Эх сурвалж: Olloo.mn сайтын 2016-04-08 өдрийн нийтлэл
Хүүхдийн зохиолч Ж.Дашдондог “Алтан үлгэр” цуврал санаачлан хүүхдийн шилдэг зохиолын 108 боть нот хэвлүүлэн гаргажээ. Түүний зэрэгцээ хүүхдийн уншлагыг Монголын нөхцөлд тохируулан нүүдлийн номын сангийн хэлбэрээр зохион байгуулж, эдүгээ олон мянган км замыг туулж алс нутгийн хүүхдүүдэд ном хүргэж уншуулсаар яваа эрхэм билээ. Түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Та хүүхдийн зохиолч хүн. Бага насны хүүхдэд ном ямар нөлөө үзүүлдэг юм бол гэдэг асуултаар ярилцлагаа эхэлье. Гэтэл сүүлийн үед хүүхдүүдийг ном уншихгүй байна гэдэг шүү дээ?
-Компьютер зэргийг хүмүүс өөрсдөө бүтээчихээд, бурууг түүндээ чихээд байгаа юм. Ийм том дэвшилд буруу өгч болохгүй. Хүүхэд шинэ гарч ирсэн зүйл бүр рүү тэмүүлдэг. Тэгэхээр бурууг нь, чихэж болохгүй. Бид үүнийг давсан, сонирхол татахуйц ном бичих ёстой. Гэтэл бид чадахгүй байгаа учир хүүхэд өөр юманд сатаарч байна. Миний бодлоор зах зээлийн үед хүүхэд ямар ном унших вэ гэдэг нь чухал. Би 11 аймгийн 40 суманд очиж эцэг, эх, багш нарт лекц уншсан. Өнөөдөр сургуулийн номын санд ороход номнуудын 80 хувь нь хуучных байдаг. Гэтэл өнөөдөр цаг үе өөрчлөгдчихсөн байхад тийм ном уншуулж болохгүй. Ялангуяа хар, цагаанаар будчихсан номыг. Муу бол хараар, сайн бол цагаанаар будчихсан гэсэн үг. Нэг үе далд санаатай зохиолыг хүүхдэд уншуулж болохгүй гэдэг байсан. Гэтэл утга зохиолын амь нь далд санаа байдаг. Боловсролын систем маань сайхан тал руугаа өөрчлөгдчихлөө. Тэр нь сургуулийн өмнөх болон баг боловсролын цөм хөтөлбөр. Өмнө нь хүүхдүүд тойрог үүсгэж, бид голд нь суудаг байсан. Харин одоо эсэргээрээ боллоо. “Зөв монгол хүүхэд”, “Ном”, “Авьяас” зэрэг боловсролын шинэчлэлүүдэзр хүүхдэд боломж бий болгож өглөө. Одоо хүүхэд бур өөрийнхөөрөө ойлгох тийм зохиол хэрэгтэй болчихсон. Ангийн номын сантай болсон зэрэг олон давуу талтай боллоо.
-Та хүүхдүүдэд ямар ном уншихыг санал болгодог юм бэ?
-Тухайлбал, “Морьтой үлгэр” гэдэг ном байна. Уг ном есөн үлгэртэй. “Гэр” хэмээх эхний үлгэрийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хичээл болгож заасан. Би үүнийг эв нэгдлийн үлгэр гэж боддог. Гэтэл Ерөнхийлөгч зөв монгол хүүхэд гэсэн чиглэлээр заасан. Ингэхээр миний бодоогүй зүйлийг зааж буй хэлбэр. Тэгэхээх аливаа зүйлийг хүүхэд бүр өөр өөрийнхөөрөө ойлгож болохоор байгаа юм. Үүнийг би эцэг, эхчүүд ойлгох нь чухал гэж боддог. Уг номын “Есөнжин” хэмээх есөн толгойтой мангасын тухай үлгэр Английн сурах зохиолд ямар учраас орсныг гайхдаг. Гэтэл Монголын сурах бичигт ороогүй. Энэ нь манай уран сэтгэмж муу байгаатай холбоотой. Ер нь сэтгэлгээний зохиол руу хүүхдийг татах нь чухал гэдгийг харуулж байна. Мөн хүүхдийн сайхан сэтгэлийг хөглөж өгөх “Чулуун домог” зэрэг шиг зохиол хэрэгтэй байна. Уг зохиолыг уншсан хүүхэд, Америкийн тэргүүн хатагтайгаас надад олон захидал ирсэн. Хүүхэд хамгаалал гэдэг нь хүүхдийг оюун санааны бохирдлоос хамгаалах явдал. Тиймээс сайхан сэтгэлийг нь хөглөх зохиол хэрэгтэй байна. Манай ард түмэн “Цуутын цагаагч гүү” зэрэг зохиолоор хүүхдийн сэтгэлийг хөглөж байсан шүү дээ.
-Зарим үлгэрүүдийг их шүүмжилдэг боллоо. Тухайлбал, “Аргай аргай туг... Аавын толгой хага...” гэх мэт. Гэтэл бид тийм үлгэр сонсож өссөн шүү дээ?
-Боловсруулалт хэрэгтэй байна. Уг үлгэр нийгмийн өөр байгуулалтын үед үүссэн. Харин одоо ийм зохиол байж таарахгүй.
-Манай хүүхдийн зохиолыг гадаадын уран зохиол эзэллээ гэдэг. Үүнийг хүүхдийн зохиол бичигчид цөөнтэй холбодог. Энэ таныхаар юунаас шалтгаалж байна вэ?
-Насанд хүрсэн хүмүүс зугаагаа гаргах гэж л зохиол уншдаг гэж ярьдаг. Ном насанд хүрсэн хүнд хүчтэй нөлөө үзүүлэхгүй. Би төлөвшчихсөн хүн. Ийм учраас би ямар ч зохиол уншсан төлөвшлөө өөрчлөхгүй. Харин хүүхэд бол өөр. Гэтэл төлөвшчихсөн хүний уншдаг зохиолыг өндрөөр үнэлээд, хүүхдийнх нь үнэлэгддэггүй. Үүнээс болоод хүүхдийн зохиол бичихгүй байна. Хүүхдийн зохиолчийг шагнадаггүй. Дээрээс нь ашиггүй учир унаад буй юм. Үүнээс гадна хэвлэлт нь их үнэтэй байдаг. Өмнө нь төрөөс хүүхдийн номыг хямд үнээр хэвлэх зохицуулалт хийдэг байсан. Харин бусад номыг үнэтэй хэвлэдэг байсан юм. Гэвч одоо ийм бодлого барих аргагүй. Тэгэхээр л зохиолчид хүүхдийн зохиол бичихээс ухраад байгаа гэж боддог.
-Хүүхдийн зохиолыг сайн, муу бичих гэдэг асуудал бас яригдах байх?
-Өнөөгийн зах зээл дээрх хамгийн сайн шүүлт бол сонголт шүү дээ. Хүүхдийн оюун ухаанд хийж буй бүтээлийн сонголтыг муу хийвэл их аюултай. Би 2007 онд америкт очиж лекц уншсан юм. Ингэхдээ төгсгөлд нь “Ном уншвал толгой хөгжинө. Толгой хөгжвөл гар хөдөлнө. Гар хөдөлвөл ам хөдөлнө” гэж хэлсэн. Гэтэл тус фондын ерөнхийлөгч энэ үгийг минь томоор бичээд хадчихсан байсан. Харин манайхан хүүхдийг ходоодноос нь эхэлж хөгжүүлэх гэж буй мэт “Үдийн цай” хөтөлбөрийг эхэлж хийсэн. Гэвч саяхан “Үдийн үлгэр”, “Ангийн номын сан” зэргийг эхлүүлсэн. Энэ ч нүдээ олсон ажил.
-Нүүдлийн номын санг эхлүүлэх болсон тухайгаа хуучлаач?
-1990 онд ардчилал гараад, би тухайн үед хүүхдүүд хуучний миний уншиж байсан номоор яаж хүмүүжих юм гэж бодсон. Ингээд эргэлзэж байгаад Германд байдаг дэлхийн 120 орны номтой номын санд очсон. Тэнд очоод хүмүүсээс ардчилал хөгжсөн орнуудын зохиолыг бичиж өгөөч гэж гуйсан. Ингээд 100 гаруй орны зохиолын нэр аваад, нутагтаа ирж орчуулж эхэлсэн. Ингэхдээ хажуугаар нь дотоодын зохиолчдын үлгэрийг ч оруулж байсан. Ингэж л 108 номоо хийсэн юм. Тухайн үед томчууд намайг шүүмжилж байсан. Гэтэл гэртээ амарч байх зуур хэдэн хүүхэд номыг минь уншчихаад, зохиолыг өөр өөрийнхөөрөө ойлгож маргалдаж эхэлсэн юм. Үүнээс л үүдэж нүүдлийн номын сан байгуулъя, хөдөөгийн хүүхдүүдэд ном уншуулья гэж бодсон юм. Ингэж л уг номын санг 25 жил ажиллуулж байна. Энэ хугацаанд 330 сумын 137 мянган км газар явжээ.
-Та Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвлөх. Салбарын яам боловсролын салбарт шинэчлэл хийж, олон хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ талаар?
-Би уг шинэчлэлийн тухай асуудлыг 1990 оноос эхэлж ярьж эхэлсэн. Тэгэхээр “Ном” хөтөлбөр санаачилсан нь үр дүнтэй ажил шиг санагдаж байна. Мөн Ерөнхийлөгч 2012 онд олуулаа уншъя гэсэн хөтөлбөрийг мөн санаачиллаа. Уг санаачлагын дагуух ажлыг би Сэлэнгэ аймгийн бүх суманд зохион байгуулсан. Тухайн үед Сэлэнгэ аймгийн хүүхдүүд Ерөнхийлөгчид их баярлаж байсан.
-Бага ангийн багш нар хүүхдэд насан туршийн боловсрол өгдөг. Тэгэхээр их чухал хүмүүс шиг санагддаг юм?
-Сургуулийн өмнөх боловсролын багш нар үүнд мөн хамаарна. Хүүхдийн ухааныг СӨБ болон бага ангийн багш нар төрүүлдэг. Уран зохиол бол багш нарын хүчтэй зэвсэг байх ёстой. Би багадаа “Нугасны муухай дэгдээхэй” гэдэг үлгэрийг багшаасаа сонсчихоод “Намайг биччихэж” гэж бодоод зохиолчийг нь Дашинчилэнд амьдардаг гэж бодоод захиа бичиж байсан удаатай. Тэгэхээр хүүхдэд ном хэрхэн нөлөөлж буйг үүнээс харж болохоор байгаа биз. Харин сонголтоо л зөв хийх хэрэгтэй.
-Тэгвэл хүүхдийг яаж номонд дурлуулах вэ?
-Анхны ном хүүхдэд чухал нөлөөтэй. Америкт “Малгайтай муур” гэдэг зохиолыг хамгийн түрүүнд уншуулдаг. Бүх нийтээрээ. Тэгэхээр ийм анхны ном бий болоогүй байгаа цагт ном руу хөтөлнө гэдэг хэцүү. Тэгэхээр багш болон эцэг, эхчүүд ийм сонголт хийж өгөх хэрэггэй. Мөн зохиолчид хүүхдийг татах ийм анхны номыг бий болгох хэрэгтэй байна. Бид “Зөв Монгол” хүүхэд бий болгохын тулд дотооддоо сайн зохиол бий болгох нь чухал.
-Сүүлийн үед комик цувралыг хүүхдүүд их уншиж байна?
-Зохиол гэдэг бол үгийн урлаг. Энэ төрөл Япон ззрэг оронд их хөгжсөн. Гэхдээ зураг хараад ойлгож буй хүүхэд их залхуу болдог. Аливаа моод дуусахаараа манайд ирдэг гэж хүмүүс ярьдаг. Хүүхэд сонирхож буй хэдий ч ийм цувралыг их хөгжүүлбэл хүүхэд үгийн урлагийг ойлгохгүй болно. Минийхээр энэ цуврал цаашдаа их явцгүй санагддаг юм.
Ж.Отгон