Эх сурвалж: Eagle.mn сайтын 2022-11-26 өдрийн нийтлэл


Хөдөлмөрийн баатар, “Чингис хаан” одонт, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шаравын мэндэлсний 70 жилийн ой, алдарт "Сэрсэн тал" удиртгал хөгжмийн 38 жилийн ойд зориулан Үндэсний урлагийн их театраас “Сэрсэн тал-38 жил” тоглолтыг Улс тунхагласан өдөр буюу энэ сарын 26-нд толилуулах гэж байна. Энэхүү тоглолттой холбогдуулан “Сэрсэн тал” удиртгалын 30 жилийн ойн үеэр нэрт хөгжмийн зохиолч Б.Шарав агсантай тус уран бүтээлийн талаар 2014 онд ярилцсанаа хүргэе.

-Энэ жил “Сэрсэн  тал” удиртгалын 30 жилийн ой  тохиож байна. Бүтсэн түүхээс нь яриагаа эхлэх үү?

-1984 онд Улс тунхагласны 60 жилийн ой тохиож үүнд зориулан маш том тоглолт хийхээр болсон. Энэ тоглолтод ардын найрал хөгжимд зориулсан бүтээл хий гэсэн даалгаврын дагуу “Сэрсэн тал”-ыг зохиосон юм. “Сэрсэн тал” миний үндэсний их найралд зориулсан анхны бүтээл. Энэ бүтээлийг ҮДБЭЧ-ын уран бүтээлчид 30 жил тоглож, мөн Морин хуурын чуулга байгуулагдсан цагаасаа эхлэн эгшиглүүлж байна.

-Их хурдан бүтсэн удиртгалуудын нэг гэж сонссон?

-Зохиохдоо би нэг их зовоогүй. Хурдан зохиосон санагддаг юм. “Сэрсэн тал”-ыг бичих гээд удаан суугаад зовж байсан юм санаанд байдаггүй.

-Таны бүтээлүүдийг гаднын 40 гаруй улсад тоглосон гэдэг. “Сэрсэн тал” удиртгалыг хэдэн оронд тоглосон бэ?

-“Сэрсэн тал” удиртгалын хувьд их олон газар тоглогддог онцлогтой. Москвагийн их театрын тайзан дээр манай үндэсний их найрал хөгжим хоёр удаа тоглосон байх жишээтэй. Үндэсний их найрал маань хаа явсан газраа тоглодог гэхээр нэлээд улсад тоглосон байх. Морин хуурын чуулга гэхэд Парист байдаг ЮНЕСКО-ийн танхим, Нью-Йоркт байдаг НҮБ-ынтанхим зэрэг нэр хүндтэй томоохон газарт тоглосон байдаг юм.

-“Сэрсэн тал” таны Төрийн шагнал хүртсэн бүтээлд багтдаг уу?

-Хүмүүс харин тэгж боддог юм. Гэхдээ би “Сэрсэн тал”-аар Төрийн шагнал хүртээгүй. “Замбуу тивийн наран” магтуу, “Хоёрдугаар симфони”-оороо хүртсэн юм. 1987 онд манайд Азийн хөгжмийн симпозиум болоход дэлхийн хөгжмийн байгууллагын ерөнхийлөгч Тран Ван Хэ гэж хүн шалгаруулалт хийсэн юм. Энэ шалгаруулалтаар миний  “Замбуу тивийн наран” бүтээл Азийн хөгжмийн шилдэг бүтээл болж, “ЮНЕСКО-гийн дэргэдэх Дэлхийн хөгжмийн фондод багтсан түүхтэй. Харин “Хоёрдугаар симфони” маань 1987 онд Ленинградад болсон урлагийн том наадмын хөтөлбөрт багтаж байлаа.

-Үндэсний их найралд зориулсан анхны бүтээлээ туурвихад танд сэдэл өгсөн зүйл юу байв?

-Би бага насаа хөдөө өнгөрөөсөн малчны хүүхэд. Наадмын морь, монгол ахуйг багадаа мэдэрч өссөн сэтгэгдэл маань “Сэрсэн тал”-ыг бичүүлсэн хэрэг гэж боддог. Миний багадаа өнгөрүүлсэн монгол ахуйтай шууд холбоотой гэж хэлэх дуртай.

-Сэдэл өгсөн зүйлийн нэг нь яалт ч үгүй сумын наадам юм шиг санагдлаа. Та хэзээ хамгийн сүүлд сумын наадам үзсэн бэ?

-Өнгөрсөн жил үзлээ. Миний төрж өссөн Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын 90 жилийн ой тохиож сумандаа наадамласан. Өдий хүртэл наслахдаа багадаа үзсэн сумын наадмыг гүйцэх сайхан наадам үзсэнгүй. Хачин гоё байдагсан. Яагаад гоё гэхээр бүх морь, хүнээ таньдаг. Өөрөө тэр хүмүүстэй ах дүү, танил талын  холбоотой байдаг учраас сумын наадам шиг сайхан юм энэ насандаа үзээгүй гэж хэлдэг юм л даа.

-Энэ бүтээлийг хамгийн анх хаана тоглож байсан юм бол. Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад уу?

-1984 оны арван нэгдүгээрсарын 24-нд Үйлдвэрчний соёлын төв ордонд тоглож байсан. Төрийн их найрал хөгжим дээр Улаанбаатар хотын үндэсний хөгжимтэй бүх л газраас хөгжимчид нэмж 150 хүний бүрэлдэхүүнтэй тоглож байлаа. Алдарт төрийн шагналт, нэрт удирдаач Ж.Чулуун гуай анх удирдаж байсан юм.

-“Сэрсэн тал”-аас хойш Үндэсний их найрал хөгжимд зориулж хэр олон бүтээл хийсэн бэ?

-Миний хувьд найрал хөгжимд зориулан олон бүтээл хийсэн. Гэхдээ үндэсний найрал хөгжимд зориулж цөөхнийг бичсэн байна. “Алтан ураг” бүжгэн жүжиг  гэх мэт бий л дээ. 11 удиртгал бичсэнээс одоо болох тоглолтод гурвыг нь тоглох юм. “Сэрсэн тал”-аас гадна “Тэнгэрийн орон”, сүүлд бичсэн “Монгол орон бадартугай” удиртгалыг тоглоно.

-Одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?

-Өвөрмонголын “Үхэрт хүйтэн” уран сайхны киноны хөгжим дээр ажиллаж байна. Өчигдөр бичлэгтээ оров уу даа. Ховд нутгийн тухай нэг сайхан дууны ая бичлээ. Ер нь ойрын үед нэлээд дуу хийж байна.

Н.Буянбаатар: Энэ удиртгалыг зохиосон цагаас одоог хүртэл 30 жил засваргүй тоглосон нь гайхалтай

“Сэрсэн тал” удиртгалын 30 жилийн ойд зориулж, тус бүтээлийг хамгийн олон удаа удирдсан Үндэсний урлагийн их театрын ерөнхий удирдаач, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Буянбаатартай ярилцсанаа мөн хүргэж байна.

-Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн найрал хөгжим үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ хүрээнд ҮДБЭЧ “Сэрсэн тал 30 жил” тоглолтыг тайзнаа амилуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар ярилцлагаа эхэлье?

-90 жилийн ойн хүрээнд УДБЭТ-ын симфони найрал хөгжим, Улсын филармоний симфони найрал, манай үндэсний их найрал хөгжим тоглолт хийж байгаа. УДБЭТ залуу уран бүтээлчдийнхээ тоглолтыг өнгөрсөн ням гарагт толилуулснаар тоглолт эхэлсэн. Манай чуулгын хувьд энэ сарын 13-нд “Сэрсэн тал 30 жил” тоглолтоо хүргэх гэж байна. Тоглолтоор Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Шаравын үндэсний их найрал хөгжимд зориулсан хөгжмийн бүтээлүүд болон олонд түгсэн, мэргэжлийн төвшинд дуулдаг“Аав ээж хоёр минь”, “Монголын тал нутаг”, “Хааны титэм шиг Отгонтэнгэр” гэх мэт олон сайхан дуунуудаас толилуулна. Мөн 1996 онд тайзнаа тавьсан “Алтан ураг” бүжгэн жүжгийн хэсгээс тоглох юм. Үндсэндээ Б.Шарав багшийн дуу, бүжиг, хөгжмийн бүтээлүүдийг бүгдийг нь шингээсэн тоглолт болно.

-Үндэсний их баяр наадмыг“Сэрсэн тал”-гүйгээр төсөөлөхийн аргагүй.  Энэ удиртгалыг хэдэн оноос эхлэн наадамд тоглосон юм бол?

-Зохиогдсон жилээс нь эхлэн өдийг хүртэл тоглож байна. Анх удаа гадаадад 1986 оны долоодугаар сард соёлын өдрүүдөөр ОХУ-ын алдарт “Большой театр"-т тоглож байсан юм. Түүнээс хойш маш олон жил тоглолоо. Өнгөрсөн онд л гэхэд Өвөрмонголын өөртөө засах орны Хөх хотын Улаан театрт тоглосон. 

-ҮДБЭЧ гадаад руу тоглолтоор нэлээд явдаг. Гадаадад тоглож байгаа тоглолтын хөтөлбөрт “Сэрсэн тал” байнга багтдаг байх?

-Найрал хөгжмийн томоохон бүрэлдэхүүн явсан үед тоглоно л доо. Зун манайх жуулчдад зориулан 100-110 хоног тоглолт хийдэг. Энэ жил гэхэд зургадугаар сарын 15-нд нээлтээ хийгээд есдүгээр сарын 25-ныг хүртэл 102 удаагийн тоглолт хийхэд 70-80 хувьд нь “Сэрсэн тал” бүтээлийг тоглосон. Ер нь “Сэрсэн тал”-ыг жилдээ дунджаар 80-90 удаа тоглодог. Үүнийг 30 жилээр үржүүлэхэд нэлээд тоо гарна. Дээрээс нь гадаадад тоглосныг тооцоод, “Морин хуур” чуулгын тоглосныг нэмэх юм бол хэчнээн мянга ч гарах юм бэ дээ.

-Гаднын жуулчид “Сэрсэн тал”-ыг хэр хүлээж авдаг вэ?

-“Сэрсэн тал”-ыг маш өндөр хүлээж авдаг. Гаднын жуулчид ер нь Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг өндрөөр үнэлдэг. Энэ юунд байна гэхээр Монголын хөгжмийн зохиолчид өөрийн үндэстнийхээ хэмнэл аялгуунд тулгуурлаад Европын хөгжмийн ололттой талыг тусгадаг. Яагаад гэхээр манай хөгжмийн зохиолчид Европын хөгжмийн боловсролыг өндөр эзэмшсэн хүмүүс байдаг. Монголын хөгжмийн зохиолчид хаанаас ч ирсэн хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрч чадсан бүтээлүүд туурвисан байдаг.

-Таны хувьд “Сэрсэн тал” удиртгалыг хэд дэх жилдээ удирдаж байна вэ?

-1987 оноос гэхээр бараг30 жил хамт явна. Б.Шарав багш “Сэрсэн тал” бүтээлээ маш сайн судалгаатай, үндэсний хөгжмөө сайн судалсны үндсэн дээр бүтээжээ гэж боддог. Энэ удиртгалыг зохиосон цагаас одоог хүртэл 30 жил засваргүй тоглосон нь гайхалтай. Яг л тэр чигээр нь одоог хүртэл тоглож байгаа. Зарим хөгжмийн зохиолчийн бүтээл үндэсний хөгжмийн зэмсгээ бага судалснаас үүдээд засвар хийх тохиолдол байдаг. 32 насандаа зохиосон гэхэд ямар сайн судалгаатай бичсэн юм бэ гэж боддог шүү.

-Б.Шарав гуайн бүтээлүүдэд  бусад хөгжмийн зохиолчоос илүүтэй монгол ахуй шингэсэн юм шиг санагддаг?

-Монгол хүний эрэмгий байдал, хүсэл тэмүүлэл Б.Шарав багшийн бүтээлд нь байдаг. Ер нь Б.Шарав гуайн бүтээл гэлтгүй Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлүүдийг харахад хэмнэлээс нь морь, аялгуунаас нь уртын дуу харагддаг юм. Монгол хүн, монгол ахуй, хөрсөнд төрсөн учраас хөгжмийн бүтээл болгонд заавал ч үгүй “монгол” байдаг. Б.Шарав багшийн хоёрдугаар симфони гэхэд уртын дуугаа оруулсан нь их өвөрмөц сонсогддог. Үүгээр бид бахархахгүй байхын аргагүй.

Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ

Буцах