1990 он. Ю.Цэдэнбал, Элчин сайд Ц.Гүрбадам, сэтгүүлч Д.Дожоодорж нар
Эх сурвалж: Dnn.mn сайтын 2017.10.20 өдрийн нийтлэл
Нэрт зохиолч, сэтгүүлч Д.Дожоодоржийн хүү Д.Эрдэнэбилэгтэй ярилцлаа.
-Аавыг тань Дожоодорж эсвэл Дожоогийн Дорж гэж хоёр янзаар нэрлээд байдаг нь ямар учиртай юм бол?
-Миний аав Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн хүн. Өөрийнх нь ярьдаг байснаар бол Дожоо гэдэг нь удмынх нь нэр юм билээ. Жинхэнэ нэр нь Дорж л доо. Дожоо гэдэг нь удмынх нь нэр бөгөөд 300 гаруй жилийн түүхтэй гэсэн. Ах дүүс нь Дожоогийн гэж нэрлэгддэг. Харин аав минь сүүлдээ овгоо нэртэйгээ нийлүүлээд Дожоодорж болгосон. Уран бүтээл, зохиолууд дээрээ дандаа Дожоодорж гэж нэртэй явдаг. Тийм л түүхтэй юм билээ.
-Дожоодорж гуайгаар овоглосон олон сайхан бүтээл Монголын кино урлагийн хойморт хүндтэй байр суурь эзэлсээр байгаа. “Хүргэн хүү”-гээс эхлүүлээд?
-Тийм, “Хүргэн хүү”, “Улаанбаатарт байгаа миний аав”, “Аман хуур”, “Өнөр бүл”, “Намрын халуун өдрүүд” гээд бараг хорь гаруй кино бий шүү. Хүмүүст түгсэн эдгээр кинонуудын цаана хүмүүст айхавтар хүрээгүй ч тухайн цаг үеийнхээ үйл явдлыг тусгасан бүтээлүүд нь архивт байдаг юм.
-Бас 60 гаруй ном бичсэн гэдэг билүү?
-1960-аад оноос чадалтай байх хүртлээ бичсэн нэлээд олон ном нь байдаг юм. Янз бүрийн л ном бичсэн. Тэр болгоныг нь нарийн сайн тоолж байсангүй.
-1990 оны эхээр Москвад очиж Ю.Цэдэнбал даргатай уулзаж хийсэн нэвтрүүлэг нь үнэндээ Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн түүхэн дэх анхны даацтай бүтээл болсон гэдэгтэй мэргэжлийн хүмүүс санал нэгддэг юм. Үүгээрээ таны аав Монголын түүхэнд хийх ёстойгоо хийчихсэн, үлдээх ёстойгоо үлдээчихсэн хүн шүү дээ?
-Одоо ингээд бодоод байхад тухайн үеийн нийгмийн өөрчлөлтөд хамгийн их оролцож, нийгмийн үйл явдлыг хөдөлгөж телевиз, сонинд үлдээсэн нь сэтгүүлчид юм. Тухайн үед аав минь өөрийнхөө хэмжээнд чухал зүйл хийсэн нь нийгэмдээ хамгийн чухалд тооцогдсон гэж боддог юм. Нэгдүгээрт, “Түүхэн хариуцлага” гэж нэвтрүүлэг хийж байсан нь Оны шилдэг нэвтрүүлгээр шалгарч, VIP радиогоор шагнуулж байлаа. Хоёрдугаарт, Ю.Цэдэнбал гуайн амьдралын сүүлчийн мөчийг Монголын ард түмэнд харуулсан нь томоохон үйл явдал болсон гэж боддог юм. Аав минь яагаад эрэн сурвалжлах сэтгүүлзүйг ихэд сонирхдог байсан бэ гэхээр НАХЯ-ны сургуулийг анхлан төгсөгчдийн нэг нь байсан юм. Тус сургуулийг төгсөөд цагдаагийн байгууллагад ажиллаж, Хүүхдийн албыг анх байгуулалцаж төлөөлөгч, хэсгийн төлөөлөгчөөр ажилладаг байсан. Ингээд өөрийнхөө хүсэл сонирхлыг дагаад хойно очиж кино зохиолын чиглэлээр суралцсан юм билээ. Тэр үед бид чинь хүүхэд ч байж аав, ээжийнхээ үүх түүхийг сайн мэддэггүй, мэдэхийг ч оролддоггүй байжээ. Аавынхаа тухай анзаардаггүй байсан бол өнгөрсөн хойно нь л ямар хүн байсныг нь мэддэг юм байна (Нулимс нь цийлэгнэв.сурв).
-1990 онд аав тань Москва дахь Ю.Цэдэнбал даргын гэрээс хийсэн тэр нэвтрүүлгээрээ нийгэмд шуугиан дэгдээж байхад та хэдэн настай байсан гэсэн үг үү?
-Би хорин тав, хорин зургаатай л байжээ. Аав маань тэр үед зурагтаар л гараад байдаг байлаа. Аав минь гэртээ байхаараа нэг их дуугараад байхгүй. Орж ирээд өрөөндөө ороод “За аав нь юм хийж байна. Миний хүү цаашаа байж бай” л гэнэ. Өөрийгөө биднээс их тусгаарлаж, шөнийн цагаар ажилладаг хүн байсан юм. Шөнөжингөө бичгийн машиныхаа ард сууна. Манайх чинь гэрийн 325345 гэсэн дугаартай утастай. Тэр утсаараа л ийш тийш ярьж хүн амьтантай цаг товлож, ажил төрлөө явуулдаг байж билээ. Ер нь бол мэдээлэл маш их цуглуулдаг хүн байсан. Өөрөө цагдаагийн сургуулийг төгссөн болохоор мэдээлэл цуглуулах арга барилдаа сайн. Тэгж тэр нэвтрүүлгүүдийг хийдэг байсан. Би аавыгаа Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйд их зүйл хийсэн хүн гэж боддог. Бараг энэ төрлийг анх хөгжүүлэхэд гар бие оролцсон гэхэд хилсдэхгүй гэж үзэж болно.
Аав минь тухайн үед ОХУ-д сурч байсан болохоор Оросын зан заншлыг сайн мэддэг, оросуудтай сайн харилцаатай байсан учраас Орост байхдаа Ю.Цэдэнбал даргын эхнэр Филатоватай сайхан харилцаатай байсан байж магадгүй. Филатоватай уулзаж заль гаргаж байж л гэрт нь орж чадсан байх. Тухайн үед Филатова гэр рүүгээ гадны хүн оруулдаггүй, их хатуу дэглэмтэй байсан гэдэг. Ю.Цэдэнбал даргын гэр рүү орохын тулд Элчин сайдын яамны консултай хамт очоод “Улаанбаатараас бэлэг ирсэн. Тэрийг нь Цэдэнбал даргад өгөх гэсэн юм” гэж уулзсан юм шиг байгаа юм. Тэгээд тэнд Филатоватай уулзаад “Ийм нэг бэлэг өгсөн юм. Бэлгээ өгөхдөө дарга руу ороод мэнд усыг нь нэг мэдчихмээр байна” гэж зөвшөөрөл аваад уулзсан байдаг. Ер нь бол Филатова гаднаас ганцхан хүн оруулсан нь манай аав байсан. Өөр хүмүүс уулзъя гэж учраа хэлээд очиход ерөөсөө оруулдаггүй байсан гэсэн.
-Аав тань тэр уулзалтын талаар гэрийнхэндээ юу гэж ярьдаг байв?
-Манай аав цагдаагийн байгууллагад ажиллаж байсан болохоор улс төрийн ийм зүйлд их нарийн ханддаг байсан. Яагаад вэ гэвэл аав энэ тухайгаа ихэд нууцалдаг. Гэр орондоо ажлынхаа тухай янз бүрийн юм ярьдаггүй, өөрийнхөө бүтээлийг чимээгүй хийгээд л явдаг байсан. Надад айхавтар их юм ярьж байгаагүй. Би ч юмыг нь нэг их онгичихыг хүсдэггүй байсан. Тэглээ ч аав минь тэр бүхнээ нууцлахын тулд зохиолууд, ажил төрлөө уйгаржин монгол бичгээр бичдэг байсан юм. Тэгэхээр би тэрийг хальт шагайлаа ч ойлгохгүй. Яг үнэндээ би аавынхаа хийсэн ажлууд болон нэвтрүүлгүүдийн дараа хэзээ хойно нь дэлгэцэнд гарахаар нь л мэддэг байсан шүү. Магадгүй нийгэм солигдож байсан тэр эгзэгтэй үед гэр бүлээ хамгаалж, юу ч болж мэднэ гэж тэгж нууцалдаг байсан болов уу. Аав минь цагдаагийн холбогдолтой зохиол их бичдэг байсан. НАХЯ-ны сургуулийг төгссөн чикист байсан болохоор нарийн, нууцын зэрэглэлтэй юмнуудаа өөртөө хадгалж үлдсэн ч байж болох юм.
Аавд минь хоёр гурван ширхэг жижигхэн хуурцаг харагддаг байлаа. Нэг удаа ширээнийх нь дор байсан хуурцаг руу нь заагаад “Ааваа энэ юу вэ” гэж асуутал “Энэ бол миний хүүд хэрэг болох зүйл биш ээ. Энэ бол түүхийн онц чухал баримт байгаа юм” гэж хэлээд надаас холдуулж билээ. Тэр хуурцгууд нь Москвад тэр нэвтрүүлгийг хийхдээ хийсэн жинхэнэ баримт нь байсан болов уу гэж таамагладаг юм. Тэр хуурцгаа тэгээд хаана яасан нь тодорхойгүй. Зохих газарт нь тушаачихсан ч байж мэднэ. Нарийн ширийн юмнуудаа гэртээ хадгалдаггүй байсан.
-Аав тань дараа нь Алтан цөгцийн хэрэг, харь гаригийнхан гэх мэт сэдвүүдээр юм бичиж бас л шуугиан дэгдээсэн дээ?
-Тэгсэн, тэгсэн. Тухайн үедээ тэр нь сенсааци болсоон, болсон. Ний нуугүй хэлэхэд тэр үед үүнээс болж аавын минь нэр хүнд унасан ч юм шиг байгаа юм. Нөгөө Дожоодорж гуай чинь ийм юм бичдэг болчихож гэж шүүмжилсэн. Би хожим энэ талаар нь жаахан уншиж судалсан л даа. Алтан цөгцийн хэргийг нь судлахад үнэхээр тийм цөгц байсан юм билээ. Харин тэр залуу цөгцөө гаргаж ирээгүй. Тэр залуу харснаа хэлээд байдаг. Гэтэл нийгэм нь хүлээж аваагүй. Хэрвээ алтан цөгцөө гаргаж ирээд харуулсан бол нийгэмд үнэмшил төрөх байсан. Нийгэм өөрчлөгдөөд хүмүүс юманд итгэхээ байчихсан байсан нь ч нөлөөлсөн байх. Харин тэр харь гаригийнхны талаар судлахад огт байхгүй юм биш. Тухайн үед нийгэм дөнгөж солигдож байсан болохоор элдэв мэдээллийг нийтэд гаргадаггүй, хаалттай байсан. Гэтэл дэлхий дахинаа харь гаригийн хүнтэй уулзсан, тэднийг харсан гэх тохиолдлууд олон л бүртгэгдэж НАСА ч тодорхой хэмжээний судалгааны ажлаа ийш хандуулдаг. Тэгэхээр энэ бүхэн нь худлаа зүйл биш байжээ. Харин аав минь тухайн үедээ мэдээллийг нь олоод нийгэмдээ дэвшүүлээд “Ийм юм байдаг юм байна” гэж хүргэсэн.
Аавын минь зохиолууд дундаас бас хамгийн их аюул дагуулдаг нь “Зоригийг хэн алсан бэ”. Энэ зохиол бол сэжүүр байхыг үгүйсгэхгүй. Энэ зохиол худалдаанд байхгүй. Монголын эрэн сурвалжлах сэтгүүлзүйд аргагүй зоригтойгоор бичсэн, тухайн үеийн нийгмээ зоригтойгоор сөрж бичсэн ганц зохиол байсан нь энэ.
-Аавын тань амьдралын сүүлийн жилүүд яаж өнгөрсөн бэ. Бие нь муудаад хэвтэрт байсан тухай сонссон?
-2008 оны сонгуулийн үеэр юм даг. Радионыхоо дууг чангалах гэж байгаад уначихсан юм. Түнхэндээ гэмтэл аваад явж чадахаа байсан. Аав минь хөнгөн шингэн, өвчин зовлон хэлдэггүй байсан л даа. Тэгээд хэвтэрт хэдэн жил байж байгаад 2012 онд буюу 82 настайдаа бурхан болсон юм (Уйлав.сурв).
-Аав тань олон сайхан дэлгэцийн бүтээлтэй болохоор баяр ёслолын үеэр тэр кинонуудаар нь аавтайгаа уулзах боломж бий. Мөн Монголын түүхэнд үлдээсэн гавьяаг нь олон түмэн үргэлж дурсана шүү дээ?
-Манай аав үр хүүхэдтэйгээ, тогоо шанагатай зууралдаад байдаггүй хүн байсан. Зохиолоо бичээд л явж байсан уу гэхээс биш бидэнтэй айхавтар зууралддаггүй байлаа. Гэр орны бүхий л ажлыг ээж минь хийдэг байсан. Ээж минь театрын анхдагчдын нэг шүү дээ. (Жүжигчин Х.Нарантуяа нь түүний ээж бөгөөд драмын театрын тайзнаа 150 гаруй дүр бүтээсэн манай шилдэг уран бүтээлчдийн нэг байсан. Хамгийн сүүлд “Ядуугийн зовлон” кинонд тоглосон билээ. сурв). Аав маань орой ажлаасаа ирээд хоол ундаа идчихээд хоёр цаг гаруй унтчихаад өрөөндөө орчихно. Тэгээд шөнөжин ажиллаж байгаад өглөө нь ажилдаа гараад явчихна. Надтай нэг их ойртоод харьцаад байхгүй. Алсаас л харьцана. Би 18 настайдаа Герман руу сурахаар явчихсан л даа. Бид чинь эхээс хоёулаа. Дүү маань одоо АНУ-д байгаа. Тийш яваад арав гаруй жил болж байна уу даа.
-Та ямар мэргэжилтэй вэ?
-Германд хөдөө аж ахуйн чиглэлээр сурсан. Одоо автын чиглэлээр ажил эрхэлж байна. Манай аав чинь гэртээ их дуу цөөнтэй, олон юм ярьдаггүй хүн байсан юм. Тамхи их татна, кофе их ууж юм бодож суудаг, их юм бичдэг хүн байсан. Ер нь тэгээд хийх юмтай хүн чинь хүнтэй юм ярьдаггүй юм билээ дээ. Нэг тийм зүйл байдаг шүү дээ. Би танил талтай юм чинь хүүгээ энд тэнд ажилд оруулчихна гэж. Гэтэл манай аав ерөөсөө тэгдэггүй байсан. Бодоод байхад “Алив аав нь тэнд оруулаад өгье. Тийм ажилд оруулаад өгье” гэж ярьж байгаагүй юм байна. Ерөөсөө тэгээгүй. Чи өөрөө тэг, өөрөө яв л гэдэг байсан. Миний эрхэмлэдэг зүйл гэвэл аавынхаа нэрийг өргөөд мандаад явдаггүй юмаа гэхэд нэрийг нь хугалахгүй явах юмсан гэж боддог. Би чинь их нам жим хүн шүү дээ.
Д.Гансаруул
Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ