Эх сурвалж: Gogo.mn сайтын 2008-04-03 нийтлэл
-Сүүлийн үед Атрын 3-р аяны тухай яригдах боллоо. Ахмад атарчин Таны санал бодлыг сонсмоор байна.
-Атар газар болбол эх орны хүнсний сан хөмрөгийг баяжуулахаас гадна хүнийг хүмүүжүүлсэн, залуу үеийг ажлын дөртэй болгосон, эх газар маань ямар арвин шимтэй юм, үр тариа, төмс хүнсний ногоо гэдэг ямар их чухал бүтээгдэхүүн байдгийг илт ойлгуулж өгсөн. Үүгээрээ атар эзэмшсэн явдал намын том стратегийн бодлогын биелэлт болсон гэдгийг олон жишээгээр би хэлж чадна. Дээд сургуулийн оюутнууд, ТМС, тусгай мэргэжлийн сургуулийн багш, сурагчид бүгд ургацын талбайд уриа дуудлагаар гарч эх орныхоо элбэг баян намрын ургацыг хураахын төлөө хээрийн фронт шиг шуугиж байх тэр дунд би залуу насныхаа гал халуун өдрүүдийг өнгөрүүлсэн хүн.
1970 он гэхэд манай газар тариалан чинь 1500 трактортай 1500 хөдөө аж ахуйн машин техникийн инженертэй болсон байлаа. Агрономчийн тоо арай гүйцээгүй байх. Хамгийн сүүлд байгуулагдсан аж ахуй нь Хэнтий аймгийн Хурахын сангийн аж ахуй байсан юм . Өмч хувьчлалын үед тараагаад үнсэн товрого болгоод хамаг машинуудаа зараад, хүмүүс нь ч өөр ажил хийгээд зарим нь малчин болоод зарим нь Улаанбаатарт компаниудын үүд хаалга онголзуулан сүүтгэнээд явж байгаатай бишгүй тааралдсан даа. Хоолоо л олж идэх гэж зүтгэж байгаа юм байлгүй дээ.
Улс төрийн товчоо хүртэл бүхлээрээ атарт явж, төмс, тариа хурааж байгаа үтрэм дээгүүр явдаг байлаа. Нөгөө олддоггүй том том дарга нар чинь тэр үтрэм дээр, аль чухал газарт очдог байлаа. Ю.Цэдэнбал дарга хүртэл Угтаалын сангийн аж ахуй дээр комбани өөд шатаар авирч байхад нь комиссар Навааранд хормойноос нь татаж:
-Даргаа даргаа болохгүй, та багтахгүй гэхэд
-Өө энийг ямар янзтай юм байдгийг сууж үзнэ гэж зүтгэж комбаинд орон сууж үзэж байсныг би нүдээр харж явлаа. Намын дарга хүн өөрөө газар тариалангийн талбайд явж, газар тариалангийн бүхий л бэрхшээлийг ингэж биеэр амсаж байсныг мянган тонн шороогоор булавч бултайн гарч ирэх дарагдахгүй үнэн.
Өрөөсөн буландаа нүдтэй өчүүхэн жижиг алтан үрэл гэдэг даян дэлхийг яасан их хооллодог ямар их хүчтэй гэдгийг би бага наснаасаа мэддэг болсон билээ. Би газар тариаланд он удаан жил явж олон хүнтэй танилцсан.
-Тэр тухайгаа хүүрнэхгүй юм уу?
-Дуртайяа дурсан ярих байна. Би тэднийгээ сайн сайхнаар дурсаж явдаг. Жагварал гуай шиг олон сайхан хүн бий. Моломжамц гуай намайг нэг удаа өрөөндөө дуудаж
-За Б.Цэдэндамба чиний нэвтрүүлгийг сонсохтой зэрэг босоод ирмээр санагддаг юм. Манай газар тариаланчид ямар их алтыг ундруулж эх орны хишгийг хөрснөөсөө ургуулж чадав. Бид тэр алтыг нь хадгалж чадахгүйд хүрч байна.
Цэнгэлдэх хүрээлэнгийн хашаанд дүүрэн, гурилын үйлдвэрийн тарианы хашаанд дүүрэн, дээр нь нэмээд Сүхбаатар жанжныхаа төв талбай дээр хүртэл хальтал тариа овоолчихоод сууж байна шүү дээ. Ийм их алтыг манай нийслэлийн тогооч нар, нийтийн хоол, нийт ард түмэн хүлээж авна гэж сэтгэл хөдлөн хэлж байсан удаатай.
Ардчилал гэж гүйдэг энэ Цэдэндамба чинь сүүлдээ МАХН- аа магтаад байх чинь гэж зарим нь хэлэх байх л даа. Магтахаас өөр арга байхгүй. Өнөөдөр "Ардчилсан нам", "Иргэний зориг нам", та нарын эцэг эх, ах дүүс чинь цөм энэ намын гишүүд. Нам гишүүнээрээ дамжуулаад гишүүдийнхээ гараар дааж давшгүй хүндийг өргөж, туулж давшгүй алсыг туулж, ургахын аргагүй талбайгаас үр тариа уудалж төмс хүнсний ногоог бидэнд илгээж байсан юм. Энийг мартахын аргагүй ээ.
-Та тэгвэл атрын 3-р аяныг дэмжиж байгаа юм байна. Тэгж ойлгож болох уу?
-Тэгж ойлгож болно. Б.Цэдэндамба атрын аяныг дэмжихгүй юм бол өөр хэн дэмжих билээ. Саяхан Монгол улсын Ерөнхий сайд С.Баяр Монгол оронд атар газар эзэмших 3 дугаар аян зарлах тухай ярилаа. Би үүнийг сонсоод маш их баярласан. Энэ бол эх орон хүнсний нөөцөөр дутагдаж байгааа үед ухаалаг оновчтой зөв шийдвэр. Хөл доорх газраасаа хүнс, хүнсний бүтээгдэхүүн арвин ихээр уудалж авна. Энэ санаа бол эрүүл саруулаас гадна асар хол стратегийн бодлогыг хэрэгжүүлэх урт настай маш том хөтөлбөр. Ингэж л сайн ойлгох хэрэгтэй байгаа юм. Энд тэнд явж байхад хүмүүс асуух юм. Манай орон чинь газар тариалангийн орон мөн үү, биш үү гэж. Жаахан будаа тарьдаг, бага зэрэг төмс байцаахан ургуулдаг. Өөр гийгүүлээд байгаа юм байхгүй. Хавар болоход үр байхгүй гэдэг. Ургуулсан тариагаа өөрсдөө идчихдэг. Тэрүүгээрээ жаахан гурил хийдэг. Эндээс харахд газар тариалан нь хөгждөггүй нэг л байрандаа байгаад байдаг. Яагаад ийм болов оо. Га гэдэг маань 10 мянган шо метр талбай шүү дээ. 1 талбайд 180 ширхэг үр ордог. Тэрнээс бид юу хожиж байна. б-7-хон төгрөг. Гэтэл хөгжингүй орнууд шо метрээс 1800-1900 доллар ургуулан авч байна.
Яагаад энэ вэ? Тэдний газар гэхээр тийм баян, манай газар гэхээр ийм хуурай хувхай газар юм уу? Ийм газар дээр бид амьдарч байгаа хэрэг үү? Үгүй юм, нөхөд минь. Монгол орны газар бол дээд зэргийн эрүүл саруул, үүх түүхээс эхлээд хөндөгдөөгүй, маш сайхан эрдэсийн газар шороо шүү дээ. Яагаад ийм бага ашиг орлого олж байна вэ гэхээр үүний хариуг би хэлээдхэе. Бид өөрсдөө дэлхийн зах зээл, газар тариалангийн соёлоос 32 дахин хоцрогдсон байна. Тариалангийн орноос 32 дахин доогуур явж байна.
Энийг сайн ойлгох хэрэгтэй. Ийм учраас Засгийн газрын Ерөнхий сайд Атрын 3 дугаар аян гэдгийг зарлахаас өөр арга байхгүй. Энэ бол түүхэн том шинэчлэл мөн. Атрын 3 дугаар аян гэдэг мянганы замтай адилхан жин тэнцэхүйц, сэтгэл баясгасан сайхан хөтөлбөр нэмэгдлээ. Өөрөөр хэлбэл бид хоёр гартай боллоо. Хоёр гараар хөгжил дэвшилд хүрэх нөхцөл бүрдлээ.
Э.Туяацэцэг
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ