Эх сурвалж: Dnn.mn сайтын 2022.10.14 өдрийн нийтлэл
ӨДРИЙН СОНИНЫ АРХИВААС... 2014 ОНЫ НИЙТЛЭЛИЙГ ДАХИН ХҮРГЭЖ БАЙНА.
Монгол Улсын баатар Цэндийн Олзвой 1914 онд Засагт хан аймгийн Манибадар гүний хошуу, одоогийн Ховд аймгийн Манхан сумын нутагт малчин ард Цэндийн ууган хүү болон төржээ. Нутагтаа мал маллаж байгаад 1937 онд цэргийн албанд татагдан ирсэн байна. Түүнээс хойш МАХЦ-ийн армид алба хааж Тамсагбулаг дахь Зургадугаар морьт дивизийн 17 дугаар хорооны нэгдүгээр суманд шилжин иржээ. 1939 оны тавдугаар сарын 17-нд зургадугаар морьт дивизийн 17 дугаар хороо шийдвэрлэх тулаанд оролцохоор Хайлаастайн голд хүрч ашигтай байрлал эзлэхээр дөхөж очтол Японы арми гэнэт өөдөөс нь их буу, пулемётоор ширүүн гал нээжээ. Энэ үед хорооны дарга Л.Дандар, пулемётчин Ц.Олзвойг дуудаж “Хороо гол гаталж Хайлаастайн голын хойд талын манхныг эзлэх хүртэл дайсны галыг хөнгөн пулемётын галаар барьж хангах хэрэгтэй” гэж тушаасан байна. Ц.Олзвой элсэн манхан дотор ашигтай байрлалд пулемётоо байрлуулаад, дайсны галын цэгүүд болон бөөн хүчийг пулемётоор галлаж, Японы хүнд пулемёт болон нэг салаа цэргийг устгаж, тэднийг ухрахад хүргэсэн байна. Мөн 1939 оны наймдугаар сарын 21-нд Зөвлөлт-Монголын цэргийн их давшилтын үед 17 дугаар хорооны даргын тушаалаар тагнуулч, пулемётчин Ц.Олзвой тагнуулын хэсгийг ахлан явж, элсэн манхан дотор Японы хоёр машин цэрэг явж байгааг илрүүлэн, нэг машин цэргийг нь устгаж, улмаар нөгөө машины цэргүүдийг мориор хөөж буудалцсаар тэн хагасыг нь устгаж, машин, зэр зэвсгийг нь олзлон авч байжээ. Эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолыг харийн дайснаас хамгаалахын төлөө алтан амиа хайрлалгүй тулалдаж, Халхын голын дайнд Японы армийг бут цохиход гарамгай гавьяа байгуулсан нэрт тагнуулч, пулемётчин Ц.Олзвойд Улсын бага хурлын Тэргүүлэгчдийн 1939 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 71 дүгээр тогтоолоор Улсын баатар цол олгож, Цэргийн гавьяаны Улаан тугийн нэгдүгээр зэргийн одонгоор шагнасан байна.
Мөн түүний дурсгалын хөшөөг төрсөн нутаг Ховд аймгийн Манхан сумын төвд 1969 онд босгож, Цэрэг ба НАХХЭЯ-ны сайдын 1958 оны 42 дугаар тушаалаар Улсын баатар Ц.Олзвойг түүний суралцаж байсан ЦЕС-ийн Ерөнхий цэргийн нэгдүгээр курсийн нэгдүгээр тасагт “Хүндэт байлдагч”-аар бүртгэж алдрыг нь мөнхжүүлсэн юм. Ц.Олзвойн тухай мөр зэрэгцэн тулалдаж явсан Ерөнхий сайд асан, БНМАУ-ын маршал Х.Чойбалсангийн нарийн бичгийн дарга, ГЯЯ-ны сайд асан П.Шагдарсүрэн “Халх голын тулалдаан бол Азид болсон томоохон дайны нэг. Ц.Олзвой энэ дайны жинхэнэ баатар болсон. Өөрийнхөө хүчээр баатар болсон хүн гэдгийг би баттай хэлнэ” гэж дайчин нөхрийнхөө тухай дурсан ярьсан байдаг.
Халхын голын ялалтын 75 жилийн ойд зориулсан үзэсгэлэн Монгол цэргийн музейд нээгдэх үеэр Ц.Олзвой агсны төрсөн дүү Ц.Даариймаа, төрсөн охин Олзвойн Сувд нартай уулзаж хөөрөлдлөө.
-Олзвой баатар эцэг эхээс хэдүүл байв?
Ц.Д: -Бид эцэг эхээс дөрвүүл байсан. Ах маань айлын ууган хүү байсан. Миний дүү нар бурхан болсон. Би ахыгаа цэрэгт явахад жаахан байсан учраас сайн мэддэггүй байсан. Би 1933 онд төрсөн хүн. Одоо ная гаруй настай. Ахаараа их бахархдаг байлаа. Гэвч нэгэн үе огт ярьж дурсахаа ч байчихсан юм шүү дээ. Би 1960 онд Манхан сумаасаа Зүүнхараад шилжин ирж амьдарсан хүн. Аав маань ная гарч, ээж бараг зуу наслаад наяад онд бурхан болсон доо. Ахынхаа яндан дуран авчирсан баримтат киног би үзэж л байсан. Бодвол сүүлд зохиосон л байх.
-Олзвой ахынхаа охинтой ойр дотно байв уу?
-Ах, дүү нараасаа хойш ганцаар үлдээд байтал хэд хоногийн өмнө зурагтаар Олзвой баатрын охин Сувд гээд гараад ирэхээр баярласан гэж юухэв. Тэгээд л хүрч ирээд дүүтэйгээ уулзаад бөөн баяр болж байна. Энэ учрал ч цаанаасаа ерөөлтэй байж л гэж төрийн сүлдэндээ залбирч сууна. Одоо Халхын гол руу ахынхаа эрэлхэгээр тулалдаж байсан түүхт нутаг руу дүүтэйгээ явахаар сэтгэл догдлоод байж байна. Би зургаан хүүхэдтэй.
-Баатар ахаас чинь үлдсэн дурсгалт зүйл юу байна?
-Надад тийм юм юу ч байхгүй ээ. Дээхнэ үед аав ээж хоёрт нэг гэр төрөөс өгсөн юм гэнэ лээ. Ээж маань Дэмбээ гэж хүн байсан.
-Та өөрийгөө уншигчдад танилцуулаач?
О.С: -Намайг Олзвойн Сувд гэдэг. Нас сүүдэр 76 хүрч байна. Улсын баатрын үр сад гэдэг сайхан л юм. Эх орон, эхнэр хүүхдийнхээ төлөө халуун амиа хайрлалгүй тулалдаж явсан сайхан ааваараа бахархаж явдаг юм. Хичнээн ядарч зовсон ч миний аавын надад, бидэнд үлдээх гэж байлдаж явсан эх орон минь л дотроо бодож явах юм даа. Намайг Манхан нутгийнхан маань л мэддэг байсан. Харин миний аавын хөшөө 1969 онд босоход Манхан сумын хөдөлмөрийн баатар Лувсан гуай л судалгаа хийсээр намайг баатрын охин гэж олон түмэнд анх зарласан. Ээж маань намайг 1939 оны мартын найманд төрүүлсэн байдаг юм. Ээж Бөхчулуун маань бараг ная шахам наслаад бурхан болсон.
-Аавын чинь тухай Японы цэргийн хуарангаас амьд хэл, яндан дуран олзолж ирж байсан зоригтой хүн байсныг түүхэнд дурдсан байдаг даа. Та аавынхаа талаар аль хэр их зүйл мэдэх вэ?
-Би нэг их сайн мэдэхгүй ээ. Уншиж л байснаас цаашгүй. Цэргийн ансамблийнхан харин нэг удаа Манхан сумаар явахдаа “Баатрынхаа охиныг урлагийн хүн болгоно” гэтэл ээж “Үнээгээ саалгана” гэсээр явуулаагүй. Ингэж Манхандаа л малчнаараа торойсоор л насыг барсан. Хот руу орж ирж найм есөн жил Яармаг, Сонгинохайрхан дүүрэгт нэг хүүгийн хамт ядруухан л амь зууж явна даа. Харин Манхан суманд аавын маань зуун жилийн ойг тэмдэглэж, хуучин хөшөөг нь төрсөн бууцан дээр нь аваачиж, шинэхэн хөшөөг нь суманд нь босголоо. Чулуу мөнхөрдөг бол ч аавын минь өргөж байсан бяруун чинээ чулуу ч байж л байна. Аав маань их анчин, сайн бууддаг хүн байсан юм гэнэ лээ. Би ээжээс “Аав тэр яндан дуранг яаж авчирч байсан юм бол оо” гэж асуухаар “Аав чинь тэр шөнө явахдаа замдаа сонингийн цаас цуулж чулуугаар даран тэмдэг болгож яваад буцахдаа тэр сонингийн цаасаараа баримжаалж өөрийнхөн дээрээ ирсэн гэж ярьдаг байсан. Тийм л сэргэлэн хүн дээ” гэдэг байсан. Халхын голд байлдааны талбарт гарамгай гавьяа байгуулсан дөрөвхөн хүний нэг чинь миний аав шүү дээ.
-Авга эгчтэйгээ саяхан уулзжээ?
-Халхын голын түүхт ойгоор л эгчтэйгээ уулзлаа. Тавин жилийн дараа уулзлаа шүү дээ. Уулздаггүй хүнтэйгээ гурав таарч, давахгүй даваагаа гурав давдаг гэж мөн ч үнэн үг юм. Миний зургаан хүүхдийн гурав нь хотод, гурав нь Ховдод байна. Би төр засагтаа хэлэхэд баатар аавын минь гэгээн дурсгалыг хүндэтгээд ганц өрөө байр өгчихөөсэй л гэж залбирах юм. Мөн ч их ядарч явна даа. (нулимс унагав. сур)
-Аав тань хэдэн онд бурхан болсон юм бол?
-Миний аав 1941 оны тавдугаар сард Улаанбаатар хотод нас барж, Х.Чойбалсан тэргүүтэй төр засгийн удирдлага эцсийн замд нь хүндтэйгээр үдсэн юм билээ. Дайны үед дарийн утаа үнэрлэсээр уушги нь муудсан гэж түүх архивт тэмдэглэсэн байх юм билээ.
Л.БАТЦЭНГЭЛ
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ