Эх сурвалж: News.mn сайтын 2016-12-14 өдрийн нийтлэл
Саяхан Төрийн шагнал авсан Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондог зохиолч нь сүүлийн 20 гаруй жил “Нүүдлийн номын сан” аялуулж нийт 3000 шахам км замыг туулаад байна
Биднийг бага ангийн сурагч байхад уран зохиолын багш маань Чойжилын Чимэд зохиолчийг маш их магтана. “Яруу найрагч, жүжиг киноны зохиолын мастер төдийгүй “Гамлет”, “Отелло”, “Евгений Онегин”-ыг орчуулсан дуун хөрвүүлэгч. Цэвэр алт гэхийг шижир алт, цэвэр мөнгө гэхийг цалин цагаан мөнгө гэж бичнэ шүү дээ” гэж ярина. Одоогийнхоор бол шүтэн бишрэгч фен нь. Тэрбээр нэг удаа түүний хүүхэд байхын гоц авьяастай байсан тухай өгүүллээ. Ч.Чимэд нь зургаан настай байхдаа бичсэн шүлгээ тухайн үеийн Төрийн тэргүүн маршал Х.Чойбалсанд уншиж сонирхуулаад хүүхдэд хамгийн том бэлэг болох орос чихрээр шагнуулж байжээ. Маршал Х.Чойбалсан 1942 онд Их хурал дээр тавьсан илтгэлдээ 15 настай Чимэд гэдэг шүлэг бичдэг авьяаслаг зохиолч хүүхэд байгааг онцолсон байдаг гэж уран зохиолын багш өгүүллээ.
Уран зохиолын багшийн ярианаас хүүхэд байхдаа хүүхдийн шүлэг бичдэг сайн зохиолч байж болох юм гэсэн ойлголт авсан юм. Үүнээс үүдээд, манай ангийнхан бүгд сонин хэвлэлээс амтархан уншдаг, радиогоор сонсох дуртай, тэдгээр нь нэг л мэдэхэд мөр бадгаараа цээжлэгддэг шүлгүүдийг зохиосон Ж.Дашдондог нь авьяаслаг зохиолч хүүхэд юм байна гэсэн дүгнэлт хийлээ. Бага ангийн бид ахлах ангийн сурагчид боллоо. Ж.Дашдондог гэдэг хүүхэд хүүхдийн зохиолоо бичсээр, бид амтархан уншсаар байв. Их дээд сургуульд оюутан болцгоов. Гэрлэж эхнэр, нөхөр, үр хүүхдүүдтэй боллоо. Ж.Дашдондог гэдэг хүүхэд хүүхдийн зохиолоо бичсээр бид амтархан уншсаар, улмаар уншигчдын багт шинээр төрсөн үр хүүхдүүд минь нэмэгдлээ. Үр хүүхдүүд маань гэр бүлтэй болж ач зээгийн зулай үнэрлүүлж баярлууллаа. Биднийг хойч үеэ цэцэрлэгт өглөө хүргэж, орой авах шинэ ажилтай болгов. Ж.Дашдондог гэдэг хүүхэд хүүхдийн зохиолоо бичсээр, бид амтархан уншсаар, улмаар уншигчдын багт ач зээ нар минь нэмэгдлээ.
Оюун ухаант хомо сапиенсийн нэг үеийг 25 жилээр тооцдог. Тэгэхээр манай ангийнхны ургийн түүхэнд ямар ч болов гурван үеэрээ буюу максимум утгаар 75 жилийн турш Ж.Дашдондог гэдэг хүүхдийн зохиолчийн хүүхдийн сэтгэлгээгээр туурвисан уран бүтээлийг амтархан уншсан гэсэн статистик үзүүлэлт бичигдэх юм байна. Дараагийн 25 жилүүдийнхэнд ч уншилтын уламжлал үргэлжлэх нь гарцаагүй.
Дашрамд, Ж.Дашдондог зохиолчийн биологийн наснаасаа үл хамааран хүүхдийн зохиол бичдэг гайхамшигт авьяаст эргэлзэж явснаа, хэдийгээр бидэнд ичгэвтэр ч үнэнийг хэлж сэтгэлээ ариутгах алхам хийх нь зүй зохистой байх гэж бодож байна. Манай ангийнхан өөрсдөө хүүхэд байхдаа Ж.Дашдондог нь хүүхэд учраас хүүхдийн зохиолыг маш сайн бичиж байна гэсэн дүгнэлтэд хүрснээ дээр дурдсан. Бид том болсон үедээ, түүнийг эрхбиш том болоо биз, том хүн ч хүүхдийн зохиолыг ийм өндөр төвшинд бичихгүй дээ. Удам дамжсан авьяастай хүүхэдтэй байх нь. Тиймээс төрсөн хүүхдээрээ бичүүлж байгаа хэмээн үздэг байв. Хорь гучин жил өнгөрмөгц Ж.Дашдондог зохиолчийн нөгөө хүүхэд бас том болоо биз, харин өмнөөс нь ийм гоё, хүүхдийн зохиол хэн бичээд байна вэ? Магадгүй, хүүхдийн хүүхэд нь Ж.Дашдондог гуайн нэр дээр шүлэг зохиол бичиж хэвлүүлж нийтлүүлээд байна гэж боддог болсон. Гэхдээ манай ангийнхны гурван үеийнхэнд унших зохиол нь сайн байгаагаас хойш Ж.Дашдондог зохиолч өөрөө, түүний нэрээр хүүхэд нь, улмаар ач зээ нь, хэн бичсэн нь ач холбогдолгүй зүйл гэж ойшоохгүй хэсэг явсан юм. Шүтэн бишрэгч фенүүд нь шүтээн болсон эрхмийн талаар судалгаа хийдэг нь өнөө цагийн нэг зан заншил болж сошиалиар дамжин манай Монголд аль хэдийнэ импортлогдсон ажээ. Манай ангийнхны үр хүүхэд, ач зээ нар бас аль хэдийнэ сошиал ертөнцөд гар тавьсан агаад Ж.Дашдондог зохиогч (автор)-той бүх зохиолыг өөр хэн ч биш өөрөө бичсэнийг 100 хувийн баталгаатай тогтоосон байгаа юм. Тиймээс Ж.Дашдондог гавьяатын хүүхдийн зохиолыг хүүхэд шиг сэтгэхүйгээр бичдэг авьяаст бага насны хүүхэд зангаараа эргэлзсэн нь манай ангийнхан бид бүгдийн буруу юм. Бидний дараагийн үеийн үр хүүхэд, ач зээ нартай холбогдох эргэлзээ тээнэгэлзэл биш болохыг уншигчдадаа хэлье. Ж.Дашдондог гавьяат нь төрсөн хүүхдээрээ биш, оюун ухааны “хүүхэд”-ээрээ зохиолоо бичүүлдэг нэгэн байна. Зохиолчдын зарим нь үүнийг “онгод орох” гэж нэрлэдэг байх шүү.
Он жилүүд урсан одож, одоо гэж байхгүй, өнгөрсөн, ирээдүй гэсэн хоёрхон томьёололтой цаг хугацааны тэлэлтэд Ж.Дашдондог зохиолч биологийн хувьд элэгдэн ахмад хүмүүн болсон нь нэг үнэн. Хүүхдийн зохиол бичдэг оюун ухааны чадвар нь элэгдээгүй бас нэг үнэн. Төрөөс хүртээсэн Төрийн шагналын хэмжүүрт тэнцэж буй нь гурав дахь үнэн. Монголын үрс маш олон болтугай. Тэдний унших, Жамбын Дашдондог гавьяатын уран бүтээл бас маш олон болтугай!
Б.ЕРЭНТЭЙ
ЭХ СУРВАЛЖ: “ҮНДЭСНИЙ ШУУДАН” СОНИН
Эх сурвалжийн холбоос: https://news.mn/r/752798/