Эх сурвалж: Eagle.mn сайтын 2017-12-04 өдрийн нийтлэл
Дорнод аймгийн ИТХ-ын 2017 оны аравдугаар сарын 20-ны өдрийн хуралдааны шийдвэрээр Булган сумын Соёлын төвийг төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай морин хуурч Г.Жамъянгийн нэрэмжит болгосон байна. Тиймээс Дорнод аймгийн Булган сумынхан их хуурчийнхаа хөшөөг Соёлын төвийнхөө урд талбайдаа сүндэрлүүлжээ.
Зууны манлай морин хуурчийн хөшөөний нээлтийн ажиллагаанд Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн тэргүүтэй тус аймгийн боловсрол, соёл урлагийн байгууллагуудын дарга, удирдлагууд болон Г.Жамъян хуурчийн үр хүүхдүүд Улаанбаатар хотоос хүрэлцэн очиж оролцсон байна.
Их хуурчийн хөшөөний загварыг 1950-иад онд олон улсын уралдаанд оролцож байх үеийнх залуу насны зургаас сэдэвлэн, уран барималч Энхтүвшин урлажээ.
Төрийн шагналт, ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, Төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян 1919 онд Дорнод аймгийн Булган сумын нутаг Туг уул хэмээх газар мэндэлжээ. Тэрээр багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, улмаар улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан аж. Г.Жамъян хуурч 1936 онд урлагийн сургуульд элсэн суралцаж алдарт хуурч Д.Түдэв, С.Түвдэн нараар морин хуур заалгаж, сургуулиа төгсөөд Улсын төв театрт хөгжимчнөөр орж урлагийн их замаа эхэлсэн байна.
Монгол ардын аялгуу дуунаас эхлээд Р.Шуманы “Бодол”, “Бяцхан дурдатгал”, А.Г.Рубинштейны “Аялгуу”, П.И.Чайковскийн “Баркороло” зэрэг үндэсний болон сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, уг хөгжмийн зэмсгийн аялгуу гаргах царыг нийтэд харуулсан төдийгүй олон арван шавь нарыг төрүүлэн гаргасан алдарт хуурч юм.
Эх сурвалжийн холбоос: http://eagle.mn/r/37684