Аян замын тэмдэглэл
Завхан аймгийн Отгон сумын Буянт баг. Хуучнаар бол Буянтын хэмээх алдарт хүрээ хийдийн туурь арц ганганы үнэрт салхиараа тосон авч буй мөч. Төмөр хүлэг маань хангайн цээжинд гарч яваагийн илэрхийлэл гэлтэй ягуухан “амьсгаадна”. Гэнэт арван тавны сарыг тэг дундуур нь хуваагаад уулын царамд байрлуулчихсан юм шиг цаст Отгонтэнгэр уулын оргил мэлтэсхийгээд гараад ирэх нь тэр. Бие дундуур минь нэгэн шидэт цагаан гэгээ сүвлэн ороод ягуухнаар тэлэн тэлсээр бүхий л бие, лагшин эд эсийг бүхэлд нь ариусган сүм мэт болгож буй нь мэдрэгдэнэ. Ай Отгонтэнгэр минь. Хамт яваа яруу найрагч Х.Чилаажав анд өндөс өндөс хийнэ. Жолооч минь говийн хүн болохоор ёстой хүлэг мориор бол чих нь хулмалзасхийж явна. Харин дэргэд газарчилж яваа энэхэн цаст цагаан уулын сахиул Д.Ишдорж ах нүдээ хагас аниад Их хайрхан агуу гэрэлтэй байгаа биз хэмээн эрхиэ эргүүлнэ.
Алдарт Сутай хайрхны төрийн их тахилгыг сурвалжлах томилолт авсан МҮОНР-гийн сэтгүүлч билээ би. Яг энэ томилолттой давхцан Алтай нутгийн хүү яруу найрагч анд Х.Чилаажав, Ховд нутгийн уугуул “Цог” сэтгүүлийн ивээн тэтгэгч Хөгжил трейд компаны захирал Д.Алтангэрэл бидэн зам нийлж алс Сутайг зорьж яваа нь энэ. Бидэн дээр яруу найрагч анд А.Эрдэнэ-Очир, УГЗ хөгжмийн зохиолч Ц.Пүрэвхүү нар нэгдэн хоёр жилийн өмнө монгол орныхоо зүүн нутгаар тухайлбал алдарт Дарьганга нутгаар аялал хийсэн билээ. А.Эрдэнэ-Очир, Х.Чилаажав бид гуравт нэг яриа байдаг юм. Эх орноо нар зөв тойрч аялана аа гэж. Бид гурав хамтдаа их явсан. Гэвч монгол нутаг минь өргөн уудам юм болохоор одоо талд нь ч ороогүй л явна. Энэ удаагийн Сутайг чиглэсэн алтан зам бас л тэрхүү нар зөв аялалын нэгээхэн зандан мөчирт зам байв.
А.Эрдэнэ-Очир анд минь хамт явахаар хөөрцөглөж орой болгон л утас дуугаргаж Очирваань, Сутай хоёрын өвөрт сэрүүхэн байгаа даа. Дээлээ авах нь ононо, тиймээ өвгөөн гэж ирээд л хөөрсөөр харин яг явах цаг агшин тулахад дээл ч үгүй, А.Эрдэнэ-Очир ч үгүй болчихсон билээ. Басхүү Д.Алтангэрэл ах минь Сутайгаа зүглэсэн сэтгэлийн хүлгээ дийлэлгүй ийш тийш төөрч хадуурсаар сураг тасарснаас ийн Х.Чилаажав бид хоёр хоёулхан их Очирваанийн алтанхан гэгээт босгоор давж яваа бүлгээ. Миний хувьд Их Очирваанийн овоонд хадаг өргөлгүй, Бадархундагын ариун дагшин рашаанаас амсалгүй бараг найман оныг үдсэн гэмтэй тул нэг санахад би өөрөө мэгшүүлээд яваа юм шиг нөгөө санахад хайрхан минь мэгшүүлээд байгаа юм шиг санагдана.
“Цав цагаан цастын орноо орхиод
Цагаан буга унасан гэгээнтэн хүн шиг л гарсан даа...” ийм шүлгийн мөрүүд минь зүрхний орноос цацран гарна. Тэгснээ зүрхний давалгаад жаахан намжаарч
“Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь бадамлаж явдаг…” хэмээн зөөлхөн эгшигт аяз бүчин ирнэ. Одоо Очирваанийн орон бүтнээрээ өмнө минь дэлгэгдэн байна. Хоёрхон хоногийн өмнө морин туурай цас оржээ.
Тиймээс Очирваанийн орон тэр аяараа мөнгөрөн туяарч тэнгэр эрхэсийн альхан нэгэн шидэт орны хаалгыг гэнэт олоод нээчихэв үү гэлтэй өндөр дээд эрхшээл, үзэсгэлэнт яруу мэдрэмж энгүй ихээр хөглөнө. Их тахилгын овооноо хэдийн хүрч иржээ. Бид ч төмөр хүлгээсээ сугаран гүйлдэж овоон дээр ирцгээв. Овооноо арц хүжсийг арвин ихээр шатаан гийгүүлээд идээ будааныхаа дээжийг өргөцгөөв. Гэрэлт цагаан дунгаа үлээж Очирваанийн орны лус савдаг тэргүүтэнд дотоод орныхоо мэндийг айлтгав. Очирваанийн оройд зангирч байсан хөх үүл даруй бутран сарниад мөнгөлөг оргил нарны гэрлээр гоёмсог бүрх урлан духдуулж байна. Одоо л биднийг танив шүү. Одоо л хайрхантай золгох гэрэлт агшин.
Тод яруухан дуугаар Очирваанийн зүрхэн тарнийг урьсаар л байлаа. Төдөлгүй хэсэг нарийн ширхэгтэй борооны дусал хацар нүүрийг илбэн буух нь тэр. Тэгснээ даруйхан хувирч том том цагаан эрвэйхэйд нисэлдэн ирэв үү гэлтэй далбагар далбагар цасан ширхэг болоод бүр хөмсгөн дээр, хацар дээр, уруул дээр бууж ямархан нэгэн шидэт хэлээр эгшиглэн ёстой л хөг нь алдрах нь үү гэмээр явсан сэтгэлийн минь чавхдасыг хөглөн хөглөвэй. Очирваань улмаа мөнгөрөн өндөрсөж түүний цээжнээ хүрхрэх их дуу нь сонсогдох шиг болоод баруун мутар дахь очир нь гялсхийн үзэгдэх шиг. Лавтайяа биднийг адислан буй нь тэр бизээ. Урд өмнө нь ирж үзээгүй Чилаа анд их орны эрхшээлд хэдийн автаад арван жил бясалгасан даяанч хадан агуйгаасаа гарч ирэнгүүт нарны гэрэлд нүд нь гялбан зогсох шиг соньхон төрхийг олжээ. Эндээсээ бид уул өөд өгсөн мацлаа. Яг энд гурван мянга орчим метрийн өндөрт яваа юм бид. Бадархундага нууранд хүрэхэд лавтайяа гурван мянга таван зууд дөхнө. Ертөнцийн хамгийн шидэт рашааны алтан амсар биднийг тэртээ өндөрт мэлтрэн хүлээнэ.
Өнө эртнээс Бадархундага нуурыг Очирваанийн тахил хэмээн үзэж ирсэн хууч буй. Алт мөнгөн ембүү тэргүүтнээр тахиж ирсэн бөгөөд шинэ цагийн байдлаар бол мөнгөн аяга голдуу өргөдөг болжээ. Бадархундагын амсарт зүтгүүлсээр хүрч ирлээ бид. Ариун орны салхи, арцны анхил үнэрийг дүрслэхэд ч үг дутнам. Нарны гэрэл Бадархундагыг хүрээлсэн хадан ирмэгийг алтлаг гэрлээрээ бүрхэдгээс нуур алтан амсартай харагдана. Зөөлхөн уран долгис чимээ авиагүй бидэртэнэ. Ямархан нэгэн нууц тарни тоолон долгилох шиг. Амьсгаагаа түр дарсан бид рашаанаас дээжилцгээн дуслыг ч газар унагахгүйг хичээн гурав гурав хүртлээ. Тэрүүхэндээ тухлан сууцгааж шидэт усаар цай даргиаж уув. Өнө мөнхийн шидийг олов. Дотоод билгэ билгүүний адис жанлавыг хүртэв.
Очирваань хэдийнээ биднийг баруун өвдөг дээрээ суулган инээмсэглэх мэт бүлгээ. Бид их орны төвд хэсэг зуур тухалж өөр өөрийнхөөрөө бясалгаад буцлаа. Одоо л нэг сэтгэлд зай сиймхий гарч өвс ногооны гарц, гол горхины аяс байдлыг тандан харж явна. Их Очирвааны яг өврөөс эх авсан түмэн цагаан сарлагийн тугал тоглож байгаа юм шиг урсдаг байсан мөнөөх урсгалууд огт харагдсангүй. Юу болох нь энэ вэ. Хөлтэй ороолдон наадаад огт алхуулдаггүй байсан заримд нь нэр өгч үл чадах нөгөө хээнцэр уран цэцэгс чухам хааччихсан юм бол оо. Одоо л харин зүрх хөндүүрлэж эхлэх чинь. Гэмтэн нь би л юм шиг. Гэмгүй царайлсан бид бүгдээрээ л юм шиг санагдана. Өөр хэн байх билээ дээ. Нэгхэн жилийн өмнө Очирваанийн төрийн их тахилга болсон билээ.
Арваад мянган машин хөлхөж гучаад мянган хүн мөлхсөн гэдэг. Өвс ногоог нь үндсээр нь сүйтгэн сүйтгэн залбирсан гэдэг. Мөргөлчдийг буцсаны маргааш нутаг зоныхон найман машин хог ачсан гэдэг. Зөвхөн өргөж цацсан чихрийг нь түүж өвс ногоогоо цэвэрлэхэд гурван бүтэн тэвш чихэр боов болсон гэдэг. Бид чинь ер нь хэн болцгоосон улс вэ. Зүрх хөндүүрлүүлсэн нулимс яг тэндээ царцаад чулуужчих шиг болов. Яагаад гэвэл цээж даахын аргагүй хүнд болжээ. Төмөр хүлгийнхээ бүхээг рүү арайхийн ороод чимээ авиагүй хөдөлвэй.
Монгол түмнийг даасан их шүтээний орон минь үйлт биднийгээ өршөө хэмээн наманчлав. Цагийн аяс Завхан аймгийн Отгон, Шилүүстэй сумдын нутагт аялагхан байгааг харж дотор жаахан тайвшрав. Шүлэг ном ярилцаж мөнөөх хэдхэн агшны өмнө олж авсан Очирваанынхаа билгэ билгүүний их өглөгийг нэгэнтээ сэргээгээд Сутай ханыг чиглэсэн гэгээхэн замаа мөрлөвэй. Ийн хөдлөөд төд удалгүй баруунтайд хүрэнтэн дүнхийгч хоёр их хайрханыг зүглэв. Шилүүстэй нутгийн зах руу орж ирж байгаа нь энэ. Олон хутагт гэгээдийн төрж хувилсаар ирсэн тэнгэрийн адис жанлав шингэсэн нутаг.
Нарванчин гэгээдийн гурван дүр, Ямандагийн хувилгаан Дарам, Лашин хувилгаан, Андиа гэгээнтэн гээд явж өгнө шүү дээ. Хорин нэгэн дарь эх төрөх учиртай нутаг юм гэнэ лээ гэж өвгөд хөөрдөг байсан сан. Харин эдүгээ ногоон, цагаан, улаан гурван дарь эх энэ газар орноо төрж мэндлээд түмэндээ тус буянаа өгч суудаг хангай даа. Чилаад би Шилүүстэйнхээ алтан мөнгөн шастирын хуудсаас ганц нэгхэнийг сөхөн эргүүлж танилцуулж явлаа. Биднийг угтан авч байгаа хоёр дүгнэгэр хайрханыг Их бага Мянганы уулс гэнэ.
Шилүүстэй нутгийн минь хойморь нь. Монголын сүүлчийн хувилгаан гэгдэж асан Андиа буюу Цэрэндондов хувилгааныг оршоон дээдэлсэн нутаг орон. Тиймээс шид хутгийг нь хадгалсан гэрэлт цагаан суварганд нь бид мөргөөд явах учиртай. Төдөлгүй бүдэгхээн зам Мянганы өвөр өөд хөтөллөө. Ийнхүү монголын их гэгээнтэнд бараалхан хадгаа барьж арц хүжийг өргөөд хөдөлвэй. Сутай орно гэхээр зүрх хөөрөөд таарсан хүмүүс хэрэг зоригийг минь асуухад Сутай хүрнэ.
Заримд нь бүр тэгэхээс тэгэх гэж Утай орох гэж явна хэмээн хөөрцөглөж явлаа. Нар нэлээд хэвийжээ. Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутаг руу орж явна. Энэ зуны хувьд ногоо цагааны гарц ямар ч сайхан байгаа юм. Сутай ханы төрийн их тахилга маргаашийн мандах нарнаар эхлэх учиртай. Бид яарч яваагийн учиг энд бий. Тэгэвч Тайшир сумын төвд дөрөө мулталлаа. Энэ нутаг орны хойморь нэгэн сайхан хүний гэрэлт хөшөө боссон гэнэ. Ч.Лодойдамба хэмээх гэрэлт хүн энэ газар шороон дээр төрсөн аж. Энэхэн их хүний анхлан залгилсан цэнхэр салхинаас ханатлаа нэг залгилж авлаа. Эгэлхэн мөртлөө эрдэнийн гэрэл цацруулсан агуулгатай хөшөө дурсгал байна. Лодой зохиолчийн хөшөөг гараараа зөөлөн илбээд лимбэний нүхээр сүвлэх нарны гэрэл лугаа Шаргын говь хэмээх хөндий рүү шурган, шурган орж явчихлаа.
Шаргын говийн шөнө үнэхээр уужим юм. Тэнгэрийн ододтой нь л ярилцаж явлаа. Гэнэт өөдөөс машины гэрэл гарч ирэх мөртлөө ан гөрөө харж яваа гэлтэй замаас гарч орж явсаар бидний өмнө ирж зогсов. Гурван хархүү гарч ирсээр гурван үг солиод цэнхэр тэрлэгтэй ганц хүүхэн та нартай таарав уу гэж соньхон асуулт тавьж байх юм. Энэ эзгүй уужим Шаргын говьд тэгээд шөнө дөлөөр бүсгүй хүн хайгаад давхиж явах. Бүсгүйчүүд нь ч сарныхаа гэрэлт алхаж явах. Шаргын говийн далдхан уянга гэдэг энэ үү дээ. Газар усыг баримжаалах боломжгүй тул энэхэн хэдэн сэрвэгэр буттай газар орныг Ганц хүүхэнтийн хөндий гэж нэр өгч жаал хөгжилдөөд замд шуудрав. Нэг мэдэхнээ сэрүү татаж байна. Сэрээд буухнаа нь нэгэн нуурын хөвөөнөө ирээд унтжээ. Тонхил нуур гэнэ. Уянгат найрагч Тоомойн Очирхүү ахын нутаг уснаа ирээд хоножээ. Т.Очирхүү ах Тонхил нуурын өглөөний нарыг мөн ч олон шүлгэндээ өлгийдсөн байх даа гэх гоёхон бодол цээжин орноо өндөг шиг төрөх агаад төдхөнөө нуур руу шувуу шиг ниснэ. Хөдөлж одохуйд Т.Очирхүү ах дэргэд сууж яваа шиг санагдаад л. Шалмигар шар халмигаа үе үе илэх шиг бодогдоод л..Түүний шүлэг найргийн дээжийг уул усанд нь уяран хайлан дуулж явлаа бидэн.
Тэнгэрийн хаяанаас шаргал гэгээ дэлхэж замын дэргэдүүр хичээнгүйлэн ургасан ортуузны цэцгэнд ягаан будаг түрхэх аж. Ортууз их сайхан ягаан цэцгээр өөрийгөө бүрхэн ургасан мөртлөө яг уярч хайлаад хуруугаа хүргэхээр өргөстэй нь мэдэгддэг, хүмүүний хорвоо шиг аяг ааштай ургамал аж. Т.Очирхүү ах минь энэ л ягаахан цэцгээрээ далдалсан өргөстэй ортуузны дундуур гүйж өссөн байх нь. Тиймээс хорвоог эрт таньж өргөс цэцгийн учирлалыг илүү мэдэрснээс найрагчийн хайлан болсон байж таарна гэх мэт ягаахан бодлуудаар сэтгэлээ цэнгүүлж явлаа. Шар гэгээ улмаа дэлхсээр өглөөний нарны тод улаан хуруу үзэгдэхтэй болов.
Тэрхүү уяхан улаан хуруунууд улаан шүдэнз асаан барьсан мэт бөгөөд эргэн тойрны өндөр хүрэн уулсын оргилууд гол ороогоод хонуулсан зулын цөгц мэт үзэгдэнэ. Харин мөнөөх уянгат улаан хурууны завсар дахь ув улаахан шүдэнз ягуухнаар уулс уулсын оройд хүрэх бөгөөд зулын гэрэл гэнэт бадран асах шиг уулс нь асч өглөө болдог орон ертөнц ажээ. Ийнхүү Т.Очирхүү ахын ягаахан цэцэгт ортуузны уянга, учирлал хоёроор нэгэн бадаг шүлэг сүлжиж амжаа ч үгүй явтал өмнөөс бадмарсан цагаан уул цагаан дөл цацалсаар гараад ирэх нь тэр. Да хүрээнээс зорьж гарсан дагшин их уул Сутай. Биднийхээр бол баруун монголын Утай угтан авах нь энэ ээ.
Говь-Алтай, Ховд хоёр аймгийн мөргөлчид Зүйлийн гол дагуу гэр майхнаа барьж буудалласан байх агаад энд тэндгүй аргалын утаа өглөөний тунгалаг агаарт өлзий хээ ороон суунаглах нь Сутай хайрхны өмнүүр эгнүүлэн өрсөн войпортой арц уугин уугих шиг дүр зургийг урлана. Харин мөргөлчид тахилгын овоо руу гандангийн цэнхэр тагтаанууд будаа цацсан газар руу хошуурах мэт уухайлан хошуурчээ. Монгол төр их хайрхандаа хүндэтгэл үзүүлж байна. Сайхан үйл явдал. Хамгийн гол нь уул устайгаа дотоод билгэ билгүүнээр учралдахуйн нарийн нандин ухаан хүн бүхний оюунд үр нахиагаа дэлгэх нь л чухал. Тахилга тайлга ном ёсоороо болоод өндөрлөхөд Сутайн цагаан оргил мөнгөрөн сэрвэлзсээр л бүлгээ. Юу хүртэж, юу мэдэрснийг нь тэнгэр эрхсийн мэлмий л таалан болгоож байгаа даа. Сарлаг унасан бүсгүй савдагтай юм шүү дээ гэж найрагч ах З.Гүнсэн хажуухнаас хөөрч байна.
Тиймээс энэхэн цагаан уулын эргэн тойронд үеийн үед сүү цагаан идээ халгиж бялхаж байхын шид хутаг оршсон юм гэж бас залбирч байна. Нээрээ л Отгонтэнгэр хайрхныг бодохноо их зөөлөн төрхтэй юм. Хойшоо хараад салхи залгилаад хэвтэж байгаа цагаан сарлаг шиг. Монгол төр энэхэн хишиг буянт уулаа тайж тахисан нь түмэн олноор хишиг буян дэлгэрэхийн өлзий бодсон хэрэг байх нь хэмээн үзэг цаас нийлүүлэгч бидэн ам нэгдэн зөвшлөө. Сутайн зүгээс арц хүжсийн үнэртэй хөх салхи хөхөлзөнө. Сутайн салхи их өөр салхи юм. Түмэн сарлагийн хөлөөр ирж байгаа салхи шиг юм. Чимээ авиа нь самарч байгаа сүүний чимээтэй юм. Хүчит бөхчүүдийнх нь дэвээ шаваа энэхэн салхины нь аяс айзмаар аж. Шандаст хүлгүүдийнх нь давхил ч мөнөөх салхиныхаа л ая дангаар ажээ. Зорьсон томилолт сэтгэлийн хүслээ гүйцсэн бидэн Сутайн нарны алтлаг мутраас адис аваад Шаргын говийн шар замаар шанздаж одвой.
Гэгээтэйд туулж явахад үнэхээр сэтгэл сэргэм сайхан говь ажээ. Бударгана их юм. Ногоолин өнгөт бударганы завсраар харин хаа нэг ч болсон тэмээн сүргийн бөх цухалзахгүй нь нэг тиймхэн. Эртхэн цагтаа тэмээ ороод төөрчихдөг байсан загын шугуй энэ говийн сүр сүлд болж байсан гэлцдэг. Харин өнөөдөр нөгөө загын шугуй нь зөвхөн зэрэглээндээ л шингэж оджээ. Загын шугуй байтугай говийн алтан сүрэг энд үзэгдэхгүй болж харин оронд нь ногоолин эрдэнийн бутан дундуур хятад мотоцикл унасан харцуул сүлжилдэн дахих бүлгээ. Говь Алтай аймаг орж явчихав. Сонгууль энээ тэрээ гээд хөл ихтэй хотод буудал суудал хүртэл ховор байлаа. Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан Х.Оросоо ах бидэнд найр тавьснаар баруун бүсдээ алтан чагнууртан бэлддэг буянтай сургууль болох Анагаахын оюутны байранд хоноглох газар өглөө. Алжааж аяншсан бид хоёр тэнд буухуйд зохиолч М.Эрдэнэбат ажлаар ирээд буучихсан бид хоёрыг хүлээж авлаа.
Гурвуул жаахан сэтгэл хөөрч аваад мянган оюутантай тэгээд ихэнх нь эмэгтэйчүүд гэх энэ байранд оюутных нь тоогоор шүлэг уншиж бас оюутан бүхэнтэй хундага тулгавал юу болох тухай жаал хошигнолдоод А.Эрдэнэ-Очир анд хэрэв ирсэн бол мянган оюутны дунд лав нойр нь хүрэхгүй шөнөжин шүлэг бичих байсан гэх мэтээр хөгжицгөөв. Нээрээ л бид гурав мянган бүсгүйн дунд Арабын Шахууд шиг нойрсов. Нартай уралдан боссон бид Тайшир нутгийн зам руу чиглэн тоос босговой. Төдхөн Нарванчин гэгээний хүрээ хийдийн тууринаа хүрч очлоо. Завхан гол руу харж хэвтсэн харлаг адуу шиг уул байна. Түүний өвөрт багахан сумын төвийн хэмжээний газарт хүрээний туурь зүүрмэглэнэ. Энд нэгэн цагт сүмийн алтан ганжир гялбалзаж бүрээ бишгүүр хангинан мөргөлчид бужигнаж Нарванчин гэгээн, Дилова хутагт хоёр алхаж явсан гээд бодохоор сүсэг төрөм. Бас л арц хүжсийг өргөн эгээ л Энэтхэгээс ирсэн ренбүчи нар шиг аяглав. Гэхдээ энэ бол аяглаж буй хэрэг огт бус өв уламжлал, үндэсний соёлдоо ээж шигээ хайртай тэнэгхэн сэтгэлт биднүүсийн үнэнхүү сүсгийн царай төрхсөн билээ. Явах гэсэн нэг л сэтгэл хоргодоод болдоггүй. Тэгэхээр нь гол хэсгийнх нь тууринаас нэг ширхэг хөх тоосго сугалан авч хадганд нандигнаад Завхан голоо өгсөн тоос босговой.
Завхан голоос нааш Шилүүстэй нутаг харин цаашлахаараа М.Эрдэнэбат, Х.Чилаажав хоёрын нутагсан билээ. Гол зам маань хазайв бололтой бүдэг зам дагуулаадахав. Яваад байтал нэгэн том хар уул угтлаа. Тойроод ортол өвөр дээрээ бадар аяга гэлтэй зэгсээ ганхуулж хун бужигнуулсан үлгэрийн гэлтэй нуур угтах нь тэр. Тэгэхнээ Мандалт хэмээх эртний тахилгатай хайрхны өвөрт азаар давхиад ороод иржээ. Намайг багад аав минь хэд хэд дагуулж ирсэн юм. Сум нэгдэл өвсний нормоо хүчрэхгүй болохоор ийш зарж байсан хэрэг. Тэгээд л томчууд нь гар хадуур бариад л зэгсийг нь найгуулан хэвтүүлээд байх. Гурав, дөрөвдүгээр ангийн хүүхдүүд бид мөнөөх зэгсийг нь бяцхан бяцханаар нь хөвүүлэн эрэг дээр гаргадаг сан. Харалган цаг үеийн өмнөөс Мандалт хайрхан, зэгст нуур хоёроос уучлал эрэн сөгдөөд бага насныхаа гэгээн тунгалаг нэгээхэн хөргийг эндээс ургуулан зурж хараад бяцхан баясвай.
Ийн аян замаа үргэлжүүлэв. Одоо биднийг Дэлгэрийн буурал тал угтан авч байна. Энд Гуулин сумын засаг дарга Л.Раднаабазар гэж шүлэг шигээ сэтгэлтэй сайхан хүн бий. Цаахнатай нь баруун зүгийн хун чуулдаг Тайгам нуур бас мэлтэрнэ. Зохиолч анд М.Эрдэнэбат, найрагч Х.Чилаажав хоёрын минь нутаг. Эрдэнэ засгийн унага шиг гэгэлзсэн талаар ийн давхисаар Х.Жалбажав ахын зусч буй Хашаатад дөрөө мултлав. Х.Чилаажавын ах тэрбээр биднийг хотын найрагчид хэмээн ихэд хүндэлж байна. Түр саатаад мордох гэтэл адуун дээрээ аваачина гэлээ. Юу юугүй сартай хонгор морь барьж цулбуурыг нь хадагтай хамт барьсаар ирэх нь тэр. Өчүүхэн шүлэгч надад бэлэглэж байгаа юм гэнэ. Ганц уургач морь нь гэлээ. Сэтгэл хөдлөм үйл явдлыг харин Сэрх богдын салхин мялаан мялааж байлаа. Хөөрсөн би хариу барих юмаа олж ядахдаа хотоос гарахдаа авч гарсан Очирваань, Сутай хайрхадын салхийг шингээн дээдэлсэн Доржзодов судраа хадгийн хамт барилаа. Ингээд би шүлэг, зохиолын шинэ мэдрэмж уургалах морьтой, Х.Жалбажав ахынхан адис авах бас нэгэн судартай боллоо.
Ай даа Дэлгэрийн буурал тал. Хол замын улс биднийг хөдлөхөд Х.Чилаажав анд өнө эртний тахилгатай Лүн хайрхандаа бараалхаад хөдөлнө гэлээ. Хоёрхон хоногийн өмнө Разон срас ренбүчи ирж энэ хайрханыг тахижээ. Бакула хувилгааны дүү ренбүчи тэрбээр их ахынхаа айлдварыг ёсоор болгосон нь тэр гэнэ. Түүгээр ч үл барам нутаг орныхонтой зөвшин байж энэ хайрханд Бакула Лүн хайрхан гэсэн нэр хайрлаад буцжээ. Энэтхэг жагарын орны тэр их хүмүүн юуны учир энэ тал нутгийн нэгэн уулыг онцолсон юм. Ямархан ч нандин шүтэлцээ холбож байгаа юм. Номт гурван орны нэг Монгол нутгийн минь билгэ билгүүн иймсэн билээ. Лүн хайрхны өвөрт М.Эрдэнэбат, Х.Чилаажав бид гурав шүлгээ уншиж баахан хөөрлөө. ”Эрдэнэ засгийн унага”-ыг гурвантаа дуулж лус савдгийг баясгалаа. Сэрх богдын зүгээс хэсэгхэн бороо наашилна. Лавтайяа гурав хоног энд бороо орно гэж өөрсдийгөө бас хөөргөлөө.
Ийн хөдлөөд жаахан явтал багийн төв таарлаа. Сондгойхон босгосон нэгэн хөшөө дурсгал хараа татсан юм. Давхиж хүрвэл ламын гэгээний тавдугаар дүрийн хөрөг өмнөөс цацран угтах нь тэр. Хормой дэвсэн мөргөлөө. Хэрэг учрыг нутгийн хүнээс тодруулбал энүүхэн шаргал дэрсэн дунд төрсөн юм гэнэлэй гэж багийн төвийн хогоо асгасан хэсэгхэн шаргал дэрсийг тоомжиргүйхэн зааж байна. Сэтгэл доторх мөнөөх нэгэн “анд” бас л догширон бухимдаж тэрхүү дэрсний хогийг ядахнаа цэвэрлэчихье хэмээн хэсэг зүдрээв. Гэгээ татуулсан хэсэг шаргал дэрсийг сэтгэлийнхээ мутраар илбэн аргадаад мордвой бид. Хойноос Очирваань уулын цагаан үүл Сутайн хөх салхийг хөлөглөн хөх буга унасан цагаан дээлтэй лус шиг даган даган дэргэнэ. Өмнөөс борооны үнэр...
Ц.Бавуудорж