Эх сурвалж: Unread.today сайтын 2018.01.24 өдрийн нийтлэл


2008 оны 8-р сарын 24. Монгол түмний анхаарал урд хөрш тийш чиглэж, хайртай хүүгийнхээ финалын тулааныг сэтгэл догдлон хүлээсэн өдөр. "Бээжин 2008" Олимпийн наадмын хаалтын өдөр манай тамирчин Э.Бадар-Ууган өрсөлдөгч бүрээ илүүрхэн буулгасаар алтан медалийг эх орондоо бэлэглэж, ард түмнээ баяр баясалд умбуулж, үүрд дуурсагдах түүхийг бүтээсэн билээ. Түүнтэй хийсэн ярилцлага цаг хугацаагаар биднийг аялуулж, бараг 10 жилийн өмнөх тэр өдөр буцаах шиг санагдуулав. Алтан соёмбот төрийн далбаа цэнгэлдэх өөд мандаж, төрийн дууллаа заал дүүрэн эгшиглэхийг сонсоход өөрийн эрхгүй бахархал төрж, авах ёстой медалиа л авч байгаа мэт сэтгэгдэл төрж байсан нь саяхан мэт. Тулаан бүрийг нь шимтэн үзэхдээ ялалтанд нь эргэлзэж байсан нэг ч хүн байгаагүйг ч онцгойлон саналаа. Үнэхээр ч дэлхийн дэвжээг эзэгнэж, өрсөлдөгч бүрээ чичрүүлж байсан бөмбөрцгийн тамирчин гэж чухам түүнийг л хэлэх ёстой байх. Өдгөө Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн даргын хариуцлагатай албан тушаалыг хашиж, спортынхоо төлөө хүчин зүтгэсээр байгаа тэр бол яах аргагүй Монгол түмний бахархал, үе үеийнхний баатар мөн билээ.

Байршил: Улаанбаатар, Монгол

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал: Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга

Хэрэглэдэг гар утас: iPhone 7

Хэрэглэдэг компьютер: Dell

ТАНЫ АЖЛЫН ОНЦЛОХ АРГА БАРИЛ?

Олимпийн хорооны баг маань цөөн хүний бүрэлдэхүүнтэй ч олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тогтмол арга хэмжээ зохион байгуулдаг. Нэг хүн хэд хэдэн төсөл хариуцаж, 2-3 хүний хийх ажлыг дааж авдаг нэлээн ачаалалтай байдаг онцлогтой. Тийм учраас багийнхантайгаа тогтмол мэдээлэл солилцож, үүрэгт ажлуудыг хуваарилах, зөв тийш чиглүүлэн тэнцвэржүүлэх нь их чухал байдаг.

Манай байгууллага олимпийн болон олимпийн бус төрлийн 70 гаруй спорт холбоодыг эгнээндээ нэгтгэсэн байгууллага. Тиймээс байнгын уулзалт, арга хэмжээнд оролцоно. Хааяа цаг их хурдан өнгөрчихдөг юм шиг санагддаг шүү. /инээв/

ТА ХАМГИЙН ИХ АШИГЛАДАГ, АШИГЛАХ ДУРТАЙ АППЛИКЭЙШН, ПРОГРАМУУДААСАА НЭРЛЭНЭ ҮҮ?

Цаг үетэйгээ зэрэгцэж, хэрэгцээтэй апп, програмуудыг ашиглахгүй бол болохгүй болж байна. Харилцаа холбоо хурдан дээр тулгуурлаж байгаа учир Фэйсбүүк, Viber-ийг ашиглаж байна.

Гадаадад суугаа найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хамт байгаа юм шиг л харьцаж байна, улам л амар болоод байх шиг. МҮОХ маань GSuite-ийн апп-ууд дээр суурилж, үйл ажиллагаа явуулдаг.

Ялангуяа имэйл харилцаанд их ач холбогдол өгдөг. Гар утсан дээрээ Learning English, Memrise зэрэг хэл сурах апп-уудыг их хэрэглэдэг. Жаахан зав гарвал нээгээд шинэ үг сурахыг илүүд үзэх болсон.

ЦАГ ХЭМНЭХ ХАМГИЙН САЙН АРГА ТАНЬ ЮУ ВЭ?

Өглөө эрт босох нь олон ажлыг амжуулж, цаг хэмнэж байх шиг санагддаг. Шөнө нойроо авч чадаагүй, ядралттай байвал тэр өдөржингөө бүтээмж багатай байх шиг ажиглагддаг юм. Тамирчин байхаасаа л өглөө 6:45 гэхэд босчихсон, сүүгээ уугаад бэлтгэлээ эхлэдэг хэвшилтэй болчихсон юм. Ер нь бол нэлээн сэргэг, сэрүүлэг тавихгүйгээр эрт босчихдог доо.

ХИЙХ АЖЛЫН ЖАГСААЛТАА ЮУН ДЭЭР, ЯАЖ ХӨТӨЛДӨГ ВЭ?

Тэмдэглэлийн дэвтэр дээрээ бүх ажлуудаа бичнэ. Ажлуудтай холбоотой төрсөн санаа, сэтгэгдлээ ч алдахгүй тэмдэглэхийг хичээдэг. Энэ дадлаа бүр тамирчин байхаасаа л хэвшүүлсэн юм. Надад 2005 оноос хойш хөтлөсөн өдөр бүрийн биеийн байдал, бэлтгэлийн бүртгэл, тулааны тэмдэглэл бүхий ном шиг зузаан дэвтрүүд байгаа.

Тамирчин хүнийг амжилтанд хүргэх нэгэн том хүчин зүйл нь тэмдэглэл хөтлөх гэж боддог. Өглөө босоод зүрхний цохилтоо хэмжээд, хэр амарсан, сэргэлт ямар түвшинд байгаагаа бүртгэхээс тэмдэглэл эхэлнэ. Дараа нь бэлтгэл бүр дээр хийсэн дасгалын тоо, хугацаа, ажиглалтуудаа бүртгэдэг. Ямар хоол идсэн, түүни дараа биед ямар өөрчлөлт орж байна гэдгээ бичсэнээр өөрийн биеэ удирдах, мэдэхэд их тус болдог юм. Бичсэн зүйлээ эргэж харахад их олон зүйлсийг анзаарч, алхам бүрээсээ суралцах боломжтой бүрддэг.

Тулааны дараах сэтгэгдлүүдээ алдалгүй бичих ч их чухал. Солгой тамирчинтай ингэж тоглолоо, ийм алдаанууд гаргалаа, ингэсэн нь давуу тал боллоо гээд л тоглолтын дараа цаг гаргаж тэмдэглэл хийдэг байлаа. Дараа нь бэлтгэл эсвэл тулааны үеэр яг ижил нөхцөл байдалд өмнө гаргасан алдаагаа бодож, дүгнэн, хурдан засч сайжруулахад их хэрэг болдог. Өөрийн гараар аливаа алдаа, оноогоо бичиж өөртөө хоногшуулах их чухал байх даа.

ТА ЯМАР ЗҮЙЛСИЙГ ХИЙХДЭЭ ГАРГУУД ВЭ?

Бүр багаасаа л би аль болох цэгцтэй, цэмцгэр байхыг хичээдэг байсан. Гэр бүлийн хүмүүжил маань хоол цай идэж уухдаа ч, амарч байхдаа ч байгаа зүйлийг байранд нь тавьж, илүү дутуу зүйлийг нь цэвэрлэж байж л санаа амарна. Энийгээ ажилдаа ч гэсэн хангалттай хэвшүүлсэн байх. Бичиг цаасыг урдаа овооруулахгүй, хийх ажлуудаа бөөгнөрүүлэхгүйгээр тухайн цаг үед нь шийдэж, маш хурдтай ажиллаад гараасаа гаргаж, дуусгахыг эрмэлздэг.

ХИЙЖ БАЙГАА АЖЛЫН ОНЦЛОГ ТАНЬ ЮУ ВЭ? ЭЕРЭГ САЙН БА ХЭЦҮҮ БЭРХШЭЭЛТЭЙ ТАЛУУД?

Өнгөрсөн жил болсон Олимпийн чуулганы дараагаар Монголын Үндэсний Олимпийн Хорооны ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна. МҮОХ бол олимпийн хөдөлгөөнийг түгээн дэлгэрүүлж, үйл ажиллагаагаараа үнэ цэн, үзэл санааг нь олон нийтэд хүргэдэг байгууллага.

Спорт өөрөө аливаа үндэстнийг нэгтгэдэг, эв нэгдлийг илэрхийлдэг агуулга ихтэй салбар. Олон хүн цугласан газар утаа, түгжрээ гээд л дандаа болохгүй, бүтэхгүй байгаа зүйлсийн талаар ярьж байхад спортын тухай сэдэв л эерэг, сайхан сэтгэгдэл төрүүлж байгаа гэж хэлэхэд хилсдэхгүй. Тамирчдаа дэмжээд барилдах цагийг нь шөнө дунд хүртэл хүлээгээд суудаг, дараа нь бахархал, бахдал болон ярьдаг шүү дээ.

Сүүлийн үед хамгийн их ажиглагдаж буй нийтлэг бэрхшээл маань холбоодын хагаралтай байдал. Манай зарим нэг спорт холбоод дотроо санал зөрөлдөж, талцаж хуваагдан, ямар нэгэн эрх ашиг, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж байгаа дүр зураг элбэг байна. Энэхүү тэмцэлдээний үр дүнд спорт нь, хичээллэж буй тамирчид нь л хамгийн ихээр хохирдог нь харамсалтай. Хоорондоо ярилцаж, тохиролцоод шийдэх боломжтой байхад л бие биеэсээ зугатааж, хойгуур урдуур гүйгээд байдаг нь асар их цаг хугацааг алдаж байгаа хэрэг. Энэ байдлыг засч, эв зүйд нь оруулахын төлөө хичээн ажиллах болно.

ТА ЯГ ОДОО ЮУН ДЭЭР ТӨВЛӨРӨН АЖИЛЛАЖ БАЙНА ВЭ?

Тун удахгүй БНСУ-ын Пёнчан хотноо Өвлийн Олимпийн наадам эхлэх гэж байна. Манай улсыг төлөөлөн гүйлтийн цанын спортын 2 тамирчин маань эрхээ авсныг баталгаажуулсан мэдээ энэ даваа гарагт ирсэнд их баяртай байгаа. Үүнээс гадна "Жакарта 2018" Азийн Наадам, "Буэнос Айрос 2018" Залуучуудын Олимпийн наадам биднийг хүлээж байна.

Мөн энэ жил Монгол улс олимпоос анхны медалиа авсны 50 жилийн ой, анхны аваргатай болсны 10 жилийн ой тохиож байна. Энэ ойн хүрээнд цөөнгүй ажил төлөвлөөд байгаа. Бид олимпийн хөдөлгөөний үнэ цэнийг нэмэгдүүлэх, брэндийг чанаржуулах тал дээр ихэд анхаарч, технологид суурилсан төслүүд хэрэгжүүлэн, шинэлэг ажлууд эхлүүлээд явж байгааг мөн дуулгая. Тун удахгүй хэсэг хугацаанд завсарласан МҮОХ-ны төв хэвлэл цахим хэлбэрээр уншигчдын гарт хүрэх гэж байгаа шүү.

ТА АЖИЛЛАЖ БАЙХ ҮЕДЭЭ ХӨГЖИМ СОНСДОГ УУ? ЯМАР ХӨГЖИМ ТАНЫГ ЭРЧ ХҮЧТЭЙ БОЛГОДОГ ВЭ?

Би дуунд их дуртай, дууны үгийг зорьж бичиж аван сурдаг. Сүүлд Сосорбарам ахын гаргасан "Зүүдний гуйлга" дууг сонсоод их л ухаарал бэлэглэсэн дуу байна даа гэж бодогдсон. Ямар нэгэн төрөл, жанрт баригдалгүйгээр сонсоно. Никитон хамтлагийн Батчулуун ахын фен.

ТА ХАМГИЙН СҮҮЛД ЯМАР НОМ УНШСАН БЭ?

Гадагшаа явахдаа ном заавал авч явдаг. Түүхэн сэдэвт номуудад дуртай. Сүүлд Чех явахдаа Японы эрдэмтэн М.Эмотогийн бичсэн "Хариулт нь усанд бий" гэж номыг уншсан юм байна. Усны молекулд хүний бодол, сэтгэгдэл шууд нөлөөлдөг тухай тайлбарласан их сонирхолтой ном байсан. Сүүлийн үед англи хэлээ сайжруулах гэж их хичээж, холбогдолтой ном, нийтлэлүүдийг уншиж байна.

13 настайгаасаа спортоор хичээллэсэн миний хувьд сурч боловсрох цагаа золиослон спортод хүчин зүтгэж, амжилтанд хүрсэн гэж хэлж болно. Гэхдээ одоо илүү хичээж, алдагдсан зүйлсээ эргүүлэн авахыг эрмэлзэж явна даа.

ТА ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ ХҮН ҮҮ, ЭСВЭЛ ДОТОГШОО ХҮН ҮҮ? ЭНЭ НЬ ТАНЫ АЖИЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Нээлттэй хүн. Худлаа дүр эсгэж, худал ярих дургүй. Санаа зовоож бухимдуулсан зүйлсээ ил гаргаж, хүнтэй ярилцаж, хэлэлцэж байж л тайвширдаг юм.

ТА ХЭДЭЭС ХЭДЭН ЦАГИЙН ХООРОНД УНТДАГ ВЭ?

Спортоо орхиход хүргэсэн гэмтэл маань намайг сайн амарч, нойроо сайн авахаас өөр аргагүй болгосон. Нойр алдаж болохгүй учраас 10, 11 гээд амрах хэрэгтэй болдог юм.

ТАНЫГ АЖИЛЛААГҮЙ ҮЕД ТАНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ?

Гэртээ л байна. Би их гэрсэг, аль болох чөлөөт цагаа гэрийнхэндээ зарцуулахыг хүсдэг.

Ажлын дараа найзуудтайгаа уулзъя гэсэн атлаа л нэг мэдэхэд гэртээ ирчихсэн сууж байдаг. Үхэр орой болохоор ар араасаац гэр лүүгээ цуваад байдаг шиг үхэр жилтний онцлог байх шиг байна шүү гэж эхнэр маань тоглоомоор хэлдэг л юм. Би үхэр жилтэй л дээ. /инээв/ Ид амжилт гаргаж байх үедээ жилд 300-аас их өдрийг гэрээсээ гадуур өнгөрүүлдэг байлаа.

Европоор цуврал тэмцээнүүдэд орж, хамтарсан бэлтгэл хийж сар гаруй эзгүй явж байгаад орой нь гэртээ ирж амарчихаад өглөө нь цугларалтанд гарахаар явдаг үе ч байлаа.Тухайн үед төр засгаас спортыг урд хожид байгаагүй ихээр анхаарч, төсөв мөнгө хангалттай зарцуулж, олимпийн алтан медалийн төлөө хамтдаа зүтгэсэн нь үр дүнд хүргэсэн гэж боддог шүү.

Найзуудтайгаа сагс, хөлбөмбөг тоглох дуртай. Долоо хоногт 3 удаа гүйж, хөлсөө гаргана.

ТА ХЭНЭЭС, ЮУНААС УРАМ ЗОРИГ, ЭРЧ ХҮЧ ОЛЖ АВДАГ ВЭ?

Зорилго маань намайг хурцалдаг, хийж бүтээж, хүрч байгаа амжилт маань намайг эрчилдэг. Дөнгөж боксоор хичээллээд удаагүй байсан 2000 онд Сиднейн олимпийг зурагтаар үзэж байснаа санадаг юм. Оройн мэдээг тэсэн ядан хүлээж байгаад л мэдээг нь үздэгсэн.

Манайхаас О.Үйтүмэн ах ганцаараа орж байсан юм. Ийм олон орноос тийм мундаг тамирчид нэг дор цугларч, нэгэн зорилгын төлөө өрсөлдөж байгаа нь үнэхээр бишрүүлсэн бас сүрдсэн. Тэгээд л олимпийн аварга болно доо гэсэн зорилго өөртөө тавьсан. Түүнийхээ ч төлөө хичээж, алтан медаль хүртэж чадсан. 2005 оноос хойш миний амжилт эрс сайжирч, онцгойрч эхлэсэн гэж боддог.

Дэлхийн аварга, олимпийн аварга болох санаанд багтаж, тэр хэрээрээ багаа манлайлж, багийнхаа хамтаар амжилтын төлөө зүтгэсэн дээ. Олимпийн дараа мэргэжлийн бокс руу шилжье гэж бодож байлаа. Олимпийн аварга болчихсон учир үсрээд л 2, 3 тулаан хийгээд дэлхийн аваргын төлөө тулалдах боломж байсан юм. Гэвч бүх зүйл санаснаар болоогүй, гэмтэл бэртэл хойш чангаачихсан. 2006 онд боксчдоосоо анх удаа Оюутны дэлхийн аварга болсон юм. Тэр үед финалд Казахстаны боксчинтой тоглож байгаад гараа нөгөө тал руугаа татуулж гэмтчихсэн.

Хагалгаанд орох заавартай байсан ч олимп дуустал хойшлуулж, тэр болтол бүх л боломжтой эмчилгээ хийлгэсэн. Бясалгалд хүртэл явж байлаа. Азийн наадам, дэлхийн аварга гээд бүх том тэмцээнүүдэд гэмтэлтэй л ороод байсан хэрэг. Олимпийн дараа төлөвлөгөө ёсоор эмчилгээгээ хийлгэхээр шийдэж, Тайванд 7,8 цагийн нэлээн хүнд наркозтой хагалгаанд орсон юм. Гэвч бэлтгэлжилтийн өндөр түвшинд байсан тамирчин хүн тийм удаан цагийн хагалгааны дараа сэргэлт авна гэдэг их хүнд байдаг юм билээ. Бүх формийг нь тэглэчихдэг, бараг л анх хичээллэж байгаа юм шиг байдалд шилжүүлчихдэг юм шиг санагдсан. Өөр хүний биед орчихсон юм шиг санагддаг байсан.

Өндөр бэлтгэл, ачаалалтай үед тамирчны дархлаа ч их өндөр байдаг юм байна л даа. Яг тэр үед ужиг гэмтэл маань сэдэрч, өөр асуудлууд гарч эхлэсэн. Бэлтгэл дээр бүх чадлаа дайчилсан ч гэнэт гэнэт тэнцвэрээ алдаж, бүр хөлөө ч мэдрэхгүй байх хэмжээнд хүрсэн. Дунд чихний үрэвсэл болж, тэнцвэрийн эрхтэн гэмтэж, нугас руугаа ороод мэдрэлд хүртэл нөлөөлж эхлэсэн учир тийм шинж тэмдгүүд илэрч байж л дээ. Тэгээд л эрүүл мэндээ бодон спортоо орхисон. Одоо бол олимпизмийн хөдөлгөөнд өөрийн хувь нэмрээ оруулж, байгаа нөхцөл байдлыг илүү сайжруулах зорилго тавьчихсан ажиллаж байна даа.

ТАНЫ АМЬДРАЛДАА АВЧ БАЙСАН ХАМГИЙН САЙН ЗӨВЛӨГӨӨ ЮУ ВЭ?

Би дээд үеийнхээ Эрдэнэсайхан гэж ах хүүтэй их ойрхон байсан юм. Бид хамтдаа нэг клубт хичээллэдэг байсан учраас тэр хүнээс их зүйлийг сурдаг байлаа. 2001 онд хамгийн анхны имэйлийг маань хүртэл нээж өгч байсан, boxer гэж эхлүүлээд нэрээ араас нь холбо гэсэн заавраар нь аккоунтаа үүсгэж байсан санагдана. Эрдэнэсайхан ах сүүлд мэргэжлийн бокст шилжиж, Солонгосын аварга хүртэл болсон юм. "Өөрийгөө хэрхэвч хуурч болохгүй, эцсээ хүртэл тэмц" гэж тэр хүн их хэлдэг байсан юм. Яаж ч байсан урагшаа зүтгэж, зодолдсоор байгаад дуусдаг, дайчин байх тухай, бэлтгэлээ яг таг хийж, эцсийн мөч хүртэл хамгийн сайнаараа дасгалаа дуусгах тухай хичээлийг би тэр хүнээс л авсан даа.

ЗАЛУУ ТАМИРЧДАД ХАМГИЙН ЧУХАЛ НЭГ ЗӨВЛӨГӨӨ ӨГӨӨЧ ГЭВЭЛ ЮУ ГЭХ ВЭ?

Түрүүн дурдсанчлан "битгий өөрийгөө хуур" л гэж хэлмээр байна. Манай залуу тамирчдын гаргадаг хамгийн том алдаа бол ерөөсөө л энэ. Зааланд багш өөр лүү нь анзаарахад л учиргүй их хичээж, жаахан цаашаа явахад биеэ суллаад л, залхуураад эхлэдэг. Энэ бол өөрийгөө хуурч байгаагийн л хэлбэр. Эргэж олдохгүй бэлтгэлийн цагаа биеэ 150, 200 хувь дайчилж л өнгөрүүлэх хэрэгтэй. Эцсийн эцэст чи өөрийнхөө төлөө бэлтгэл хийж байгаа гэдгээ ухамсарлах хэрэгтэй.

Би тамирчин байхдаа өөрийгөө хуурах дургүй байсан, хийнэ гэсэн бол хийдэг, хүрнэ гэсэн бол түүндээ хүртлээ биеэ дайчилдаг байсан. Кроссонд гараад л 10 км гүйгээд, гүүрний цаана гараад буцаад хүрээд ир гэж багш хэлсэн бол би хэчнээн жингээ хассан, ядарсан байсан гүүрний цаана гараад л буцдаг байсан. Олон тамирчин буцдаг, шантардаг. Гэхдээ зорилго тавьсан бол өөрийгөө даван дийлж, түүндээ хүрэх нь л их чухал.

Техникээ сайжруулахын тулд бүтэн өдөр мишок нүдэж зогсдог өдөр ч байлаа. Зөвхөн хойд гарын шулуун цохилтоо сайжруулах гэж өдөрт хэдэн мянган удаа цохилт хийдэг байсан. Багш анзаарсан, анхаараагүй хамаагүй яг нэг цэг рүү, нэг байрлалаас 1000 цохиж байж биед чинь тэр техник хоногшиж, рефлексээрээ хийдэг болдог юм. Хувь хүн биеэ дайчилж, өөрийгөө хууралгүй үнэнчээр хөдөлмөрлөвөл амжилтанд төдий чинээ хурдан хүрнэ шүү гэж хэлмээр байна даа.

ТА ЭНЭ БУЛАНД ХЭНИЙГ САНАЛ БОЛГОЖ, АЖЛЫН АРГА БАРИЛТАЙ НЬ ТАНИЛЦМААР БАЙНА ВЭ?

ТВ Коктэйл хамтлагийн үүсгэн байгуулагч, жүжигчин Цоомоог санал болгоё. Их сонирхолтой зүйлс ярих байх.

Эх сурвалжийн холбоос: https://unread.today/c/1329

Буцах