Эх сурвалж: Time.mn сайтын 2017.9.18-ны өдрийн нийтлэл


Ардын хувьсгалын анхны долоон удирдагчийн нэг Дарьзавын Лосолын хүү Д.Өлзийхишиг өдгөө 81 нас сүүдэр зооглож явна. Монгол улсын гавьяат барилгачин, архитектор эл хүндтэй буурайг сэтгүүлийнхээ хойморт урилаа. Тэрбээр Улаанбаатарын унаган хүүхэд бөгөөд бага балчир насандаа Баянзүрх дүүргийн V хороо буюу Чийдэн хороонд амьдардаг байжээ.


“БАР ЖИЛ ГОЁ ЮМ БАЙНА” гээд л барыг сонгочихсон

Уг нь би хулгана жилтэй, 1936 онд төрсөн юм билээ. Тэгтэл иргэний үнэмлэх дээр 1938 оных гэж явдаг. 2015 онд Улсын прокуророос надад “Эцгийн чинь тухай материал” гээд өгсөн юм. Түүн дээр, эцэг байцаагдахдаа “Засгийн газрын гишүүн. Эхнэр Даваажав 43 настай, хүү Өлзий гурван настай” гэж мэдүүлсэн байсан. Аав маань 1939 онд баривчлагдсан гэхээр би 1936 оных болж таарч байгаа юм. Тэгж би мэдэж авсан юм. Миний үеийнхэн чинь төрсөн оноо мэдэхгүй шүү дээ, эцэг эх нь ч мэдэхгүй. Эхээсээ “Би хэдэн онд төрсөн юм бэ?” гэхэд “За байз, хулгана, үхэр, бар жилийн алинд төрсөн билээ” гээд л бодно. Тэгж тэгж “Ямар ч гэсэн намрын адаг сард төрсөн” гэж байгаа юм. Би сургуульд орох гэж байсан юм, тэгээд “За хулгана жил муухай юм байна, үхэр бүр ч муухай юм, бар арай гоё юм” гээд барыг нь сонгоод л 1938 оных болчихсон. Намайг 1946 онд сургуульд орох гэсэн чинь хувьсгалын эсэргүүгийн хүүхэд овгоо солихгүй бол авахгүй байх гэцгээгээд. Тэгээд нэг жил өнжөөд ээжээрээ овоглоод, үндсэндээ бол 11-тэйдээ нэгдүгээр ангид орж дээ.

Миний эцэг Ардын хувьсгалын анхны долоон удирдагчийн нэг

Би айлын өргөмөл хүүхэд. Нарийн яривал Магсар хурцын удам. Магсар хурц хоёр хүүтэй байсан, том нь дууч хуурч Дугаржав, бага нь Наваандоо. Тэр Наваандоо гэдэг чинь миний төрсөн эцэг, харин төрсөн эх маань Жавзмаа гэж хүн байж. 

Аав, ээж 1922 он, Москва


Харин өргөж авсан ээж маань намайг өөрөөс нь төрөөгүйг мэдчих юм бол урвачихна гэж айдаг байж. Тэгээд энэ талаар ерөөсөө ам нээдэггүй байсан. Би бүр 10 дугаар анги төгссөн хойноо л өргөмөл гэдгээ мэдсэн. Бас, эсэргүүгийн хүүхэд гэж ярьдаг тухай сураг сонсогддог учраас би удам судрынхаа талаар сонирхдоггүй, “Миний эцэг Ардын хувьсгалын анхны долоон удирдагчийн нэг” гэж огт ярихгүй байсаар өнөөдрийг хүрлээ. 

1990 он гарснаас хойш л янз бүрийн хүмүүс утасдаад “Та чинь Лосол гуайн хүү юм байна, таны тухай бичье, танай гэр хаана вэ, танайд эцэг эхээс тань үлдсэн юм бий юу, та хураалгасан юмнуудаа мэдэх үү, авах гэж байна уу?” гэж элдвийн юм шалгаагаад, яршигтай, дарамттай байх болсон. “Би мэдэхгүй, та нар өөрсдөө сонирхож байгаа бол тэр архиваас олж үзээрэй” гэж би хэлдэг байсан.

Миний ижий Ленинтэй биечлэн уулзсан монгол эмэгтэй

Сэлэнгийн Алтанбулаг дахь Хувьсгалын музейд муутуу цаасан дээр аяга хөмөрч тавиад, амсрыг нь тойруулаад хүмүүс нарны цацраг шигээр гарын үсгээ зурсан заргын бичиг байдаг. Энэ бол ноёноо эсэргүүцсэн бичиг юм. Тухайн үед ардууд заргын бичиг үйлдэхдээ хэн нь толгойлогч вэ гэдгийг мэдэгдэхгүйн тулд гарын үсгээ дээрээс доош жагсаах биш, аяганы амсар тойруулж зурах аргыг хэрэглэдэг байжээ. Тэр бичгийг үйлдэхэд миний ижий оролцож, Даваажав гээд гарын үсгээ зурсныг музейн тайлбарлагч надад бүр сүүлд үзүүлсэн юм. 

Үүнтэй холбоотойгоор, ээжийнхээ ярианаас сонссон зарим зүйлийг сонирхуулъя. Хошуу ноён нь хэрцгий догшноороо алдартай, ард олноо дарладаг нэгэн байж. Тэр хүн ижийг бага хатнаа болгож аваачжээ. Тэгтэл ээжийг нэг залуу оргуулж, өдөрт нь уул хаданд нуугдсаар, шөнө нь давхисаар Нийслэл хүрээнд ирсэн гэнэ. Харамсалтай нь, ноёны хүмүүс залууг барьж аваад хатан оргуулсан гэж тамласан, тэгээд шархаа даалгүй нас барсан гэнэ билээ. Энэ мэт явдлуудаас болоод нутгийн ардууд тэр заргын бичгийг хийгээд, Нийслэл хүрээ рүү илгээжээ. Тэгээд Богдын засгийн үед тэр ноёныг суудлаас нь зайлуулсан гэдэг шүү. 

ОУ-ын эмэгтэйчүүдийн чуулга уулзалт 1964 он


Аав ээж хоёрын танилцсан түүх бас сонин. 1921 онд Ардын хувьсгал ялаад монгол цэргүүд долдугаар сарын 6-нд Нийслэл хүрээнд орж ирж Сүхбаатарын талбай орчимд цуглаан зохион байгуулж л дээ. Тэр цуглааныг тараад ээж маань дүүтэйгээ хамт Амгалан руу алхжээ. Тэгтэл араас нь морьтой хэдэн хүн дагаад байсан гэсэн. Тэдний нэг нь аав байж. Тэгж л танилцсан гэж ээж маань ярьдаг байсан юм. Ээж Амгаланбаатарт өссөн хүн. Сүхбаатарын талбайгаас Амгалан хүртэл дагаж явсан гэхээр нэлээд хол дагаж дээ. 

Ээж маань 1922 онд эцэгтэй хамт Москва руу амрахаар явсан байдаг. Тэнд гудамжинд хальтирч ойчоод нуруугаа гэмтээсэн. Тэгээд ЗХУ-д ч эмчлүүлсэн, энд ирсэн хойно нь Шастин эмч биечлэн эмчилж байсан гэдэг. Одоо Шастины нэрэмжит III эмнэлэг гэж байдаг шүү дээ. 

Тэр ондоо ээж Москвад болсон Алс дорнодын олон улсын ардын төлөөлөгчдийн анхдугаар их хуралд зохиолч С.Буяннэмэхийн хамт Залуучуудын төлөөлөгчөөр оролцож, Оросын хувьсгалын удирдагч В.И.Ленинтэй уулзсан тухай баримт байдаг юм.

Ээж маань Ленинтэй биечлэн уулзсан анхны монгол эмэгтэй гэдэг юм. Ээж маань хөгжимчин хүн байсан юм билээ. Бөмбөгөр ногоон театрт ажилладаг, БНМАУ-ын анхны алдарт гавьяат хөгжимчин Дашдэлэгтэй хамт шанз тоглодог байсан гэдэг. Тэгтэл Х.Чойбалсан загнаад “Чи ийм том хүний эхнэр байж театрт ажиллаж яадаг юм” гээд ажлаас нь гаргуулсан гэсэн. 

Сүүлд аав хилс хэрэгт орж, эсэргүүгийн эхнэр гэдэг утгаар ээж маань 1954 он хүртэл сонгох, сонгогдох эрхгүй явсан даа. 

1967 оны дөрөвдүгээр сарын 22-нд байх аа, В.И.Ленинтэй уулзсан гээд Пионерийн ордон дээр ээж пеонеруудтай уулзаж байгаад, уулзалтан дээрээ цус харваад өөд болсон доо. 

Эхийг нас барахад манайхаар баахан л хүмүүс ирсэн. Тэр үеэр аав ээж хоёрын зураг алга болчихсон юм. Сүүлд, 1980-аад онд Намын төв хорооноос хүн дуудаад тэр зургийг надад өгсөн. Оршуулгын үеэр олон хүн орж гарч байсан, тэдний нэг нь тэр зургийг гэрээс аваад амжсан л байгаа юм даа. Тэгээд Намын төв хороонд аваачаад өгчихсөн байгаа юм, их сонин шүү.

Миний бага нас 

Би Улаанбаатарын унаган хүүхэд. Манайх Баянзүрх дүүргийн V хороо буюу Чийдэн хороонд харьяалагддаг байсан. Хойд талд нь дэнж дээр нарийн төмөр зам байсан. Одоогийн Замын цагдаагийн хойно, I төрөхийн хавьд л байх. Тэр үед хот нэлэнхүйдээ гэр хороолол байсан. Манайх хашаанд, гэрт амьдардаг байсан. Эцэг маань Сангийн яамны сайд, Намын хянан шалгах хорооны дарга, МҮЭ-ийн төв зөвлөлийн дарга, Улсын банкны орлогч дарга, Улсын бага хурлын дэд дарга байсан хүн. 

Эцгийг баривчлагдсаны дараа ээж хамаг гэр орноо хураалгасан юм билээ. Үлдсэн юм гэвэл хоёр ширхэг зандан ширээ, аяны жижиг сүх, нэг төмөр ор. Ингээд ээж төрсөн дүү Ламжавыгаа бараадаж, хашаанд нь амьдрах болсон. Тэднийх одоогийн Засгийн газрын ордны ард, Бөмбөгөр театрын ойролцоо байсан юм. 

1943 онд юм уу даа, нэг хүн ээжтэй танилцсан юм билээ. Лувсангончиг гэдэг, артельд ажилладаг, мөнгөний дархан, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын хүн. Тэр хүнтэй хамт амьдрахаар бид Чингэлтэй дүүрэгт, Бороогийн 15 дугаар гудамжинд, 3 номерийн хашаанд нүүж ирсэн. Манай ойролцоо Одон хорооны агуулах бааз байсан, өвөл зунгүй тэрнийг цэргүүд манана. Шөнө дундын үед агуулахын манаач тас тас хийтэл буудах бүрт айж цочсоор нуруу хөлөрч, нов нойтон хонодог байсан. Түүнээс болоод би ээрүү болсон хүн дээ. Одоо ч гэсэн их цочимхой шүү дээ. 

Тэр үе надад зүүд шиг л санагддаг. Манай хашаанд нэг дүнзэн байшин байсан, байшин дотор ханз, ханзан доор баахан бурхан овоолоостой, би түүгээр нь тоглоод загнуулдаг байсан. Лувсангончигийг би ах гэдэг байсан юм. Ээж түүнтэй хамт нэг их удаан амьдраагүй ээ. Тэр хүнтэй Дамбадаржаа гэдэг лам их үерхдэг, шөнө болохоор л хамтдаа алга болчихдог байсан. Тэгээд хэдийд ч юм ирсэн л байдаг. Ээж хэлдэг байсан юм, “Энэ ах чинь ч жир хүн биш дээ” гэж. Сүүлд мэдсэн чинь НАХЯ-нд ажилладаг хүн байсан юм билээ. Одоо бодоход, шөнө дундын үед явж хүмүүсийг баривчилдаг байсан байх.

Дамбадаржаа нь их том лам байсан бололтой, сүүлд Ганданд суудаг байсан гэсэн. Лувсангончиг намайг сургуульд орох үед яваад өгсөн. Ээж бид хоёр тэр хүний үлдээсэн хашаанд, гэрт амьдарсан. Дүнзэн байшин нь яасныг мэдэхгүй, алга болчихсон байсан. 

Ээж бид хоёр

Ээжтэйгээ хамт 1940 он


Лувсангончиг мөнгөний дархан байсан гэж дээр хэлсэн дээ. Тэр хүн надад багажаа орхиод явсан юм, тэр нь их хэрэг болсон. Одоо надад нэг дөш, нэг алх нь л үлдсэн. Ээж маань гарын ур дүй сайтай байсан, би ч гэсэн. Багадаа би гуулин ээмэг, бөгж, хөнгөн цагааныг давтаж хоолны шанага, халбага хийдэг байлаа, сүүлдээ ур чадвар минь нэмэгдээд шатар ч сийлж үзсэн. Бас хагархай шил хайлуулж ээмэг, бөгж хийнэ. Ээмэг бөгжнийхөө хэвийг ч хавтгай төмрөөр өөрөө л хийнэ. Ээжтэйгээ хамт хүүхдийн бойтог, бээлий оёно, зүү ороож даалин, хавтага шаглана. Тэгээд ижийтэйгээ бүтэн сайнд зах гарч, хийсэн юмнуудаа багахан мөнгөөр зарж амьжиргаандаа нэмэрлэдэг байсан. 

Ээж бид хоёрыг тэжээж байсан ганц хүн бол Амгалан эгч юм. Түүний нөхөр Нанзад НАХЯ-нд ажилладаг байсан учраас тэднийх тусгай хангамжтай, картаар бараа авдаг, тэгээд л ижий бид хоёрт хоолны мах, гурил залгуулдаг байсан юм билээ. Амгалан эгч бид хоёр хоёулаа Лосол гэдэг хүний өргөмөл хүүхдүүд. 1922 онд төрсөн гэдэг байх, надаас олон эгч. Энэ эгчийнхээ буянаар л бид хоёр амьдарч байсан. Намайг дунд сургуульд байхад Амгалан эгч “Дүүгээ одоо жолооч болгоё. Хоолныхоо мөнгийг залгуулаг” гэхэд нь ижий “Үгүй ээ. Би хүүгээ заавал аравдугаар анги төгсгөөд хойшоо сургуульд явуулна” гэдэг байсан. Тэгээд зүтгэсээр байгаад Москва явуулсан хүн дээ. Намайг хойно долоон жил болоход хөөрхий минь яаж амьдарч байсан юм, бүү мэд. Миний өдий зэрэгтэй амьдарч байгаа чинь ижийн минь л буян.

Зүтгэж босгосон амьдрал

Залуугийн зураг 1964 он, Москва


Би I сургуулийг 1957 онд төгссөн. Тэр үед онц, сайн төгссөн хүүхдүүд гадаадын хуваарь авч, дунд сурсанууд нь дотооддоо үлддэг байсан юм. Би сайн төгссөн. Ингээд Намын төв хороон дээр очиж мэргэжлээ сонгох боллоо. Хөдөө хээр тэнэх дуртай учраас геологич болъё гэтэл хуваарь нь дууссан байв. Биеийн тамирын сургууль бас байсангүй. 

-Тэгвэл өөр ямар сургууль байна?
-Уран барилгын дээд сургууль байна.
-Тэр нь ямар сургууль байдаг юм?
-Байшингийн хээ хуар хийдэг хүн болно.
-Болж байна, харин би тэр алтан Москва руу чинь л явна шүү.

Тэр үеийн хүмүүс “Алтан Москва” гэж шагшдаг байсан учраас би ч бас тийш л очихыг мөрөөдөж явсан юм. Тэгэхэд Герман, Чехийн хуваарь бас байсан. Ингээд намар нь Москва явлаа. Монголд хамт тоглож өссөн, дээд ангийн найз нар тэнд угтав. Тэд “За Өлзий манай сургуульд очно шүү” гээд, би ч “Өө тэгэлгүй яах вэ” гээд л. Гэтэл тэд намайг Москвагийн Барилгын институт /Куйбышивийн нэрэмжит МИСИ/-ын сантехникийн инженерийн ангид бүртгүүлчихэж.

Нэг жил хэлний бэлтгэлд суугаад хавар нь Чойжилжав /хожмын Төрийн шагналт, Гавьяат барилгачин/-тай тааралдахад тэр надад өөрийнхөө зурсан гоё гоё зургуудыг үзүүлээд “Чи чинь надтай хамт хуваарилагдсан хэрнээ яагаад өөр тийшээ явчихав?” гэв. “Харин би юугаа ч мэдэхгүй бужигнаж байгаад өөр хуваарь авчихжээ. Одоо хуваариа солимоор байна” гэлээ. Тэгээд зуны амралтаараа Монголд ирээд Ардын боловсролын яаман дээр ч очлоо, Улсын барилга зургийн төвийн институт дээр ч очлоо, зөвшөөрдөггүй. Аргагүйн эрхэнд намар нь сантехникийн инженерийн ангидаа орсон чинь зааж байгааг нь ч ойлгодоггүй, ямар ч сонирхол төрдөггүй. Тэгээд есдүгээр сарын дундуур Элчин сайдын яаманд сургуулиа солиулах өргөдөл өгчихөөд, хичээлдээ ч суухаа больсон. Багаасаа уран зураг сонирхдог байсан болохоор зургийн хичээлдээ л очиж сууна. Байсхийгээд л Элчин орно, гэвч хариу ирдэггүй ээ. Ингэсээр 11 дүгээр сар дундаа орлоо. За 11 дүгээр сарын 20-нд зургийн хичээлдээ сүүлчийн удаа суугаад, жилийн чөлөө аваад нутаг буцъя гэж шийдэв. Яг тэр өдөр сургуулийн декан дээр дуудагдав. Манай ангийнхан “За чи ч өнгөрсөөн, сургуулиас хөөгдөх нь” гэцгээгээд. Декан дээр ортол “Москвагийн Архитектурын институтад таныг өнөөдрөөс эхлэн шилжүүллээ” гэсэн. Бөөн баяр. Шууд такси бариад Архитектурын институт дээр очлоо. Мундаг хүлээж авч байна, “РСФСР-ийн Боловсролын яамнаас таныг энэ сургуульд ав гэсэн” гээд. Сургуулиа танилцуулаад “Манайд гурван факультет байдаг, иргэний барилгын, үйлдвэрийн барилгын, хот төлөвлөлтийнх гэж. Алинд нь орох вэ? Иргэний барилга дээр Монголоос ирсэн хоёр хүн байгаа” гэхээр нь “Өө тэнд нь оръё” л гэсэн. Тэгээд Г.Батбаяр, Ч.Дагшигдорж хоёрынхоо ангид орж, тэдэнтэйгээ зургаан жил хамт суралцсан даа. Өмнөх нэг жилийн хэлний бэлтгэлтэйгээ нийлээд би чинь хойно долоон жил суралцаад, 1964 онд сургуулиа төгсөж ирсэн. Ирснээсээ хойш мэргэжлээрээ ажилласаар, одоо тэтгэвэрт сууж байна даа.

Гэр хорооллоос орон сууцанд... 

Намайг төгсөж ирэхийн өмнөхөн ээж 40 мянгатын VI байранд нүүж орсон байсан. Эцэг 1962 онд цагаатгагдсан тул ээжид улсаас нэг өрөө байр өгсөн юм билээ. Урт цагааны урд, Улсын их дэлгүүрийн ард, Нийслэлийн прокурорын газар гээд нэг давхар байшингийн хажууд. Эндхийн V байранд Жамбын Батмөнх гуайнх байсан. 1967 онд охин маань төрсөн. Би 1972 онд нөхцөл сайжруулах гэдэг утгаар байраа томсгох хүсэлт гаргаад, тэр байраа өөрийн ажиллаж байсан Улсын барилга зургийн төвийн институтэд өгөөд, 19 дүгээр хорооллын 28 дугаар байрны хоёр өрөө орон сууцаар сольсон юм. Институтэд тэгэхэд байр хуваарилагдсан байсан юм. Энэ байрандаа 45 жил амьдарч байна. Манайх ганц охинтой. Ганц охиноос хоёр хүү төрсөн. Хоёр зээ маань хоёулаа гэрлэчихсэн. Би гурван гучтай. Бид энэ байрандаа заримдаа арвуулаа амьдарна. Хүүхдүүд маань зарим үед шалан дээр унтана. 

Би чинь уг нь Монгол улсын Гавьяат барилгачин, Ардын хувьсгалын анхны долоон удирдагчийн нэгийнх нь хүүхэд. Тэгээд аль нэг хүүхдэдээ ганц өрөө байр аваад өгчих юмсан гэж олон жил хөөцөлдлөө, бүтсэнгүй дээ. Одоо ч би хэчнээнхэн наслах вэ. 

Миний хань 

Эхнэртэйгээ гэрлэсэн өдөр 1964 он VI сарын 20


Миний ханийг Валентина Сергеевна Даваажав гэдэг. 1963 оны Октъябрын баяраар эхнэртэйгээ танилцаад, 1964 оны зургадугаар сарын 20-нд, диплом хамгаалахаасаа хоёр хоногийн өмнө ойр дотны цөөн хүмүүсийн хүрээнд хуримаа хийсэн. Эхнэр маань эхтэйгээ, ахтайгаа гурвуулхнаа тарчигдуу амьдралтай, би өөрөө эхтэйгээ хоёулхнаа, бас ядуу. Ингэж л хоёр ядуу нийлсэн юм. Эхнэр маань испани оросын хурлийз, 1940 онд төрсөн, Анагаахын дээдэд 33 жил ахлах лаборантаар ажиллаад тэтгэвэрт гарсан, одоо 77-той. Хоёр биедээ таарсан, нэгнээ голохгүй хоёр 53 жил хамт амьдарч байна даа. Би бурханы ачаар сайн эхнэртэй болсон хүн. Энэ хөгшин миний төлөө л амьдардаг. Миний хувьд ч гэсэн, 5000 гаруй км-ийн цаанаас харийн хүнийг авчирчихаад би л асрахгүй бол өөр хэн асрах билээ. Ханьдаа би их хайртай, хань минь ч надад их хайртай. 

1981 онд байна уу даа, би эхнэрээ жигтэйхэн өрөвдсөн юм. Нэг орой “Би охинтойгоо 20-иод хоног Москва яваад ирье. Чи ээжийг хараад байж байх уу?” гэсэн. “Мөнгө байхгүй шүү дээ” гэсэн чинь “Би унааныхаа зардлыг олсоон” гэсэн. Тэр үед хямд ч байж, Москва ороход талдаа 200 төгрөг, ирэх очихын 400 төгрөг. Эх орноо санаж, хөөрхий. Тэгж гуйж байхад нь би ч бас өрөвдөхгүй яах билээ. Бусдын эхнэр тэгэхгүй шүү дээ, “Би тийшээ явна, замын зардал өг, очсон хойноо ах дүү нартаа бэлэг өгнө” гээд л даналзана биз дээ. Миний хань бол тэгэхгүй, айхавтар зовлон мэднэ. Тэгээд л охинтойгоо яваад 20-иод хоноод ирж байсан. Би энд хадам ээжтэйгээ хоёулаа байж байсан. Хадам ээжийг бид 1969 онд Монголд авчирсан юм. Энд яг 20 жил амьдраад 1989 онд 70 гаруй насандаа өөд болсон доо.

Эцгээс үлдсэн өв

Манайд эцгээс үлдсэн хоёр ширхэг зандан ширээ бий. Хээ хуартай гоёлын ширээ. Цэвэрлээд арчихаар агар зандан мод үнэртэнэ. Хүмүүс “Энийгээ өгчих, түүхийн музейд авъя” энэ тэр гэнэ. “Эцгээс үлдсэн юм, надад байж байг” гээд би өгөөгүй ээ. Бас нэг жижигхэн аяны сүх нь бий, 1818 онд Америкт үйлдвэрлэсэн гэсэн бичигтэй, ган нь онцгой сайн. Энэ сүх хүүхдүүдэд минь өвлөгдөн үлдэнэ биз. Ялангуяа миний бага зээ хүү голомт сахиж үлдэх учраас юманд их онцгой ханддаг юм. 

Миний бүтээл

Бусадтай хамтарч хийсэн нь ч олон, бие даагаад хийсэн нь ч олон. Хүмүүсийн сайн мэддэгээс гэвэл, Зайсан толгой дээр байдаг Зөвлөлтийн дайчдад зориулсан дурсгалын хөшөө цогцолборыг Ардын хувьсгалын 50 жилийн ойг угтаж бүтээхэд гар бие оролцсон. Би зургийн ерөнхий инженерээр нь ажилласан юм. Олон хүний хүч хөдөлмөрөөр боссон энэ хөшөө цогцолборын зөвхөн ажлын зураг нь гэхэд 400 ширхэг ватом цаасан дээр зурагдсан байдаг. Одоо улсын архивт бий. Яг миний зураг төслөөр бол 20 гаруй барилга, хөшөө дурсгал баригдсан. Жишээ нь, Шилэн хорго гэж нэрлэгддэг, Баянгол зочид буудлын урд талын NCP гэсэн бичигтэй барилга байна. Монголын анхны л шилэн барилгуудын нэг дээ.

Өнөөгийн Улаанбаатар архитекторын нүдээр...

Уг нь 2020 он хүртэлх хотын ерөнхий төлөвлөгөө гэж бий, яг тэр төлөвлөгөөнийхөө дагуу баригдсан бол сайхан л хот байхаар байсан. Харамсалтай нь тэгж чадсангүй. Нийгмийн хэрэгцээ шаардлага өсч байгаа нөхцөлд хот ерөнхий төлөвлөгөөний дагуу хөгжинө гэж байдаггүй бололтой, ямар ч оронд. Улаанбаатарын хувьд дэд бүтцээ дагачихаж байгаа юм. Дулааны цахилгаан станц зэрэг нь хотынхоо төвд бөөгнөрчихсөн учраас захиалагч нар хоттой л ойрхон газрыг авах гэнэ. Түүний төлөө л бодвол их барьц барьдаг биз. Энэ ард түмэн гэдэг их хэцүү, хүн болгон л хүссэнээрээ дайрна, дээрээс нь хууль нь сул. 

Жич: Д.Өлзийхишигийн эцэг Д.Лосол 1939 оны долдугаар сарын 12-нд Дорнод аймгийн Хунт сумын ардуудыг хилийн дотогш нүүлгэх ажлаар хөдөө явах томилолт авч онгоцонд суухад уг онгоц нь огт өөр зүгт нисэн оджээ. Түүнийг Чита хотод аваачин олон сарын турш байцаан тамлаж, улмаар Москва хот руу А.Амар, Д.Догсом зэрэг монголын бусад нам төрийн удирдагчдын хамт аваачин мөрдөлтийг үргэлжлүүлсэн. Лосол “хувьсгалын эсэргүү, японы тагнуул” гэгдэн хилс хэрэгт гүтгэгдэж, цаазын ял сонссон. Гэвч цаазлагдахаасаа өмнө шоронд нас барсан байна.

Нийтлэлийг: Ж.Баярхүү
Гэрэл зургийг: О.Мягмардорж

Эх сурвалж: "НийслэлGuide" №64/ 2017 есдүгээр сар

Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ

Буцах