Зураг: Дорнод аймаг Чулуунхороот сум. Манлай ванг оршуулсан газар
Монгол үндэстний тусгаар тогтнол, эрх чөлөөний төлөө цуцалтгүй тэмцэгч Баргын эрэлхэг хөвгүүн Манлайбаатар Жамсрангийн Дамдинсүрэнг бид бүхэн зохиолч Сономын Удвалын "Их хувь заяа" романаар туурвисан "Хатанбаатар" 2 ангит түүхэн уран сайхны киноноос гамингийн шоронд босоогоороо нас барсан эх оронч гэдгээр нь мэдэх билээ. Иймд түүний хэрхэн нас барсан болон хаана оршуулсан тухай өгүүлэхээр зорилоо.
Сюй Шүжан 1919 оны 12-р сарын 22-нд Монголын Автономийг устгасан тэр мөчөөс Монголын олон түмэн ардын уур хилэн дахин дэгдэж, тусгаар тогтнолоо сэргээх арга замыг хайн Нийслэл Хүрээнд Ноёдын нам, Түшмэдийн нам, Ардын нам гэсэн улстөрийн бүлэглэлүүд үүсгэн байгуулагдаж тэрхүү тэмцлийг удирдав. Улмаар Монгол Ардын Намын үйл ажиллагаа онц идэвхжиж умард хөрш Зөвлөлт Орос Улсаас тусламж авч Ардын журамт цэргийг байгуулан 1921 оны 3-р сарын 18-нд Хиагт хотыг Хятадын цэргээс чөлөөлж, улмаар гамин, бароны цэргийг дараа дараалан устгаж 1921 оны 7-р сарын 11-нд Засгийн эрхийг Ардын түр Засгийн газарт шилжүүлэн авч Ардын Засгийн газрыг байгуулан улс орноо удирдах болсон юм. Ийнхүү 1921 онд эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж, төрийн тусгаар тогтнолоо сэргээх ариун үйлсэд монгол хүн бүр хичнээн зүтгэж, амь хайргүй тэмцсэний үр дүнд ялалт амжилтанд хүрсэн бөгөөд энд мөн барга зоны баатарлаг тэмцлийг ч онцлон дурдах нь зүйтэй.
Нийслэл Хүрээнд байгуулагдсан анхны улс төрийн намын нэг гэж болох “Ноёдын нам ” буюу “Гадаад монголын автомономит ба амгалан байдлыг хамгаалан туслах нам” –ийн бүрэлдэхүүнд Жалханз хутагт Дамдинбазар, Дилов хутагт Жамсранжав , Дүйнхорын да лам Пунцагдорж зэрэг томоохон ноёдоос гадна Хатанбаатар С.Магсаржав, Манлай баатар Ж.Дамдинсүрэн зэрэг нэртэй цэргийн жанжид багтжээ. Тэд удаа дараа хуралдан Хятадын дарлалаас ангижрах арга замыг хэлэлцэн, Богд Хаантай холбоо тогтоон ажиллаж байсан бөгөөд нэг хэсэгтээ монголын олон түмэн ардын гол итгэл найдвар нь болж байв. Ялангуяа, Хатанбаатар С.Магсаржав, Манлай баатар Ж.Дамдинсүрэн нарыг Хятадын ноёрхлын эсрэг тэмцэлд ихээхэн үүрэгтэй гэж Монголчууд итгэн хүлээж байлаа.
Ийм учраас Богд Хаан тэднийг тусгайлан нууцаар дуудан уулзаж, ойр хоёр аймгаас сэм цэрэг татаж, зэвсэгт бослогод бэлтгэн, зарлигийг хүлээж байхыг тушаасан байна. Тэд ч ойр аймаг хошуудаас цэрэг дайчлан татах бэлтгэлийг хийж, тэдгээрт зэвсгийн нууц санд хадгалж байсан буу зэвсгээс олгох, цэргийн агтанд Богдын есөн цагаан хэмээх сүргээс хэрэглэхээр бэлтгэж байсан мэдээ буй. Мөн 1920 оны зун Богдод даншиг өргөх далимаар Халхын олон аймгийн хан, ван, гүнгүүдийг зарлан хуралдуулахад Богдын лүндэнгээр С.Магсаржав, Ж.Дамдинсүрэн нарыг тусгайд нь нэр заан дуудан ирүүлж байжээ.
Баргийн Манлай баатар Ж.Дамдинсүрэн ийнхүү эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэлд хошуучлан оролцож Хятадын цэргийн эрхтнүүдийн эсрэг зэвсэгт тэмцэл өрнүүлэхээр бэлтгэж байсан юм.
Харамсалтай нь тэдний энэхүү үйл ажиллагааг хүрээнд байсан Хятадын цэргийн эрх баригчид тандан мэдэж 1920 оны 7-р сарын 29 /аргын есдүгээр сарын 11/-ний шөнө Манлай баатар Ж. Дамдинсүрэнг, маргааш өглөө нь Хатанбаатар С. Магсаржавыг баривчлан хорьсон байна.
Хамгийн харамсалтай нь Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн бие Хятадын шоронгийн хатуу чанга эрүү шүүлт, хүнд бэрх нөхцөл байдал, хуучин тогтсон өвчнийг тэсвэрлэж чадалгүй 50 насандаа шоронд таалал төгсчээ. Энэ тухай архивын баримтанд “Манлай ван ноднин жил 7 сард Нийслэл хүрээнд гаминд баригдан хоригдож хуучин тогтсон ханиах өвчин улам хүндэрч сувилуулах гэвч эрх мэдэл үгүй түр зуур амрыг олсонгүй байсаар өнгөрсөн жил /1920 он/ өвлийн сүүл сарын 19-ний шөнө нас барсан” гэжээ.
Ийнхүү XX зууны Монгол цэргийн домогт жанжин, Монгол үндэстний эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө цогтой тэмцэгч, барга түмний бахархал болсон Манлай баатар ван Жамсрангийн Дамдинсүрэн амьдралынхаа сүүлчийн 107 хоногийг Хятадын шоронд өнгөрөөж аргын 1920 оны 1-р сарын 27-ний шөнө нас баржээ. Монголын ард түмэн түүнийг Хятадын шоронд нас барахдаа “ Би эдний дэргэд хэвтээгээрээ үхэхгүй” хэмээн босоогоороо амьсгал хураасан хэмээн домог болгон бахархан ярьдаг билээ.
Мөн ШУА-ийн түүхийн хүрээлэнгийн гар бичмэлийн фондонд хадгалж буй Манлай баатарын нэгэн товч намтарт түүнийг “Би Хятадуудын өмнө хэвтээгээрээ үхэхгүй, үхэвч суугаагаараа үхнэ” гэж эрс хатуу тэмцсээр нас барсан гэжээ. Эдгээр аман болон бичгийн мэдээнүүд нь Манлай баатар Ж.Дамдинсүрэнг жинхэнэ хатан зоригтой тэмцэгч байсныг, тэрээр эцсийн амьсгалаа хураатал тэмцлээ үргэлжлүүлж байсныг нотолж байна. Энэ тэмцлээрээ тэрээр харийн дайсны өмнө хэзээ ч өвдөг сөхрөхгүй байхыг, хамгийн эцсийн амьсгалаа хүртэл, эх орон, ард түмнийхээ эрх чөлөө, тусгаар тогтнолын төлөө зориулахыг Монгол ах дүү нартаа гэрээслэн захисан юм.
Түүний энэ гэрээсийг хамтран зүтгэгчид нь, монголын эрэлхэг зоригтой цэрэг эрс нь биелүүлж эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг байлдан авсныг урьд товч өгүүлсэн билээ. Энэ үйл хэрэгт Манлай баатарын цэрэг эрс, албат ард, баргын баатарлаг эрчүүд ч өөрсдийн хувь нэмрийг оруулж “”Сүрэн жанжин”-ныхаа хүсэл мөрөөдлийг биелүүлсэн юм.
Энд нэг зүйлийг онцлон дурдахад Ж. Дамдинсүрэнг нас барсных нь дараа шарилыг оршуулсан тухай тодорхой баримт материал бидэнд хараахан олдоогүй байна. Ахайд Шарайд Дугаржавын Дамдинжав “Дал” сонины 2003 оны дугаарт “Манлай баатар Дамдинсүрэнгийн баривчлагдсан, насан эцэслэж оршуулагдсан тухайд” гэсэн өгүүлэл нийтлүүлжээ. Уг өгүүлэлд түүний баривчлагдсан ба нас эцэслэсэн хугацааг тодорхой гаргаж чадаагүй боловч шарилыг нь оршуулсан тухай сонирхолтой мэдээ өгүүлжээ. Үүнд, Ж. Дамдинсүрэнгийн шарилыг түүний морь хөтөч байсан Лхасүрэн гэдэг хүн шоронгоос нууцгайхан авч оршуулсан. Тэрээр садан төрөлхийнхөн болон нутгийнхныхаа хамт Дамдинсүрэнгийн шарилыг хошуу нутагт нь аваачиж оршуулахаар шийдвэрлэж, Нийслэл Хүрээнээс жууз тэргэнд нууцлан авч гарч одоогийн Дорнод аймгийн Чулуун хороот сумын нутаг Үүлэн хан гэдэг ноёлог уулнаас зүүн урагш Шинэ булаг гэдэг булгийн эхнээс хойш 2-3 км-т орших энгэр газар бунхлан оршуулсан бөгөөд үүнээс хойш 1-2 жилийн дараа шарилыг нь хил хязгаараар нутаглаж байсан Орос, Буриад нар сүйтгэсэн учир хүү Долсон нь ясыг нь цуглуулж Үүлэн хан уулын зүүн суганд тавьжээ гэжээ.
Мөн Барга судлаач Харгана Ж.Өлзий нэгэн бүтээлдээ Манлай баатарын шарилыг түүний хошуунд нь аваачин Үүлэн хан уулын зүүн өмнө Галуут нуурын хойт талд Шинэ булаг хэмээх газар оршуулсан гэжээ. 1921 онд үйлдсэн тус хошууны нутгийн зургаас харахад хошуу нутгийн баруун хойно Ухаа- Овоот харуулын чигт Үүлэн уул, түүний зүүн урд зүгт нилээд зайтай Галуут нуурыг тэмдэглэсэн байна. Иймд Манлай баатар Ж.Дамдинсүрэнгийн шарилыг энэхүү Үүлэн уулын энгэрт оршуулсан бололтой байна. Ер нь Ж.Дамдинсүрэнгийн оршуулсан газар хөшөө дурсгал босгон мөнхжүүлж хүндэтгэл үзүүлэх нь чухал байгааг онцлон тэмдэглэе.
Эх сурвалж: ҮЗЭХ