”, Гончигсумлаатай “Жороогийн жороо”, Мяасүрэнтэй “Хангайн дуу” гээд ер нь Л.Мөрдоржоос бусадтай нь дуу хийсэн байдаг. Тэр нэг жил ногооны хоёрдугаар анги дээр зохиолчид газар ухаж байтал хальсан цувтай нэг нөхөр ирээд “Та эх орны тухай дууны үг бичээд өг” гээд салдаггүй. Буцаж явахдаа “ГАЗ-51”-ийн тэвшин дээр хэдэн мөр таталж өгсөн юм. Хожим их алдаршсан “Монголын сайхан орон” шүү дээ.

-Анхны дуу тань “Улаалзай” юу?

-Бараг тийм байх. Анх Ц.Цэдэнжав ах үзчихээд "Энэ юу ч болохгүй" гээд шидчихсэн. Зохиолчдийн хороон дээр очоод өлзий тэмдэгтэй, барзгар хамартай хүн харандаагаар зассанаа “Энэ дуу болно” гэж байна. Тэр барзгар нөхөр Чойжамцын Ойдов гэж хүн байсан.

-Таныг хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гуайтай хамт шоронд байсан гэж ярьдаг, яаж яваад тийшээ орчихсон юм бэ. Зүүнбаянд байсан гэл үү?

-Мордохоос заяатай би

Монгол нефтийн ууган ажилчин

Худлаа гэвэл тэдний намтарт

Хулигаан Цэдэндамбаагийн нэр бий… хэмээн бичиж байсан удаатай.

Зүүнбаянгийн нефтийн үйлдвэрт IV зэрэгтэй өрөмдөгч байсан юм. Сард 680 төгрөг авна. Тэр үед сайдын цалин 550 байлаа. Манай нэг орос мэргэжилтэн том савтай спиртнээс найруулж уудаг байсан. Бид ч ууна. Нэг удаа эзгүйд нь гурван литрийн данхаар аваад хүнд өгчихсөн нөгөө нөхөр чинь хордлого авсан уу нас барчихсан. Би хэрэгт унаж гурван жилийн ял авлаа. Батцагаанд хүргэгдлээ. Зохиолч Ч.Чимид, А.Самбалхүндэв, З.Баттулга нар сууж байна. Ч.Чимид дээшээ харж хэвтээд тамхи баагиулсан шиг “Евгений Онегин”-ийг орчуулж, би хэлсэнийг нь бичиж суудаг байлаа. Жүжигчин С.Гэндэн бас яаж яваад орчихсон юм бүү мэд, сууж байсан. Хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн бас нэг хэрэг тариад сууж байлаа. Хоёр хайнагаар мод цагаалж “Хар ялыг цагаан ажлаар цайруулна” гэж ярьдаг байв. Ер нь шоронд заавал муу хүн ордоггүй юм. Аав алгадаж болно. Гол нь гэмээ ухаарах хэрэгтэй. Саяхан радиогоор “Хэнтийн өндөр ууланд” симфони эгшиглэлээ. Хоёр хайнаг хөтөлсөн Дамдиагийн минь дүр нүдэнд тодроод болдоггүй. Түүнийг дэлхийн хүн болоход хоригдлын муу нэр саад болоогүй ээ. Бид Ардын хувьсгалын 46 жилийн ойгоор өршөөгдсөн юм. Тэр үеийн шорон яах вэ, амралт шиг л байлаа.

- Одоо амьдрал ямархуу байна даа. Танд улсаас газар тариалан эрхэл гэж газар өгсөн гэдэг үнэн үү?

- Худлаа, надад төрөөс өгсөн юм гэвэл тэтгэвэр, шагнал хоёр л байх. Алга дарам газар ч байхгүй. Гэхдээ хүний дор орчихгүй амьдраад л байна. Цагаан сараар ерөнхийлөгч Ц.Элбэгдорж дээр орсон юм. Байр хүссэн бичиг баримтаа өгөөрэй гээд утас бичиж өгсөн. Дараа нь хэд хэд залгасан, авахгүй л байна билээ.

-Танд байр өгөөгүй юм уу?

-Байхгүй ээ. Аль дээр нэг бичиг өгсөн. Арав хорин жил болж байна. Одоо энэ ганц өрөөний мухарт насыг барах юм шиг байна. Эндээсээ л далан давхар явах байх даа. Орж ирсэн хүн бүр энэ жижиг өрөөгөө солиоч гэх юм. Арга ч үгүй биз дээ. Хоёр хүн орж ирэхээр дүүрчихдэг юм. Төр надад байр өгнө гээд 20 жил болж байна.

- Хэдүүлээ амьдарч байна. Үр хүүхэд чинь хаана байдаг вэ?

- Би чинь хоёр хүүхэдтэй, хөдөө байдаг. Одоо хөгшинтэйгөө хоёулаа л амьдарч байна. Хань ижилгүй намайг олон жил зүдэрч явсаныг нөхөд маань мэдэх байх. Энэ хөгшин бид хоёроос хүүхэд гараагүй. Хожуу ч учирсан юм.

- Хүн өтлөхөөр нутгаа, тураг хөгшрөхөөр уулаа гэдэг. Танд ч бас нутаг усаа гэх бодол байдаг л биз дээ?

- Нутгаа их санах юм. Шөнө дөлөөр цагаан идээ бариад хөлс нь цувсан сайхан хөдөөний хүн үүдэнд дээр ирдэг ч ховордлоо. Гэхдээ нутаг усны найзууд ирэхээрээ манайхыг тойрдоггүй юм. Нэг мэдэхэд хонины хөл, сүү барьчихсан “Цэдэндамбаагийнх хэвээрээ биз дээ” гээд зогсч байна. Ононоо бүүр их санах юм. Насны нар хэвийсэн хүн нутгаа санах хэцүү юм. Хусрангийнхаа сүүг ууж, махаа идэж өссөн нутагтаа удахгүй очно доо.

Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ

Буцах