Г.Жамъян хуурчийн ач хүү Б.Болор-Эрдэнэ
Эх сурвалж: mass.mn сайтын 2014.11.28 өдрийн нийтлэл
Хэзээ ч тасрашгүй урлагийн удам
Төрийн шагналт, Ардын жүжигчин, Монголын морин хуурын орчин цагийн сургалтыг үндэслэгч, хөгжмийн урлагийн нэрт төлөөлөгч, сурган хүмүүжүүлэгч, профессор, төрийн их хуурч Гомбодоржийн Жамъян агсны 95 насны ойн хүндэтгэлийн арга хэмжээ өчигдөр УДБЭТ-т боллоо.
Түүний намтар, дурсамж яриаг сөхвөл. Тэрбээр 1919 оны 2 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Булган сумын нутагт төржээ. Эцэг Гомбодорж нь гэрээр бичиг заадаг багш хүн байсан учраас өөрийн хоёр хүүдээ багаас нь морин хуур, монгол бичиг зааж сургажээ.
Төрсөн ах Г.Бадрах нь “Монгол хүү” кино хийж байх үед Улаанбаатар хотод дамжаанд суралцан дүүргэж байсан гэдэг.
1936 онд Г.Жамъянг улс хувьсгалын 15 жилийн ойгоор аймгийн дарга Оригийн Шагдар дуудуулж Гадаад яамны дэд сайд Магсар хурцын Дугаржавт шалгуулжээ. Аав нь хүүгээ дагуулан өөрийн найз, нутгийн айл болох комиссар Банзрагчийнд очиж, хүүгээ энэ үеэр зохиогдсон урлагийн уралдаанд оролцуулжээ. Дууны тэмцээнд Үржин гэдэг эмэгтэй, хөгжимд Г.Жамъян түрүүлж бүтэн үхрийн булигаар ширээр шагнуулан урамшиж, удалгүй аймгийн гэгээрлийн хэлтсийн бичигтэйгээр урлагийг хөгжүүлэх сургуульд,1937 оны намар орж, алдарт хуурч Түдэв багшаар мэргэжлийн хичээлийг жил хагаст заалган төгсч, Улсын төв театрт хөгжимчин болжээ.
1946 онд ардын хувьсгалын 25 жилийн ойгоор улсын гавъяат жүжигчин цол хүртэж,1947 онд дэлхийн залуучууд оюутны их наадамд Шуманы “бяцхан дуулал”, монгол ардын “Цонхон дээр суусан ялаа” хоёрыг тоглоход гадаадын үзэгчдийн талархлыг хүлээж, шагшин гайхсан шуугиан задгай талбайд дүүрч байжээ. 1966 онд нэгдсэн концертуудад шалгарсан тул хөгжимчин Г.Жамъян, Ж.Чулуун. Ц.Дашдулам нарт төрийн соёрхол хүртээжээ. Тэрээр Дэлхийн залуучууд оюутны 2, 3, 5, 7 дугаар их наадмуудад оролцож, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн байна. Морин хуурын 30 гаруй хувилбар ая бичиж, “Адуун сүргийн манлай” киноны хөгжмийг хийжээ. Морин хуурын аялгууг дэлхийд алдаршуулж байсан тул 1979 онд “Ардын жүжигчин” цол хүртээжээ.
Д.Болд: Хамгийн үнэ цэнэтэй зүйл бол өвөөгийн минь захиас
Уг тоглолтын гол зохион байгуулагчаар ажилласан Төрийн соёрхолт дуучин Д.Болдтой цөөн хором ярилцсан юм.
-Таны өвөөгийн 95 насны ойн баярын арга хэмжээ маш сайхан боллоо. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Гомбодоржийн Жамъян гэдэг их хүний 95 насны ойн арга хэмжээ УДБЭТ-ын тайзнаа ёслол төгөлдөр боллоо. Миний хувьд сэтгэл үнэхээр дүүрэн байна. Тоглолтыг маань Нийслэлийн соёл урлагийн газар, СУИС, ХБК, УАДБЧ зэрэг маш олон байгууллагын дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.
Өвөөгийн маань үе үеийн шавь нар, Монголд байгаа бүхий л алдартай хөгжимчид хүрэлцэн ирж, эгшиг нэмэн хүндэтгэл үзүүллээ. Мэдээж үр ач болсон бидний төлөөлөл буюу миний бие “Камертон” хамтлагтайгаа, Баачка ах маань төгөлдөр хууран дээр өөр өөрсдийн уран бүтээлээрээ өвөөд хүндэтгэл үзүүллээ. Ер нь тоглолтод маш олон уран бүтээл тоглосон. Тэгэхээр Өвөөгийнхөө ямар их авьяастай, ард түмэндээ хүндлэгдсэн хүн болохыг нь бүр илүү мэдэрлээ.
-Сая Г.Жамъян гуайн ач хүү хийлийн гоцлол тоглолоо. Танай гэр бүлийн урлагийн удам улам бүр хүрээгээ тэлж байгаа бололтой?
-Өвөөгийн хүү Баярсайхан ахын маань зургадугаар ангийн хүү л дээ. Болороо гэдэг юм. Өвөөгийнхөө ойн баярт зориулж, өөрийн биеэр хийл хөгжим тоглож мэндчилгээ дэвшүүллээ. Их хөөрхөн, авьяастай хүү шүү.
Ерөнхийдөө төрийн их хуурчийн удам угсаа гэдэг утгаараа үр ач бид нар өвөөгийнхөө энэ их авьяасыг аль болох өвлөж, хөгжүүлж, өөрсдийн үр удамдаа ч зааж сургахыг хичээсээр ирсэн. Энэ урлагийн удам дамжсан цус хэзээ ч тасрахгүй гэдэгт итгэлтэй байна. Дүү нар дотор урлагийн авьяастай залуус их бий. Би ч бас өөрийнхөө хэмжээнд тодорхой хариуцлага хүлээж, үргэлж өсч дэвжихийг хичээж яваа залуу хүн.
-Хүндэтгэлийн тоглолтонд таны зүгээс ямар үүрэгтэй оролцов?
-Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар ажиллалаа. Мөн “Камертон” хамтлагтайгаа дуулахаас гадна өөрийн “Би монгол хүн” дуугаа өвөөдөө зориулж дууллаа. Өнөөдөр “Жамъян” санг албан ёсоор нээж буйгаа зарлалаа. Энэ сангаараа дамжуулж бид өсвөрийн морин хуурчид болоод морин хуур хөгжимтэй холбоотой наадмууд ер нь тэгээд урлагтай холбоотой арга хэмжээнүүдийг дэмжиж ажиллахаар төлөвлөж байгаа.
-Өвөө тань танд юуг зааж, сургадаг байв?
-Их зүйл өвлүүлсэн дээ. Хамгийн гол нь өвөөгийнхөө захиас үгийг хэзээ ч мартахгүй юмсан гэж хичээж явна. Өвөө минь “Хүн чанартай зүйл л хийх ёстой. Аргалаад хийсэн зүйл амжилт олж болох ч гэлээ цаг хугацааны хувьд чамайг доош нь чангаах үндэс болно" гэж захидаг байсан юм. Миний хувьд хамгийн үнэ цэнэтэй насан туршдаа мартаж боломгүй сургааль бол өвөөгийн минь энэ захиас юм.
-Баярлалаа. “Жамъян” сангийн ажилд тань амжилт хүсье?
-Баярлалаа.
Ж.Баярсайхан: Яах аргагүй манайх боловсролтой, элит гэр бүл
Төрийн их хуурч Г.Жамъян агсны хүү Ж.Баярсайхан гуайгаас хүндэтгэлийн тоглолтын талаарх сэтгэгдэлийг авсан юм.
-Өнөөдөр таны аавын 95 насны ой тохиож байна. Хүүгийн хувьд бидэнтэй сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Мэдээж ах нь энэ агуу хүний хүүгийн хувьд маш их баярлаж, бахархаж байна. Сэтгэл хөдлөөд үг ч эвлэж өгөхгүй юм. Ямар ч байсан өнөөдрийн энэ хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, бие сэтгэлээрээ дэмжлэг үзүүлсэн бүх хүмүүстээ талархаж буйгаа энэ дашрамд хэлье.
-Мэдээж та өөрийн удам судраар маш их бахархаж байгаа байх?
-Тэгэлгүй яахав, миний өвөө Гомбодорж нь тайж угсаатай хүн байсан. Түүнээс гадна Монголын хоёрдугаар дэсийн хуурч хүн байсан юм билээ. Урлагийн өндөр боловсролтой хүн байсан болохоороо миний аавд бичиг үсэг заахаас гадна анх хуур хөгжмийг заасан гэдэг. Өвөөгийн минь аав ч тайж угсааны хүн байсан гэхээр яах аргагүй л манайх боловсролтой, элит гэр бүл.
Миний ээжийн тухайд ч бас анх Бөмбөгөр ногоон театрт хуучир, хийл хөгжим тоглож байсан. Бөмбөгөр ногоон театр байхгүй болох үед энэ УДБЭТ-т ажиллаж эхэлсэн.
Эгч маань Ленинград хотноо урлагийн сургууль төгсч ирээд Монголын анхны алтан гургалдай гэгддэг байсан. Энэ “Камертон” хамтлагийн Д.Болдын ээж гэдгээр нь ч хүмүүс мэднэ дээ. Д.Болдын тухай яриад яахав, залуус та нар бүгд л танина. Миний том ах “Соёл-Эрдэнэ” хамтлагийг анх байгуулсан. Хөгжмийн зохиолч, нэрт ятгачин Батсайхан гэхээр хүмүүс санах байх. Энэ ахын маань хүү “Никитон” хамтлагийн ахлагч Батчулуун шүү дээ.
Ингээд харахаар бид үнэхээр л удмаараа урлагийн хүмүүс. Урлагт хайртай гэр бүл юм даа.
Өнөөдөр миний хоёр хүү ч бас надаар хийл хөгжим заалгаад суралцаж байна. Миний дунд хүү Хаш-Эрдэнэ Чехийн хөгжмийн консерватурт харин бага хүү Болор-Эрдэнэ ХБК-д суралцдаг. Харин том хүү Билгүүн маань “Жамъян” сангийн тэргүүнээр ажиллаж байна.
-Та хаана, ямар албан тушаал хашиж байгаа вэ?
-Би ХБК-д хийл хөгжмийн багшаар ажилладаг. Сүүлийн үед хийл хөгжмийн тухайд дэлхийд үнэлэгдэх шинэ олол гаргаж ирэх тал дээр судалгаа шинжилгээ хийж байгаа.
-Таны эрдмийн ажилд амжилт хүсье. Баярлалаа?
-MASS.мн сайтын хамт олондоо ч бас биднийг хүндэтгээд ирж, уулзаж байгаад баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Эх сурвалжийн холбоос: https://www.mass.mn/n/22070