Эх сурвалж: Gogo.mn сайтын 2013-04-19 өдрийн нийтлэл


Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн онд сумдын Орон нутгийг судлах танхимын сан хөмрөгт тооллого хийж, шалгажээ.

Шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрч, зарим ховор нандин эд өлгийн зүйл ор сураггүй алга болсныг эрэн сурвалжлуулахаар тус аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга М.Өлзийчимэг цагдаагийн байгууллагад хандсан байна.

Халхгол, Булган, Цагаан-Овоо, Баяндун, Дашбалбар суманд ховор, чухал 28 үзмэр дутсаны дотор Монгол Улсад хоёрхон ширхэг байдаг, ардын жүжигчин, алдарт хуурч Г.Жамъянгийн хэрэглэж байсан ширэн цартай морин хуур алга болсон тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан. Чухам хаана хадгалж байсан, хуур хэрхэн алга болсон талаар бид холбогдох хүмүүсээс тодрууллаа.

Монгол Улсын соёлын өвийг бүртгэж, сэргээн засварлах үйл ажиллагааг Соёлын өвийн төв хариуцдаг. Тус төвийн хэлтсийн дарга С.Юндэнбатад хандав. Тэрбээр нэлээд хэдэн жилийн өмнө Дорнод аймагт очиж уг хуурыг үзэж байжээ.

“Арваад жилийн өмнө би Дорнод аймагт соёлын өвийн байдлыг шалгаж явсан юм. Тэгэхэд Г.Жамъян гуайн хуурын хадгалалт муугаас мааргүй болсон, мод нь элэгдсэн, чавхдас нь сулраад тоглож, болохооргүй болсныг үзэж, орон нутгийн музейнхнийг зэмлэж байсан удаатай. Тухайн үед зургийг нь ч авч байсан. Г.Жамъян гуай өөрийнхөө саналаар төрөлх Булган сумынхаа орон нутгийг судлах музейд бэлэглэж байсан юм билээ” гэв.

Монголын театрын музей уг нь алдар, гавьяат уран бүтээлчдийнхээ буланг нээж, дурсгалыг нь мөнхжүүлэх ажил хийдэг. Энэ музейнхэн “Орон нутгийг судлах танхимд тэр алдарт хуурыг хадгалж байсан нь буруу шүү дээ. Ядаж аймгийн музейд хадгалуулсан бол хадгалалт хамгаалалт нь арай дээр, сан хөмрөгч нь ч мэргэжлийн хүн ажиллаж байгаа.

Орон нутгийг судлах танхимд музейн мэргэжлийн хүн байхгүй. Тус танхимыг Засаг дарга нь цайны газар болгох шийдвэр гаргавал үзмэр нь цоожтой хаалганы цаана ороод л хэнд ч хэрэггүй зүйл болдог жишээ орон нутагт олон бий. Тиймээс Монгол Улсын соёлын чухал өвд тооцогдох Г.Жамъян гуайн хэрэглэж байсан ширэн цартай морин хуурыг Төрийн түүхийн музейд авч хадгалсан ч болохгүй гэх газаргүй.



Ерөнхийлөгч зарлигаа гаргаж, морин хуураа дээдлэх болсон энэ цагт орон нутгийг судлах танхимд хадгалснаас хадгалалт хамгаалалт сайтай газар аваачих хэрэгтэй” гэж хэлж байлаа. Алдарт хуурч Г.Жамъян гуайн шавь нарын нэг Монгол Улсын ардын жүжигчин Ц.Батчулуун “Багшийн хуур алга болсон тухай зарим хэвлэлд бичсэнийг уншсан. Би түүнийг алга болоогүй гэж үзэж байна. Хүүхдүүдээс нь тодруулсан нь зөв байх. Ер нь түүний алдарт хуурыг орон нутагт хадгалж байснаас үр хүүхдүүд нь өөрсдөө авсан нь дээр гэж би боддог. Энэ саналаа ч хүүхдүүдэд нь хэлдэг” гэлээ.

Ардын жүжигчин, төрийн шагналт, алдарт хуурч, хөгжимчин Гомбодоржийн Жамъян Дорнод аймгийн Булган суманд төрсөн. Хөгжим бүжгийн дунд сургуульд багшилж байсан тэрбээр 1946 онд гавьяат жүжигчин, 1966 онд Төрийн шагнал, 1979 онд ардын жүжигчин цол хүртжээ.

Багадаа ааваараа морин хуур заалгаж аймгийнхаа наадамд хуурдаж, улс хувьсгалын 15 жилийн ойгоор зохиосон хуурчдын уралдаанд оролцож байсан энэ хүн ардын дуунаас эхлээд Р.Шуманы “Бодол”, “Бяцхан дуртгал”, А.Г.Рубинштейний “Аялгуу”, П.И.Чайковскийн “Баркороло” зэрэг сонгодог хөгжмийн бүтээлүүдийг морин хуураар тоглож, морин хуурын аялгуу гаргах царыг нийтэд харуулсан гавьяатай. Дорнод аймгийн Булган сумын Орон нутгийг судлах танхимд хадгалж байсан уг морин хуурыг 1961 онд тухайн үеийн Соёлын яамны сайд, зохиолч Ч.Лодойдамба улс хувьсгалын баяраар мөнгөн пайзан дээр “Г.Жамъянд дурсгав” хэмээн бичүүлж өгч байжээ. Энэ хуураас гадна Г.Жамъян гуайн хөгжимдөж байсан өөр нэг хуур хилийн чанадад байгаа гэнэ.

Өвөрмонголын хуурч Чибулагт байгаа тэр мөн л түүх дурсгалын ач холбогдолтой. 1966 онд Г.Жамъян гуайг Төрийн шагнал хүртэхэд ЗХУ-ын нэрт хөгжим урлаач Денис Владимирович Яровой өөрийн гараар урласан мастер хуураа түүнд бэлэглэж байжээ Түүнийг нь өдгөө Чибулаг Өвөрмонгол дахь гэртээ хадгалж буй аж. Энэ тухай мэддэг зарим хүн “Монгол хуураа дээдэлдэг бид энэ хуурыг эх оронд нь авчирч хадгалах хэрэгтэй” гэв. Алга болсон гэх хуурын талаар Дорнод аймгийн Булган сумын Соёлын төвийн захирал А.Энхтүвшингээс тодруулахад “Алдарт хуурч Г.Жамъян гуайн хуур алга болсон талаар хэвлэлээр ташаа мэдээлэл гарсан. Энэ талаар бодит мэдээлэл өгөх нь зүйтэй байх гэж бодож байсан юм. Энэ хуур алга болоогүй. Түүний зээ хүү болох төрийн шагналт, дуучин Доржсүрэнгийн Болд болон ээж Г.Цэцгээ нар хэдэн жилийн өмнө ирж хуурыг сэргээн засуулахаар авч явсан. Тэгээд саяхан хүлээлгэн өгсөн” гэлээ.

Г.Жамъян гуайн хүү Ж.Баярсайхан Хөгжим бүжгийн коллежид хийл хөгжмийн багшаар ажиллахын зэрэгцээ эрдмийн ажил хийж буй юм. Түүнтэй уулзаж морин хуурын талаар тодруулахад “Аав амьд байхдаа Соёлын яамны сайд байсан Ч.Лодойдамба хэмээх алдарт хүний дурсгасан ширэн цартай морин хуурыг Булган сумынхаа музейд бэлэглэсэн. Түүнээс гадна аавынхаа хэрэглэж байсан тайжийн мөнгөн тоногтой чулуун отго, жинсийг ч өгч байсан юм билээ. Одоо тэр отго жинс нь байхгүй болсон гэсэн. Бид Булган суманд очиж орон нутгийг судлах танхимаар нь ороод гарахад аавын хуур эвдэрч, хүн танихын аргагүй болсон байсан. Бүр гутлын хадаасаар царыг нь тогтоосон байсныг үзэж аавд хэлэхэд “Тэгж муухай хадгалж буй юм бол аваад ир” гээд авчруулсан. Хуур хадгалалтын буруугаас шалтгаалан наалтнууд нь ховхорч, цар нь хөндийрсөн, будаг шунх нь өнгө алдсан учир зайлшгүй мэргэжлийн хүнээр засуулж сэргээлгэх шаардлагатай болсон юм. Тэгээд үр хүүхдүүд бид Ардын жүжигчин Б.Дамчаа гуайн хүү Д.Төвшинтөр гэж мэргэжлийн хүнээр сэргээн засуулж, хуучин төрхөнд нь оруулсан. Гэвч одоо уг морин хуураар тоглож болохгүй болсон. Үзмэрийн зориулалтаар л хадгалах боломжтой. Хэрэв уг хуураар тоглох гээд хөглөх, татлага хийх юм бол эвдрэх аюултай гэсэн.

-Өвөрмонголын хуурч Чибулагт Г.Жамъян гуайн нэг алдарт хуур байдаг гэх юм билээ. Түүнийг нь эх оронд нь авчрах талаар хөөцөлддөг үү?
-Аавд ЗХУ-ын нэрт хөгжим урлаач, эрдэмтэн, физикч Денис Яровой мастер хуур хийж бэлэглэж байсан юм. Түүнийгээ Чибулагийг Монголд ирэхэд нь дурсгасан. Буцааж авч болдог бол эх оронд нь авчраад хадгалахад болохгүй гэх газаргүй гэлээ.

Г.Цолмон

Эх сурвалжийн холбоос: https://gogo.mn/r/5g51n

Буцах