Эх сурвалж: Sonin.mn сайтын 2016-02-19 өдрийн нийтлэл


Сономбалжирын Буяннэмэх 1902 онд Түшээт хан аймгийн Говь Түшээ гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын нутаг Хөх Хуруугийн бууцанд Цогтын охин Дулмаагийн ууган хүү болон мэндэлжээ.

С.Буяннэмэхийн эх Ц.Дулмаа хоёр дахь хүүхдээ төрүүлэхдээ нас барснаар түүнийг эцэг нь нагац эгчид нь хүргэн өгч, нагац эгч нь Э.Тогтох тайжид үрчлүүлжээ. Нагац эгчийнх нь нөхөр цахар Лувсан нь Э.Тогтох тайжийг бараадан амьдарч байсан нь түүнд үрчлүүлэхэд дөхөм байжээ.

 С.Буяннэмэх тайжийнд түүний дунд хөвүүн Эрхэмбаяртай хамт эрдэм ном заалган 18 нас хүртэл амьдарчээ. Э.Тогтох тайж тухайн үеийн сэхээтнүүдийн нэгэн адил хөлсний багш гэртээ урин авчирч хүүхдүүддээ ном заалгадаг байжээ. Энэ тухай Э.Тогтох тайжийн охин Хаснавч гуай “Манай аав бидэнд харчин угсааны Аашинга гэдэг хүнээр монгол, манж бичгийг голлон, хятад хэл бичиг заалгадаг байсан” хэмээн эрдэм ном гэрээр заалгадаг байсан тухай дурссан байдаг.

Мөн С.Буяннэмэх Нийслэл хүрээний бага сургуульд хоёр жил сурсан ажээ. Судлаач миний хувьд энэ удаад С.Буяннэмэхийн эхэн үеийн намтрыг нуршин дурдахаас татгалзан товчхон үгүүлж, түүний Дотоодыг Хамгаалах Газар /ДХГ/, ДЯЯ-тай холбогдсон шалтгаан, хэлмэгдсэн асуудлын талаар тодруулахыг зорилоо.

Нэг.Татаар хүүхэн Зина /Жена байж болох/-гийн асуудал ба 1932 онд Дотоодыг Хамгаалах Газраас С.Буяннэмэхийг баривчилсан нь. 1932.03.08-нд ДХГ-аас С.Буяннэмэхийг “Тогтох тайж, гүний төрөл садан, Хятадын нутагт оргон зайлж яваад ирсэн, хувьсгалаас урвасан Мэрсээ нартай дотно нөхөрлөн явсан. Түүний эхнэр, хүүхдэд тусламж үзүүлж байсан. Мэрсээтэй захидал бичгээр харилцсан" гэж баривчилж, дөрвөн удаа байцаасны эцэст 1932.09.14- нд ДХГ-ын орлогч дарга Б.Аюуш, ерөнхий сургагч Чибисов нарын зөвшөөрлөөр материал нь хоцорсон, гэрч баримтгүй, хичнээн байцаавч огт хэрэг хүлээхгүй хэмээн сулласан байдаг. Учир юу хэмээвээс 1924.08.30-нд С.Данзан нарын хувьсгалын эсэргүү хэргээр С.Буяннэмэх баригдаж, тусгай комиссын тогтоолоор “Чухал тушаалын газраа албан хаасан журамт нөхдийн завсарт өө сэв, үг сэдэв гарган хутгаж журамт нөхдийг албанаас зайлуулах хэмээсэн” гэж гуч хоног гянданд хоригдохоор шийтгэгджээ.

С.Буяннэмэхийг ДХГ-ын шоронд хоригдож байх хугацаанд түүний эхнэр Дуламжав нь гэрээсээ хоол цай зөөж байсан, суллагдсан даруйдаа буюу 1924.09.30-нд Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн III Их хуралд тайлан, илттэл тавьсан байдаг. Тус хурал дээр Э.Ренчиногоос С.Буяннэмэхийг нам, эвлэлийн холбоог холдуулах хэмээсэн гэж ихэд Шүүмжилсэн байдаг. ХЗЭ- ийн III хурлаар С.Буяннэмэхийн дэргэд А.Г.Старков байж, түүнд нөлөөлөн зааварлаж, С.Буяннэмэх түүнийг нь гүйцэтгэх гэж чармайн зүтгэж буйг илчилж, хурлын дараагаар С.Буяннэмэх Манжуур луу оргосон байна.

С.Буяннэмэхийн Манжуур луу оргосон тухайд судлаач Г.Дүйнхэржав С.Буяннэмэх нь бусадтай үзэл санааны зөрөөтэй байсныг далимдуулан зориуд буруутан болгож оргодол гэдэг халхавчаар Коминтернээс тусгай даалгавар өгч Барга, Өвөрмонголд явуулсан” хэмээн дүгнэлт хийжээ. Энэхүү дүгнэлтийг тэрээр “Мэрсээ бол Коминтерний шууд удирдлагаар ажиллаж байсан хүн билээ. С.Буяннэмэх анх баргад очсон тухай Г.Эрдэнэбилэг гуай дурсан ярихдаа “Хоршооны ажилчдын дунд хоёр сарын курс байгуулагдсан баив. Түүнд багшлах хүн нэрийг нь Пунцагдорж гэдэг гэсэн. Тэр хүн цахар хэлтэй... 1928 онд Улаанбаатар хотод ирээд Пунцагдорж багш явж байсан. Би яг урдаас нь очиж нэрийг нь хэлээд “Та мөн биз дээ?” гэхэд намайг таньж, “Би Пунцагдорж биш Буяннэмэх. Тэнд байхдаа тийм нэртэй байсан” гэж байв” гэснээр бататгажээ. Үнэхээр С.Буяннэмэх Хайлаар хот дахь Монгол хоршооны сургуульд нэг сар гаруй ажилласан байдаг.

 С.Буяннэмэхийг ЗХУ-ын тагнуулын байгууллагын зүгээс /А.Г.Старковын заавраар/ Манжуур луу гаргасан нь түүний 1925.09.07-ны өдөр МАХН-ын Төв Хороонд илгээсэн захидлаас тодорхой болдог. Тэрээр уг захидалдаа “Дотоодыг Хамгаалах ба ГПУ / ЗХУ-ын тагнуулын байгуулага/-аас Манжуурт суугаа орос түшмэд Владимир хэмээгч харьяат ДХГ-ын дарга Батурон, Сандуйжав нарын гарын үсэгбүхий захидал нэг зүйлийг хүргэн ирснийг хүлээн авч үзвээс өчүүхэн намайг ялгүй хэмээн уучилсны дээр... барга монголчуудын дотор намын үзэл суртлыг дэлгэрүүлэх зэргээр оролдвоос зохих ба тэндэх байдал явдлыг тодорхой ирүүлж, нууц заавар сайтар авбаас зохимой гэх зэрэг ирсэнд өчүүхэн хүн мөн ч журамлан дагаж барга монголчуудын дотоод гадаадын нарийн нууц байдал тэргүүтнийг тодорхойлон бичиж илтгэн явуулсан” гэж бичсэн байдаг.



С.Буяннэмэхийг ийнхүү хувьсгалын хэргээр гадаадад гарган ажиллуулж, улмаар нутагтаа буцаж ирэнгүүт Эвлэлийн Төв Хорооны суртлын сургагч, цэнгэлдэх хүрээлэнгийн дарга зэрэг ажлуудыг эрхэлсэн байдаг. Энэхүү албан тушаалд томилогдсон явдал нь түүнийг гадаадад оргож яваагүйг улам бататгах ажээ. Гадаадад оргосон халхавчаар хувьсгалын ажил хэргийг гүйцэтгээд ирсэн итгэлт нөхөр С.Буяннэмэх 1932 онд ДХГ-т яагаад дахин баригдах болов гэсэн асуулт гарч ирнэ.

С.Буяннэмэх 1932.08.11-ний өдөр ДХГ-т өгсөн мэдүүлэгтээ “Намайг Мэрсээтэй харилцаатай хэмээсэн хэрэгт би санаваас 20 /1930/ онд надтай ханилан байсан татаар эхнэр Зина хэмээхээс над лугаа хувийн найрамдалгүй болж, хэрүүл тэмцэл гаргаж байсны улмаас чамайг Мэрсээтэй харилцаатай гэж Дотоодыг Хамгаалахад мэдээ оруулмой. Тэрхүү мэдээг мөнхүү хамгаалахад суудаг татаар хүмүүсээр уламжпан өгмой хэмээх буй. Хуучин эхнэрийн үгээр худал мэдээ оруулсан болов уу хэмээн санамой” хэмээн үгүүлжээ.
ДХГ-ын хориход байхдаа С.Буяннэмэх Намдаг, Нацагдорж нартай нэг өрөөнд байжээ.

Энэ тухай Намдаг “1932 оны 05-р сарын дундуур би өөрөө золгүй муу оронд туугдан очиж Буяннэмэхтэй танилцах тавилантай байжээ. Тэнд бид хоёр дөрвөн сар гаруй болов. Тэгэхэд Нацагдорж мөн байсан" хэмээжээ. Хожим 1962 онд Д.Намдаг өргөдөл гаргаснаар С.Буяннэмэхийг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэнийг цагаатгасан байдаг.
С.Буяннэмэхийн ДХГ-т хоёр дахь удаагаа баригдах шалтгаан нь татаар хүүхнээс болсон төдийгүй тус онд гарсан лам нарын бослогоос үүдэлтэй байсан ажээ. Гэвч ЗХУ-ын тагнуулын байгууллагын зүгээс буюу ДХГ- ын ерөнхий сургагч Чибисовын заавар, зөвшөөрлөөр түүнийг суллажээ. ЗХУ-ын зааварлагч өөрийн төлөөний хүнийг суллах нь зүй ёсны хэрэг байв. Тэрээр суллагдсан даруйдаа “Үндэсний эрх” сонины хариуцлагатай нарийн бичигийн дарга, уран сайхны зөвлөлийн даргаар дэвшин ажиллажээ.

Хоёр.Гэндэн, Дэмидийн япон тагнуулын хэрэгба 1937 онд Дотоод Явдлын Яамнаас баривчилсан нь 1937.08.24-нд ЗХУ-ын ДХАК-ын орлогч сайд М.Ф.Фриновский, Батлан Хамгаалах Яамны орлогч сайд В.В.Смирнов нарын бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид ямар ч төлөвлөгөөгүй байгаад Монголд ирэхдээ “Хуйвалдаан №1” хэмээх даруй баривчлах 115 хүний нэрсийн бүртгэлийг авчирч ДЯЯ-нд өгсөн байдаг. Энэхүү бичгийн 29 дүгээрт “Буяннэмэх-уран сайхны улс төрийн зөвлөлийн дарга” гэж бичигдсэн байжээ. Энэхүү нэрсийн жагсаалтын дагуу ДЯЯ-наас 1937.09.10-нд маршал Х.Чойбалсангийн баталсан ордерээр зохиолчийг гурав дахь удаагаа баривчилжээ.

С.Буяннэмэхийг японы тагнуулын хэргээр мөрдөн байцаасан бөгөөд тэрээр дөрөв дэх мэдүүлгээсээ эхлэн японы тагнуул, Ерөнхий сайд Гэндэнд элсэгдсэн хэмээн зохиомол хэргийн тулгалтыг хүлээн авч эхэлжээ. Түүнийг 1937.10.25-ны өдөр “Гэндэнд элсэгдсэн. Хувьргалт засгийг устгаж, Япон улсыг түшиглэсэн, бүх монгол үндэстнийг нэгтгэсэн засаг байгуулах зорилготой байсан" хэмээн Онц бүрэн эрхт комиссын 1-р тогтоолоор хуулийн дээд хэмжээгээр шийтгэжээ. Түүнийг байцааж байсан байцаагч “Буяннэмэхэд холбогдох материал байгаагүй” гэсэн нь түүний хэрэг хилс болохыг бүрэн илэрхийлдэг.

Гэвч “Хуйвалдаан” хэмээх нэрсийн жагсаалтанд ЗХУ-ын тагнуулын байгууллагын даалгавраар Барга, Өвөрмонголд ажиллаж байсан С.Буяннэмэхийн нэр яагаад орсон бэ, яагаад С.Буяннэмэхийг хэлмэгдүүлэх болов гэсэн асуудал урган гарч ирэх нь гарцаагүй юм. Тэрээр жанжин Д.Сүхбаатар шиг ЗХУ-ын сургагч, зөвлөхүүдийн гарын дор ажиллахаас татгалзсан бололтой. “Хуйвалдаан” хэмээх нэрсийн жагсаалтанд орсон хүмүүс бол БНМАУ-ын улс төрийн сэхээтнүүд, нэгдсэн, тусгаар Монгол улсыг байгуулахын төлөө хичээнгүйлэн зүтгэж байсан хүмүүс багтсан байдаг.

Өөрөөр хэлбэл тэд ЗХУ-ын гар хөл болохоос татгалзсан хүмүүс байв. С.Буяннэмэх мөн л тэдгээрийн нэгэн адил Бүх монголчуудын тусгаар тогтнолын төлөө зүтгэснээс хэлмэгджээ. Тэрээр энэ тухайгаа “Манай Монгол улс хувьсгалын замаар барга, дотоод монголтой нэгдэж болно хэмээн бодож бэлтгэл суурийг хийхээр барга, монголд хувьсгалын ажил хийж байсан.

Буриад монголын хэл бичгийг монголчилбоос эрдэм соёлын холбоо нь ойртож алстаа монгол үндэстнийг хувьсгалын замаар нэгтгэх явдалд болно хэмээн санаж... буриад монголд очиж... эрдмийн хүрээлэнгийн багш нарын сургуулийн сурагчдад монгол хэл зааж, сонин хэвлэлийн найруулгыг засч байсан” гэж мэдүүлжээ. Энэ бол С.Буяннэмэхийн мөн чанар, чин хүсэл байжээ.

С.Буяннэмэх өчүүхэн төдий атаа хорслоос бус нэгдсэн Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө зүтгэж, зохиол бүтээлээ туурвин гадаадынхны гар хөл болохоос эрс эсэргүүцэн тэмцэж, улс төрийн хилс хэлмэгдүүлэлтэнд өртсөн эх орончдын нэг байжээ.

Судлаач На.Батболд
Эх сурвалж: Утга зохиол урлаг

Эх сурвалжийн холбоос: ҮЗЭХ

Буцах