Эх сурвалж: Ergelt.mn сайтын 2022-02-18 өдрийн нийтлэл
Хоног хоногийн хорвоодоо
Хэргээр иржээ Дунгаамаа
Хотлын баярт миний л амраг
Дуулж л явна даа Дунгаамаа...хэмээн яруу найрагч, үргэлжилсэн үгийн зохиолч Д. Маам эхнэр Дунгаамаадаа зориулан бичсэн нь өдгөө бидний дуулах дуртай " Дунгаамаа". Түүний эхнэр Монголын анхны дизайнер эмэгтэй байсан бөгөөд урт хар үстэй, гэгээлэг, их сайхан хүн байсныг зохиолч өөрөө төдийгүй тэдэнтэй ойр байсан дуучид, шавь нар нь өгүүлнэ. Д.Маам зохиолч өөрөө амьдралынхаа ихэнх хугацаанд үзэг, дэвтэр нийлүүлж олон сайхан зохиолыг туурвисан байдаг ч эхнэртээ зориулан бичсэн энэ шүлгээр бүтсэн дуу нь ард түмний дунд илүүтэй үлдэж, тэр сайхан эхнэрээ энэ дугаараа үлдээж чаджээ. Учир нь тэрбээр энэхүү шүлгийнхээ талаар "Хүн хүндээ юм үлдээх хэрэгтэй, тэр дундаа бүтээл үлдээх хэрэгтэй" хэмээдэг байсныг хожим түүний эхнэр Дунгаамаа дурсаж байсан гэдэг. Эл дуунд зохиолч эхнэрийнхээ сайхныг магтахын сацуу өрөвч нинжин сэтгэл, ажил мэргэжил, зан байдлыг нь цөмийг нь дүрсэлсэн байдаг. Тухайлбал, дууны дөрөвдүгээр бадагт,
Дэнжийн харгуйд дүмэн шүргүүлж
Дэрсэн шарилжуу мэдэв шүү дээ
Дэлхийн хүнтэй дөрөө шүргүүлж
Дэгс үнэн нь танив шүү дээ...
Хүний зовлонд миний л амраг
Уйлж л явна даа Дунгаамаа хэмээн гадаад улс руу ажлаар их явдаг, бусдын төлөө их санаа тавьдаг байсныг нь ийн өгүүлжээ.
Д.Маам зохиолч 1995 онд "Магнаг цэнхэр дэлхий минийх", "Дунгаамаа" гэж хоёр шүлэг бичээд нэгийг нь Н.Жанцанноров хөгжмийн зохиолчид өгөөд, "Дунгаамаа" шүлгээ Ц.Чинзориг өгсөн байна.
Энэ тухай эл дууг дуулж ард түмний хүртээл болгосон МУГЖ Д.Баасанжав өгүүлэхдээ "Ц.Чинзориг хөгжмийн зохиолч Дунгаамаагаа биччихээд ямар дуучинд өгч дуулуулах вэ" гээд байлгаж байжээ. Тэр үед Ардын дуу бүжгийн чуулгын хажууд надтай тааралдаад надад нэг өөр дуу өгсөн. Маргааш нь гэрт нь очтол "Дунгаамаа" дуулаад үз гээд дуулсан чинь, Д.Маам зохиолч руу залгаад дууныхаа эзнийг олчихлоо гээд анх утсаар сонссон. Тэгээд "Энэ дуугаа дуулж яваарай, чамд сайхан зохих юм байна" гэж хэлсэн. Тэгээд дуугаа дараа нь бичүүлээд дуулахад кассетнаас зах дээр ганц нэг явдаг байсан. Тэгтэл 2005 онд "Үхэж үл болно" кино гараад түүний кино зураг авалтад очсон. Тэгээд орой болохоор нэг гэртээ сууж байгаад л "Дунгаамаа" дуугаа дуулдаг байсан. Тухайн үед тэр натурын сүлд дуу болсон. Тэгэхэд клипийг нь хийснээр дайны сэдэвтэй клип хийгээд тэгээд хүмүүст их хурдан түгсэн дээ" хэмээн ярьсан юм. Ингэж л өдгөө бидний дуулах дуртай "Дунгаамаа" дуу бүтсэн түүхтэй байна.
Эх сурвалж: ҮЗЭХ